2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1448

 

 

     2025                5               30                                                       2025/ШЦТ/1448

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,

улсын яллагч Д.Батзаяа (томилолтоор),

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б*** овогт С.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24080363904** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б*** овогт С.Э (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод оршин суух хохирогч А.З-н өмчлөлд “писү” гэх нэртэй хос хөөрөг, модон барын “нүдэн” гэх нэртэй хос хөөргийн дотор талыг өнгөлөхөөр аваад буцааж өгөхгүй завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод хохирогч А.З-н итгэмжлэн хариуцуулсан дунд гарын писү 2 хос хөөрөг, модон барын нүдтэй 2 хос хөөрөг зэрэг эд хөрөнгийг завшсаны улмаас 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Хохирогч А.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

“Тэнцвэр Эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Т-25/206 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...үнэлгээний дүн 4,800,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 58-63 дугаар хуудас),

Шүүгдэгч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 37-40 дүгээр хуудас), Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** тоотод хохирогч А.З-н итгэмжлэн хариуцуулсан дунд гарын писү 2 хос хөөрөг, модон барын нүдтэй 2 хос хөөрөг зэрэг эд хөрөнгийг завшсаны улмаас 4,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мөрдөг шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээдгэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосныг, хөрөнгө завшихгэж гэм буруутай этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг тус тус ойлгоно. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч С.Э нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.З-д 4,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...С.Э-с хохирлоо бүрэн барагдуулж авч дууссан ба 4,800,000 төгрөгийн хохирлыг надад төлж дуусгасан тул гомдолгүй болно. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлт авагдсан байх тул шүүгдэгч С.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч С.Э-г 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Э-н 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас 60,000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 2,740,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 4 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас даруй суллаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б*** овогт С.э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийн нэг хоногийг 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан  торгох ялаас 60,000 (жаран мянга) төгрөгийг хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг 2,740,000 (хоёр сая долоон зуун дөчин мянга) төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Э-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО