Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 61

 

“Дарханцалам ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00197/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дарханцалам ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Т-

Б.Г- нарт холбогдох

"Зээлийн гэрээний  үүрэгт 356.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Т.Т-, Б.Г- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Т.Т-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Чойном нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П- болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нараас:

“Дарханцалам ББСБ” нь Т.Т-тай 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16/10 тоот зээлийн гэрээ байгуулан 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр нийт 300 000 000 төгрөгийн зээл олгосон юм. Тус зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, Дархан Номин худалдааны төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай 665 м кв, нэгж талбарын дугаар 4505701516 газрыг барьцаанд тавьсан. Мөн тус газарт баригдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарахад нэмж барьцаалахаар тохиролцсон юм. Т.Т- нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн хугацаа дуусахад дахин 7 сараар буюу 2017.08.01-ний өдөр хүртэл сунгуулах хүсэлт гарган зээлийн төлбөрөө хойшлуулж байсан ба зээлийн хугацаа сунгуулахдаа нөхөр Б.Г-тай хамтран зээлийн төлбөрийг хариуцахаар болж гэрээ хийсэн. 2017 оны 9 сард 50 000 000 төгрөгийн зээлийн төлбөр хийсэн. Т.Т- нь зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа тул үндсэн зээлийн төлбөр 250.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 106.000.000 төгрөг, нийт төлбөр 356.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т.Т- миний бие нь Б.П-, О.Н- гэдэг нэг гэр бүлийн хүмүүсээс 2000 оноос эхлэн зээл авч буцааж төлдөг байсан. Зээл авах гэрээ хийхдээ Б.П-, О.Н- нар нь надад хийсэн гэрээнийхээ хувийг заримдаа өгдөг, заримдаа өгдөггүй, зээлээ өгч авалцсаар 2013 оныг хүргэсэн. Жишээ нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би Б.П-, О.Н- нараас 50 000 000 төгрөг 3,5 хувийн зээлж авсан уг зээл нэмж авсан ба зээлээ хүүтэй нь хамт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 200 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй тус тус зээлж аваад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгасан. Эдгээр бүх зээлийг барьцаагүй авдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.П-гээс 300 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, барьцаагүй зээл авсан. 2016 оны энэ үеэс А- гэж хүнд залилуулснаас хойш миний бизнес доголдож, зээл, хүүгээ урьдын адил Б.П-д төлж чадахаа байсан. Энэ үеэс Б.П-гийн надтай харилцдаг харилцаа ширүүн, догшин, дээрэнгүй болж намайг янз бүрээр дарамталдаг болсон. Мөн миний зээлтэй банк, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар руу миний нэрийн өмнөөс албан тоот бэлдэж ирээд гарын үсэг зуруулж авч явдаг байсан. Уг дарамталж бичсэн баримтуудаа ХХБ, ЖДҮХС-ийн захиргаанд аваачиж өгдөг байсан.

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.П- нь өөрийн бэлдэж авч ирсэн “Дарханцалам ББСБ” ХХК-аас Т.Т-т, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 4 хувийн хүүтэй олгов гэсэн Зээлийн гэрээ, зээлийн хугацааг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгав гэсэн утгатай 16/10 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 300.000.000 төгрөг нь Б.П-гийн эзэмшлийн Хаан банкны 5068089791 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5045293769 тоот данс руу шилжиж орж ирсэн ба зээлийн буцаан төлөлтийг миний бие Б.П-гийн Хаан банкны 5068089791 тоот данс руу нь шилжүүлдэг байсан тул миний бие нь “Дарханцалам ББСБ” ХХК нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл “Дарханцалам ББСБ” ХХК болон Т.Т- нарын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул иргэн Б.П- нь иргэнийхээ хувиар нэхэмжлэл гаргах ёстой байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300.000.000 төгрөгийн зээл нь ББСБ-аас гаргасан зээл үү, эсвэл иргэд хоорондын зээл юм уу гэдгийг шалгуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд миний бие нь гомдол гаргаж байгаа. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Г- миний эхнэр Т.Т- нь 2000 оны үеэс эхлэн Б.П- гэдэг хүнээс зээл авдаг, буцааж төлдөг байсныг би мэднэ. Энэ хоёрын зээл авах, өгөх асуудалд өмнө нь би оролцож байгаагүй. Учир нь би уран дарханы ажил хийдэг, эхнэр Т.Т- надаас тусдаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би тэр ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл 2018 оны эхний үеэс эхлэн манай гэрт ирж авгайг чинь шоронд явуулна, 10 жилийн залилангийн ялтай гэж дарамталж загнаж, манай хүүг унтаж байхад нь хөөе чи бос ээжийг чинь шоронд явуулна гэх зэргээр дарамталж байгаад 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд надаар гарын үсэг зуруулсан. Ийм учраас миний бие энэ зээлд оролцоогүй, сүүлд дарамтанд орж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ зээлийг манай эхнэр Т.Т- хариуцан төлнө. Ийм учраас би энэ зээлийг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний эхнэр Т.Т- хүн залилах хүн биш гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Т-, Б.Г- нараас 341.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан цалам ББСБ ХХК-д олгож, 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.937.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.862.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн Т.Т-, Б.Г- нар давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан талаар:

“Дарханцалам ББСБ” болон Т.Т- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр 300.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хэрэгт авагдсан. Зээлийн маргаан нь иргэд хоорондын зээлийн гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 281-р зүйлээр зохицуулагдах маргаан эсэх, эсвэл тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг ББСБ-аас олгох зээлийн үйл ажиллагааг зохицуулдаг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зохицуулагдах маргаан эсэхийг зөв тогтоох нь энэ маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь “Дарханцалам ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан, хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг бууруулж байсан зэргээс үзэхэд “Дарханцалам ББСБ” ХХК, Т.Т- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын дансыг хуулийн этгээдийн данс гэж үзэж болох тухай хуулийн зохицуулалт байхгүй.

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300,000,000 төгрөгийг Б.П-гийн эзэмшлийн Хаан банкны 5068089791 тоот данснаас Т.Т-ын эзэмшлийн ХААН банкны 5045293769 тоот данс руу шилжүүлж байсан нь дансны хуулгаар нотлогдож байх ба энэ нь иргэд хоорондын зээлийн харилцаанд оросн болохыг нотолж байна.

Хуулийн зохицуулалтаар бусдын мөнгөн хөрөнгийг ББСБ-ын байгууллагын нэр, тамга тэмдгийг ашиглаж олгосон зээлийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Т.Т-т шилжүүлсэн 300.000.000 төгрөг нь нэхэмжлэгч “Дарханцалам ББСБ”-ын хөрөнгө мөн эсэх, тус ББСБ-ын нягтлан бодох бүртгэлд орсон эсэх нь санхүүгийн анхан шатны баримт байхгүйн улмаас уг зээлийн хөрөнгө нь ББСБ-ын өөрийн хөрөнгө болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймд “Дарханцалам ББСБ” Т.Т- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 300.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь иргэн Б.П-, Т.Т- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг халхавчилж хийгдсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх ба мөн хуулийн 56.1.10-т зааснаар уг хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад нэмэлт зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах асуудал яригдах ёстой. Гэтэл хариуцагч Т.Т- нь иргэн Б.П-гийн өмнө зээлийн гэрээний үүрэг хүлээснээс биш ББСБ-аас зээл аваагүй тул нэхэмжлэгч “Дарханцалам ББСБ”-д мөнгө буцааж өгөх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Хоёр. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглээгүй талаар:

 ...Б.П- гэдэг хүний дарамт, албадлага, тулгалт шахалтаар зээлийн гэрээ, нэмэлт зээлийн гэрээнүүд дээр гарын үсэг зурдаг байсан гэх хариуцагч нарын тайлбарыг нотлох баримт болж байгаа ба харин хариуцагч Т. Т-ийн гуйлт, хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг сунгадаг байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх нотлох баримт болж байна. Ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан гомдол гаргасан үйл баримт нь зээл төлөх хугацаа өнгөрсөн боловч хариуцагч Т.Т- төлбөрийн чадваргүй болж, зээл төлөхөд хүндрэл учирсныг нэхэмжлэгч тал баттай мэдэж байсныг нотлох баримт юм. Нэхэмжлэгч цагдаад гомдол гаргасан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлдэгч зээл төлүүлэх арга хэмжээ авалгүй, харин эсрэгээр зээлдэгчид шахалт, дарамт үзүүлж зээлийн гэрээг сунгаж байснаас улбаалан цаашид төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж, ийнхүү үргэлжлүүлэн хүү тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ноогдож буй нь гэрээний харилцан ашигтай байх зарчмыг алдагдуулсан, нэг талд хохиролтой шударга бус байх тул 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлд суутгаж тооцох нь хуульд нийцэх ба уг хугацаанаас хойших зээлд хүү тооцохгүй байх үндэслэлтэй байна. Тодруулбал, хариуцагч Т.Тунгалгын 2017 оны 04 сарын 12-ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 14- ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг, 2017 оны 09 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 32,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 11,800,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 12,000,000 төгрөг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 9,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 9,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 33,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 9,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 9,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 9,000,000 төгрөг буюу нийт 190,800,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 109,200,000 төгрөг болж байна. Шүүх хэрвээ зээлд хүүг суутган тооцох үндэслэлтэй гэж дүгнэвэл 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Т.Т-ийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хассан дүнгээс хүүг тооцвол нийт 100.281.867 төгрөгийн хүү хуримтлагдсан байна. Иймд давж заалдах шүүх “Дарханцалам ББСБ”, Т.Т- нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд Т.Т-аас үндсэн зээлийн 109.200.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Гурав. Хариуцагчийг буруу тодорхойлсон талаар:

Маргаан бүхий зээлийг авч хэрэглээгүй, уг зээлийн гэрээ байгуулах талаар нэхэмжлэгчтэй огт харилцаж байгаагүй Б.Г-аас 341.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Иймд Б.Г- нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш ул анхан шатны шүүхийн шийдвэрийн Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П- давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч Т.Т-, Б.Г- нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дархан -Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.11-ны өдрийн 320 дугаар шийдвэр хууль зөрчөөгүй, хуулийн үндэслэлтэй гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу “Дарханцалам ББСБ” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь хариуцагч Т.Т-, Б.Г- нар нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 16/10 тоот зээлийн гэрээ байгуулж 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр 300.000.000 төгрөг зээлж авсан. Зээлээ хүлээн зөвшөөрдөг мөртлөө “Дарханцалам ББСБ” -аас мөнгө аваагүй, захирал Б.П-гээс мөнгө авсан, эргүүлж төлсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. “Дарханцалам” ББСБ -ыг үүсгэн байгуулагч захирал Б.П- улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчийн дүрмээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь “Дархан Цалам” ББСБ - тай байгуулсан гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлж байсан хариуцагч Т.Т-, Б.Г- нарын хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 2 хувь болгон бууруулж байсан.

Санхүүгийн зохицуулах хорооны тайлан тэнцэлд “Дарханцалам ББСБ”-аас Т.Т-т олгосон зээлийн үлдэгдлийг тусгасан нь хавтаст хэрэгт авагдсан байна.

- “Дарханцалам ББСБ” нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс зээлийн хүүг сар тутам 1.000.000 төгрөгөөр бууруулж, 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлдэгч Т.Т-ийн гаргасан хүсэлтээр зээлийн хүүг сарын 2% болгон бууруулж, эхний ээлжинд төлсөн бүх мөнгийг үндсэн зээлээс хассаар эцэст нь хүүний үлдэгдлийг төлүүлэхээр нэмэлт гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 216 -р зүйлтэй тохирч байгаа.

-Харилцагч нарын тайлбарт хариуцагч Б.Г- нь зээлдэгч буюу нэхэмжлэгчтэй огт харилцаж байгаагүй, зээлийг хэрэглээгүй гэсэн байгаа нь үнэнд нийцэхгүй. Санхүүгийн хүндрэлд огт ороогүй, асар олон эд хөрөнгийн барьцаа Т.Т-, Б.Г- нарт байгаа нь хавтаст хэрэг болон шүүх хурлын тэмдэглэлээс харагдаж байна.

Б.Г- нь 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс энэхүү нэхэмжлэгдэж байгаа зээлийг эхнэр Т.Т-ийн хамт хариуцна, өөрийн эд хөрөнгийг давхар барьцаална гэж гэрээ хийсэн нь хавтаст хэрэгт байгаа. Б.Г- нь 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Т.Т-ийн хамт нэмэлт гэрээ хийхдээ , 18/05; 18/06; 18/07; 18/08; 18/09; 18/10 тоот барьцааны гэрээнүүд байгуулсан нь шүүх хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. Хариуцагч Т.Т-, Б.Г- нар нь авсан зээлээ буцааж, хүүгийн хамт төлөх иргэний үүргээ ухамсарлаж байх шаардлагатай байна. Тус шүүхийн 320 дугаар шийдвэр үнэн зөв үндэслэлтэй гарсан учир уг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  “Дарханцалам ББСБ” ХХК зээлийн гэрээний  үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл 250.000.000 төгрөг, хүү 106.000.000 төгрөг, нийт 356.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Т.Т-, Б.Г-  нар   эс зөвшөөрч  2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.П-гээс 300.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, барьцаагүй зээл авсан, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бэлдэж ирсэн нэмэлт гэрээнд гарын үсэг зуруулсан, 300.000.000 төгрөгийг  Б.П-гийн  эзэмшдэг ХААН банкны  данснаас  миний эзэмшлийн Хаан банкны  дансанд шилжиж орж ирсэн, буцаан төлөлтийг  Б.П-гийн  данс руу шилжүүлдэг байсан  тул  “Дарханцалам   ББСБ” ХХК  Т.Т- нарын хооронд хийгдсэн  зээлийн гэрээ  хүчин төгөлдөр  бус гэрээ гэж маргасан байна.

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагын зарим 341.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 15.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх  зохигчдын хооронд  Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл  олгосон, 16\10 тоот гэрээ, гэрээнд нэмэлт оруулсан гэрээ, үндсэн зээлийн хэмжээ, буцаан  төлсөн  мөнгөний  хэмжээг  тус тус зөв тодорхойлсон боловч  гэрээ тус бүрээр  талуудын хүлээсэн үүргийг  салгаж  тооцоолоогүй  нь  буруу давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар  засах  боломжтой гэж үзэв.

Харин хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсанаар шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл  тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаар 16\10 тоот зээлийн гэрээ, 2 удаагийн гэрээнд нэмэлт оруулах гэрээ нийт  3 гэрээг  шүүхэд ирүүлсэн.

2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сарын 4 хувийн хүүтэй,  3 сар 19 хоногийн хугацаатай,  300.000.000 төгрөг \хэргийн  8 дугаар тал\ , 

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 300.000.000  төгрөгийг  сарын 4 хувийн хүүтэй, 3 сар 28 хоногийн хугацаатай  \хэргийн  14 дүгээр тал\,

2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр  250.000.000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй, 3 сар 20 хоногийн хугацаатай, хүүгийн үлдэгдэл 73.000.000 төгрөгийн хамт төлөх \хэргийн  53 дугаар тал\  гэрээнүүдийг ирүүлжээ.

Гэрээний хугацаанд зээлдэгчээс үндсэн зээлд 50.000.000 төгрөг, хүүд  204.372.667  төгрөг  төлсөн  талаар  дурдсан  байна.

Тус гурван гэрээний  эхний хоёр гэрээ нь  “Дарханцалам ББСБ” ХХК,  Т.Т- нарын хооронд сүүлд хийсэн гэрээ нь  нэг талаас “Дарханцалам ББСБ” ХХК  нөгөө талаас Т.Т-, Б.Г- нар  байна.

            “Дарханцалам” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  Банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба эрхийн дагуу  зээл  олгосон нь  Аж ахуйн үйл ажиллагааны  тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1, 15.3.4 дэх хэсэгт  нийцэж байх тул  зохигчдын хооронд   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д  заасан зээлийн гэрээний харилцаа  үүссэн гэж үзнэ.

            “Дарханцалам  ББСБ” ХХК-ийн  тусгай зөвшөөрлийн хугацаа  2016 оны  10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон нь  зөвшөөрөлтэй байх хугацаанд хийгдсэн гэрээнд  нэмэлт оруулахад  саад болохгүй  болно.

            Нэхэмжлэгч “Дарханцалам ББСБ”  ХХК  хариуцагч нараас гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэхдээ хариуцагч нь гэрээгээр  хүлээсэн үүргийн хэмжээгээр  хариуцах   нь хуульд нийцнэ.

            “Дарханцалам ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар  тооцсон  байгаа боловч  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн  452.2-т  заасан  “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй  бол гэрээнд заасны дагуу  зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн  хорин хувиас хэтрэхгүй  хэмжээний нэмэгдүүлсэн хүү”,  мөн хуулийн  453 дугаар зүйлийн  453.1-д заасан  “Зээлдэгч авсан зээлээ  хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх  үүрэгтэй”  гэсэн зохицуулалтаас  үзэхэд энэ талаар  гэрээгээр  тохирсон байхыг шаардаж байгаа  юм.

            Нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгосны хувьд зээл  төлөгдөөгүй байгаа бүх хугацааны хүү  гаргуулахаар  шаардсан хэдий ч зээлийн гэрээнд зээлдэгчийн хариуцлагын талаар дурдаагүй байх тул  нэхэмжлэгчийн  шаардлагыг хэмжээг  бүрэн хангах  хуулийн үндэслэлгүй байна.

            2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16\10 тоот зээлийн гэрээгээр  Т.Т- нь  “Дарханцалам ББСБ” ХХК-аас  300.000.000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн ба гэрээний хугацаа  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болоход   үндсэн зээл 300.000.000 төгрөг, 3 сар 19 хоногийн хүү 43.600.000 төгрөг нийт  343.600.000 төгрөг төлөх  үүрэг хүлээснээс гэрээний хугацаанд  36.000.000 төгрөг төлсөн,

2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 300.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 2017 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гэрээ дуусгавар болоход  3 сар 28 хоногийн хүү  47.200.000  төгрөгийн хамт  нийт 347.200.000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс гэрээний хугацаанд 96.000.000 төгрөг төлснийг  тооцвол  347.200.000- 96.000.000= 251.200.000 төгрөг  төлөөгүй  байна.

Үүнээс  хойш буюу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хугацаанд  хариуцагч нь үндсэн зээлд 50.000.000 төгрөг хүүд  72.372.667 төгрөг бүгд  122.372.667 төгрөг  төлжээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн  216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд  хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд  шүүхийн зардал дараа нь  үндсэн үүрэг, эцэст нь  хүүг төлүүлнэ” гэж заасан  учир 251.200.000 төгрөгийн үлдэх төлбөрөөс  122.372.667 төгрөгийг хасч  тооцох  нь  зүйтэй.

Өөрөөр хэлбэл  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр  үндсэн зээлийн  үлдэгдлийг 250.000.000 төгрөгөөс  тооцох нь буруу харин  128.827.333 төгрөгийг  2 хувийн хүүтэй,  2019 оны  02 дугаар сарын 20-ны өдөр  хугацаа  дуусгавар болоход  3 сар 20 хоногийн хүү 9.447.336 төгрөгийн хамт  нийт 138.274.669 төгрөг  төлөх  үндэслэлтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн  1 дэх заалтад “...341.000.000 төгрөг гаргуулж...” гэснийг “...138.274.669  төгрөг  гаргуулж...” ,  “...15.000.000 төгрөг...”, гэснийг   “...217.725.331 ...”  гэж, 

            2 дугаар заалтын, “...хариуцагч нараас 1.862.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид  олгосугай.” Гэснийг “...849.323 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” Гэж өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр  зүйлийн  59.3-т зааснаар  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.862.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ                               

                                                              ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ