Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж

            Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

            Прокурор Ц.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А,

            Шүүгдэгч Ц.И, И.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.И, И.Б нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 20** оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,....................................

Монгол Улсын иргэн, ..........................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.И нь өөрийн хүү болох И.Бтай бүлэглэн 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Д сумын * дугаар баг Н бууц гэх газарт төрсөн дүү Ц.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Яллагдагч И.Б нь өөрийн аав Ц.Итэй бүлэглэн 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Д сумын 3 дугаар баг Н бууц гэх газарт Ц.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

           Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.И, И.Б нар нь бүлэглэн 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Д сумын 3 дугаар баг Н бууц гэх газарт төрсөн дүү Ц.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хүсэлт гаргасан, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан дээрх зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд биелүүлэхийг танилцуулахад зөвшөөрсөн тул шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж...” гэв.

Шүүгдэгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20** оны 08 дугаар сарын 19-ний өдөр би хот явах гээд мал янзалж байсан. Тухайн үед манай хонийг аавын дүү Б хөөгөөд хэдэн хэсэг болгоод тараачихаар нь аав явсан. Аав яваад нэлээд удаад байхаар нь очиход маргалдаж байсан. Аав хоёр гурван удаа цохисон. Би салгах гэхэд намайг зуураад чирч гудчиж байгаад хоёр тийш болсон...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргийн буруу хүлээн зөвшөөрсөн ойлгон гэмшиж хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул прокурортой тохиролцсон саналын хүрээн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Б-ын “...20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш 14 цагийн орчимд зүүн урдаас салхилаад хонь салхидаад байхаар нь хүү, охин хоёрынхоо хамт өөрийн Dayun мотоциклтой явж хонио салхин доор нь буюу гэрийнхээ баруун талд нь тууж гаргачхаад, манай төрсөн ах Ц.Иийн хонь ойрхон байхаар нь нийлчих байх гээд манайхаас баруун хойно 2-3 кмт саахалт нутагладаг ахын гэрийн зүгт хонийг нь мотоциклынхоо дуут дохиогоор үргээчхээд өөрийнхөө хонь руу явах гэж байтал миний төрсөн ах Ц.И һаоје маркийн мотоциклтой хониныхоо цаад талаас ирээд манай хонь руу өөрийнхөө хонийг мотоциклынхоо дуут дохиогоор үргээгээд туусан. Тэгээд би хараад зогсож байхад ах маань над дээр ирээд "яагаад мал хөөгөөд байгаа пизда вэ бэлчээр хороох малгүй байж" гэж хэлээд намайг буугаад ир гэхээр нь би 2 хүүхэд сундалчихсан байсан бууж очоогүй юм. Намайг "100 хүрэхгүй малтай гуйлгачин бэлчээрээр яадаг юм", "чи миний аавын насаараа өсгөсөн малыг дуусгасан" гэх зэргээр доромжилж байхад түүний хүү И.Б цагаан тэвштэй автомашинтай ирээд намайг "пизда чинь яагаад мал хөөгөөд байгаа юм бэ" гэж хэлэхэд ах маань намайг мотоцикл дээр сууж байхад миний нүүрний баруун шанаа хэсэгт баруун гараараа 3-4 удаа цохиод, үснээс базаж чирч татаад буулгахад мотоцикл маань буруу тал руугаа унасан. Унахад азаар хоёр хүүхэд маань үсрээд буучихсан. Намайг үсэдсэн чигээрээ чирээд 2-3 удаа алхахад би ойчихгүй гэж энгэрээс нь барьж аваад хөл дээрээ тэнцвэрээ олоход түүний хүү И.Б араас татаж газарт унагаагаад толгойн хэсэгт маань гараараа нэлээн олон цохиод дараа нь хөлөөрөө хэд хэдэн удаа толгой нүүр хэсэгт дэвссэн. Босож чадахгүй хэвтэж байхад И.Б "малгүй гуйлгачин байж энэ өвс ногоог өөрөө идэх гээд байгаа юм уу" гээд газраас шороо атгаад миний ам руу хийх гэхэд нь би амаа жимийсэн байсан. Гэхдээ бага зэрэг шороо орсон. Тэр үед манай хоёр хүүхэд болиоч гээд уйлахад Ц.И хүү И.Быг одоо болно гээд салгасан. Би босож ирээд амныхаа шороог нулимахад 1 шүд гараад ирэхээр нь Ц.И, И.Б нарт миний шүд уначхаж гээд хэлтэл И.Б "хохино, наанаа үхэж далд ор" гээд машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Ц.И ч мотоциклтойгоо хөдлөөд хонь руугаа явчихсан. Би өөрийнхөө мотоциклийг босгож унаад 2 хүүхдээ сундлаад төрсөн ах Ц.Иийн араас очоод "ингэж доромжлохоос алчихгүй яасан юм" гэж хэлэхэд ах маань одоо харь гэсэн. Бид нараас холгүй 100 метр зайд л байх И.Б машинаа орхиод над руу гараа зангидаад гүйж ирээд цохих гээд далайхад аав нь одоо болно боль гэхэд больсон. Би цагдаа түргэн дуудъя гэхэд чаддаг юм бол аваад ир гэж хоёулаа хэлэхээр нь толгой ч өвдөөд байсан учир гэр лүүгээ яваад өгсөн. Тухайн өдөр эмнэлгийн түргэн тусламж дуудахад С сум руу хүн аваад явж байна очих боломжгүй гэсэн. Мөн сумын хэсгийн цагдаа руу утсаар залгахад бас эзгүй байсан учир ирэх боломжгүй гэж байна гээд манай эхнэр надад хэлсэн. Түүнээс хойш манай утас сүлжээгүй байсан. Цагдаа, эмнэлгээс залгасан үгүйг мэдэхгүй байна. Би ч ахиж цагдаагийн байгууллагад хандаагүй. Зодуулсан өдрөө бие өвдөөд хөдөлж болохгүй болохоор нь маргааш нь буюу 20** Оны 08 дугаар сарын 21-нд Д сум руу мөн саахалт мал маллаж амьдардаг Б гэх төрсөн ахаараа хүргүүлж эмнэлэгт очсон. Эмч үзээд С сум руу яв гэсэн. Тэр өдөр унаа олдоогүй явж чадаагүй. Маргааш нь С сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентген зургаа авхуулахад баруун талын эрүү их бие хэсгээрээ хугарсан, баруун талын шүдний 3 ширхэг агт араа хугарч унасан гэж дүгнэлт гарсан. Тэгээд би Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт 20** оны 08 дугаар сарын 23-нд үзүүлэхэд мөн адил онош хэлэхээр нь 1-р эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэж байгаад хүүхэд сургуульд орох дөхсөн, мал харах хүн байхгүй болохоор эдгэх байх, хугарсан яс бороолох биз гээд эмчилгээ хийлгэлгүй хөдөө гэртээ ирчихсэн. Түүнээс хойш огт дээрдэлгүй өвдсөн ч тэсээд эдгэхийг нь хүлээсэн. Хоёр сар орчмын дараа эрүү улам хавагнаад ярьж чадахаа байгаад 20** оны 10 дугаар сарын 13-ны шөнө У хот ороод 20** оны 10 дугаар сарын 14-нд үзүүлээд 5 хоног улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 10 дугаар сарын 21- нд эрүүгээ хадуулах хагалгаанд орсон. Хагалгаанд ороход эмчилгээний зардал 5.000.000 төгрөг орчим болсон мөн 2 сар гаран өвдөж шаналсан.." гэх мэдүүлэг /хх- ийн 9-11, 33-34-р тал/,

Сэжигтэн Ц.Иийн "...Батжаргал мотоциклоор сигналдаад хөөгөөд байхаар нь би очсон. ... тэгээд би Батжаргалтай муудалцаад ...нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

Гэрч Д.М “... 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд манай нөхөр Ц.Б нь хонио харах гээд охин А хүү С нарыг дагуулаад мотоциклтой явсан. Тэгтэл 14 цагийн үед гэрийн гадаа манай нөхөр мотоциклтой ирээд намайг гэрийн гаднаас дуудсан. Гараад очих үед толгой дүүрээд аймар байна гээд ёолоод байсан. Тэгээд манай нөхөр мотоциклоо гар түшүүлж тавиад гэрт орж ирээд харвах нээ ам мэдрэмж байхгүй байна гээд байсан. Баруун талын шанаа хэсэг нь хавдсан толгой хэсэг нь битүү хавдсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ? гэж асуухад Б өөрөө ярьж чадахгүй байсан. Тэгтэл манай том охин А хүү С нар аавыг төрсөн ах болох И түүний хүү Б нар зодсон гэж хэлсэн. Эхлээд Идэр үсдэж нүүр толгой хэсэгт нь гараараа цохиж байхад Б машинтай хүрч ирээд газар унагаад нүүр толгой хэсэгт өшиглөөд байсан гэж ярьсан. Тухайн үед Б баруун доод талын гурван шүд унасан гээд нэг шүдээ бариад ирсэн байсан. Нөгөө 2 хоёр шүд нь байхгүй байсан. Ам дүүрэн цустай, ам нь нээж болохгүй байсан. Тэгэхээр нь манай гэр утасны сүлжээгүй газар байдаг тул Б төрсөн эгч болох Н гэх хүний гэрт очоод Д аймгийн Д сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн. Тэгээд б буцаад гэртэй очсон. Тэгтэл эмч төрөх хүн аваад Шанд явсан байхгүй байсан. Тэгээд тухайн шөнө нь гэртэй хоноод маргааш нь үдээс хойш Д суман дээр ирж Б гэх эмчид үзүүлсэн. Тэгтэл эмч үзээд цагдаад хэлээрэй шанд орж үзүүл гэж хэлсэн. Тэгээд бид нар тухайн өдрөө Д суман дээр хоноод Маргааш нь Д аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчид үзүүлсэн. Тэгтэл эмч үзээд эрүү чинь хугарсан байна гээд рентген, харуулсан. Тэгээд шууд хот явж үзүүл гэхээр нь бид нар шууд хот гарсан. Тэгээд хот ороод ГССҮТ-д очиж үзүүлэх үед томографикт харуулах үед нэгдүгээр эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүл манайд нарийн мэргэжлийн эмч байхгүй гэхээр нь нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгтэл эрүү хугарсан байна хагалгаанд ор гэтэл манай хоёр хүүхдийн хичээл орох болсон байсан тул нөхөр хагалгаанд орохгүй гээд буцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, 3.4. Насанд хүрээгүй гэрч М.А “...20** оны 08 дугаар сарын 20-ны едер аав болон дүү С хамт Улаан овоо гэх газрын ойролцоо хонио бэлчээх гээд мотоциклтой явж байх үед И ахын хонь манай хоньтой ойрхон байхаар нь аав И ахын малтай нийлчих вий гээд аав өөрийн хонио туусан чинь И ахын хонь үргэсэн. И ах өөрийн хоньтойгоо ойрхон байсан учраас хүрж ирээд яагаад мал үргээгээд байгаа юм. Адилхан малаа бэлчээж идэж байж гэж аавтай малын бэлчээрээс болж маргаад байсан. Аав И ахад та нар яагаад заавал манай гадаа хонио бэлчээгээд байдаг юм гэж хэлсэн чинь И ах хүү Б ахыг утсаар дуудсан чинь Б ах цагаан өнгийн Бонго маркийн машинтай ирээд машинаасаа бууж ирсэн чинь И ах манай дүү С бид 2-ыг та 2 юу хийж байгаа юм гэртээ харь гөлөгнүүд минь гэж доромжилсон. Бид 2 айсандаа мотоцикл дээрээс буусан чинь Б ах аавын үснээс зулгаагаад мотоцикл дээрээс чирч буулгасан чинь мотоцикл унасан. Аавыг газар унагаагаад толгой дээр нь гишгээд толгой руу 4 удаа хөшиглөөд байж байхад И ах инээж зогсож байгаад аавын зүүн талын шанаа руу 2 удаа гараараа цохисон. Тухайн үед Б ах улаан өнгийн түрийтэй гутал өмссөн байсан ба аавыг дээшээ хараад газар хэвтээгээрээ байхад амных нь орчимд 2 удаа өшиглөсөн. Мөн газраас шороо атгаж байгаад аавын нүүр лүү цацаад ам руу нь таана чихсэн. Тэгсэн чинь И ах наадах чинь үхчихнэ одоо боль гээд аавыг зодохоо больсон. Б ах хэлэхдээ 2 хүүхэд чинь байгаагүй байсан бол чамайг алах байсан юм гээд холдоод явсан. Аав босох гээд согтуу хүн шиг дайвалзаад байсан чинь И ах Б ах 2 явсан. И ах хониныхоо цаана байж байсан. Харин Б ах машинтайгаа явж байгаад замдаа зогсоод машиныхаа цонхоор хараад байсан. Дүү бид 2 аавын ард мотоцикл дээр сундлуулаад И ах дээр очсон чинь И ах аавыг чи Т сууснаас хойш гуйлгачин болсон. Зуухан малтай гуйлгачин байж олон мал хараад нүдээ баясгаад ав гэж доромжлоод байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 45- 47-р тал/, 3.5. Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шинжээчийн "1. Ц.Бын биед эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан эрүү ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, эрүү, хуйхны шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг Хугацаанд учирсан байх боломжтой байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52- р тал/,

Сэжигтэн И.Бын "...би чирч гудчиж байгаад салгаад яасан их байгалийн өвс ургамал хармалдаг юм гээд газраас таана зулгааж аваад нүүр рүү нь цацсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаартай “1.Ц.Бын сэтгэцэд 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2.Ц.Бын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 3. Тухайн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. 4.Ц.Бын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 110-112-р тал/

Насанд хүрээгүй гэрч Б.С "...Б ах ирж аавыг мотоцикл дээрээс нь хөлөөс нь татаж унагаад Б ах манай аавын хацар руу цохиод шүдийг нь унагаад толгой дээр нь дэвссэн. Тэгээд шороо аваад аав руу цацсан. Тэгтэл дараа нь И ах аавын хацар руу гараараа цохиод толгой дээр нь дэвсээд өвс авч аманд нь чихсэн. Тэгээд аав босож ирээд амнаасаа өвсөө гаргаж ирээд унасан шүдээ И ах болон Б ахад үзүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 131-132-р тал/ зэрэг бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.И нь өөрийн хүү болох И.Бтай бүлэглэн 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Д сумын 3 дугаар баг Н бууц гэх газарт төрсөн дүү Ц.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Яллагдагч И.Б нь өөрийн аав Ц.Итэй бүлэглэн 20** оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Д сумын 3 дугаар баг Н бууц гэх газарт Ц.Бтай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг зодож эрүү ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын таславчийн мурийлт, хуйханд шарх, эрүүний шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Ц.Бын мэдүүлэг /хх-ийн 9-11, 33-34-р тал/, Сэжигтэн Ц.Иийн мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Д.М мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, Насанд хүрээгүй гэрч М.А мэдүүлэг /хх-ийн 45-47-р тал/, Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52-р тал/, Сэжигтэн И.Бын мэдүүлэг /хх-ийн 101-102-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20** оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110-112-р тал/ Насанд хүрээгүй гэрч Б.С мэдүүлэг /хх-ийн 131-132-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.И И.Б нар нь хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд шүүгдэгч Ц.И И.Б нар хамтран хүндэвтэр хохирлыг хохирогч Ц.Бын эрүүл мэндэд учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” гэх шинжийг хангаж байна. 

Иймд шүүгдэгч Ц.И, И.Б нар нь хохирогч Ц.Бын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Ц.И, И.Б нар нь хохирогч Ц.Бд  төлбөр 5,000,000 төгрөгийг төлсөн байна.

           Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

           Хохирогч Ц.Б нь шүүгдэгч Ц.И, И.Б нараас нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар гаргаж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ц.И, И.Б нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг  харгалзан үзэж И.Б, Ц.И нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Ц.И, И.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

        Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.И, И.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч И х овогт Ц И, И х овогт И Б нарыг мөн хуулийн 10.1 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц.И, И.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар  Ц.И, И.Б нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

         4.Шүүгдэгч Ц.И, И.Б нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.И, И.Б нарт авсан хувийн баталга гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ГОНЧИГСУМЛАА