| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/186 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/186
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
орчуулагч, хэлмэрч М.Н,
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,
шүүгдэгч Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2513000000183 дугаар хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 50 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ... дүгээр /Шар цэхээ/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2024 оны оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаараар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овогт Т-ы Б-, регистрийн дугаар: БВ..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б- нь хохирогч А.Ж-гийн эзэмшлийн Хаан банканд байрших ......... тоот данстай интернэт банкийг ашиглах явцдаа 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тухайн дансанд байсан хохирогч А.Ж-гийн эзэмшлийн 490,000 төгрөгийг түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 490,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Яагаад гэвэл шүүгдэгч болон хохирогч нар нь хамт нэг газар ажилладаг. Шүүгдэгчийн хувьд өмнө нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгүүлж, улмаар тэрээр бусдад төлөх төлбөртэй тул түүний харилцах дансыг битүүмжилсэн байгаа. Шүүгдэгчийн зөвшөөрснөөр түүний ХААН банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь хохирогчийн зөвшөөрөлтэйгөөр авч, тухайн дансыг ашиглаж байсан. Ингэж ашиглаж байх явцад тухайн дансанд хохирогчийн эзэмшлийн мөнгө орж ирсэн. Гэтэл уг мөнгийг хохирогчид мэдэгдэхгүйгээр өөрөө авч, хувьдаа ашигласан болох нь гэрч А-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийн дээрх үйлдлийг нь бусдын өмчлөх эрхэнд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар халдсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх 490,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.
2. Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дансыг нь хамт ашиглана гэж тохирсон. Би сануулж хэлэх гээд 2,3 удаа залгахад утсаа аваагүй. Өөрийн авах ёстой мөнгийг авсан. Өмнө нь ч бид бие биенийхээ мөнгийг хэрэглэж, буцааж өгч байсан тохиолдол байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “.Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулж ирсэн. Миний үйлчлүүлэгч нь хохирогчид мэдэгдээгүй зүйл байхгүй. Хохирогчтой зөвшилцөж, кодыг нь аваад тухайн дансыг хамтран эзэмших талаар тохирч, тухайн дансанд орж ирэх өөрийнх нь авах ёстой мөнгийг аваад хэрэглэсэн асуудал байгаа. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэж маргаж байгаа. Гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Шүүгдэгч нь хохирогчийг ерөнхий боловсролын сургуульд сурдаг хүүхэд гэдгийг мэдсээр байж хамтарч эзэмшиж, тухайн данснаас мөнгө гаргаж байгаа асуудал нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа гэдэг байдлаар үзэж байгаа” гэв.
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтын хамт /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
5. Хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
6. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
7. Иргэн Х.А-ийн эзэмшлийн Хаан банканд байрших ........ тоот дансны хуулга /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
8. Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,
9. Хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэргийг
10. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба шүүгдэгчээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
13. Шүүгдэгч Т.Б- нь хохирогч А.Ж-гийн эзэмшлийн Хаан банканд байрших ......... тоот данстай интернэт банкийг ашиглах явцдаа 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тухайн дансанд байсан хохирогч А.Ж-гийн эзэмшлийн 490,000 төгрөгийг түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 490,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, холбогдох баримтын хамт /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
15. Хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Өлгий сумын 9 дүгээр багт4 дүүгийн хамтаар оршин суудаг. Манай аав, ээж Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байдаг юм. Өлгий сумын 8-р бүрэн дунд сургуульд суралцдаг ба амралтаараа ажил хийсэн юм. Энэ оны 03 дугаар сарын амралтаараа Зайд ерөнхий боловсролын сургуулийн хажуу талын “М-” гэх хүнсний дэлгүүрт ажилласан юм. Тухайн үед надтай хамт Х гэх эмэгтэй хамт ажилладаг байсан. Би улмаар сургуульдаа орж, хааяа тухайн дэлгүүрт очдог байсан. Тэр үед Х гэх эгч “Би Казахстанаас ирсэн, надад Хаан банкны карт, интернэт банк байхгүй байна, би чиний Хаан банкны интернэт банкаар чинь хааяа мөнгө төгрөг авч, шилжүүлж байя, хоёулаа чиний интернэт банкийг дундаа ашиглъя” гэсэн юм. Би улмаар өөрийн Хаан банкны ......... гэх дансны нэвтрэх нэр болон нууц үг зэргийг Х гэх эгчид хэлж өгсөн. Харин 2025 оны 4 дүгээр сарын 10- ны үед би өөрийн А15 загварын гар утсаа 400,000 төгрөгөөр худалдан борлуулж тухайн мөнгө миний дансанд байхад Хаан банкны ........ тоот дансанд “Худалдан авалт” гэх утгаар, мөн миний хувьцааны ноогдол ашиг болох 93,000 төгрөг орсон байсныг мөн дансанд “хулыншагым ебока” гэх утгаар шилжүүлсэн байсан. Би улмаар яагаад миний мөнгийг бусдад шилжүүлсэн талаар Х гэх эгчээс асуухад “маргааш шилжүүлж өгнө...” гэсэн боловч одоо хүртэл буцааж өгөөгүй, алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
16. Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би гадуур явж байхад Тилейханы Т.Б- над руу холбогдоод “миний найз залуугийн цалин орсон байна, таны дансанд шилжүүлээд би авна” гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансаа өгсөн. Тухайн үед Хаан банкны дансанд 400,000 төгрөг орсон, үүний дараа 90,000 төгрөг орсон. Тэр өдөр над руу холбогдоод уулзъя гэж хэлсэн. Бид хоёр уулзаад Т.Б- намайг хамт зах орчоод ирэх үү? гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр зах орсон, тэр үед Т.Б- зөндөө хувцас авч, мөн Мега центрээс хувцас авч, бүх мөнгийг үрж дуусгасан. Би тэрний мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй, зөвхөн Т.Б-ийг дагаж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
17. Иргэн Х.А-ийн эзэмшлийн Хаан банканд байрших ........ тоот дансны хуулга /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
18. Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М- нэртэй дэлгүүрт хамт ажилладаг Жаннаса гах хүүхдийн Хаан банкны интернет банкны кодыг урд нь өөрөөс нь асууж авсан мэдэж байсан учраас тухайн хүний кодоор интернет банкинд нэвтэрч 490,000 тегрегийг өөрийн найз болох Х.А-ийн дансруу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан. Тухайн үед би данс эзэмшигч А.Ж-д хэлэх гэсэн боловч утсаа аваагүй. Улмаар би хэлэхгүйгээр түүний данснаас мөнгө шилжүүлж авсан. Би тухайн хүүхдээс авсан мөнгөө хурдан хугацаанд барагдуулж өгч түүнийг хохиролгүй болгох болно. Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан учраас би түүний данснаас өөрт нь хэлэхгүйгээр мөнгө шилжүүлж авсан. Би тус аймгийн Баяннуур сумын 4 дүгээр баг Шар гэгээ гэх газарт оршин суух хаягтай. Гэвч би урд нь үйлдсэн гэмт хэргийн улмаас зорчих эрхийг хязгаарлах ял авч одоо Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ахын гэрт оршин сууж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,
19. Хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би өөрийн өгөх ёстой 100,000 төгрөгийг хасуулаад Т.Б-ээс 390,000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
20. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
21. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
22. Шүүгдэгч Т.Б- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
23. Шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж хохирогч А.Ж-гийн дансанд байсан мөнгийг хулгайлж, түүнд 490,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
24. Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч С.Т-эс: “... шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул уг зүйл ангиар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх боловч шүүгдэгч Т.Б- нь хохирогч А.Ж-гийн эзэмшлийн Хаан банканд байрших ......... тоот данснаас 490,000 төгрөгийг түүнд мэдэгдэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.
25. Гэмт хэрэг гарахад түүний амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах шунахайн сэдэл нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
27. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
28. Шүүгдэгч Т.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ж-д 490.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...би өөрийн өгөх ёстой 100,000 төгрөгийг хасуулаад Т.Б-ээс 390,000 төгрөг авсан. Одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/-ийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
29. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд энэ гэмт хэргийн хохирогч нь хүүхэд байгаа. Тухайн хүүхдийн өмчлөх эрхэнд нь халдаж, мөнгийг нь авсан. Шүүгдэгчээс бусдад учруулсан хохирол, хор уршгаа арилгасан байгаа. Хувийн байдлын хувьд өмнө нь хоёр удаа гэмт хэрэгт холбогдуулж, шүүхээс ял авч байсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хохирол, хор уршгийг арилгасан. Хүндрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд түүнд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
30. Шүүгдэгчээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,
31. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хариуцлагын хувьд шүүхээс Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар гэм буруутайд тооцсон. Хохирол төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд орж байгаа. Тиймээс улсын яллагчийн гаргаж байгаа 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг дэмжиж байгаа” гэх дүгнэлтийг гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
32. Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
33. Шүүгдэгч Т.Б- нь хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 53-67 дэх талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2024 оны оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.
34. Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмжсэн зэрэг”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
35. Шүүгдэгч Т.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүний хувийн байдлыг харахад бага насны хүүхэдтэй болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноож шийдвэрлэв.
36. Шүүгдэгч Т.Б- нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас өнөөдрийн байдлаар 1 /нэг/ жил, 10 /арван/ сар, 20 /хорин/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч А.Зердегийн 2025 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ялын тооцоо /хавтаст хэргийн 73 дахь тал/-оор тогтоогдож байна.
37. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар, 26 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 20 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил, 10 сар, 20 хоногийн хугацаагаар тогтоов.
38. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 жил, 10 сар, 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
Тодруулбал, шүүгдэгч Т.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 жил, 10 сар, 20 хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
39. Хэрэв шүүгдэгч Т.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
41. Шүүгдэгч Т.Б- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.
42. Шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрх хязгаарлах ял дээр тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар, 26 /хорин зургаа/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 20 /хорь/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
7. Шүүгдэгч Т.Б- нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК