Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баясгалан даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Т.Жавхлантөгс, шүүгдэгч Н.Совет нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Советод холбогдох эрүүгийн 1736000090004 дугаартай, 178/2017/0077/Э/ индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн олон нийтийн радио телевизэд сэтгүүлч ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8-р баг, Ах хус таугийн 21-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Уахали овогт Насирын Совет /РД:БЮ76051816/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Совет нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дарви сумаас цааш 30 километрийн зайд Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 73-14 БӨА улсын дугаартай Nissan vanette маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 2.7 /б/, 9.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Х.Нуржаны амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Совет шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дарви сумаас цааш 30 километрийн зайд Булаг багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 73-14 БӨА улсын дугаартай Nissan vanette маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 2.7 /б/ “тээврийн хэрэгслээр ...батлагдсан замаас гарч шинэ зам гаргахыг хориглоно”, 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Х.Нуржаны амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дараах бичгийн нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Совет шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: миний бие нь хүнд тус болох гээд замд таарсан хүнийг машин нь эвдэрсэн, ядраад байна гэхээр нь өөрийнхөө машинд суулгаж авч явсан. Тухайн үед шөнийн цагаар явж байсан, үүрэглээд нэг мэдэхэд машин замаас гараад явж байсан гэв.

Хохирогч Т.Жанаргүл мөрдөн байцаалтанд өгсөн: миний гэр бүлийн хүн Х.Нуржан осолд орж амь насаа алдсан. Уг нь манай нөхөр өөр машинтай явж байгаад замд тэр машинтай таараад суусан байсан. Өөр тэр талаар надад мэдэх зүйл алга гэх мэдүүлэг / хх19-20-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэг  /хх-5-12-р хуудас/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-15-16-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-46-р хуудас/

2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:             1.Х.Нуржаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр гэмтэл учирсан байна.2.Х.Нуржаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн бүтцийн шинжилгээгээр суурь ясны гавлын дунд хонхор том нүхний ард хэсгээр тойрсон хугарал,цээж хэвлийн хөндийд 3.5 литр цусан агууламж, өвчүү ясны дээд болон дунд хэсгийн хөндлөн хугарал, духны зүүн дээд хэсгийн хуйханд 2 см зүсэгдэж, язарсан шарх, духны баруун дээд хэсэгт 1х0,1см 2 ширхэг, зүүн шанаанд 3х1,5 см, хамрын үзүүр мөгөөрсний хамарсан дээд уруулын баруун хэсэгт 2х1 см, эрүүнд 5х3 см, хэвлийн урд хэсэгт 15х8 см,8х15 см, баруун гарын бугалга, шуу, бугуйн ард гадаргууг хамарсан зүүн гарын мөр, тохой, бугалганы гадна гадаргууг хамарсан зүүн хөлийн гуя, өвдөгний урд гадаргуу, шилбэний гадна гадаргууг хамарсан, баруун хөлийн өвдөг, нуруунд 2 далны дунд хэсгээс зүүн талын хавирганы ард гадаргуу, бүсэлхий рүү үргэлжилсэн, зүүн гуяны ард гадаргуу тахим, эрээн булчинг хамарсан тус бүр зулгаралтууд, зүүн гуяны дотно гадаргуу , салтаа 2 өгзөгийг хамарсан цус хуралтууд, 2 хөлийн шилбэнд хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар: духны зүүн дээд хэсгийн хуйханд 2 см зүсэгдсэн, язарсан шарх, духны баруун дээд хэсэгт 1х0,1см 2 ширхэг, зүүн шанаанд 3х1,5 см, хамрын үзүүр мөгөөрсийг хамарсан дээд уруулын баруун хэсэгт 2х1 см, эрүүнд 5х3 см, хэвлийн урд хэсэгт 15х8 см, 8х15см, баруун гарын бугалга, шуу, бугуйн ард гадаргууг хамарсан, зүүн гарын мөр, тохой, бугалганы гадна гадаргууг хамарсан, зүүн хөлийн гуя, өвдөгний урд гадаргуу, шилбэний гадна гадаргууг хамарсан баруун хөлийн өвдөг, нуруунд 2 далны дунд хэсгээс зүүн талын хавирганы ард гадаргуу, бүсэлхий рүү үргэлжилсэн, зүүн гуяны ард гадаргуу тахим, эрээн булчинг хамарсан тус бүр зулгаралтууд, зүүн гуяны дотно гадаргуу, салтаа 2 өгзөгийг хамарсан цус хуралтууд, 2 хөлийн шилбэнд хаван хавдар гэмтлүүд нь ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 3.1.2-д зааснаар /суурь ясны гавлын дунд хонхор том нүхний ард хэсгээр тойрсон хугарал/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.1.11-д зааснаар /цээж хэвлийн хөндийд 3.5 литр цусан агууламж/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Х.Нуржаны цогцост учирсан дээрх гэмтлүүд нь цохигдох, унах, мөргөлдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5. Х.Нуржан нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан. 6. Х.Нуржаны цогцосноос авсан цус нь А /II/  бүлгийн цус байна. 7. Х.Нуржаны цогцосноос авсан цусанд этилийн спирт илрээгүй. 8. Х.Нуржаны цогцсонд илэрсэн өөрчлөлтүүдээс харахад нас бараад 8-10 орчим цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой зэрэг баримт болно.

Иймд Н.Советыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Совет нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-96-р /-аар,  хохирогч Т.Жанаргүл хохирогчоор мөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Совет учирсан хохирлыг бэлэн мөнгө болон эд материалаар төлж барагдуулсан. Мөн олон удаа ирж хүний хувьд хандсан. Иймд миний хувьд тэр хүнээс нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз” гэх тайлбар /хх-19-р хуудас/, прокурорын газарт 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт /хх-95-р хуудас/ зэргээр хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болох нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан ба мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон ... гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан.

Иймд шүүгдэгч Н.Совет нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч байгаа ч талийгаачийн ажил явдалд туслалцаа үзүүлж хохирлыг төлсөн. Ийм хэрэг явдал болсонд маш их харамсаж байна. Би бас өөрөө гэмтэл авсан байгаа, мөн хүүхдээ эмчилгээнд авч явдаг. Иймд миний амьдралын байдлыг харгалзаад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг өгч байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Т.Жанаргүлд 13 000 000 сая төгрөгийг төлсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй болон гомдол санал байхгүй болох нь тогтоогдсон тул Н.Советын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, Н.Совет нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 73-14 БӨА улсын дугаартай Nissan vannete маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Уахали овогт Насирын Советыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Советын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/ нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Н.Советод оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Н.Советод хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Совет нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Шүүгдэгч  Н.Советын эзэмшлийн 73-14 БӨА улсын дугаартай Nissan vannete маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын  тогтоолыг  хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Советод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН

Top of Form