Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баачууд овогт Дашдоржийн Саранзаяа, Лэгдүүд хүгдүүд овогт Оюунтуяагийн Оюунбат нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1186 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 гудамж, 117 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Баачууд овогт Дашдоржийн Саранзаяа, /РД:УШ93100204/,

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр Их сургуулийн Санхүү менежментийн 3 дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 36 гудамж, 13-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Лэгдүүд хүгдүүд овогт Оюунтуяагийн Оюунбат, /РД:УШ95052088/, 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Хайт баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхтуяатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Саранзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч О.Оюунбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 27-ны орой Оюунбат, Заяа, Болороо нартай Хайт бааранд архи уусан. Бие засах өрөөнд байхад Оюунбат намайг “чи хүнийг янхан, гичий гэж элдвээр хэлдэг хэн бэ” гээд над руу уурлаж, миний майкнаас татаад урчихсан. Тэгээд бид хоёр баарнаас гараад Оюунбат намайг үсдээд толгой руу цохиод байсан. Яг ингээд зодож байхад Заяа гарч ирсэн. Тэгээд бид хоёрыг салгах гэж байснаа над руу дайраад эхэлсэн. Заяа бас намайг үсдээд нүүр рүү цохиод байсан. Оюунбат, Заяа хоёр намайг тал талаас өшиглөөд цохиод байсан...” гэх мэдүүлэг. /хх 10-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найз Саранзаяа, Оюунбат нарын хамт бааранд сууж байтал Оюунбат, Саранзаяа хоёр тамхи татахаар гараад орж ирэхдээ нэг танихгүй охинтой хамт ороод ирсэн. Би Энхтуяатай танилцсан, бааранд бараг хүнгүй байсан болохоор тэндээсээ гараад Хайт баар руу орсон. Оюунбат, Саранзаяа, Энхтуяа нар бие засах өрөөнөөс гарч ирэхгүй байхаар нь араас нь очтол бие засах өрөөнд байгаагүй. Тэгэхээр нь баарнаас гараад хартал Оюунбат, Саранзаяа хоёр Энхтуяа руу дайраад уурлаад байсан. Тэр гурав зодолдсон байсан, Энхтуяагийн үс нь аймар сэгсийчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх 20-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹4431 дүгнэлтэд “Энхтуяагийн биед хүзүүнд зулгарал, цус хуралт, духны зүүн хэсэг, баруун бугуй, зүүн шилбэний гадна дээд болон доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 38 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51, 53 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50, 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 03 дугаар хороо, Хайт баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхтуяатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нарт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 450 нэгжээр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Саранзаяа, О.Оюунбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.