| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/181 |
| Огноо | 2025-06-21 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/181
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
шүүгдэгч С.А-ийн өмгөөлөгч Д.А-,
шүүгдэгч С.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С-ын А-т холбогдох эрүүгийн 2413003400063 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19..... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, эх, ... дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар /Хотгор/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт С-ын А-, регистрийн дугаар: БЮ.............;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А- нь 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож /сандал шидэж/, эрүүл мэндэд нь баруун долоовор хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл бүрэн нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтайгаар шүүхэд гаргаж байна. ...Шүүгдэгч С.А-ээс гаргуулж, хохирогчид олгох шууд хохирол, төлбөр байхгүй бөгөөд хохирогчийн зүгээс ч мөн ямар нэгэн гомдол санал, хохирол нэхэмжлээгүй болохыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээрээ илэрхийлсэн. Харин хохирогчийн эрүүл мэндийг эмчлэхэд гарсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн тул иргэний нэхэмжлэгч байгууллага болох Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 156,688 (нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун наян найман) төгрөгийг шүүгдэгч С.А-ээс гаргуулж уг байгууллагад олгуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Машин авах гэж цуглуулсан мөнгөө дүү маань зарцуулсан болохоор уурласан” гэв.
3. Хохирогч Ж.Б-аас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Дүү болох А-д яагаад бүх мөнгийг өгсөн гэж уурлаж сандлыг шидсэн байсан. Надад гомдол санал байхгүй” гэв.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.А- нь 2024 оны 10 дугаар сарын сүүлээс эхлэн төрсөн ээждээ хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаандаа бүрэн нотлогдон тогтоогдсон тул гэм буруугийн талаар маргахгүй байна. Тэрээр прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа илэрхийлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалаас гарсан 156,688 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.” гэв.
Эрүүгийн 2413003400063 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
5. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,
7. Хохирогч Ж.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,
8. Хохирогч Ж.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
9. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
10. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,
11. Иргэний нэхэмжлэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
12. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,
13. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
15. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,
16. Шүүгдэгч С.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа лавлагаа /хавтаст хэргийн 93 дахь тал/,
17. Шүүгдэгч С.А-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 94 дэх тал/,
18. Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
19. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
20.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
21. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримтын талаар.
22. Шүүгдэгч С.А- нь 2024 оны 10 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ээж Ж.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож /сандал шидэж/, эрүүл мэндэд нь баруун долоовор хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
23. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
24. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,
25. Хохирогч Ж.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн: “...Өнөөдөр орой 22 цагийн орчим бага хүү С.А- нь гадуур ажил хийж байгаад ирж хоол идсэн чинь том хүү С.А- нь бид гуравт хандан “миний авч ирсэн махаар хоол хийж идсэн байна, та нар энэ гэрээс зайлаад өг гэх мэтээр хэрүүл маргаан хийхэд бага хүү С.А- нь охин бид хоёрыг хамгаалж, том хүү С.А-тэй маргалдаж улмаар хоорондоо ноцолдоод байхаар нь охин С.А- нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... 2024 оны 10 дугаар сарын сүүлээр гартаа байсан сандлаар миний гарыг цохиж хугалсан. Би тухай үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо надад тухайн үеийн рентген зураг болон бусад зургууд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,
26. Хохирогч Ж.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад дахин өгсөн: “...бага охин А- миний дансанд байгаа 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн зарцуулсан байна. Тэрийг мэдчихэд хүү С.А- хэрүүл маргаан гаргаж өвлийн улирал эхэлсэн нүүрс түлээ авах ёстой мөнгийг та хоёр зарцуулсан байна гэж хажууд байсан сандлыг наад руу шийдэхэд миний баруун талын долоовор хуруу хэсэгт онож хурууны доод хэсгээр хугарсан. Тухайн үед хүү С.А- бид хоёр байсан өөр хүн байгаагүй. Тэр өдөр 5 дахь өдөр амралтын өдөр байсан тул эмнэлэг орж чадаагүй тул 1 дэх өдөр эмнэлэг очиж рентгений зураг авхуулахад долоовор хурууны доод хэсгээр хугарсан байна гэж гипстэж өгсөн. Одоо нөгөө газар нь гайгүй болсон байгаа тул хүү С.А-ийг уучилж байна. ...Наад руу гартаа барьж байсан сандлыг шидсэн. Тэгэхэд миний баруун гар тус газарт онож долоовор хурууны доод хэсэг хугарсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд тэгж хэлсэн. Тэр өдөр гипстэж өгсөн гипсийг 14 хоногийн дараа авсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
27. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...том хүү С.А- нь уурлаж та охиндоо хамаг мөнгөө өгчихлөө гэх шалтгаанаар уурлаж эхэлсэн ба бид хоёр хоорондоо маргалдаж С.А- сууж байсан цагаан өнгийн пиавар сандлаараа миний зүүн талын гар луу нэг удаа цохисон, Тухайн үед С.А- бид хоёулхнаа гэртээ байсан тул би гомдсондоо гэрээс гарч яваад Өлгий сумын 9 дүгээр багт байрлах хамаатныдаа очиж С.А, С.А- нарыг тухайн гэрт дуудаж тэндээ хоносон юм. С.А- миний гар луу сандлаар цохих үед хөхөрч маш ихээр өвдөж эхэлсэн ба тухайн өдөр амралын өдөр байсан тул эмнэлэгт үзүүлж чадаагүй ба ажлын өдөр эхлэхээр нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж гарын рентген зураг авхуулахад миний гарын савхан яс хугарсан байсан юм. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
28. Хохирогч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүү болох С.А- бид хоёр эвлэрсэн. ...сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123 дахь тал/,
29. Иргэний нэхэмжлэгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ж.Б- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 156,688 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан байна. Дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд тушаах шаардлагатай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
30. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна нэг орой ээж маань над руу залгаад “С.А- над руу сандал шидэж миний гарыг хугалсан” гэж надад хэлсэн юм, маргаан юунаас болж үүссэн бэ гэвэл охин дүү С.А-ыг 12 дугаар ангиа төгсөөд оюутан болоход сургана гэж аавын маань цуглуулж байсан мөнгө ээжийн дансанд байсан ба 7,000.000 /долоон сая/ төгрөгийг охин дүү С.А- Казакстан улс руу сурахаар явахдаа сургалтын төлбөр, байрны мөнгө, хувцас хунар, хэрэглээ зэрэг зүйлсэд зарцуулж дуусгасан байсныг ах С.А- ойлгохгүй хамаг мөнгөө охиндоо өглөө гэх шалтгаанаар уурлаж гэрт байсан пиавр сандал шидэхэд ээжийн маань гарт оногдсон юм билээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дахь тал/,
31. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн ээжийн гар хугардаг өдөр миний бие гэртээ байгаагүй ба ээж болон том ах С.А- нар хоорондоо маргалдаж ах маань ээжийн гарын цохиж хугалсан юм билээ. Би ажлаа тараад ирэхэд ээжийн маань гар хугарсан байдалтай байсан тул тухайн гэрт С.А-ийг орхиод гүүрний хойно байрлах хамаатныхаа гэрт очиж долоо хоносон юм. Ямар шалтгааны улмаас маргалдаж ээжийн маань гарыг хугалсан талаар би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91 дэх тал/,
32. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн “...хохирогч Ж.Б-ы биед баруун долоовор хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
33. Шинжээч эмч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх хохирогчийн биед үзлэг хийхэд биеийн баруун гарын алганы шивнүүр яс орчим бага зэрэг хавантай байсан юм, хохирогч шинжээчид үзүүлэхээр ирэхдээ рентген зурагтай ирсэн бөгөөд тухайн рентген зургийн он сар өдөр нь 2024 оны 10 сарын 28 нь гэх бичиглэлтэй байсан ба тухайн рентген зургийг үндэслэж хохирлын зэрэг тогтоож байсан юм. Дээрх гэмтэл нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө үүссэн байх боломжтой ба тухайн рентген зураг авхуулах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой юм. 2024 оны өдрийн 11 дүгээр сарын 28-ны өдөр дахин зураг авхуулаагүй учраас тухайн өдөр шинэ хуучныг тогтоох боломжгүй байсан юм..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,
34 Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлох баримтуудаар шүүгдэгч С.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
35. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
36. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй, чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
37. Шүүгдэгч С.А- нь хохирогч Ж.Б-ы дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд “...баруун долоовор хурууны 4-р шивнүүр ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
38. Улсын яллагчаас шүүгдэгч С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”-ээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
39. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.А-ийн зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
41. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
42. Шүүгдэгч С.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Б-аас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “уучлалт өгсөн, өөр нэхэмжлэх зүйл үгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.А-ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
43. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 156,688 /нэг зуун тавин зургаан мянган зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
44. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу 1 жил 2 сарын хугацаатай хорих ял оногдуулах санал шүүхэд гаргаж байна. Мөн оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
45. Хохирогчоос “...торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
46. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...С.А- анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчдод төлөх төлбөргүй, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хууль зүйн үр дагаврыг ойлгож, 2,700,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
47. Шүүгдэгчээс: “...2,700,000 төгрөгөөр торгож өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
49. Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
50. Шүүгдэгч С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
51. Шүүгдэгч С.А- нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
52. Шүүгдэгч С.А- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-т 2800 /хоёр мянган найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
53. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
54. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
55. Шүүгдэгч С.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрийг харгалзан прокурорын “хорих ял оногдуулах” саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.
56. Шүүгдэгч С.А- нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/389 дугаар захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.А- нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийн байдлаар 7 /долоо/ хоног цагдан хоригдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх торгох ялаас хасаж тооцож, шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг 2,695 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,695,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
57. Энэ хэрэгт шүүгдэгч С.А-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж байна.
58. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-ийг 2800 /хоёр мянган найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх торгох ялаас хасаж тооцож, шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг 2,695 /хоёр мянган зургаан зуун ерөн тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,695,000 /хоёр сая зургаан зуун ерөн таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-ээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 156,688 /нэг зуун тавин зургаан мянган зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч С.А-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК