Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

             Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,   

             Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн байцаалт:

           Монгол улсын иргэн, ..................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 20** оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Г Б эзэмшлийн гээгдүүлсэн Г банкны *** дугаарын дансанд бүртгэлтэй картыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 20 удаагийн гүйлгээгээр 525,980 төгрөгийн зарлага хийж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.З би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүгдэгч С.Бд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. С.Б нь 20** оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Г.Бгийн эзэмшлийн гээгдүүлсэн Г банкны виза картыг ашиглаж бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж нийт 525,980 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Б, гэрч Г, хохирогчийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаарх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба хохирогчид учирсан 525,980 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна. Хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Си Диг хэргийн хамт хэрэгт хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хадгалах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гаргуулах зардалгүй болно.” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд С.Бгийн эрхийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагчийн зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. С.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Прокурор сонсгож буй ялын саналыг хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгож хүлээн зөвшөөрсөн зэрэг эдгээр нөхцөл байдлууд тогтоогдож байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Прокурорт хүсэлт гаргахдаа торгох ялын хувьд 500,000 төгрөг гэж прокурортой тохиролцсон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү. С.Бгийн хувийн байдлын хувьд хөдөө сумаас Д аймагт суурьших гэж орж ирсэн тул одоогоор эрхэлсэн ажилгүй болон тогтвор суурьшилгүй гэдгийг илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү гэсэн саналыг оруулж байна...” гэв.

           Шүүгдэгч С.Б нь 20** оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Ганболдын Болдмаагийн эзэмшлийн гээгдүүлсэн Г банкны *********** дугаарын дансанд бүртгэлтэй картыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 20 удаагийн гүйлгээгээр 525,980 төгрөгийн зарлага хийж бусдад хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Бгийн "...Би 20** оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд өөрийн Г банкны картыг алга болгочихсон юм шиг байна лээ. Тэгээд 02 дугаар сарын 28-ны өдөр би данснаас мөнгө алга болсон гэдгийг мэдсэн. Миний данснаас олон удаагийн гүйлгээгээр 680,000 орчим төгрөг хулгайд алдагдсан байсан. Би мэдсэн даруйдаа банканд хандаж өөрийн картыг хаалгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8 дахь хуудасны тал),

           Гэрч Ш.Х “...дээрх цаг хугацаанд өөрийн эхнэр Болормаагийн хамт гэр лүү явж байхад Б дэлгүүр ороод юм худалдаж авна гэхэд С-2 дэлгүүрийн гадна зогсож эхнэр юм худалдан авсан байсан санагдаж байна. ... Би өөрийн эхнэр С.Бгийн хамтаар тухайн учруулсан гэх 525,980 төгрөгийн хохирлыг нь ойрын хэд хоногт дарж барагдуулах болно..." гэх мэдүүлэг (хх-ийн 38-39 дэх хуудасны тал),

           Г Б Г банкны ********* дугаарын дансны 20** оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20** оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд орсон, гарсан дансны хуулга (хх-ийн 10-16 дахь хуудасны тал),

           Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 40 дэх хуудасны тал),

           Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 20-24 дэх хуудасны тал),

           Яллагдагч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “... Би 20** оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд С суманд гэртээ байсан санагдаж байна. Тухайн үедээ гадуур явж байгаад ямар банкны картыг гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаан өнгийн карт байсан. Дээр нь баахан гадаад үсэгтэй байсан болохоор нэрийг нь уншиж чадаагүй. Аль дэлгүүрт би хамгийн анх орсноо санахгүй байна. Ямар ч байсан тухайн хүний картаар олон дэлгүүрүүдээр орж худалдан авалт хийсэн. Нийт хэдэн төгрөгөөр юм худалдан авснаа бас сайн санахгүй байна. Би дээрх картыг нийтдээ 2 хоногийн хугацаанд ашигласан. Тэгээд хамгийн сүүлд карт уншуулахад хаагдсан байсан болохоор нь картыг нь хаячихсан. ... Манай хамтран амьдрагч Х байгаа юм. Манай нөхөр ямар нэгэн байдлаар дээрх асуудалд холбоогүй. Би С-2 дэлгүүрээс орой худалдан авалт хийхдээ л нөхөртөө дэлгүүрээс юм авъя гэдэг зүйлийг хэлсэн болохоос өөрөөр манай хамтран амьдрагч Х намайг карт олсон гэж огт мэдээгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 32-34 дэх хуудасны тал) зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

           Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг ойлгоно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.Б нь 20** оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Ганболдын Болдмаагийн эзэмшлийн гээгдүүлсэн Г банкны 1105173004 дугаарын дансанд бүртгэлтэй картыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 20 удаагийн гүйлгээгээр 525,980 төгрөгийн зарлага хийж бусдад хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.      

           Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Тиймээс шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бгийн өмчлөх эрхэд 525,980 /таван зуун хорин таван мянга есөн зуун ная/ төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Бусад асуудлыг талаар

           Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч М овогтой СБ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ГОНЧИГСУМЛАА