2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1597

 

 

 

 

 

 

2025            06            13                                       2025/ШЦТ/1597         

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Б.Өнөбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г ,

Шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Ч.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 240900000**** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** өдөр *** төрсөн, эмэгтэй, ** настай, ам бүл 9 /аав, эгч, 6 дүүгийн хамтаар/, -*** тоотод оршин суудаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй М.Э- /РД*****/ .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э- нь Сүхбаатар дүүргийн нутаг ***т үйл ажиллагаа явуулдаг "***” ХХК-нд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нягтлан бодогч албан тушаалтайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба энэ хугацаанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс "***" ХХК-тай мөн нягтлангаар давхар ажиллахаар харилцан тохиролцон ажилласан ба ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан "***" ХХК-ийн данснаас 451,136,930 төгрөгийг, "***" ХХК-ийн данснаас 175,000,000 төгрөгийг өөрийн болон 1xbet бооцоот тоглоомын агентын данс руу шилжүүлэн хувьдаа завшиж бусдад 626,136,930 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э- нь “...Сүхбаатар дүүргийн нутаг ***т үйл ажиллагаа явуулдаг "***” ХХК-нд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нягтлан бодогч албан тушаалтайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба энэ хугацаанд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс "***" ХХК-тай мөн нягтлангаар давхар ажиллахаар харилцан тохиролцон ажилласан ба ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан "***" ХХК-ийн данснаас 451,136,930 төгрөгийг, "***" ХХК-ийн данснаас 175,000,000 төгрөгийг өөрийн болон 1xbet бооцоот тоглоомын агентын данс руу шилжүүлэн хувьдаа завшиж бусдад 626, 136,930 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан ...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 15 ху/,

Ажилд орохыг хүсэгчийн анкет, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24/04 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажилтантай байгуулах нууц хамгаалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, /1хх-ийн 10-17 ху/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Миний бие Хаан банкны *** тоот мен Хас банкны *** тоот данс ашигладаг ба ихэвчлэн Хаан банкны данс ашигладаг. М.Э- гэх хүн Эрдэнэт хотод ирээд манай эхнэр Ж-гаар удмын засал хийлгэхээр ирсэн. Тэгээд М.Э- гэх хүн надад карт байхгүй та картаа ашиглуулаач гэсэн ба миний картыг ашиглаж дээрх гүйлгээг хийгээд буцаагаад ***  хотын *** бөөний төв дотор байрлах АТМ- ээс бэлнээр тэр өдрөө шууд гаргуулан авсан. Тэр хүн өөрөө өөртөө зарцуулсан би зөвхөн картаа ашиглуулсан. Тэрийг би сайн мэдэхгүй байна нарийн ширийн зүйлийг хэлж мэдэхгүй харин би зөвхөн энхэр Ж-гийн онгод буух үед нь түшээ хийдэг. Ерөнхийдөө бол удмын засал хийлгэдэг төлбөр нь 3-5 сая төгрөг байдаг. Харин М.Э- нь 3 сая төгрөгөөр хийлгэсэн байх..." мэдүүлэг, /1хх-ийн 85-86 ху/,

***  ХХК, *** ХХК-ийн ахлах аудитор Б.Отгонбилэгийн гаргасан аудитын дүгнэлт:

              “...1. "***  ХХК-ийн арилжааны банкнууд дахь Худалдаа Хөгжлийн Банкны ***  тоот данс, Капитрон Банкны *** , ***  тоот дансны гүйлгээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгахад 1,325,689,930 төгрөгийн зарлагын гүйлгээ мөн 874,553,000 төгрөгийн орлогын гүйлгээ ямар нэгэн баримтгүйгээр хийгдэж, нийт 451,136,930 төгрөгийг хувьдаа завшсан байна. *** ХХК-ийн Капитрон банкны *** 7 тоот данс харилцаа дансны гүйлгээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгахад 175,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээг ямар нэгэн баримтгүйгээр хийгдэж, нийт 175,000,000 төгрөгийг хувьдаа завшсан байна.

 

              Нягтлан бодогч М.Э-гийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн бичгээр гаргасан тайлбарт "... Байгууллагаас авсан 660 сая төгрөгийг өөрт байгаа зүйлсийг зарах утас, компьютер, ipad бусад хэрэглэл, нөхрөөс кофе шоп бар, хийх байсан цомцог гэрийг заруулах, аав ээжээсээ хадгаламжийн зээлийг авхуулах, ах эгчээсээ мөнгө авч өгөх байдлаар төлж барагдуулна..." .." гэсэн нь байгууллагад нийт 626, 126,930 төгрөгийн бодит хохирол учруулан 1Xbet мөрийтэй тоглоом тоглосон байна..." гэх дотоод аудитын дүгнэлт, /1хх-ийн 102-103 ху/,

              Яллагдагч М.Э-гийн нэр бүхий 1х Бетийн агентуудтай харилцсан фейсбүүк мэссенэрийн хуулбарууд, /1хх-ийн 105-2хх-ийн 126 ху/,

              Гэрч Э.О-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхлээд мэдсэн юм. Яагаад гэвэл манайхаас төлөх ёстой байсан зээлийн төлбөр төлөгдөөгүй гэж нөгөө байгууллагаас над руу залгасан тэр үед би М.Э-тэй утсаар яриад асууж тодруултал банк хоорондын гүйлгээ учир гацсан юм шиг байна манай дансанд буцаад орж ирсэн байна гэсэн одоо шилжүүлье гэсэн. Тэгээд миний бие нөгөө газар луу залгаад манайхаас шилжүүлчихлээ 2 цагийн дараа орчих байх гэсэн боловч мөнгө нь ороогхүй байсан учир сэжиг аваад банк руу залгаад дансны хуулга гаргуулан авсан тэгсэн манай компанийн мөнгө байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /2хх-ийн 134-135 ху/,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***  бирж” ХХК, "***" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан М. М.Э- нь тус 2 компанийн данс дахь мөнгөн хөрөнгөөс 2024 оны 04 сараас 05 сарын 09-ний хооронд олон удаагийн үйлдлээр нийт 626, 136,930 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувийнхаа данс руу шилжүүлэн авч улмаар цахим мөрийтэй тоглож, дээрх 2 байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэрэг дээр толгой буюу нэг үүсгэн байгуулагчтай төв компанийн, хуулийн зөвлөхийн хувиар дээрх 2 компаниудад хувьцаа эзэмшигчдийн бичгээр гаргасан шийдвэрийн дагуу хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. М...” гэх мэдүүлэг, /2хх-ийн 148149 ху/,

              Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дээрх 2 компанийн дансны хуулганаас харж дүгнэлтийг гаргасан байгаа. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны ***  ХХК-ын Худалдаа хөгжлийн банкны ***  тоот дансанд, Мөн ***  ХХК-ын Капитрон банкны ***  тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, ***  ХХК-ын Капитрон банкны ***  тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, *** ХХК-н Капитрон банкны *** 7 тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгануудыг шалгаж нийт хохирол болон буцаан шилжүүлж оруулсан мөнгөн дүнг олж тогтоосон ба нийт хохирол 1,500,689,930 төгрөгийг зардал гаргаж хувьдаа ашигласан ба үүнээс 841,100,000 төгрөгийг буцаан хийж, мөн шалгах өдөр 33,453,000 төгрөгийг М.Э-гээр төлүүлсэн. Одоо бодит хохирол нь 626,136,930 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Үүнээс *** ХХК-ны хохирол нь 175,000,000 сая төгрөгийн бодит хохирол, ***  бирж ХХК нь 451,163,930 сая төгрөгийн хохирол учирсан байгааг олж тогтоон аудитын дүгнэлтийг гаргаж өгсөн байгаа. Мөн нягтлан М.Э-гийн гаргаж өгсөн тайлан болон өөрийн гараар бичиж өгсөн дээрх мөнгийг юунд ашиглаж хаашаа ямар данс руу шилжүүлсэн болохыг тайлбарлуулсан мөн дансны хуулгыг үндэслэж гаргасан байгаа...” гэх мэдүүлэг, /2хх-ийн 151 ху/,

              Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эзэмшдэг Хаан банкны данс байна. Би уг дансаар 1xbet цахимаар спортын тэмцээн уралдаанд бооцоо тавьдаг Орос улсалд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын сайт байдаг. Би Монголд өөрийнхөө мөнгөөр тоглох гэж байгаа хүний данс цэнэглэж өгдөг цахим фэйсбүүк ажиллуулдаг... ...Би ганцхан ***  дугаартай Хаан банкны данс ашигладаг...” гэх мэдүүлэг, /2хх-ийн 155-156/,

              Гэрч Б.Б-с гаргаж өгсөн баримтууд, /2хх-ийн 157-192 ху/,

              Яллагдагч М.Э-гийн нэр дээр бүртгэлтэй Капитрон банкин дахь дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /2хх-ийн 210-231 ху/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 240900000**** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.          

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ "***” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байсан ба энэ хугацаанд "***" ХХК-тай мөн нягтлангаар давхар ажиллахаар харилцан тохиролцон ажилласан ба ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан "***" ХХК-ийн данснаас 451,136,930 төгрөгийг, "***" ХХК-ийн данснаас 175,000,000 төгрөгийг өөрийн болон 1xbet бооцоот тоглоомын агентын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас бусдад 626,136,930 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Ч.Болд нар нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Э-г үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч М.Э-г дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд тооцсон болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас "***" ХХК-д 451,136,930 төгрөгийн хохирол, "***" ХХК-д 175,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч М.Э- нь “***” ХХК-д 140.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч М.Э-гээс  486.136.930 төгрөгийг гаргуулж "***" ХХК, "***" ХХК-д тус тус олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Э-г хохирогчид гаргуулж шийдвэрлэсэн хохирол төлбөрийг 4 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Э-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Харин дансны мэдээлэл агуулсан сидиг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Э-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Э-г 20.000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497.1 дүгээр зүйлийн 1, 510.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Э-гээс 486.136.930 төгрөгийг гаргуулж "***" ХХК, "***" ХХК-д олгосугай.

           5. Шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчид олгож шийдвэрлэсэн хохирол төлбөрийг 4 жилийн хугацаанд төлж дуусгах үүрэг хүлээлгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх дээрх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            7. Хэрэгт авагдсан дансны мэдээлэл агуулсан сидиг хэргийн хамт хадгалсугай.

            8. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай зөвшөөрлөөр Хаан банкин дахь ****, *** дугаартай данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласныг,

            Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай зөвшөөрлөөр яллагдагч М.Э-гийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкин дахь дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай. 

9. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            11. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС