| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/1232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1588 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1588
2025 06 13 2025/ШЦТ/1588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б ,
Шүүгдэгч: Ц.Т , түүний өмгөөлөгч Б.Ичинхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2403005480***** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр, *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, харуулч хамгаалалтын ажилтай, нарийн ногоо түгээлт хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.Ц.Т, РД:**** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Налайх-Улаанбаатар чиглэлийн замд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ж-г мөргөж эрүүл мэндэд баруун зулай яснаас чамархай яс руу 3 салаалан хөхлөг сэртэн, турк эмээл дайрч зүүн чамархай яс руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун 6-11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун зулайн хуйх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч Ц.Т нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Налайх-Улаанбаатар чиглэлийн замд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ж г мөргөж эрүүл мэндэд баруун зулай яснаас чамархай яс руу 3 салаалан хөхлөг сэртэн, турк эмээл дайрч зүүн чамархай яс руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун 6-11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун зулайн хуйх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13- 14-р хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18,20-21-р хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28-р хуудас/,
Хохирогч Б.Ж гийн “Манай гэр *** тоотод байдаг юм. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна зарим юмаа мартаад байна. Би *** зах орох гээд гэрээсээ гараад хойшоо зам дээр гартал замын наад талын урсгал машингүй байсан ба тэгээд зам хөндлөн гарах гээд ** дэлгүүрийн зүүн булан харалдаа зам гарсан замын голын гэрлийн шонгийн хажууд зайгаар нь гараад нөгөө талын хот руу явж байгаа урсгалыг хартал хоёрдугаар эгнээнд машингүй харин нэгдүгээр эгнээнд нэг автобус ирж байхаар нь тэр автобусанд суучихъя гэж бодоод тэр автобусны урдуур гүйсэн. Тэгтэл нэг хар машин ирээд мөргөсөн тэгээд юу болсныг санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б ын “2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байхад манай хүргэн ах надруу залгаад аав машинд мөргүүлсэн байна гэж хэлсэн тэгээд би очсон аавыг түргэн аваад явсан мөргөсөн жолооч нь байхгүй явчихсан байсан. Тэр жолооч явахад нь бид мэдээгүй. Бид нарын хажууд зогсож байгаад яваад өгсөн байна лээ. Яагаад тэгж хүн мөргөчхөөд бид нарт хэлэхгүй яваад өгч байгаа юм бол хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч Ж.С-н “...манай хүүхдүүд ирээд өвөө машинд мөргүүлсэн гэнэ буудал дээр байна гэнэ гэхээр нь би гараад ногоон зоорийн буудал дээр очиход манай хөрш айлын Т, үл таних хар машинтай эмэгтэй цаана нь 2-3 хүүхдүүд зогсож байсан. Аав буудлын саравчны сандал дээр сууж чихнээс нь цус гарчихсан, бүх хувцас нь цус, шороо болчихсон сууж байсан би тэгээд аваас юу болсон талаар асуухад аав дуугарч чадахгүй сулхан дуугаар намайг машин мөргөсөн гэхээр нь ямар машин байсан бэ? Харсан уу” гэхэд аав мэдэхгүй гэж хариулсан. Хажууд нь байсан үл таних эмэгтэй, Т хоёроос та хоёр ослыг харсан уу гэхэд тэр үл таних эмэгтэй мэдэхгүй биднийг явж байхад энэ өвөө ингээд сууж байсан ба утсыг нь аваад хүүхэд рүү нь залгаж хэллээ гэсэн. Би түргэн тусламж дуудсан уу гэж Т-с асуухад түргэн ирэх боломжгүй гэж хариулсан гэсэн. Тэгэхээр нь би өөрөө түргэн рүү залгахад их хурдан ирсэн. Түргэн ирээд эмч нь ирээд би хүнээ аваад явмаар байна цагдаа яасан бэ гээд байсан цагдаа болохоор эзэнгүй хэрэг учраас явуулахгүй байж бай гэд цагдаа нар ирээд түргэн аавыг манай бага охин У-той аваад явсан би цагдаа нартай үлдсэн тэгээд хэд хэдэн камерын бичлэг цагдаа нар шүүсэн тэгтэл хар өнгийн Приус 30 маркийн машин байсан тэгээд хажууд байгаад байсан үл таних эмэгтэй тэр машинд байсан юм билээ камерын бичлэгт тэр машины урд копут нь нэг том хонхойчихсон байсан тэгээд мэдсэн... Түргэн ирэхээс өмнө чихнээс нь цус гоожоод байна салфетка байна уу гэхэд тэр эмэгтэй машинаасаа авч ирж өгөөд та нар ирчихсэн юм чинь бид нар явчих уу гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Гэрч Ц.Т-гийн "Би 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 14 цагт гэрээсээ *** зах орохоор гарсан юм. Намайг ногоон зоорийн автобусны буудал дээр очиход нэг хүн сандал дээр суучихсан хажууд нь нэг эмэгтэй хоёр талд нь гараад сандраад байгаа байдалтай байсан. Тэгээд алхаад очиход манай хөрш айлын өвөө байсан тэгээд юу болсон бэ гэхэд тэр эмэгтэй мэдэхгүй намайг ирэхэд энэ хүн ингээд сууж байсан би туслах гээд бууж ирсэн гэсэн тэгээд өвөөгийн чихнээс цус гарчихсан хувцас нь цус болчихсон байсан тэгэхээр нь хүүхдүүдэд нь хэлсэн юм уу гэсэн чинь хэлсэн гэсэн би тэгэхээр өвөөгөөс таныг ямар машин мөргөсөн юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж өвөө хариулахаар нь би өвөөд таны утсаар хүүхдүүд рүү чинь залгалаа шүү гээд өвөөгийн утсыг үзээд нэг хүү рүү нь залгаж хэлсэн хаана байна гэж асуухаар нь автобусны буудал гэж хэлж өгсөн... Өөр хүн байгаагүй хажууд нь хар машинд нэг залуу хүүхэд тэврээд сууж байснаар хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх- ийн 55-56-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Б-н 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №94*** дугаартай "1. Б.Ж-н биед баруун зулай яснаас чамархай яс руу 3 салаалан хөхлөг сэртэн, турк эмээл дайрч зүүн чамархай яс руу үргэлжилсэн нийлмэл шугаман хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун 6-11 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун атгаал ясны хүзүү хэсгийн далд хугарал, баруун зулайн хуйх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-64-р хуудас/,
ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн шинжээч И.Б, Н.М, Д.Б нарын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05/32 дугаартай "Тoyota Prius маркийн *** улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн заалтуудыг баримтлан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно. Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь замын гарцгүй хэсэгт явган зорчигч зам хөндлөн гарч байхыг мэдсэн тохиолдолд зогсоох арга хэмжээг авна. Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчийг мөргөхгүйгээр зогсох зайнаас харах боломжтой байсан эсэхийг камерын бичлэгээс тогтоох боломжгүй байна. Явган зорчигч нь МУ-ын ЗХД-ийн 5.6-р заалт буюу "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Toyota Prius маркийн *** улсын дугаартай автомашины жолооч нь зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүрэг буюу МУ-ын ЗХД-ийн 3.5 "а, б, г-р заалтуудыг зөрчсөн байна. Toyota Prius маркийн *** улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.5 "а, б, г"-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх үүрэгтэй. Тухайн осол болох үед автомашин нь 28.14 км/цаг-аас бага хурдтай явж байсан байна. Toyota Prius маркийн *** улсын дугаартай автомашины явган зорчигчийг мөргөх эгшин дэх хамгийн их хурдыг тогтооё. Осол хэрэг гарсан хэмжилтийн бүдүүвч зургаас үзэхэд явган зорчигчийг мөргөсөн "А" цэгээс, унасан гэх "Б" цэг хооронд 4.9 метр зай байна. Дээрх зайнд "Toyota Prius" маркийн автомашин тоормослосон гэж үзээд явсан байж болох хамгийн их хурдыг тогтооё. Тухайн осол болох үед автомашин нь 28.14 км/цаг-аас бага хурдтай явж байсан байна." гэх дүгнэлт /хх-ийн 107-109-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээч Г.Ц, С.М, Т.Т нарын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3**** дугаартай “1. Toyota Prius маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно. 2. Жолооч нь замын гарцгүй хэсэгт явган зорчигч зам хөндлөн гарч байхыг мэдсэн тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3. Зорчигчийг мөргөхгүйгээр зогсох зайнаас харах боломжтой байсан эсэхийг камерын бичлэгээс тогтоох боломжгүй байна. 4. Замын нөхцөл байдал осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 5. Тухайн асуулт нь дүрмийн зүйл заалтаар тайлбарлагдах тул авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй. 6. Тээврийн хэрэгслийн тоормосны мөр тэмдэглэгдээгүй тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 7. Жолоочийн үйлдлийг камерын бичлэгээс тогтоох боломжгүй байна.", шинжээч Т.Түвшинбаатарын "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. Осол болоход жолоочийн үйлдэл нөлөөлөөгүй. ЗХД-н 3.5а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б. осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтуудыг зөрчсөн байна." гэх дүгнэлт /хх-ийн 112-113-р хуудас/,
Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.О-н 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн "1. Тoyota Prius маркийн *** улсын дугаартай тээрийн хэрэгслийн жолооч Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдож байна. Мөн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан Тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, еерийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч Б.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний "5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна." гэсэн дүрэм зөрчсөн байна.” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 121-122-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал шүүгдэгч Ц.Т ын үйлдэл нь “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байгаа, мөн шүүгдэгч Ц.Т нь хохирогчийг осол болсон газар орхиж явсан үйлдэл, эс үйлдэхүй" буюу хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тус тус тогтоогдож байгаа тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Ц.Т оос 35.284.287 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Үүн дээр нэмж сэтгэл санааны хохирлоо нэхэмжилжээ.
Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн Хуульзүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/**5 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан.
Хавтаст хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, зэрэглэлийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асран хамгаалагчийн цалин хөлс, зээлийн төлбөр зэргийг нэхэмжилж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ц.Т-оос эмчилгээний зардал нь 2.677.107, шатахууны зардал 391.170 төгрөг нийт 3.068.277 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-д олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь тус хохирлыг эрүүгийн хариуцлагын шатанд бүрэн төлж барагдуулжээ.
Иймд шүүгдэгч Ц.Т-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол, банкны зээл болон сахиурын цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Т-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугатаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Т т хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг уг нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэйг дурдаж байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, харин *** тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Т т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Т-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 / хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол, банкны зээл болон сахиурын цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.Т т буцаан олгосугай.
9. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС