| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/184 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул
Прокурор Ц.Ц
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 20** оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ....................
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 20** оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ш.Г *********** тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ш.Г Х банкны *********** тоот данснаас 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Б.Д нь 20** оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ш.Гын ********** тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ш.Гын Х банкны ********* тоот данснаас 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2,700,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргахад зөвшөөрсөн тул уг саналыг хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эдийн мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...20** оны 05 дугаар сарын 13-ны орой 01 цаг өнгөрч байхад манай Х гээд найз сая төгрөг зээлчих цалин буухаар өгье гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй агаагийн дансанд байж магадгүй харъя гээд харсан чинь мөнгө байсан. Тухайн үед манай хүргэн миний утсаар интернэт банкаа оруулсан байсан. Тэгсэн тухайн данс нь хүргэн ахын ээжтэйгээ хамтран эзэмшдэг данс нь байсан байна лээ. Тэгээд ах хэлэх гээд очсон чинь ах мэдээгүй байхаар нь мэдээгүй юм чинь тэгж байгаад өгчихье гэж бодсон...” гэв.
Шүүгдэгч Б.Д нь 20** оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Ш.Гын *************** тоот данс руу зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дансны мэдээлэлтэй танилцсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ш.Гын Х банкны ************** тоот данснаас 900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.Гын "...20** оны 05 дугаар сарын 08-ны миний цалингийн эхний хагас мөнгө орсон. 20** оны 05 дугаар сарын 13-ны өдөр 900,000 төгрөг ********** гэсэн гүйлгээний утгатай гарсан байхаар нь би эхэндээ санаанд ороогүй зээл татаж байгаа байх гэж бодсон. Тэгээд орой ажлаасаа тараад гэртээ очоод хартал зээл татаагүй байсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Ш.Гын эзэмшлийн Х банкны *********** тоот дансны хуулга /хх-ийн 9-р тал/,
Гэрч О.Н “...Би тухайн үед ээжийн данс руу мөнгө шилжүүлэх гэж байсан юм. Тэгээд IBAN кодыг нь мэдэхгүй болохоороо Д гэх дүүгийнхээ утсанд интернэт банканд оруулж нэг удаа ашигласан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 12- 13-р та/,
Сэжигтэн Б.Дийн “...20** оны 4 дүгээр сарын сүүлээр Н бид хоёр гэрт байхад Н ах өөр данснаас мөнгө авах хэрэгтэй болсон гээд IBAN дугаарыг нь мэдэхгүй байна гээд миний утасны интернэт банкийг ашиглан ******* тоот дансны интернэт банкийг оруулсан. Тэгээд гаргахгүй үлдээчихсэн. Би өөрөө Т банк ашигладаг болохоороо тухайн Х банкны интернэт банкийг ашиглахгүй байсан. 20** оны 05 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө би утсаараа Pubg тоглож байхад манай найз болох Х надаас 1.000.000 төгрөг байвал зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд би юу ч гэсэн ахын дансыг үзээд өгье гэж хэлсэн. Тэгээд би 900.000 төгрөг дансанд нь байхаар нь дансаа явуулчих чи харин дараа нь буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн манай найз Х миний Х банк болохгүй байгаа чи миний покерын данс руу ********* гэсэн утгаар хийчих гэхээр нь би шууд эндээсээ татаад авчихна гэж хэлсэн. Тэгээд би тухайн Ш.Г гэх хүний Х банкны ********** тоот дансны интернэт банк руу нэвтэрч орж Х банкны ********* тоот данс руу 900.000 төгрөг *********** гэсэн утгатай шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ш.Гад 900,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлоо төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч Б.Дд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч овогтой Б Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА