| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Прокурор Ц.Ц
Хохирогч Ж.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш,
Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Пд холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 20** оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.П нь 20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Д аймгийн Д сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-Ойл шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогоос хувьдаа 29,050,919 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлоо барагдуулна. Бага багаар хохирлоо барагдуулна. Өөр хэлэх үг алга...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20** оны 2 сарын 27-нд Г.П дээр гэнэтийн тооллого хийсэн. Тэгэхэд 20 сая төгрөгийн дутагдал гарсан. Тэр дутагдлыг би юу болсон бэ гэхэд Г.П өөрөө хүлээн зөвшөөрөхгүй ийм байх ёсгүй би зараагүй байхад ингэж гарсан гэсэн. Тэгээд нарийвчлаад цааш нь шалгаад үзсэн чинь өдөр тутмын тайлан гаргадаг байсан. Тэр тайлангаа хуурамчаар гаргаад түгээгүүрийнхээ заалттай зургийг нь авч баталгаажуулах ёстой байсан. Тэр зургийг 3,4 хоногийн өмнө урьдчилж аваад дараа нь тохируулж тайлан гаргадаг байсан нь компанийн дотоод шалгалтаар нотлогдсон. Өөрөөс нь удаа дараа асуусан чинь би дутаагаагүй хэрэглээгүй гэсэн. Бид 2 хамт байж байгаад дансны хуулгаа аваад ирье тэгээд хоёулаа хараад ярилцъя гээд үзэхэд Г.Пн дансанд өдөр бүр их хэмжээний мөнгө ороод зарим нь буцаад компанийн данс руу зарим нь өөр хүмүүсийн данс руу гарсан байсан. Компанийн данснаас бусад данс руу орлогын мөнгийг хийх ёсгүй байдаг. Тэгсэн 3 удаа энэ талаар тайлбар бичээд өг албан ёсоор өргөдөл өг гэж би шаардуулж бичүүлж авсан. Үүндээ би төлнө би дутаасан нь үнэн төлж барагдуулна гэсэн. Гэхдээ хэрхэн яаж төлж барагдуулахаа тодорхой бичээгүй байсан. Тэр нь дээр би итгэл үнэмшилтэй байх болон баталгаа гаргуулахын тулд би цагдаа шүүхийн байгууллагаар шийдүүлэхээс өмнө тодорхой төлбөрийг төлж барагдуулах, магадгүй график эсвэл хөрөнгө зараад төлнө гэдэг юм шаардсан. Тийм юм байхгүй болохоор нь би хуулийн байгууллагад хандсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай компанийн түгээгч П нь ШТС-ын орлогоос хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж 20** оны 02 дугаар сарын 27-ны өдөр шалгалт хийж тооллого хийсэн. Тооллогоор 20,028,977 төгрөгийн дутагдал гарсан. Өмнө нь 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 9,021,942 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Энэ талаар Пгаас 3 удаа тайлбар бичүүлж авсан. ШТС-ын борлуулалтын тайлангаа худал гаргаж түлшний үнийг дур мэдэн хямдруулж борлуулалтын орлогыг өөрийн хувийн дансандаа хэрэглэдэг байсан гэж тайлбарласан. Мөнгөө төлнө гэж хэлсэн. ...20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд нийт 29.050.919 төгрөгийг П нь хувьдаа завшсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-р тал/,
Гэрч Р.Ж “...Манай байгууллагаас 20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 9 сая гаруй төгрөг дутсан. 20** оны 02 дугаар сарын 01-нээс 27-ны өдрийн хооронд 20 сая төгрөг дутсан. Уг мөнгийг П хэрэглэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Г.Пгийн Т банкин дахь ********** тоот дансны хуулга /хх-ийн 13-23-р тал/,
Г.Пн хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн тайлбар, өргөдөл /хх-ийн 24-32-р тал/,
Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 4852-р тал/,
Г У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-54-р тал/,
Г.Пн Х банкны ********** тоот дансны хуулга /хх-ийн 74- 79-р тал/,
Г.Пн Т банкны ************ тоот дансны хуулга /хх-ийн 96-102-р тал/,
Г О У ХХК-ийн хохирлын тооцооны хураангуй /хх-ийн 108-118-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.П нь 20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Д аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-Ойл шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогоос 29,050,919 төгрөгийг хувьдаа завшсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай компанийн түгээгч Г.П нь ШТС-ын орлогоос хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж 20** оны 02 дугаар сарын 27-ны өдөр шалгалт хийж тооллого хийсэн. Тооллогоор 20,028,977 төгрөгийн дутагдал гарсан. Өмнө нь 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 9,021,942 төгрөгийн дутагдал гаргасан байсан. Энэ талаар Пгаас 3 удаа тайлбар бичүүлж авсан. ШТС-ын борлуулалтын тайлангаа худал гаргаж түлшний үнийг дур мэдэн хямдруулж борлуулалтын орлогыг өөрийн хувийн дансандаа хэрэглэдэг байсан гэж тайлбарласан. Мөнгөө төлнө гэж хэлсэн. ...20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд нийт 29.050.919 төгрөгийг П нь хувьдаа завшсан...” гэх мэдүүлэг, гэрч Р.Жаргалсайханы “...Манай байгууллагаас 20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 9 сая гаруй төгрөг дутсан. 20** оны 02 дугаар сарын 01-нээс 27-ны өдрийн хооронд 20 сая төгрөг дутсан. Уг мөнгийг П хэрэглэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, Г.Пгийн Т банкин дахь ************ тоот дансны хуулга /хх-ийн 13-23-р тал/, Г.Пн хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн тайлбар, өргөдөл /хх-ийн 24-32-р тал/, Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 4852-р тал/, Говь-Оюу уул ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 53-54-р тал/, Г.Пн Х банкны ********** тоот дансны хуулга /хх-ийн 74- 79-р тал/, Г.Пн Т банкны *********** тоот дансны хуулга /хх-ийн 96-102-р тал/, Говь Оюу Уул ХХК-ийн хохирлын тооцооны хураангуй /хх-ийн 108-118-р тал/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг завшсан идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж, хариуцаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.П нь 20** оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 02 сарын 27-ны өдрийн хооронд Д аймгийн Д сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М-Ойл шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа байгууллагын орлогоос хувьдаа 29,050,919 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь тогтоогдсон ба аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Пгийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас Г о у ХХК-д 29,050,919 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.П нь тус хохирлыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 29,050,919 төгрөгийг шүүгдэгч Г.П-гаас гаргуулж Г у ХХК-д олгож шийдвэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх Г.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.П хяналт тавьж ажиллахыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Ө гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.П-гаас 29,050,919 төгрөг гаргуулан хохирогч “Г о у” ХХК-д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА