Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/468

 

 

 

А.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

            хохирогч Н.Даваадагва,

            нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/527 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр А.Бод холбогдох эрүүгийн 1709023270414 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 19....... оны ...... дугаар сарын .............-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............... настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ............. дүүргийн ............ дугаар хороо, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

А.Б нь Сүхбаатар дүүргийн нутагт ОХУ-аас өндөг оруулж ирээд зарж борлуулаад ашиг өгнө гэж худал хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Н.Даваадагваас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 37.925.000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 35.421.000 төгрөг, хохирогч Н.Саруулаас 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 7.500.000 төгрөг авч, нийт 80.846.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.4 “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна. Үүнд, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаартай захирамжаар шүүгдэгч А.Бод холбогдох эрүүгийн 1709 02327 0414 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэж байсан. Дээрх шүүгчийн захирамжийн “Үндэслэх нь хэсэгт ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан бодит хохирлыг нэг бүрчлэн тооцож гаргаагүй, мөн шүүгдэгч А.Бын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хангалттай шалгаж тодруулсан зүйл байхгүй...” талаар тус тус дурдсаныг улсын яллагч мөн шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн байна. ...Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нэмэлт ажиллагаа огт хийгдээгүй гэж дүгнэхээр байна. Нөгөөтээгүүр шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасантай холбоотойгоор шүүгдэгч А.Бын хохирогч М.Түмэн-Өлзийг залилсан гэх үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 471 дугаартай яллах дүгнэлтийн хоёр буюу “...Яллаж байгаа хэргийн товч агуулгад “...А.Б нь Сүхбаатар дүүргийн нутагт ОХУ-аас өндөг оруулж ирээд зарж борлуулаад ашиг өгнө гэж худал хэлэн хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Н.Даваадагваас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 37.925.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 35.421.000 төгрөг, хохирогч Н.Саруулаас 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт ОХУ-аас өндөг оруулж ирээд зарж борлуулаад ашиг өгнө гэж худал хэлэн хуурч урьдлын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Түмэн-Өлзийгөөс 12.000.000 төгрөг авч нийт 92.846.000 төгрөгийн буюу ноцтой хохирол учруулсан залилсан...” гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ. Улсын яллагч яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэхдээ шүүгдэгч А.Б болон хохирогч М.Түмэн-Өлзий нарын хооронд Иргэний эрх зүйн харилцааны шинжтэй маргаан үүссэн гэж хэт явцуу байдлаар дүгнэж, хохирогч М.Түмэн-Өлзийгийн гомдол, хүсэлтийг огт анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “...Би Түмэн-Өлзийд 2 автомашиныг сүүлд нь барьцаанд өгсөн бөгөөд тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж чадаагүй байгаа...” талаар, хохирогч М.Түмэн-Өлзий мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...Би ямар ч байсан өндөг орж ирдэг ашигтай юм байна гэж бодоод хамтарч ажилласан. 2017 оны 3 дугаар сард 14 сая төгрөг шилжүүлж дараагийн худалдан авалтыг хийгээд үүнээс цувуулж өгсөөр 6 сая төгрөг үлдсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Бямбацогт надад хандан нэмээд 12 сая төгрөг олоод өгөөч Гааль дээр тахианы мах ирчихлээ гэхээр нь би өмнөх өрөө дуусга, одоо хамтарч ажиллахгүй гэхэд Бямбацогт “...Чи миний Прадо машиныг барьцаанд тавиад мөнгө олоод өгөөч, энэ машин банк бусын барьцаанд байгаа гэхээр нь барьцаанд байгаа машин авахгүй гэхэд наадах чинь 1 сая төгрөгийн гэрчилгээ үлдэгдэлтэй байгаа гэхээр нь за яахав сүүлийн удаа тусалъя гэж хэлээд тусалсан. Үүнээс хойш Бямбацогт алга болчихоор нь хайж яваад гэрийг нь олж очоод “Стар Х” машиныг нь авчихсан юм. Тэгээд би зарын дагуу сэлбэг авдаг хүнд 8 сая төгрөгөөр зарсан. Би тухайн 2 тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлээд өгөөч гэж зөндөө гуйсан боловч огт хөдлөөгүй...” талаар тус тус дурджээ. Дээрх нөхцөл байдлаас харвал шүүгдэгч А.Б нь анхнаасаа М.Түмэн-Өлзийгөөс мөнгө зээлэхдээ дээрх 2 тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд тухайн 2 тээврийн хэрэгслийн нэрийг хууль ёсны дагуу М.Түмэн-Өлзийгийн нэр дээр шилжүүлээгүй нь шүүгдэгч болон хохирогчийн хооронд Иргэний эрх зүйн шинжтэй харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 1.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино...” гэж,  мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “...Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ...” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн Иргэний эрх зүйн харилцаа нь тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан, цэвэр харилцан тохиролцсоны үндсэн дээр холбогдох хууль журмын дагуу хийгдсэн байх учиртай. Мөн шүүгдэгч А.Б нь хохирогч А.Түмэн-Өлзийд “Прадо” маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж мөнгө зээлсэн талаараа мэдүүлдэг. ...Шүүгдэгч А.Б нь “Прадо” маркийн тээврийн хэрэгслийг А.Түмэн-Өлзийд шилжүүлэн өгөхдөө Иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл байгуулаагүй, өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслүүдийг зөвхөн биет байдлаар А.Түмэн-Өлзийд өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч нь А.Түмэн-Өлзийг гэж үзэх боломжгүй. Мөн А.Түмэн-Өлзийгийн хувьд шүүгдэгч А.Бод өгсөн гэх мөнгийг зээл хэлбэрээр бусдаас авсан талаараа тайлбарласан байх бөгөөд “...Тухайн тээврийн хэрэгслийн нэрийг нь шилжүүлээд өгвөл арай өндөр үнэтэй зарах гээд байна, нэрийг нь шилжүүлээд өгөөч” гэж удаа дараа А.Боос хүссэн боловч шилжүүлж өгөөгүй тул аргагүй эрхэнд авто машины сэлбэг авдаг гэх хүнд худалдан борлуулсан гэх тайлбарыг өгсөн байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад “...А.Түмэн-Өлзий нь тухайн автомашинуудыг 8.000.000 төгрөгөөр зарж борлуулсан нь тогтоогдсон тул залилах гэмт хэргийн шинжгүй байна...” гэх дүгнэлтийг хийсэн нь хэтэрхий нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан ямар нэгэн гэрээ, хэлцэл хийлгүйгээр тээврийн хэрэгсэл барьцаалуулсан үйлдэл, нэрийг нь шилжүүлээд өгөөч гэж удаа дараа хүсэхэд шилжүүлж өгөхгүй байгаа тухайн үйлдлийг ямар учраас Иргэний эрх зүйн шинжтэй харилцаа гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Бод холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүхээс прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор А.Бод холбогдох хэргээс яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хэргийг буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Түмэн-Өлзий нь “... 2017 оны 3 дугаар сард 14 сая төгрөгийг шилжүүлж дараагийн өндөг худалдан авалтыг хийгээд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 14 сая төгрөг аваад үүнээс цувуулж өгөөд 6 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн юм. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Бямбацогт нь нэмээд 12 сая төгрөг олоод өгөөч, гааль дээр тахианы мах ирчихлээ гэхээр нь би өмнөх мөнгөө өгч дуусга, одоо хамтарч ажиллахгүй гэхэд Бямбацогт нь чи миний “Прадо” автомашиныг барьцаанд тавиад мөнгө олоод өгөөч, энэ автомашин банк бус дээр барьцаанд байгаа гэхээр нь би барьцаанд байгаа автомашин авахгүй гэсэн чинь наадах чинь 1 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гээд гэрчилгээгээ харуулахаар нь за яах вэ сүүлийн удаа тусалъя би ашиг авахгүй, мөнгө зээлж байгаа хүнд тодорхой хэмжээний урамшуулал өгөөрэй гээд 12 сая төгрөгөөс 9.007.999 төгрөгийг Бямбацогтын шилжүүл гэсэн дансруу шилжүүлсэн, 3 сая төгрөгийг автомашины тээврийн зардал гээд бас шилжүүл гэсэн дансруу нь шилжүүлсэн. Тэгээд “Прадо” автомашин нь надад байж байгаад Бямбацогт алга болчихлоор нь хайж яваад гэрийг нь олж очоод “Стар Х” маркийн автомашиныг чинь авлаа гэж хэлээд авчихсан юм. Прадо, Стар Х маркийн автомашинуудыг зарын дагуу сэлбэгэнд 8 сая төгрөгөөр зарчихсан. Тухайн зарын дагуу ярихад хүмүүс нь гэрээс ирж ачиж авч явсан болохоор хаашаа авч явсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2хх 89-90/, яллагдагч А.Бын “...би Түмэн-Өлзийгөөс 2017 оны 1 дүгээр сараас эхэлж хамтарч ажилласан. Тэгээд Түмэн-Өлзийгөөс мөнгө аваад эргүүлж өгч явж байгаад хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сард 12 сая төгрөг аваад 2017 оны 9 дүгээр сард Прадо 95, Стар Х маркийн 2 автомашиныг мөнгөнийхөө оронд өгсөн. Өмнө нь үлдэгдэл 6 сая төгрөг гээд байгаа нь өмнө нь авч байсан мөнгөний хүү нь явж байсан юм. Би дээрх Прадо автомашиныг 14 сая, Стар Х автомашиныг 4.500.000 төгрөгөөр 2017 онд худалдаж авч байсан юм. Би одоо Түмэн-Өлзийд ямар нэгэн мөнгөний тооцоогүй байгаа” гэх мэдүүлэг /1хх 44/ авагдсан байдаг. Шүүгдэгч А.Б нь иргэн М.Түмэн-Өлзийд хандаж “гааль дээр тахианы мах ирчихлээ миний эзэмшлийн “Прадо” маркийн автомашиныг зээлийн барьцаанд тавиад 12.000.000 төгрөг зээлээд олоод өгөөч” гэж хэлэхэд нь зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 12.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгч Прадо загварын автомашиныг барьцаалсан бөгөөд А.Б нь зээлсэн мөнгөө өгөөгүй тул М.Түмэн-Өлзий нь Стар Х загварын автомашиныг нэмж барьцаанд авч 12.000.000 төгрөгийн үнэ бүхий Прадо, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий Стар Х маркийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр бусдад зарж борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос яллагдагч А.Бын дээрх үйлдэл нь бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.Түмэн-Өлзийгөөс 12.000.000 залилан авсан гэх үндэслэл тогтоогдохгүй, харин зээлсэн мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс үүссэн иргэний эрх зүйн харилцааны шинжтэй маргаан гэж дүгнэж прокурорын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолоор А.Бод холбогдох хэргээс яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байхад уг шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Б нь Даваадагваас 73.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 73 сая төгрөгөөс яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна. Миний хувьд Даваадагва ахаас 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 37.925.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 35.421.000 төгрөг авсан. Миний хувьд Даваадагва ахад 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 360.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 13.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 9.600.000 төгрөг, ... бэлнээр 20.000.000 аваачиж өгсөн нийт 40.400.000 өгсөн байгаа” гэж мэдүүлсэн. Хохирогч Н.Даваадагва нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын хэмжээг нэг бүр тооцож шүүгдэгч А.Бод өгсөн мөнгөний баримт болон дансны хуулгыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн боловч шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хавсаргаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах” эрхтэй гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсгийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгохоор тодорхойлсон байна. Шүүхээс хохирогч Н.Даваадагвын гаргаж өгөхөөр бэлдсэн хохирлын тооцоо, дансны хуулга, А.Бод өгсөн мөнгөний баримт зэргийг хүлээн авч шинжлэн судалж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тодруулах боломжтой байхад уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэн хэргийг буцаасан нь үндэслэл муутай болсон. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/527 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Даваадагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

А.Бод холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан бодит хохирлыг нэг бүрчлэн тооцож гаргаагүй, шүүгдэгч А.Бын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хангалттай шалгаж тодруулаагүй, прокуророос хохирогч М.Түмэн-Өлзийг залилсан гэх үйлдлийг Иргэний эрх зүйн шинжтэй харилцаа үүссэн гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ шүүх хуралдааны явцад нотлогдон тогтоогдсон байх учиртай бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдэлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн обьектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын түвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоовол зохино.

Хавтас хэргээс үзэхэд шүүгдэгч А.Б нь хохирогч Н.Даваадагва, Н.Саруул, М.Түмэн-Өлзий нараас ижил аргаар буюу “ОХУ-аас өндөг оруулж ирээд зарж борлуулаад ашиг өгнө” гэж мөнгө авч хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нарт учирсан бодит хохирлыг нэг бүрчлэн тооцон гаргаж, хэнд хэдэн төгрөгийн хохирол төлсөн, хэнд хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа эсэх талаар тодруулж, хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг нарийвчлан тооцож, эцсийн байдлаар яллах дүгнэлтэд тодорхой байдлаар тусгах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЗ/527 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ         

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ