Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/182

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бк,

      Орчуулагч, хэлмэрч Т.Х,

      Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.М-,

      Шүүгдэгч К.Х-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Х-д холбогдох эрүүгийн 2513001740236 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны хүлээн авсныг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ... дүгээр /Цэцэгт/ багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт К-гийн Х-, регистрийн дугаар:БВ73111518;

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч К.Х- нь 2025 он ы 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Баяннуур сум /Цэцэгт/ багийн нутаг Ямаат гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Цамбагарав уулын байгалийн цогцолборт газарт зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон нэг ширхэг “Суусар булга” агнаж, хадгалж экологи эдийн засагт буюу амьтны аймагт 945,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Шүүгдэгч К.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Өмгөөлөгч болон шүүгдэгчээс яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчид оногдуулах 5,400,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

     4.    Шүүгдэгч К.Х- нь 2025 он ы 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Баяннуур сум /Цэцэгт/ багийн нутаг Ямаат гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Цамбагарав уулын байгалийн цогцолборт газарт зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон нэг ширхэг “Суусар булга” агнаж, хадгалж экологи эдийн засагт буюу амьтны аймагт 945,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дахь тал/, хэргийн газрын үзлэг /нөхөн/ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-13 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 285 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Монгол Алтай нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 75 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 22 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч М.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 42 дахь тал/, шүүгдэгч К.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч К.Х- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч К.Х- нь байгаль орчин учруулсан хохирол болох 1,890,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч К.Х-ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд шүүгдэгч К.Х-д Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 5400 нэгж нь 5,400,000 төгрөгтэй тэнцэх юм.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

12. Шүүгдэгч К.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суусар булгын арьс 1 ширхэг, хамар хавх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв.

15. Шүүгдэгч К.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж- овогт К-н Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан агнах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч К.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суусар булгын арьс 1 ширхэг, хамар хавх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.

7. Шүүгдэгч К.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК