| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2014/05021/И |
| Дугаар | 101/ШШ2017/00148 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/00148
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2017/00148
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 0р хороо, 00-р хороолол, 00-р байр 00 тоотод оршин суух М.М /РД:000 /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Чулуун овоот 00 тоотод оршин Д.Г /РД:УЮ000/-т холбогдох
Гэм хорын хохиролд 5.309.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн барьсан Н төгөл хотхоны 1-3-р блокын зоорийн давхрын бохирын шугам задарч тухайн үед шугамын гэмтлийг судалж шугам задарсан шалтгаан нь иргэн Д.Г бариулж буй барилгын ажилчид гадна инженерийн шугам сүлжээ хийх үедээ манай хорооллын бохирын шугамыг хагалж шороогоор дүүргэснээс үндсэн шугам бөглөрч түүнээс үүдэн манай барилгын шугам задарсныг тогтоож бид өөрсдийн хүн хүч, хөрөнгөөрөө тухайн үед шугам эвдэрсэн талаар барилгын ажилчдад мэдэгдэж ирж үзэхийг хүссэн.
Энэхүү бохирын шугамын бөглөрлөөс шалтгаалан зоорийн давхрын шугам задарснаас болж 3-р блокын зоорийн давхарт байсан эд материалууд /хүүхдийн тоглоомнууд/ бохирт норж дахин ашиглах боломжгүй болсноос манай эхнэр М.С бид хоёрт нийт 5 309 500 төгрөгийн хохирол учирсан.
Эхлээд шүүхэд Г и ХХК нэхэмжлэгчээр явж байсан боловч уг тогломуудын эзэн нь М.С бид хоёр тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч солигдсон.
Уг тоглоомуудыг Г и ХХК-нд хүлээлгэн өгсөн, дахин ашиглах боломжгүй болсон.
Иймд Д.Г ажилчдын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирол 5,309,500 төгрөгийн хохирлыг Д.Г гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г 2013 оны 09-р сард Н с ХХК-тай №2013/09 тоот барилгын гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсрах ажлын гэрээ байгуулсан болно.
Тус гэрээний 3.1-т Шугам угсралтын ажлыг гүйцэтгэгч нь ажлын зураг төсөв, техникийн норм, дүрмийн дагуу чанартай хийн гүйцэтгэж, ажлын явцад зөрчил буруу дутуу хийгдсэн зүйлийг нөхөн хийж энэ гэрээнд заагдсан хугацаанд ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгнө хэмээн тусгагдсан ба Г и ХХК-ний Ногоон төгөл хотхонд хохирол учруулсан гэдэг нь батлагдсан тохиолдолд энэхүү туслан гүйцэтгэгч нь хариуцлага хүлээх ёстой болохыг мэдэгдэж байна.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна, шинжээч нарын дүгнэлтээр Д.Г буруутай үйл ажиллагаанаас гэм хор учруулсан нь нотлогдоогүй мөн нэхэмжлэгч нарын хохирлын хэмжээ зөрүүтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Д.Г, М м ХХК, Э нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 5,309, 500 гаргуулах нэхэмжлэлийн шаарлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М м ХХК болон Э нараас татгалзсан болно.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан гэрэл зургууд, Иргэн Д.Г барилгын гадна дулаан, цэвэр усны шугам сүлжээ угсрах ажлын гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Д.Г эзэмшиж байгаа газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч Д.Г нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороонд байрлах Г и ХХК-нийн Н т хотхоны зэргэлдээ газарт барилга захиалан бариулж байгаа бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Н т хотхоны бохирын шугам хоолойн Д.Г эзэмшлийн газар доогуур дайрч өнгөрдөг хэсэгт уг шугам хоолойд хагарал үүсч энэ хэсэгт хөрс нуран, шугам хоолойн урсацыг хаасны улмаас бохир усны шугам бөглөрч Н тхотхоны 1-3 дугаар блокны зоорийн давхарын бохирын шугам задарсны улмаас нэхэмжлэгч Ү.М өмчлөлийн 76 дугаар байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх хөрөнгөнд ус алдаж, тэнд хадгалагдаж байсан эд хөрөнгө норж гэмтсэн болох нь тогтоогдсон ба уг үйл баримттай талуудын хэн аль нь маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нь өөрийнх нь эзэмшиж буй газарт бохирын шугам хагарсан үйл баримттай маргаагүй боловч шугамыг хагалсан үйлдэлд буруугүй, шинжээчийн дүгнэлтээр Д.Г буруутай үйлдлээс гэм хор учруулсан нь нотлогдоогүй гэж мэтгэлцсэн.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулах-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан, гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд эд хөрөнгөнд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж үздэг.
Гэвч нэхэмжлэгч нь Н т хотхоны зоорийн давхарт байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгөнд 5 309 500 төгрөгийн эд зүйл хадгалж байсан гэдгээ нотлохоор Норсон барааны жагсаалт гэх баримт /х.х-ийн 4,12/ болон Номин Hypermarket-д тоглоом хүлээлгэн өгсөн баримтыг гаргасан боловч дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, тоглоомнуудын нэрс, үнэ нь зөрүүтэй, байх тул тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь ямар ямар нэр төрлийн, хичнээн төгрөгийн үнэ бүхий, хэдэн ширхэг тоглоом норж гэмтсэн болох, үүнээс хэдэн ширхэг нь дахин ашиглагдах боломжгүйгээр гэмтэж, нийт хичнээн төгрөгийн хохирол учирсан талаарх хөдлөшгүй баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Дүгнэлт гаргасан шинжээчийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс шинжээчийн зардлыг гаргуулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан Д.Г эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 5 309 500 төгрөг гаргуулах тухай Ү.М нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ү.М 114 632 төгрөг гаргуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Л.Б олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Л.ЭНХЖАРГАЛ