Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,   

             Шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б, түүний өмгөөлөгч М.Э, С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, .......................................

           Монгол Улсын иргэн ..........................................

           Монгол Улсын иргэн .........................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Яллагдагч Л.Б нь Э.Б, П.Ч нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчимд Д аймгийн Д сумын 5 дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт нутаглаж байсан В.Г эзэмшлийн үхэр сүрэгт ирж нийлсэн Д.Г эзэмшлийн хар бухыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг нь мэдсээр байж алж завшсан,

           Яллагдагч Э.Б нь Л.Б, П.Ч нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчимд Д аймгийн Д сумын * дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт нутаглаж байхдаа өөрийн хадам аав В.Г эзэмшлийн үхэр сүрэгт ирж нийлсэн Д.Г эзэмшлийн хар бухыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг нь мэдсээр байж алж завшсан,

           Яллагдагч П.Ч нь Л.Б, Э.Б нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчимд Д аймгийн Д сумын 5 дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт нутаглаж байсан В.Г эзэмшлийн үхэр сүрэгт ирж нийлсэн Д.Г эзэмшлийн хар бухыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг нь мэдсээр байж алсныхаа дараа махыг нь худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн П.Ч, Э.Б, Л.Б  нарт холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч П.Ч нь Ч.Ч, Э.Б нартай бүлэглэн Л.Б нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчим Д аймгийн Д сумын * дугаар баг, Улаан хошууны булан гэх газарт нутаглаж байсан Г эзэмшлийн хар бухыг Г эзэмшлийн хар хөх бухыг алж завшсан,

 

Шүүгдэгч Э.Б нь Ч.Чимэдцоодол, Л.Б нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчим Д аймгийн Д сумын *дугаар баг, Улаан хошуу булан гэх газарт нутаглаж байх үедээ өөрийн хадам аав Ганзоригийн үхэр сүрэгт ирж нийлсэн Г эзэмшлийн бухыг бусдын эзэмшлийн өчид байсан гэдгийг мэдсээр байж алж завшсан,

  

Шүүгдэгч Л.Б нь Ч.Ч, Э.Б нартай бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчим Д аймгийн Д сумын * дугаар баг, Улаан хошууны булан гэх газарт нутаглаж байсан Г эзэмшлийн үхэрт ирж нийслэн хар бухыг бусдын өмчлөл гэж мэдсээр байтал алж идэж завшсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ч, Э.Б, Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч хүсэлтийн дагуу хэргийг хянахад хохирол төлбөр төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт хийж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг танилцуулахад шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг саналын хүрээнд шүүх хянан шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн улмаас хохирогч Г өмчлөх эрхэд 1,950,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар тус бүр 500,000 төгрөгөөр төлж барагдуулж 450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг төлөхөө илэрхийлдэг. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хураагдан ирсэн баримт бичиггүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч нарт мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Э.Б-гийн  өмгөөлөгчөөр оролцож байна. Э.Б болон өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийн зүйлчлэл, үйл баримт, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Э.Б-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн хувьд бүрэн төлж барагдуулсан. Прокурорын шатанд прокурортой ял тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Иймд прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд мах зарсан 1,950,000 төгрөгөөс 850,000 төгрөгийг П.Ч авч үлдээд үлдэгдэл мөнгийг Л.Б руу шилжүүлсэн байдаг. Тухайн мөнгөнөөс 500,000 төгрөгийг Э.Б авсан байдаг. Тэгэхээр энэ хохирол төлбөрөөс Э.Б 500,000 төгрөгийг хариуцах ёстой буюу үүнийг төлсөн тул хохирол төлбөргүй гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрөөс Л.Б 600,000 төгрөг, П.Ч 800,000 төгрөгийг тус тус төлөхөөр байгаа.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд П.Ч болон Л.Б нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хэргийн зүйлчлэл, үйл баримт, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Шүүгдэгч П.Ч, Л.Б нар нь бусдын эзэмшлийн үхрийг алж, завшсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хохирол хэдийгээр 1,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч борлуулсан үнэ нь 1,950,000 төгрөг болсон гэдгээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, өөрс өөрсдийн авсан мөнгийг хариуцан төлөхөөр тохиролцож П.Ч, Л.Б нар нь өнөөдрийн хувьд тус бүр 500,000 төгрөгийг төлж үлдэх буюу П.Ч 350,000 төгрөг, Л.Б 100,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлж байгаа. Иймд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж прокурортой тохиролцсон ялын хэмжээгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.

           Шүүгдэгч Л.Б, Э.Б, П.Ч нар нь бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчимд Д аймгийн Д сумын 5 дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт нутаглаж байсан В.Г эзэмшлийн үхэр сүрэгт ирж нийлсэн Д.Г эзэмшлийн хар бухыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг нь мэдсээр байж алсныхаа дараа махыг нь худалдан борлуулж завшсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Г “...Манай үхэр Д аймгийн Д сумын * дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт байж байтал зөвхөн хар зүсмийн жижиг мугалзаа эвэртэй шүдлэн бух алга болсон. Манай үхрүүдийн бух үхрээ орхиж салж явдаггүй. Тэгтэл шүдлэн бух алга болсон. Тэгээд би Д аймгийн Д сумын нутаг дэвсгэр Д 25 ойрхон байх бүх үхэртэй айлуудаар яваад сураг гаргаж чадаагүй. Тас хар өнгийн зөв чих үзүүрээсээ ухам эмтэй байсан байх. Богино мугалзгай эвэртэй..." гэх мэдүүлэг /хх-ийн 5, 63-р тал/,

           Гэрч Д.У “...Б, О нар мөнгө хэрэгтэй байна хотоор дамжаад гэрээдээ гараад ирмээр байна гээд ээжээс мөнгө сураглаж. Манайх машинаа 9 дүгээр сард авсан. Б эмээгийн бие өвдсөн гээд 20** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хот явсан. Бид хоёр 20** оны 09 дүгээр сарын 06-ны өдөр машин худалдаж аваад хотоос 20** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хотоос наашаа гарах үед орой нь вагоноор хот явж байна гэж байсан. Мөнгө байхгүй байна хонь, ямаа хоёр аваад яв гэтэл хонио олоогүй, ямаагаа олж зараад зардал хийгээд явж байна гэж байсан. Манай малд нийлсэн байсан жижиг хар бухыг Б ирээд манай бух гээд туугаад явчихлаа гэж хэлж байсан...” мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

           Гэрч Ж.О "...Миний Хаан банкны ************** тоот дансанд 500.000 төгрөг орж ирж байсан. Тухайн мөнгө нь эмээгийнх нь эмчилгээнд мөнгө хэрэг болоод бид хоёр зээлж авсан Б ахад өр байхгүй. Б бид хоёр Б аймгийн төв явах үед нь эгчээсээ мөнгө аваад дандаа дансаар шилжүүлж өгч авдаг байсан. Заримдаа шууд дэлгүүрийнх нь данс руу шилжүүлдэг байсан. Тэрнээс зээлээр юм авхуулж өр тавьж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

           Гэрч Г.Ш "...Би төрсөн охиноосоо бяруу байхад нь эвэргүй мухар хар жижиг сартай бух авсан. Тэгээд манайд 4 жил болсон. Энэ жил соёолон настай хар зүсмийн эвэргүй том биетэй зөв чих сам /урд хойд талаасаа нь ганзагалсан/ эмтэй духан дээрээ жижиг цагаан сартай бухтай байсан. 20** оны 08 дугаар сард алга болоод Б хүүгийн хамт хайж явж байгаад 20** оны 09 дүгээр сард Г аймгийн урд талын Алсын худаг гэх газраас олж аваад цааш нь туугаад Г аймгийн төв дээр махны ченжид зарсан. Б надаас мал хийж авч явах хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж огт асууж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

           Ж.О эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулга /20** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөг ************** тоот данснаас орлого орсон /хх-ийн 34-38-р тал/,

           П.Ч-ын эзэмшлийн Хаан банкны ******************тоот дансны хуулга /20** оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1.950.000 төгрөгийг бух ************** утгаар орсон/хх-ийн 51-55-р тал/,

           Х д А билгүүн ХХК-ийн 20 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-60-р тал/,

           Сэжигтэн Э.Б-гийн “...20** оны 07 дугаар сарын эхээр манай үхэрт хар зүсмийн духан дээрээ жижиг сартай жижиг хуруу эвэртэй шүдлэн бух нийлсэн байсан. Б гэрт нь хотоос эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирсэн байсан. Өнөөдөр буцна гэхээр нь тухайн үед манай эмээгийн бие өвдөөд хот явах гээд унаа хайж байсан тул жолоочоос нь би хот явах унаа хайж байгаа эхнэр хүүхэдтэйгээ суугаад явж болох уу гэтэл жолооч надад тэг тэг гэж хэлсэн.... би араас нь туугаад Б үхрээ хөтлөөд Б малын хашааны зүүн талын жалганд оруулсан. .Б үхрээ нугаслаад арьсыг нь хуулах гээд дөрвөн хөлийг нь босгосон. Тэгээд Б май энийг яр гээд хутга өгсөн. Тэгэхээр нь ярж өгсөн. Үхрийн махаа зарсан гэж намайг Д аймгийн А суманд очсоны маргааш нь хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг болсон талаар хэлээгүй. 500.000 төгрөг өгөхдөө үхрийн мөнгөө гурав хувааж байгаа шүү гэж хэлээд өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 77-79-р тал/,

           Хаан банкны 20** оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай албан бичиг /хх-ийн 81-р тал/,

           Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б "ах манай үхэрт нэг эзэнгүй бух байгаад байгаа. Үхэрт ирээд удаж байна, энэ бухыг хийгээд явчихвал яах бол" гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө мэдэхгүй юу дараа нь ямар нэг асуудал гарах болов уу гэтэл Б эзэн нь ойр хавьд байхгүй юм шиг байна энэ хавийн айлуудын бух биш шиг байна гэсэн. Тэгтэл та машины жолоочид үхэр хийгээд аваад явж болох уу гээд хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би Б өөрөө уулз гэж хэлсэн. Тэгээд хар зүсмийн мугалзаг жижиг хуруун чинээ эвэртэй духан дээрээ сартай бухыг бид хоёр манай малын хороон дээр барьж аваад хорооны хажуу талын жалганд хийсэн. Би Ц У үүдээр явуулаад би өөрөө мотоциклтой эхнэрийн хамт хуссан шороон замд оруулж өгсөн. Уг зам явж байгаад Ч клонкоор нийлдэг замд оруулж өгсөн...", гэх мэдүүлэг /хх-ийн 144-145-р тал/,

           Шүүгдэгч П.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 250.000 төгрөгөөр ачиж явна гэж хэлсэн. Тэгээд үхрээ янзалчхаад тухайн үхрийн махыг машинд ачихад Б эхнэр хүүхдийн хамт машинд багтахгүй үлдсэн. Үхэр зарсан мөнгө гэж 1.950.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд би Б холбогдож үхэр зарсан мөнгө 1.000.000 гаран төгрөг болсон яах вэ гэхэд та унаа хөлснийхөө мөнгийг авч үлдээд миний өгсөн данс руу мөнгөө шилжүүлчих, би Бизъяаг таних юм чинь авчихъя гэж хэлсэн. Тэгээд 1.000.000 төгрөг өгсөн данс руу нь шилжүүлсэн. Өөртөө 850.000 төгрөг авч үлдсэн. Тэр л миний алдаа болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 166-167-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

           Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг ойлгоно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Л.Б, Э.Б, П.Ч нар нь бүлэглэн 20** оны 09 дүгээр сарын орчимд Д аймгийн Д сумын * дугаар баг "Улаан хошууны булаг" гэх газарт нутаглаж байсан В.Г эзэмшлийн үхэр сүрэгт ирж нийлсэн Д.Г эзэмшлийн хар бухыг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг нь мэдсээр байж алсныхаа дараа махыг нь худалдан борлуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

           Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Тиймээс шүүгдэгч Л.Б, Э.Б, П.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г өмчлөх эрхэд 1,950,000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Бусад асуудлыг талаар

           Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

           Тус гэмт хэргээс учирсан 1,950,000 төгрөгийн хохирлоос Л.Б 600,000 төгрөг, П.Ч 850,000 төгрөг, Э.Б 500,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх шүүгдэгч ба шүүгдэгч Л.Б 600,000 төгрөг, П.Ч 350,000 төгрөг, Э.Б 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна. Иймд үлдэх хохирол болох 100,000 төгрөгийг Л.Баас, 350,000 төгрөгийг П.Чоос тус тус гаргуулж хохирогч Д.Г-д олгох нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Т овогтой Л Б, Б овогт Э Б, Д овогт П Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогтой Л Б, Б овогт Э Б, Д овогт П Ч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, П.Ч, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  Л.Баас 100,000 төгрөг, шүүгдэгч П.Чоос 350,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Г-д олгосугай.

           6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ГОНЧИГСУМЛАА