Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2019/00121

 

 

 

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2019/00121

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Улаан-Уул өлзийт 4 гудамж 6-1 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 12-06 тоотод түр оршин суух, эмэгтэй, 30 настай, Алтан жинлүүр ХХК-ийн ломбардад зээлийн ажилтан ******* овогт *******ын *******гийн /ВЮ-88100108/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 3 дугаар хэсэг чой 6-2 тоотод оршин суух, эрэгтэй, 41 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ******* овогт *******ын *******т /МЮ-77051318ХХХХ / холбогдох

2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Алтанбагана нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 05 дугаар сарын эхээр Сэлэнгэ зар дээр Кафе түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Г.*******тай уулзаж тохиролцон тус Кафе-г ажиллуулахаар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хятадын Эрээн хот явж Караоке машин, хаяг, тоног төхөөрөмж авах гэж явсан. 1 хоноод ирсэн. Караокены машин авах гэтэл үнэтэй байхаар хотоос ирж аваад 298,000 төгрөгөөр дуу суулгуулсан. Улаанбаатар хотоос аяга, таваг, тек авч харин энд ирээд Стандарт барилгын дэлгүүрээс хөөсөн тааз, гипсэн хавтан, эмульс будаг, барилгын материал 77000 төгрөгөөр, хотоос буйдангийн материал авч ирж оюулаад оёдлын хөлсийг нь төлсөн. Баримт нь хэрэгт байгаа. Засварыг Г.******* ах өөрөө нэг хүнтэй хамтран хийсэн. Тэр хүнд хөлсөнд нь 40.000 төгрөг өгсөн. Би зараар тогооч, зөөгч авсан. Г.******* ахаас Түрээсийн гэрээгээ хийе гэхэд завгүй байна, чи хоолоо гаргаж бай гэсэн. Стандарт дэлгүүрээс жин аваад, стандарт хэмжилзүйн төвөөр баталгаажуулсан. Хоол гаргах учраас 420 гаран мянган төгрөгний мах авсан нийт хоолны материалд 700,000 гаран мянган төгрөг болсон, тэгээд байж байтал доороос нь бохир нь хальж, дараа нь 00 нь хальж гарч ирээд байсныг сантехникч авчирч янзлуулсан.

Засвар хийлгээд 2 өдөр ажиллуулсан. Тухайн үед цэргийн тангарагийн баяр болж байсан учраас цэргүүд, эцэг, эхийн хамт орж хооллож байсан. Ерөөсөө хүн орж ирэхгүй байсан. Түүнээс хойш ажиллуулаагүй. Зарим зүйлийнх нь баримтыг авах гэсэн боловч чадаагүй. Байгаа нотлох баримтдаа тулгуурлан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахааас өмнө Г.******* ах надад 250,000 төгрөг өгсөн. Үүнийг нэхэмжлэлээсээ хасуулж тооцно. Г.*******аас 2,300,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Өөрөө худалдаж авсан караокены машин, жин зарим нэг зүйлүүдийг буцаан авч заримыг нь зарсан байгаа гэх.

 

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.*******гийн ярьж байгаа нь үнэн. Миний хувьд бодоход нэхэмжилж байгаа үнийн дүн нь арай л их байна. Ер нь үйлчилгээний газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа хүн эхлээд тооцоогоо сайн гаргаад цаашид ажиллах ёстой. Миний хувьд Сэлэнгэ зар дээр зар тавьсны дагуу олон хүмүүс ирсэн. Түүний нэг нь Г.******* байсан. Анх нөхөртэйгөө ирсэн. Кафег ажиллуулах талаар юу ч яригдаагүй, үзээд л гарцгаасан. Удалгүй хэд хоногийн дараа над руу утасдаад Би урагшаа материал авахаар явж байна, ширээний хэмжээг хэлээд өгөөч гэхээр нь болох юм байлгүй дээ гэж л бодсон. Кафег ажиллуулна гээд намайг 2 сар гаруй хүлээлгэсэн. Ямар ч эдийн засгийн тооцоо байхгүй байсан. Би бодохдоо ажиллуулах боломжтой гэж үзсэн юм байлгүй гээд 3 хөргөгчөө засуулаад, бага саг янзалж, ирсэн материалд нь тохируулаад засвар хийж өгсөн. Гэхдээ би нээж ажиллуулаарай гэж хэлээгүй. Тухайн үед 00 ажиллаж байсан. Г.******* өөрийнхөө тавьсан эд зүйлүүдийг аваад явсан.

Би шүүхэд нэхэмжлэл гаргахад нь Г.*******д Хоёулаа 1,000,000 төгрөгөнд эвлэрье, ах нь үүнээс илүү мөнгө, төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл мөнгийг заавал бэлнээр авна гээд байсан. Тэгээд би 250,000 төгрөгийг өмнө нь хэд хувааж өгсөн. Бидний дунд түрээсийн гэрээ хийгдээгүй. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Энэ тухайгаа ч өөрт нь хэлж байсан. Ер нь үйлчилгээний газар ажиллуулахад тийм амар ажил биш, шалгалт шүүлэг, стандарт гээд маш их ажил байдаг. Энэ болгоныг тохируулж байж ажилладаг. Тусгай зөвшөөрөлгүй бол ажиллах боломж байхгүй. Миний хувьд ийм их төгрөгийг төлөх боломж байхгүй. Учир нь: Банк, машины зээлтэй, хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй хүүхэд ирсэн байгаа гэх

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.*******гийн нэхэмжлэлтэй Г.*******т холбогдох 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь Сэлэнгэ зар-ын дагуу Урлаг кафег түрээслэн ажиллуулахаар хариуцагч Г.*******тай харилцан тохиролцож үйл ажилагаа явуулсан байна. Талуудын хооронд ам хэлцэл хийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан харилцаа үүссэн гэх боловч үйл ажиллагаа явуулах Тусгай зөвшөөрөл-гүй, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан ...түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн заалтуудыг зохигчид зөрчсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Урлаг кафед үйл ажиллагаа явуулахын тулд засварын болон хүнсний материалын зардалд нийт 2.550.000 төгрөг зарцуулсан, үүнээс хариуцагчаас 250,000 төгрөгийг өгсөн үүнийг хасаж тооцон 2,300,000 төгрөг нэхэмжилж байгаагаас засвар хийсэн гэх гэх материалын зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гарган шийдвэрлэж, хүнсний бүтээгдхүүнийг өдөр тутмын хэрэглээнд ашиг олох зорилгоор хэрэглэсэн гэж үзэн хасаж тооцох нь зүйтэй. Урлаг кафед засвар хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд засвар хийлгэсэн хөлсөнд 40,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шинэ үе дэлгүүрээс гэрэл 77,500 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26, 05 дугаар сарын 28-ны өдөр, Сэлэнгэ барилгын дэлгүүрээс дээвэр наалт, цахилгаан утас, багс, гипсэн хавтан, эмульс, өнхрүүш, шпатал 114,200 төгрөг, мөн дэлгүүрээс хөөсөн тааз, 505 цавуу, шруп 24,500 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Стандарт дэлгүүрээс жин, разетка, утас 54,800 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 23, 06 дугаар сарын 28-ны өдөр Есөн-******* дэлгүүрээс крант 10,000 төгрөг, 6,300 төгрөг, иргэн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Тогтохсайхан торгон даавуу, оёдлыг хөлс /буйдан/ 252,100 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ дэлгүүрээс гэрэл, линт, өрөвтөл 3,300 төгрөг, 505 цавуу, шруп, крант 25,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Есөн-******* дэлгүүрээс булан 3,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14, 06 дугаар сарын 28-ны өдөр Стандарт дэлгүүрээс разетка, ламп 8,500 төгрөг, сэнс, хөвүүр, цемент, зүлгүүр 41,000 төгрөг нийт 608,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,941,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр хэрэгт авагдсан Хятад Улсын Эрээн хотоос 1200 юаниар хаяг хийлгэсэн баримт байгаа боловч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн юаны ханш нь тодорхойгүй байх тул гаргах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55,750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 608.700 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 18,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 зааснаар Г.*******аас 608.700 төгрөг гаргуулан Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,941,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55,750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА