| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/179 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагч хяналтын прокурор Д.З,
Хохирогч А.Б, хохирогчийн өмгөөлөгч С.Ч,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-ад холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Э нь 20** оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 22 дугаар байрны орцонд А.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Заамдаж ирж байгаад би 2 цохисон. Нүүр лүү нь цохисон яг хаана цохисныг мэдэхгүй...” гэв.
Хохирогч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 20** оны 06 сард шинээр нүдэндээ юм суулгасан байсан. Энэ хугацаанд гамтай хугацаа байсан. Хөдөө салхинд гарахдаа хөдөө гэртээ очсон байсан. Тэр хамгаалах байсан нүдийг маань цохиж гэмтээсэн...” гэв.
Хохирогч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Хөдөөнөөс Нармандах эгчийнд ирээд усанд ороод амраад гал тогоонд сууж байхдаа би хүргэн Мандах руу 2 удаа утсаар яриад ажил чинь тарж байна уу гэж ярьсан. Ажлаа тараад М гэртээ ирчхээд буцаад гараад явсан 20-21 цагийн орчимд орж ирээд би гал тогооны өрөөнд мессеж бичээд ширээний ард сууж байхад гаднаас М нэг танихгүй хүнтэй орж ирээд боогоод 2 хөлөөс өргөөд дотуур өмдтэй хөл нүцгэн подволктой гаргаад харанхуй газарт зодоод болиоч гэсэн чинь нөгөө хүний царайг харах хооронд Мандах миний баруун нүд рүү оёдол руу гараараа 1 удаа цохисон, би юу ч харахгүй дуу чимээгээр гэр лүүгээ орсон миний нүд рүү цохихдоо чаддаг юм бол цагдаадаа өгөөрэй гээд цохисон..." гэх мэдүүлэг (хх-ийн 19 дэх хуудас)
Гэрч А.М "...Би 20** оны 01 дүгээр сарын 23-ны өглөө Сайншанд руу цагаан хорхойны шинжилгээ өгөх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар явсан. Тэр өдөр Э над руу залгаад Б гэрээс хөөж туугаад байна гэж нэг удаа ярьсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 68 дахь хуудасны тал)
Гэрч Б.Х "...Ажил тараад гэртээ харьж хувцсаа сольчхоод манайд ирсэн. Эхнэр нь Шанд руу ажилтай явсан гэж байсан. Утас руу нь хүн байнга залгаад байсан тэгээд ганцаараа гараад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. 30 орчим минут болоод буцаж орж ирээд манайд хоночхоод гэртээ очиж хувцсаа солихоор явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 70 дахь хуудасны тал)
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *********** дугаартай шинжээчийн "...А.Б-ын биед баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтэл тогтоогдлоо. .... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамааран..." гэх дүгнэлт (хх-ийн 28-29 дэх хуудасны тал)
Яллагдагч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “Би 20** оны 01 дүгээр сарын 23-ний өдөр орой ажлаасаа тараад гэртээ очиход манай гэрт Баатар ирсэн байсан. Хөргөгчид нэг 0.5 литрийн хараа архи хийчихсэн байсан намайг уух уу гэхээр нь уухгүй гээд хувцсаа сольчихоод Х-д очсон. Тэнд байж байхад Б над руу залгаад архи аваад ир гэхээр нь архи авч өгч чадахгүй гэсэн чинь тэгвэл ирээд хамт архи уу гэхээр нь би гэр орондоо архи уухгүй гэсэн чинь гуйлгачин юм ирчихээд гэр орон эзэлчих юм байна л даа гэсэн, байн байн залгаад элдвээр хэлээд хэл амаар доромжлоод гуйлгачин минь гээд байсан. Би гэртээ ганцаараа ирэхэд Баатар гал тогоонд согтуу сууж байсан. Чи юу гээд байгаа юм гэхэд юу гэсэн ч яадаг юм гэхээр нь би заамдаж аваад гэр оронд зодолдохгүй гээд чирч гаргаад орцны үүдэнд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод Хатанчулууныд очиж амарсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 62-63 дахь хуудасны тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт: Шүүгдэгч М.Э нь 20** оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д аймгийн А сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 22 дугаар байрны орцонд А.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 20** оны 06 сард шинээр нүдэндээ юм суулгасан байсан. Энэ хугацаанд гамтай хугацаа байсан. Хөдөө салхинд гарахдаа хөдөө гэртээ очсон байсан. Тэр хамгаалах байсан нүдийг маань цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 20** оны 01 дүгээр сарын 23-ны өглөө С руу цагаан хорхойны шинжилгээ өгөх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахаар явсан. Тэр өдөр Э над руу залгаад Б гэрээс хөөж туугаад байна гэж нэг удаа ярьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Ажил тараад гэртээ харьж хувцсаа сольчхоод манайд ирсэн. Эхнэр нь Шанд руу ажилтай явсан гэж байсан. Утас руу нь хүн байнга залгаад байсан тэгээд ганцаараа гараад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. 30 орчим минут болоод буцаж орж ирээд манайд хоночхоод гэртээ очиж хувцсаа солихоор явсан...” гэсэн мэдүүлэг, Д аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн " А.Б-ын биед баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтэл тогтоогдлоо. .... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамааран...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э-ын хохирогч А.Б-ын биед учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч М.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос М.Э-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч А.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 6,000,000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлан баримтыг шүүхэд гаргаж байх ба шүүгдэгч М.Эаас хохирол 6,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 6,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Эаас гаргуулж хохирогч А.Бт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт М Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эад оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 6,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Эаас гаргуулж хохирогч А.Бт олгосугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч М.Эад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА