Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

         Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         Улсын яллагч хяналтын прокурор Д.З,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-од холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...........................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Э нь 20** оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн Х сумын * дүгээр баг Ч* зааны **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.О үснээс зулгааж, дээрээс нь хөлөөрөө дэвсэж зодсоны улмаас биед нь зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 20** оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн Х сумын * дүгээр баг Чүрэм з ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Оюунчимэгийн үснээс зулгааж, дээрээс нь хөлөөрөө дэвсэж зодсоны улмаас биед нь зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэрээс нь гараад гадаа нойлд ороход араас Э гарч ирээд нойлоос шууд үсдээд намайг чирсэн. Би эхлээд юу болоод байгааг нь мэдэхгүй блокон хашааны хажууд унахад миний дээрээс дэвсээд тэгээд эргээд хашаа руугаа алхах хооронд нь би цагдаа дуудсан. Тэгсэн блок бариад миний хажууд хөлийн хажуухан талд шидсэн. Өмнө нь миний биед 1 удаа халдаж зодож байсан. Тэгэхдээ энэ удаагийнх шиг зодож байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

            Д аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 05 дугаар сарын

12-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн “...Х.О биед зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. ...учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 22-23 дахь хуудасны тал)

            Яллагдагч Д.Э-ын "...Би 20** оны 12 дугаар сарын 27-ны найз Б хамт 20 цагийн орчимд эмнэлгийн жолооч Буба гэх залуугийн гражид машин янзалж байхдаа 2 шил 0,75 литрийн архи хувааж уугаад гэртээ харьсан. Хамтран амьдрагч О миний хүү Батсүхийг загнаад байж байсан. Би юу болсон талаар асуухад О айл руу хүргүүлэх гээд 5000 төгрөг өгье гэсэн гэж байсан. Тэгээд О намайг сэрэх үед гараад явахаар нь жорлон орох гээд гартал гадаа байж байсан. Би тэр үеийн зарим зүйлсийг санахгүй байна. Жорлонд орох гээд очтол О байхаар нь татаж гаргаж ирээд өшиглөсөн санагдаж байна. О биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 47 дахь хуудасны тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-од 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч С овогт Д Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч Д.Э нь 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Д.Эод оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГОНЧИГСУМЛАА