Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/425

 

Н.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/557 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Ад холбогдох эрүүгийн 2108000000183 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................................, 19........ оны ......... дүгээр сарын ..................-ны өдөр ................ аймгийн Дархан суманд төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ............... дүүргийн ....... дугаар хороо, ........... ......... дүгээр гудамжны ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 28 дугаар гудамжны 26 тоотод иргэн С.Өлзийбаярыг “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар мөр хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн мөрөнд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт буюу мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч нар мэдүүлэхдээ О.Алимаагийн гэрчээр өгсөн “...Н.А гал тогооны ширээн дээр байсан модон иштэй хутга аваад манай нөхөр С.Өлзийбаярын өөдөөс ...зүүн суга руу нь хутгалсан. Тэгээд дахиад хутгалах гээд дайрахаар нь би урдуур нь ортол баруун гарын шуунд хутгалсан...” гэж /хх 8-9/, хохирогчоор өгсөн “...Н.А ...нөхөр С.Өлзийбаяртай маргалдаж хэрэлдэж байх үед Н.А ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад нөхөр С.Өлзийбаярын зүүн талын уушги, суга хооронд нэг удаа хутгаар хатгасан. Тэр үед Н.А дахин нөхөр С.Өлзийбаяртай ноцолдоод дахин хутгаар хатгах гэхээр нь би “та нар болиоч, Н.Аөө чи манай гэрээс зайлаач” гэж хэлээд дундуур нь ортол Н.А миний баруун талын булчин хэсэг рүү нэг удаа хутгаар хатгасан юм...” гэж /хх 33-35/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө “...С.Өлзийбаяр нь түрүүлж мэс барьсан тул Н.А нь булаан авч С.Өлзийбаяр руу мэсийг авч буцаан дайрсанд миний бие дундуур нь орж гараа хөнгөн гэмтээсэн...” гэж /хх 48/, хохирогч С.Өлзийбаярын өгсөн “...Н.А намайг хөөлөө гэж хэлээд ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад миний зүүн талын мөөмний дээд хэсэгт хутгаар нэг удаа хатгасан. Тэгээд дахин бид хоёр барьцалдаж авах үед эхнэр О.Алимаа бид хоёрын дундуур орж ирээд өөрийнхөө баруун талын гарын шуу хэсгийг хутгаар зүсүүлчихсэн...” гэж /хх 42-43/, Н.Аийн сэжигтнээр өгсөн “...С.Өлзийбаяр ах “чи Энхзолтой цуг зайлаарай” гэж хэлэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан С.Өлзийбаяр ахын барьж байсан бор иштэй хутгыг аваад С.Өлзийбаяр ахын зүүн суга руу нь нэг удаа хутгаар хатгасан. Тэгээд би дахин хутгаар хатгах гэтэл О.Алимаа эгч урдуур “боль” гэж орж ирээд баруун гарын шуу хэсгээ хутгаар зүсүүлсэн...” гэж /хх 19-20/, яллагдагчаар өгсөн “...С.Өлзийбаяр ахын барьж байсан бор иштэй хутгыг аваад зүүн мөр хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгсэн С.Өлзийбаяр ах “зайл” гэж элдэв бусаар хэлээд доромжлоод байхаар нь би айлгах санаатай хутгаа далайх үед О.Алимаа эгч урдуур “боль” гэж орж ирээд баруун гарын шуу хэсгээ хутгаар зүсүүлчихсэн. Тухайн үед би О.Алимаа эгчийг хутгаар хатгана гэж бодоогүй, өөрөө урдуур ороод ирсэн...” гэж /хх 91-93/ тус тус мэдүүлсэн байна.

Гэтэл улсын яллагчаас яллагдагч Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, яллагдагч Н.А нь хохирогч С.Өлзийбаярыг 1 удаа хутгалж, дахин хутгалах гэж байгаад бусдын нөлөөгөөр таслан зогсоогдсон болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоогоогүй үндэслэлд хамаарч байна. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Алимааг хохирогчоор тогтоосон байх боловч мөрдөгчийн гаргасан шийдвэр нь үндэслэлтэй эсэх талаар прокурор хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хянах үүргээ биелүүлээгүйн дээр мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. Нөгөөтээгүүр, хохирогч О.Алимаа нь мөрдөн шалгах ажиллагаанд “...миний баруун гарын дээд талын булчин хэсэг хутгаар зүсэгдэн хоёр оёдол тавиулсан байдалтай байна...” гэж /хх 34/ мэдүүлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийлгэнэ” гэснийг зөрчин шинжээч томилсон тогтоол /хх 47/-ын ард хохирогч “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй” гэж бичсэнийг үндэслэн заавал хийлгэх шинжилгээг хийлгээгүй нь хууль бус болжээ. Энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт хэрхэн яаж гарснаас шалтгаалан хохирогчоор тогтоогдсон хэвээр байгаа О.Алимаад учирсан гэмтлийн зэргээс хамааран гэмт хэрэг болох эсэх, ямар гэмт хэрэгт хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч, зүйлчлэл хийх боломжтой болно. Мөн О.Алимаа, С.Өлзийбаяр нар хохирогчоор мэдүүлэхдээ “...Энхзол, Н.А нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 1 ширхэг лааз пиво барьчихсан манай гэрт орж ирээд сууж байхаар нь би охин Энхзол, Амартөр хоёрт хандаж “корона вирусийн өвчин эмгэг ихтэй байхад битгий айлаар хэсээд бай” гэж хэлээд тэр хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Хэсэг хугацааны дараа Н.А манай гэрт орж ирэхээр нь нөхөр бид хоёр Н.Аийг өөрийнхөө гэрт очиж амар гээд хөөсөн юм. Тэгсэн Н.А намайг хөөлөө гэж уурлаад манай нөхөр С.Өлзийбаяртай маргалдаж эхэлсэн...” гэж тус тус мэдүүлсэн байна. Гэтэл хохирогч гэх О.Алимаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөлдөө “...2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Наранчимэг овогтой Амартөр нь 4 шил пиво авч орж ирээд миний нөхөр болох Санжаасүрэн овогтой Өлзийбаяртай хамт уусан, энэ өдөр Өлзийбаяр, Амартөр нар нь хоорондоо маргалдсан...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хохирогч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг сануулж, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу мэдүүлэг авсан байхад тэрээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар өргөдөлдөө өөр байдлаар бичсэн байх тул тэдний үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан зөрчил, эсхүл худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байх тул яллагдагч Н.Ад холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Гэтэл улсын яллагчаас яллагдагч Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, яллагдагч Н.А нь хохирогч С.Өлзийбаярыг нэг удаа хутгалж, дахин хутгалах гэж байгаад бусдын нөлөөгөөр таслан зогсоогдсон болох нь гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоогоогүй үндэслэлд хамаарч байна” гэсэн дүгнэлт хийжээ. Гэтэл Н.А нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “С.Өлзийбаяр ах над руу дайрсан”, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “С.Өлзийбаяр ах намайг зайл гэж элдэв бусаар хэлээд доромжлоод байхаар нь би айлгах санаатай хутгаар далайх үед О.Алимаа эгч боль гээд урдуур орж ирээд баруун гарын шуу хэсгээ хутгаар зүсүүлчихсэн. Тухайн үед би О.Алимаа эгчийг хутгаар хатгана гэж бодоогүй, өөрөө урдуур ороод ирсэн” гэж тус тус мэдүүлэг өгсөн. Хохирогчоор тогтоогдсон О.Алимаа нь цагдаагийн газарт өгсөн өргөдөлдөө “2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Наранчимэг овогтой Амартөр нь 4 шил пиво авч орж ирээд миний нөхөр болох Санжаасүрэн овогтой Өлзийбаяртай хамт уусан, энэ өдөр Өлзийбаяр, Амартөр нар нь хоорондоо маргалдсан” гэсэн. Мөн О.Алимаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “охин Энхзол нь С.Өлзийбаярын гарт нь байсан хутгыг нь булааж авах гэж байгаад гараа зүсчихсэн юм” гэсэн мэдүүлэг авагджээ. Дээрх нотлох баримтуудаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Н.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хувийн сэдэлттэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох нь хууль зүйн хувьд хөдөлбөргүй тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дээрх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Х.Онолт тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн авч эсэргүүцэл бичээгүй. Хохирогч Өлзийбаярын “Амартөр намайг гэрээсээ хөөлөө гэж хэлээд ширээн дээр байсан хутгыг авч миний хөхний дээд хэсэг буюу мөр хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд бид хоёр барьцалдаж байх хугацаанд эхнэр Алимаа бид хоёрын дундуур орж ирээд шуу хэсгээ зүсүүлчихсэн” гэх мэдүүлэг, мөн гэрч Энхзолын “Амартөр буцаад Анхбаяр ахын гэрт орж ирээд сууж байхад Өлзийбаяр ах араас нь гаднаас орж ирээд Амартөр намайг хутгалчихлаа гэсэн” гэх мэдүүлэг зэргээр яллагдагч Н.А нь хохирогчийг дахин хутгалах гэж довтолсон бус харин хохирогчийн гэрээс гарч Анхбаяр гэгчийн гэрт орсон үйл баримт тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тогтоогдсон шарх, гэмтлийн хэмжээ, шарх үүссэн биеийн байршил, гэмтлээр тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх нөхцөл байдлуудаар Н.А нь бусдыг алах, амь насыг нь хохироох зорилгоор иргэн Өлзийбаярын биед халдсан үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Л.Батаа нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Н.Ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоогоогүй, мөн хохирогч О.Алимаад гэмтэл учирсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийлгэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй  тогтооно” гэж заажээ.

Тухайн хэргээс үзэхэд О.Алимаагийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо болон хохирогч С.Өлзийбаярын мэдүүлэгтэй зөрүүтэй байх тул яллагдагч Н.Аийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Яллагдагч Н.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд хохирогч О.Алимаагийн “мөрдөн байцаалтын шатанд “...миний баруун гарын дээд талын булчин хэсэг хутгаар зүсэгдэн хоёр оёдол тавиулсан...” гэж мэдүүлсэн тул түүнд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийлгэх шаардлагатай байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг” нотлох бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо “нотлох баримтуудаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Н.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хувийн сэдэлттэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох нь хууль зүйн хувьд хөдөлбөргүй тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дээрх хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хохирогч О.Алимаа нь мөрдөн шалгах ажиллагаанд “...миний баруун гарын дээд талын булчин хэсэг хутгаар зүсэгдэн хоёр оёдол тавиулсан байдалтай байна...” гэж мэдүүлсээр байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг заавал хийлгэнэ” гэснийг зөрчин шинжээч томилсон тогтоолын ард хохирогч “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гомдол санал байхгүй” гэж бичсэнийг үндэслэн заавал хийлгэх шинжилгээг хийлгээгүй нь хууль бус болжээ. Энэхүү нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт хэрхэн яаж гарснаас шалтгаалан хохирогчоор тогтоогдсон О.Алимаад учирсан гэмтлийн зэргээс хамааран гэмт хэрэг болох эсэх, ямар гэмт хэрэгт хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч, хэргийн зүйлчлэлийг тодруулах шаардлагатай.

Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/557 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Н.Аийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ         

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ