Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2019/00047

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 148/ШШ2019/00047

******* аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 3 дугаар хэсэг 9-5 тоотод оршин суух, 63 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт ******* овогт *******ын *******ийн // нэхэмжлэлтэй:

Хариуцагч: ******* аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг 15-04 тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, одоо ******* аймгийн тойргийн нотариатч, Гучин гурт, гурван хайлант овогт *******гийн *******т // холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны 2 дугаар хэсэг 3-35 тоотод оршин суух, 48 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Хөх тариачин овогт *******ын ******* //

******* аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №01, №02 дугаартай хууль ёсны өвлөгчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******, хариуцагч Р.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатч Р.******* 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01, 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-р манай хүүгийн одоо Говь хармагтай ХХК-ийн нэр дээр байгаа ӨМА 61-92 улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто машин, 86-18 АЧ улсын дугаартай улаан өнгийн авто чиргүүлийг манай бэр Ш.*******д олгосон байгааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Миний хүү Р.Барбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас нас барсан. Нотариатч Р.******* нь хууль бус Өвлөх эрхийн гэрчилгээ гаргаснаас болоод амар тайван сууж чадахгүй болоод байна. Миний хүү талийгаач Р.Барбаатартай нэг ам бүлд амьдарч байсан миний зөвшөөрөл, татгалзлыг асууж тодруулалгүйгээр олгосон байна. Иргэний хуульд зааснаар өвлүүлэгчтэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвөөс татгалзсан тухай мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг.

Гэтэл нэгэнт өвийг хүлээн авсан буюу өвлөх харилцаа дууссаны дараа миний хүү бурхан болоод 1 жилийн хугацаа өнгөрсөн хойно 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ш.Сэлэнгийн гаргасан хүсэлтийг үндэслэн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хууль зөрчиж олгосон байх тул дээрх гэрчилгээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Өвлөх эрхийн гэрчилгээ-г гарсан гэдгийг миний хувьд 2018 оны 03 сард мэдсэн. Нотариатчтай биечлэн уулзахад нас барагчтай хамт амьдарч байсан ээжийнх нь зөвшөөрлийг авч байж Өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой гэж хэлсэн. Би машиныг өвлүүлээгүй. Өвийн маргаан шийдвэрлүүлэх талаарх гэрчилгээ олгосон гэж хэлсэн. Гэвч Өвлөх эрхийн гэрчилгээ-д нь агуулгын хувьд автомашиныг өвлүүлсэн гэж ойлгохоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэх.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Сүхбаатар сумын тойргийн нотариатч нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж Өмчлөх эрхийн шаардах эрх олгосон гэрчилгээ-г олгосон байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өмчлөгчийн хууль ёсны өвлөгчид хууль ёсны өвлөгчид түүний эхнэр, гэр бүлийн гишүүд, төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх гэж заасан байдаг. Тэгэхээр иргэн Х.*******т нэхэмжлэл гаргаж үнэн зөвийг тогтоолгох эрх нь нээлттэй байгаа. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан үйл ажиллагаа явагдахгүйгээр Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон харагдаж байна. Учир нь: тухайн эд хөрөнгө өвлүүлэгчийн өмч болох нь баттай нотлогдсон бол өвлөх эрхийг нээх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг машин болон чиргүүл нь Р.Барбаатарын өмч юм гэх нэг ч баримт байхгүй, 2015 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн Эрдэнэ гүн ХХК-нд шилжсэн, дараа нь тус компаниас Говь хармагтай ХХК-нд шилжсэн одоо тухайн компанийн өмч хэвээр байна. Гэтэл нотариатч нь уг асуудлыг судалж үзэхгүйгээр Өвлөх эрхийн гэрчилгээ нээж олгосон байгаа нь буруу гэж үзэж байна. Түүнээс гадна өмчлөгчийг хэн болох нь тогтоогоогүй байтлаа ямар нэгэн байгуулллагын албан тоотыг үндэслэн нотариатын үйлдэл хийж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хууль бус хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Хариуцагч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ш.*******эг талийгаач Р.Барбаатарын хууль ёсны өвлөгч мөн гэж үзэн Өвлөх эрхийн гэрчилгээ бичиж олгосон. Уг гэрчилгээг бичиж олгохдоо тээврийн хэрэгслийн талаарх Говь хармагтай ХХК-ийн албан тоот, нас барсны гэрчилгээ, 2 хүүхдийнх нь төрсний гэрчилгээ зэргийг үндэслэсэн. Миний бие хуулиар өвлөх ёстой этгээдэд Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.******* нь нас барсан хүүгийнхээ нэрийг барьж удаа дараа надтай холбогдуулсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Миний бие нь талийгаач Р.Барбаатартай хууль ёсны гэр бүл байсан бөгөөд түүний бага насны 2 хүүхэд миний асрамжинд байгаа. Талийгаач Р.Барбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан. Харин өвлөх эрхийг 2016 оны 12 дугаар сарын 10 буюу 1 жил 1 сарын дараа авсан. Уг гэрчилгээг авахдаа Авто тээврийн үндэсний газрын лавлагаа, Говь хармагтай ХХК-ийн албан тоот, 2 хүүхдийнхээ Төрсний гэрчилгээ болон бусад холбогдох материалуудыг бүрдүүлэн Өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна. Дээрх гэрчилгээ нь хоёр хүүгийн маань нэр дээр гарах байсан боловч насанд хүрээгүй байсан учраас миний нэр дээр гарсан юм. Хоёр хүүхдийн маань амьдралын баталгааны нэг хэсэг болсон төрсөн эцгээс нь үлдсэн хөрөнгийг хуулийн дагуу өвлөж авсан нь буруугүй гэж үздэг.

Х.******* нь 2 машиныг нь зараад манай хоёр хүүхдэд /ач нартаа/ 100 төгрөг ч өгөөгүй. Нэхэмжлэгч Х.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Намайг хүүгийнх нь 61.000.000 төгрөгийг авсан нотлох баримтыг нь гаргуулъя гэж бичсэн байна. Би үүнийг няцаах баримт буюу банкны дансны хуулгыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт гаргаж өгөхөд гаргасан.Энэ баримт нь 2011-2015 он хүртэл өөрийн гэр бүлдээ зориулж шилжүүлж байсан мөнгө болохоос бөөнд нь өгсөн мөнгө биш юм. Манай том хүү спортын сургуульд сурдаг олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож Монгол Улсынхаа болоод аавынхаа нэрийг гаргаад явж байгаа. Бага хүүгээ хуувийн төлбөртэй цэцэрлэгт явдаг. Бид нар өнөөдөр Улаанбаатар хотод байр түрээлсэн амьдардаг. Бага насны 2 ачаа гудамжинд гаргачихаад хууль шүүхийн байгууллагад хандаад явж байгаад нь гомдож байна. Миний бие нь хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын төдийгүй олон улсын шүүхэд хандахад бэлэн байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Сэлэнгийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1984 дугаартай захирамжаар Ш.Сэлэнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар эрх үүргийг танилцуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тайлбартаа: ...Ш.Сэлэнгийн нэр дээр шилжүүлсэн 61.000.000 төгрөгийн нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргах, Ш.Сэлэнгийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна... гэх хүсэлтийг дангаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шүүх хуралдааны шатанд хэлэлцэж тус шүүх хуралдаанд Ш.Сэлэнгийг оролцуулах шаардлагатай, түүний эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэн нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг татгалзаж, 61.000.000 төгрөгний нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсэн болно.

2.Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатч Р.******* 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01, 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-р манай хүүгийн одоо Говь хармагтай ХХК-ийн нэр дээр байгаа ӨМА 57-18 улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто машин, 86-18 АЧ улсын дугаартай улаан өнгийн авто чиргүүлийг манай бэр Ш.*******д олгосон байгааг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан...Нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч Х.******* нь өөрийн бэр болох Ш.Сэлэнгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01, 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг мэдээгүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Өвлөх эрхийн гэрчилгээ-г олгосон гэдгийг миний хувьд 2018 оны 03 сард мэдсэн. Нотариатчтай биечлэн уулзахад нас барагчтай хамт амьдарч байсан ээжийнх нь зөвшөөрлийг авч байж Өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжтой гэж хэлсэн. Би машиныг өвлүүлээгүй. Өвийн маргаан шийдвэрлүүлэх талаарх гэрчилгээ олгосон гэж хэлсэн.... гэсэн нь шүүх хуралдаанд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Сүхбаатар сумын тойргийн нотариатч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Р.Барбаатарын /талийгаач/ эхнэр Ш.*******, хүү Б.Батгүн, Б.Батбулган нарын хүсэлтийг үндэслэн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу Өмнөговь аймгийн Говь хармагтай ХХК-ийн өмчлөлийн 57-18 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто машин, 92-14 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Говь хармагтай ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дээрх машиныг худалдаж авсан талаарх тодорхойлолт, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 46/007583 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн 46/007582 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Батгүн, Б.Батбулган нарын Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон Р.Барбаатарын №000013765 дугаартай Нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №01, №02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ -нд шаардах эрх олгосон байна. Энэ олгогдсон Өвлөх эрхийн гэрчилгээ нь дараахи хуулиудыг зөрчиж хийсэн гэж үзнэ. Үүнд:

******* аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан нас барагчийн нөхөр, эхнэр,...төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.******* нь тухайн хөдлөх эд хөрөнгийг өвлөх эрхтэй бөгөөд түүний хүү Р.Барбаатар нь /талийгаач/ 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны хар усан тохой 3-35 тоотод амьдарч байгаад Сүхбаатар сумын 8 дугаар баг 9 байрны 5 тоотод шилжин ирж нас барах хүртлээ ээж Х.*******ийнд хамт амьдарч байсан болох нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1613 тоот тодорхойлолт, Сүхбаатар сумын 8 дугаар багийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1524 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн хуулийн 528 дугаар зйүлийн 528.1-д зааснаар Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат... мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ... гэжээ.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т заасан ...Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөх эд хөрөнгөөс өөр өвлөгч байхгүй лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т заасан бичиг баримт бүрдүүлсний дараа Өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан байна. Гэтэл нотариатч нь өөр өвлөгч байгаа эсэх асуудлыг тодруулаагүй, гэрчилгээ олгох үндэслэл болсон 57-18 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто машин, 92-14 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн Тээврийн хэрэгслийн лавлагаа-гаар уг машин нь Өмнөговь аймгийн Говь хармагтай ХХК-ийн өмчлөлд байгаа, Говь хармагтай ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дээрх машиныг Говь хармагтай ХХК нь худалдаж авсан талаарх тодорхойлолт зэргээс үзэхэд дээрх өвийн талаар маргаж буй автомашин, чиргүүл нь тухайн компаний өмч болох нь дээрх үйл баримтаар нотлогдож байгаа бөгөөд өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байхад Өвлөх эрхийн гэрчилгээ-нд Говь хармагтай ХХК-ийн нэр дээр байгаа 58-17 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто машин, 92-14 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг хуулийн байгууллага /шүүх, цагдаа/-р хөөцөлдөж хохирлоо гаргуулж авах эрх тусгасан байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд ******* аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №01, №02 дугаартай хууль ёсны өвлөгчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хуульд заасан заалтыг зөрчиж хийсэн байх тул хүчингүйд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан болно. Үүнд: Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39-42/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 510 дугаартай шийдвэр, ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаартай магадлал, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00122 дугаартай шийдвэр, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 143/ШШ2018/00137 дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2013/МА2018/00015 дугаартай магадлал /хх-ийн 74-98/, ******* аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Тодорхойлолт 3 хуудас хавсралтын хамт /хх-ийн 103-106/, Р.Барбаатарын /талийгаач/ Тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэрэг, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /129-143/ тал, Р.Барбаатараас /талийгаач/ гэр бүлдээ 2011-2015 онд шилжүүлсэн гэх 61.000.000 төгрөгний ХААН, Төрийн банк ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /29 хуудас/ тус тус авагдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Нэхэмжлэгч Х.******* нь Ш.Сэлэнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, 61.000.000 төгрөгний нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэсүгэй.

 

2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 48 дугаар зүйлийн 48.5-д тус тус зааснаар ******* аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №01, №02 дугаартай хууль ёсны өвлөгчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүйд тооцсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигчид, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА