Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/192

 

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж,

      Орчуулагч хэлмэрч М.Н,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгч Х.А-йн өмгөөлөгч Х.З-,

      Шүүгдэгч Х.Ай-ийн өмгөөлөгч С.А,

     Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.А-, Х.Ай- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.о овогт Х-ы А-,  Ш.о овогт Х-ы Ай- нарт холбогдох эрүүгийн 2513001160199 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

     1. Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар /Улаанхаргана/ багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багт түр оршин суудаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.о овогт Х-ы А-, регистрийн дугаар: ББ..........;

    2. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ..-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн 12 дугаар гудамжны 17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.о овогт Х-ы Ай-, регистрийн дугаар: ББ.............;

    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А- нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ай-ийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн шууны 1-р зэргийн түлэгдэл, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Шүүгдэгч Х.Ай- нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.А-йг зодож, түүний эрүүл мэндэд баруун зулайн хуйх, хамрын нуруу, зүүн шанаа, чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Х.А-, Х.Ай- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт эдлүүлэх тухай саналыг шүүхэд гаргаж байна. Бие биеэсээ нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлж байгаа. Шүүхийн хэлэлцүүлэг дээр нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг тайлбар гаргасан байгаа. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулж хохирогч Х.А-, Х.Айгерим нарт олгох зүйл байхгүй байгаа.” гэв.

            2. Шүүгдэгч Х.А-эс шүүх хуралдаанд: “Очих газар байхгүй учраас дүү маань зуны байраа өгсөн. Дүүгийн хэлж байгаа нь үнэн. Өвөл байсан учраас зуны байшинд гарсан байгаа. Одоо зуны улирал болсон учраас ажил хийж тусдаа гарна. Бүх зүйл архи ууснаас болж байна. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            3. Шүүгдэгч Х.Ай-ээс шүүх хуралдаанд: “Аав маань нас барснаас хойш ээж бид хоёр тусдаа амьдарч байгаа. Тэрнээс хойш ах Х.А- архидан согтуурч 20 гаруй жил болж байна. Удаа дараагийн хохирогч нь би байгаа. Дандаа цагдаагийн байгууллага, шүүхээс арга хэмжээ авч өдий хүрлээ. Миний хувьд нөхөр маань нас барсан. Ганц хүүтэй, ээжтэйгээ хамт амьдардаг. Ах маань намайг байнга дарамталж, манай гэрт ирж цонхыг хагалж, хаалгыг эвдэж орж ирдэг байсан. Дараа нь би ахдаа зуны байшингаа өгсөн. Гэтэл ах маань зуны байшинд ганцаараа амьдрахгүй дандаа архичдыг дагуулж ирдэг. Тийм учраас энэ хүмүүсийг зайлуул гэж хэрүүл маргаан гардаг байсан. Энэ удаа ах маань намайг үсдэж газарт унгаасан. Би уурандаа ахыгаа цохисон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээж байна. Би ахыгаа сүүлчийн удаа уучилж байна. Хоёр дахь удаагаа уучилж чадахгүй гэдгийг хэлье. Цаашдаа нэг хашаа, нэг байшинд хамт амьдарч чадахгүй. Энэ чигээрээ ахтайгаа хамт амьдарвал хүн амины хэрэг гарч магадгүй. Дараагийн удаа би өөрийгөө болон хүүхдээ хамгаалж чадахгүй нөхцөлд хүрэх учраас тусдаа амьдармаар байна.” гэв.

            4. Шүүгдэгч Х.А-йн өмгөөлөгч Х.З-аас шүүх хуралдаанд: Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн. Шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын шатанд гаргасан. Прокурорын зүгээс санал болгож байгаа ялыг тохирч, өөр өөрсдийн саналаа илэрхийлсэн байгаа. Гомдол, саналгүй гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч гэсэн илэрхийлсэн учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой учраас шүүхэд прокурорын гаргасан саналыг баталгаажуулж өгөхийг хүсэж байнагэв.

            5. Шүүгдэгч Х.Ай-ийн өмгөөлөгч С.А-гаас шүүх хуралдаанд: Ах, дүү хоёр бие биеэ зодож, хохирсон асуудал байгаа. Хэргийн нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншуулан судалсан. Хэргийн нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн мэдүүлгээс тодорхой болсон.  Энэ бүх асуудал нь архитай холбоотой. Сүүлчийн удаа уучилъя, үүнээс хойш ямар нэгэн зүйл тохиолдвол уучлахгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Учруулсан хохирол, хор уршиг байхгүй. Энэ асуудлыг ярилцаж прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасан. Үүнд миний үйлчлүүлэгчийг 550,000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаагаар төлүүлэх тухай санал гаргасан байгаагэв.

6. Шүүгдэгч Х.А- нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.Ай-ийг зодож, түүний эрүүл мэндэд зүүн шууны 1-р зэргийн түлэгдэл, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Х.Ай- нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.А-йг зодож, түүний эрүүл мэндэд баруун зулайн хуйх, хамрын нуруу, зүүн шанаа, чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Х.А-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/, хохирогч Х.Ай-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, хохирогч Х.Ай-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, хохирогч Х.А-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэл гаргах тухай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 298 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 297 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, яллагдагч Х.А-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/, яллагдагч Х.Ай-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            7. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            8. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            9. Шүүгдэгч Х.А-, Х.Ай- нар нь өөрсдөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            10. Шүүгдэгч бөгөөд хохирогч Х.А-, Х.Ай- нар нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул тэднийг бие биедээ төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

11. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Ай-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

14. Шүүгдэгч Х.Ай- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

15. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

16. Тодруулбал, шүүгдэгч Х.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

17. Хэрэв шүүгдэгч Х.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй. 

18. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

20. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А-, Х.Ай- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

21. Шүүгдэгч Х.А-, Х.Ай- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.о овогт Х-ы А-, Ш.о овогт Х-ы Ай- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-йг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ай- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

7. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн галын хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

9. Шүүгдэгч Х.А-, Х.Ай- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч Х.А-, Х.Ай- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-, Х.Ай- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК