Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/467

 

 

Х.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Батбаяр,

            хохирогч Б.Оийн өмгөөлөгч Б.Төмөрцэцэг,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/627 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Х.Уд холбогдох эрүүгийн 2003000000364 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................, 19...... оны ....... дүгээр сарын ...............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “............” тоног төхөөрөмж ХХК-д технологийн газрын захирал ажилтай, ам бүл 1, ........... дүүргийн ............. дугаар хороо, ............ дугаар хороолол, .......... дугаар байрны .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Х.У нь 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн замд “Форд Фуга” маркийн 79-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуй унаж явсан зорчигч Б.О нь зам дээр унаж “Форд Фуга” маркийн 79-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Уянгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт /гэмт хэрэг гарсан байдал, хэрхэн яаж үйлдсэн болох/, мөн зүйл хэсгийн 1.6 дахь заалт /гэмт хэргийн шалтгаан нөхцөл/ зэрэг хэргийн талаар нотлогдвол зохих зарим нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна. ...Тухайн хэргийн нөхцөлд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч магадлагаа гаргасан байх бөгөөд мөрдөгч нь авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа гаргуулаагүй байхдаа урьдчилсан дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн саналд тусган прокурорт хэргийг шилжүүлсэн атлаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөгч 170 дугаартай магадлагаа баримт үйлдсэн /хх 54, 58/ нь хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж шүүх дүгнэв. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 “шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол” дүгнэлт гаргахаас татгалзах эрхийг хэрэгт магадлагаа гаргасан мөрдөгч /шинжээч/ хэрэгжүүлээгүй зөрчилтэй байх тул уг магадлагаа баримтыг хууль ёсны, үнэн зөв гэж дүгнэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэгт үндэслэн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байдлыг тогтоох ажиллагаа нь хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг болох тул мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн дүгнэлт, магадлагаа гаргахдаа хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагад нийцсэн, зөрчилгүй байх учиртай. Түүнчлэн хохирогч болоод шүүгдэгч нарыг оролцуулан хэргийн газарт үзлэг дахин хийлгэх шаардлагатай байна. Хэргийн нөхцөлд унадаг дугуйны жолооч зорчих хэсэгт эгнээ голлоод явж байсан гэх ба ингэхдээ чиг өөрчлөх буюу урдаа байсан саадыг тойрч гарах боломжгүйгээр өөрийн явж байсан чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлэн саадыг мөргөсөн гэх нөхцөл байдлыг тухайн осол гарсан замын эгнээ тус бүрийн өргөн болон осолд холбогдол бүхий тээврийн хэрэгслийн өргөн, хэмжээ зэрэгтэй харьцуулан үзлэг, шинжилгээ хийх замаар тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Хэргийн хохирогч Б.О нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлгийн /Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага/ холбогдох зүйл, хэсэгт /ЗХД-ийн 25.1, 25.5 г.м/ заасан жолоочийн үүргийг биелүүлсэн эсэх, мөн түүний жолоодож явсан гэх унадаг дугуй нь техникийн хувьд шаардлага хангасан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бодитой тогтоосноор гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх болон гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овгийн Хүрэлбаатарын Уянгад холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь мөрдөгчийн тусгай мэдлэгийн хүрээнд биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой... гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоогдсон шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй гэж үзэн мөрдөгчийн магадлагаа гарсан. Учир нь зам тээврийн осол шүүгдэгч Х.У нь тээврийн хэрэгсэл жолоодоод зүүн гар тийш эргэхдээ чигээрээ явж буй тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуй унаж явсан хохирогч Б.Од зам тавьж өгөөгүйн улмаас шалтгаалж гарсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно. Давуу эрх нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хийх үйлдэл бөгөөд хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг огтлолцох бол нэг нь давуу эрхтэй байж, нөгөө оролцогч нь зам тавьж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ Х.У нь эс биелүүлж давуу эрхтэй орох Б.Оыг харсан атлаа хөдөлгөөнөө хийснээрээ Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг шууд зөрсөн үйлдэл болно. Энэ тохиолдолд давуу эрхтэй хохирогчийн унадаг дугуйны хурд хэтрүүлсэн гэх асуудал яригдахгүй бөгөөд жишээлбэл Х.У хөдөлгөөн эхлээгүй буюу эргэхээр дохио өгөөд зогсож байсан бол харин унадаг дугуйгаар магадгүй хурд хэтрүүлж явсан Б.О нь нэг бол чигээрээ өнгөрнө, эсхүл өөр нэгэн осол гаргасан байж болох бөгөөд энэ хэрэг гарахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл давуу эрхтэй оролцогчид зам тавьж өгөөгүйгээс гэмт хэрэг гарах шууд шалтгаан болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой байхад заавал шинжээчээр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шинжээчийн тусгай мэдлэг энд шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр тухайн осол болох үед бороо орсон зам нойтон байсан “хохирогч тоормос базахад дугуй 2 тийшээ шарваад зогсохгүй байсан тул зогсоох арга хэмжээ авч зам дээр унаж, гулсаж очоод автомашины дугуйг мөргөж гэмтсэн” гэсэн мэдүүлгээс унадаг дугуй унаж явсан хохирогч Б.О нь зогсоох арга хэмжээ авсан боловч гадны хүчин зүйлийн үйлчлэлээр тоормосны мөр зам дээр үлдээгүй тул тухайн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй, мөн мөрдөгч хэргийн газрын үзлэгийн явцад унадаг дугуйны тоормосыг шалгаж үзэхэд урд, хойд дугуйндаа хэвийн ажиллагаатай байсан талаар мөрдөгч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан тул шинжээч томилоогүй талаар шүүх хуралдаан дээр мэдүүлж, хэргийн газрын үзлэг, тэмдэглэлийг шинжлэн судлуулсан. Шүүгдэгч, хохирогч нараар А, Б цэгийг заалгаж хэргийн газрын үзлэгийг хийж, хэмжилтийн бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зуруулсан, дээрх нөхцөл байдлыг үндэслэн Х.Уянгыг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрсөн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоогдсон гэж үзээд мөрдөгчийн магадлагаа бичсэн тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр тодорхой тайлбарыг хэлсэн байтал анхан шатны шүүх унадаг дугуй унаж явсан хохирогч Б.Оыг заавал хурд хэтрүүлсэн хэмээн үзэж, тогтоох боломжгүй хурдыг тогтоолгох, жолоочийн үүргийг биелүүлсэн эсэх, мөн түүний жолоодож явсан унадаг дугуй нь техникийн хувьд шаардлага хангасан эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/627 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Шүүгдэгч Х.Уянгын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт мөрдөгчийн магадлагааг хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгч гаргасан байдаг бөгөөд шинжээч Г.Жавхланг шүүх хуралдаанд оролцуулж асуулт асууж хариулт авахад ослын шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой хэргийн газрын үзлэгийг бодит байдалд нийцүүлэн хийгээгүйгээ хүлээн зөвшөөрсөн. Х.Уянгын жолоодож явсан тээврийн хэрэгсэл зогсож байсан үед хохирогч Оргил унаж явсан дугуйгаараа ирж мөргөөгүйг, Оргилын зам дээр унасан цэгийг тогтоогоогүй, эрүүгийн хэрэг үүсгэх саналаа магадлагаа бичихээс өмнө явуулсан гэх мэт эдгээр байдлууд нь хэргийг тал бүрээс нь бодитой тогтоогоогүй. Шүүх шинжилгээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч Х.Уянгын өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 627 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэлтэй тул дэмжиж байна.” гэв.

            Хохирогч Б.Оийн өмгөөлөгч Б.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох/, мөн зүйл хэсгийн 1.6 дахь заалт “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Анхан шатны шүүх Х.Уд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч магадлагаа гаргасан, хохирогч болоод шүүгдэгч нарыг оролцуулан хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх, хэргийн хохирогч Б.О Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлгийн холбогдох зүйл хэсэгт заасан жолоочийн үүргийг биелүүлсэн эсэхийг тус тус тогтоох шаардлагатай гэж үзэж Тээврийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасны дагуу “шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл” мөрдөгч нь магадлагааг гаргаж болох хэдий ч 170 дугаартай мөрдөгчийн магадлагаанд дурдсан тодруулбал “гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох” гэсэн хуулийн буруу заалт барьсан, “дугуй унаж явсан Б.Отой мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэж мөргөлдсөн, мөргөсөн нь тогтоогдоогүй байхад урьдчилан дүгнэлт хийсэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргуулах нь зүйтэй.

Хохирогч Б.О нь унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан “хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэлд” унадаг дугай нь хамаарах эсэх талаар тодруулж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар бүлгийн хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлагыг  биелүүлсэн эсэхийг тус тус тогтоох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/627 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Батбаатарын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ         

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ