Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 05

 

В.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 11-11 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО86122676, Б овогт В-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн “Ц т с” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэгч В.Ч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Увс аймгийн “Ц т с” ХХК-д эрчим хүч хэмнэлтийн менежерээр ажилладаг. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ба ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирал Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тушаал гаргаж, надад 1 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна. Би 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Тэс, Хяргас, Малчин сумын 0.4 кв-н шугамын шинэчлэлийн ажлыг хүлээн авах техникийн комисст ажилласан. Ажил хүлээн авах комисс хуралдаж, дүгнэлтээ гаргахад би зарим ажлууд зөрчил дутагдалтай байгаа талаар санал авах хуудсаар бичиж, зөрчил арилсны дараа ажлыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Тэгтэл маргааш өглөө нь захирал Ц.Э намайг өрөөндөө дуудаж уулзаад “Чи юу яриад яваад байгаа юм” гэх мэтээр загнасан. Би ажлын хэсэгт ажилласан талаараа тайлбарлах гэсэн боловч чамаас тайлбар сонсохгүй гэж загнаад өрөөнөөс гаргасан.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдсон Б.Б-гийг авч яваагүй гэж намайг буруутгасан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай бичиг хэргийн ажилтан Б.Т сахилгын арга хэмжээ авсан тушаал гарсан гэдгийг надад танилцуулсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6-д заасныг баримталсан ба би эдгээр заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Миний хувьд байгууллагын ажлын хэсэгт ажиллахдаа ажлыг шууд хүлээж авах үүрэг аваагүй болно.

Иймд Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү”” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “В.Чийн тус шүүхэд гаргасан Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирлын 2018 оны 12 сарын 11-ний өдрийн Б\161 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. В.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн...” гэжээ. Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, тасралтгүй явуулах, ялангуяа яаралтай ажил үйлчилгээг иргэд байгууллагад аль болох түргэн шуурхай үзүүлэхэд нэг хүний санал бодлоос үл шалтгаалах ёстой.

Байгууллагын удирдлагаас өгсөн цаг хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэхээсээ өмнө эсэргүүцэж тайлбар тавьж хамгаалах нь ажилтны эрх, үүрэгт хамаарахгүй. Манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас аймаг орон нутагт нөхөгдөшгүй хүнд гарз хохирол үүсдэг онцлогтой, онцгой байгууллага. Байгууллагын нэг ажилтны үг, үйлдлээс шалтгаалан бүхэл бүтэн байгууллагын ажил үйлчилгээ тасалдах учиргүй, тийм ч учраас байгууллагын дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтуудаар зохицуулж өгсөн байдаг.

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 318 тоот тушаалаар “Эрчим хүчний хөгжлийн төв” / ЭХХТөв/ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ТӨААТҮ-ын Захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Г.А, зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, төсвийн хяналтын албаны дарга Б.О, захиалагч хяналтын хэлтсийн инженер Ч.О, ахлах мэргэжилтэн Б.Э, цахилгаан тоноглол, хяналтын инженер А.Б, “Ш У” ХХК-ийн ерөнхий инженер Б.Ч, Увс “Ц т с ” ХХК-ийн ерөнхий инженер Н.Б, ашиглалтын инженер Б.Н, техник хяналтын инженер Б.Б нарыг шугамын шинэчлэлийн ажил хүлээн авах техникийн комисст томилсон боловч манай компанийн эрчим хүч хэмнэлтийн менежер В.Ч дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж,  комиссын гишүүн, техник хяналтын инженер Б.Б-гийг орхиж явсан. Энэ нь хамт ажиллаж байгаа ажилтнаа үл хүндэтгэн нэр хүндийг нь гутаасан үйлдэл ба энэ нь Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна.

2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б\161 дүгээр тушаал нь ажилдаа хувийн ашиг сонирхлоор хандаж, ажилтны нэр хүндийг гутаах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцэж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн В.Ч-т сахилгын хариуцлага тооцсон, захирлын эрх хэмжээний хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал юм. В.Чийн нэг сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ нь түүний гаргасан зөрчилд тохирсон арга хэмжээ гэж үзэж байна.

Иймд В.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч В.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн “Ц т с” ХХК-аас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000957 тоот дансанд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/161 тоот тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжпэгчийн тайлбар, гэрч Г.Заяабаяр, Б.Батзориг нарын мэдүүлгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь Б/161 тоот тушаалын үндэслэлүүдээр маргасан боловч “... комиссын бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж ажил үүргээ гүйцэтгээгүй талаараа маргаагүй, ажлын явц дүнгээ тайлагнаагүй, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6-д удирдлагатайгаа маргаан үүсгэж компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлээгүй ...” зэрэг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг үгүйсгэсэн баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон бичгийн баримтуудыг өөрөө гаргаж өгөх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлалыг үгүйсгээгүй билээ. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч В.Ч нь Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар түүнд 1 сарын цалинг 20 хувиар бууруулах шийтгэл ногдуулсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн захирал Ц.Э тус компанийн эрчим хүч, хэмнэлтийн менежер В.Ч-т сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаал гаргахдаа Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.6, Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь заалтыг тус тус баримталжээ.  

Хэрэгт авагдсан, Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/92 дүгээр тушаалын 1-р хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11.9.6 дахь хэсэг, ажилтан В.Чтой 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.6 дахь хэсэгт “ Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана“ гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч В.Ч дээрх хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ямар зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар нотолж чадаагүй байна.

Түүнчлэн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/161 тоот тушаалд дурдсан“ эрхэлж  байгаа ажил үүрэгтэй нь холбоотой удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар эсэргүүцэж, бусдыг үл хүндэтгэж харьцсан” гэх үйл баримт тогтоогдоогүй ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар нь баримтаар нотлогдоогүй. Тухайлбал, компанийн удирдлагын зүгээс ажилтан В.Чт хэдийд, ямар үүрэг чиглэл, даалгавар өгсөн, уг даалгаврыг хэрхэн гүйцэтгэсэн эхсүл гүйцэтгэхээс татгалзсан эсэх талаарх үйл баримтыг нотолсон баримт, мэдээлэл хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч В.Ч хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг  шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан  байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч В.Ч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж далан мянга хоёр зуун төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 2 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу шүүхэд гаргасан В.Чийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан “Шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг”-т хамаарах бөгөөд энэхүү гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч В.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжинд үндэслэлгүй төлсөн далан мянга хоёр зуун төгрөгийг буцаан олгох асуудлыг шийдвэрлээгүй  нь буруу болжээ. Иймд тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч В.Чт олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн сангийн 150000957 тоот данснаас 70,200 / далан мянга хоёр зуу/ төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч В.Чт олгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн “Ц т с” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                             Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                             Л.АЛТАН