| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/04998/И |
| Дугаар | 101/ШШ2022/01582 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/01582
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А П” ХХК-ийн нэхэмжлэлтэй , Хариуцагч: Ё.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,576,000 төгрөг, хүү 2,450,500 төгрөг, алданги 1,788,000 төгрөг, нийт 7,814,500 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогсод: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ё.Б нь “А п ” ХХК-тай 19901467 дугаар Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Toyota Prius 20 маркийн 0000УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,576,000 төгрөг, хүү 2,450,500 төгрөг, алданги 1,788,000 төгрөг, нийт 7,814,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Ё.Б үүрэг гүйцэтгэх хугацааг 541 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 1.2.6-д зааснаар “Ноцтой зөрчил гэж зээлийн эргэн төлөх хуваарийг 30-аас дээш хоног хэтрүүлэх”-ийг ойлгох ба зээлдэгч 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д “Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил ашиглалтанд байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана” гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд зээлдэгч Ё.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, фидуцийн зүйлийг хариуцагчаас бодитоор гаргуулахаар шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд авто машиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон. Иймд Ё.Б-гээс 2019 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,576,000 төгрөг, хүү 2,450,500 төгрөг, алданги 1,788,000 төгрөг нийт 7,814,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн үеэс хүү бодсон байсан, одоо хуульд нийцүүлээд зээлийн гэрээний хугацааны хүү бодоод нэгэмжлэлийн шаардлагаас 582,040 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Ё.Б-гээс 2019 оны 12 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хуульд нийцүүлээд үндсэн зээл 3,576,000 төгрөг, хүү 1,245,640 төгрөг, алданги 2,410,820 төгрөг, нийт 7,232,460 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримтаас харахад 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн нотлох баримт байхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 12 дугаар талд сканердаж хуулбарласан баримт өгсөн байна. Зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж тооцох үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 5,000,000 төгрөгийг огт аваагүй, хэрэгт авагдсан баримтаас харахад аваагүй мөнгийг шаардаж байна. Ё.Б огт мэдэхгүй, аваагүй гэж тайлбарладаг. Мөнгө төлсөн баримт байхгүй, мөнгө төлөөгүй. Н.Б, Ё.Б нарын үгэнд итгэсэн, төлөөлүүлэгчид баримт байхгүй учраас шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргах байх. Хэрэгт зээл өгсөн баримт байхгүй учраас шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргах байх. Хэрэгт зээл өгсөн баримт байхгүй учраас зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй гэсэн хуулийн дагуу би тайлбараа гаргаж байна. Хариуцагч тайлбараа гаргаагүй ч гэсэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-102, 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19901467 дугаартай Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-6-7, 8-9/, Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-14/, Шүүхээс бүрдүүлсэн баримт: “А п ” ХХК-ийн 0000УНА Тээврийн хэрэгслийн зээлийн тооцооллын хүснэгт /хх-54/, 19901467 дугаартай Барьцаат зээлийн тооцооны хуудас /хх-55/, Хаан банкны дугаартай дансны депозит дансны хуулга /хх-56-59/, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн илтгэх хуудас, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхтэй холбоотой баримтууд /хх-61-64, 72-73/, шүүгчийн туслахын хариуцагч Ё.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нартай утсаар ярьсан тэмдэглэл /хх-74, 75, 76, 84, 85-88/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А п ” ХХК нь хариуцагч Ё.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,576,000 төгрөг, хүү 2,450,500 төгрөг, алданги 1,788,000 төгрөг, нийт 7,814,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүүгийн хэмжээг 582,040 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 7,232,460 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ё.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Д.Бөд олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гардан авч, зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцаж гарын үсэг зурсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргасан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөрийн 15 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөд хуульд заасны дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүнийг шүүхэд албадан ирүүлэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч, цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдаан хариуцагч тал ирээгүй үндэслэлээр хойшлогдсон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бөд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “А п ” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгэдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ё.Бтэй 0000 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Toyota Prius 20 маркийн 0000УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-6-7, 8-9/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд “хэрэгт 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэсэн нотлох баримт байхгүй, зээлийн гэрээ байгуулаад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж 5,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж тооцох үндэслэлгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн бөгөөд тус тайлбараас өөрөөр хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
“А п ” ХХК нь “Барьцаат зээлийн тооцооны хуудас” гэсэн баримтыг бичгээр үйлдэж, зээлийн хэмжээ, зээлийн хүү, хугацааг тохиролцож, Ё.Б нь мөнгө хүлээн авсан гэж гарын үсэг зурж, холбогдох тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх тул уг баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангаж байна. /хх-55/
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 19901467 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,085,640 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,186,000 төгрөгийг, нийт 2,271,640 төгрөгийг “А п ” ХХК-ийн Хаан банкин дахь 5115049009 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-56-59/
Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч “А п ” ХХК нь хариуцагч Ё.Бгээс 19901467 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,323,634 төгрөг, нийт 6,323,634 төгрөгийг төлөх үүрэг хүлээснээс хариуцагчийн төлсөн 2,271,640 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 4,051,994 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т “Хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно” гэж тохирсон байх тул нэхэмжлэгч “А п ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 303 хоногоор хугацаа хэтэрсэн, уг хугацааг нэг өдрийн алданги 20,259.97 /4,051,994 төгрөгийн 0,5 хувь/ төгрөгөөр тооцвол 6,138,770.91 төгрөг байх боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги 2,025,997 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ё.Бгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,077,991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А п ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,154,469 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч “А п ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Ё.Бгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 112,197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Ё.Бгээс зээлийн гэрээний үүрэгт 6,077,991 /зургаан сая далан долоон мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А п ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,154,469 /нэг сая нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Бгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 112,197 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А п ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
|