2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1411

 

 

      2025               5                  27                                                         2025/ШЦТ/1411

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

хохирогч М.С,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 25080000004** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт  Д.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ** дугаар байрны ** тоот М.С-н гэрт хоноод гарахдаа түүний эзэмшлийн алтан ээмэг, алтан бөгж, монетон бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч, тухайн өглөө хохирогчийн гэрийн түлхүүр өлгүүр дээр байсныг авч гарч улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.С-н гэрт хууль бусаар нэвтэрч таблет авч хохирогчид нийт 5,543,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ “...Гомдолтой байна. Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот хохирогч М.С-н гэрт хоноод явахдаа түүний эзэмшлийн алтан ээмэг, бөгж, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,443,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр хохирогчийн гэрээс түүний гэрийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч гаран 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.С-н гэрт авч гарсан түлхүүрээрээ нэвтэрч орон “Apple” брэндийн “ipad 9 generation” загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.С-д 1,100,000 төгрөгийн, нийт 5,543,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас),

Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн “... “Apple” брэндийн ай пад, хар саарал өнгийн, 64gb 1 ширхгийг хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Т-25/225 дугаартай хөрөнгийн үнэлгээний “....“Apple” брэндийн “ipad 9 generation” хар саарал өнгийн таблетийн үнэлгээний дүн 1,100,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас),

“Тэнцвэр эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын17-ны өдрийн Т-25/206 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Үнэт эдлэлийн үнэлгээний дүн 4,443,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас, 74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн эсрэг лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот хохирогч М.С-н гэрт хоноод явахдаа түүний эзэмшлийн алтан ээмэг, бөгж, монетон бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,443,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өдөр хохирогчийн гэрээс түүний гэрийн түлхүүрийг зөвшөөрөлгүй авч гаран 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хохирогч М.С-н гэрт авч гарсан түлхүүрээрээ нэвтэрч орон “Apple” брэндийн “ipad 9 generation” загварын таблетыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.С-д 1,100,000 төгрөгийн, нийт 5,543,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.  

Харин энэ гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд” нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б-н хохирогч М.С-н гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Орон байр” (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн аутентик /хууль тогтоогчийн/ тайлбар хэсэгт) гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг,

“Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, иргэний халдашгүй байдлыг зөрчиж бусдын эд хөрөнгийг авсан байхыг тус тус ойлгоно.

Иймд “орон байр, агуулах, саванд нэвтэрч” үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно.

Мөн хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг, саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах нөхцөл байдлын үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б-н хувьд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд хохирогч М.С-н өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах төрлийн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.С-д 5,543,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,100,000 төгрөгийн (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас) хохирлыг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-с 4,443,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.С-д олгуулж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Б-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 3 (гурав) жилийн  хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-с 4,443,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.С-д олгосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЗОЛБОО