2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1438

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч *************,

хохирогч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************* овогт *************ы *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000372 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 23-нд Хөвсгөл аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дүгээр хороо, Богд Ар хорооллын *** байрны **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:**************/, ************* овогт *************.

                                                     Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*************” төвийн  5 дугаар давхарт байрлах ресторанд *************той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шилэн стакан шидэж түүний толгойн тус газарт онож эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ “2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр найз *************гийн төрсөн өдөрт уригдаж ************* төвийн 5 давхарт байрлах ресторанд очсон. Найзын төрсөн өдөрт очиход ************* байсан. Өмнө нь *************той  2-3 удаа уулзаж байсан бөгөөд ************* нь надад  тухайн үед таагүй сэтгэгдэл үлдээсэн учир би тэр тухай нь хэлэхэд миний өөдөөс хэл ам хийгээд дунд хуруу гаргахаар нь би тухайн үед уурандаа юм авч шидсэн. Гэхдээ толгойг нь ононо  гэж бодоогүй байтал толгойг нь оносон. Тэгээд эмчлүүлсэн гэж сонсоод би маш их санаа зовсон. Тэгээд цуг явж эмчлүүлэх гэж байсан боловч тухайн үед хүүхэд маань өвдөөд өөрөө явж чадаагүй учир нөхрөө цуг явуулж толгойн зураг авхуулсан. Би мөн өөрөө сэтгэл санаагаар унасан. Маргааш нь толгойндоо оёдол тавиулсан гэхэд нь өөрөө гайхаад, айж байсан бөгөөд уучлалт гуйсан. Цагаан сарын үе байсан учир томографи үзүүлж байна гэх үед нь намайг уучлаач гэж хэлсэн. Тэгээд би ************* руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Миний хувьд анх удаа ийм асуудалд орж байгаа болохоор хуулийн байгууллагын процессыг сайн мэдэхгүйгээс хохирол төлж амжаагүй. Түргэн аашаа барьж дийлэхгүй ийм асуудал болсонд харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* мэдүүлэхдээ “Найз *************гийн төрсөн өдөрт уригдсан. Тухайн үед би өөрөө сурдаг, ажилладаг завгүй байдаг бөгөөд найздаа хэлтэл ажлаа зохицуулаад хүрээд ир гэхээр нь орой нь 20 цагийн үед очсон бөгөөд хоол идээд, вино уусан. Тэгтэл ************* намайг буруугаар ойлгосон гэж хэлсэн бөгөөд  хэрүүл хийгээд байсан. Тэгтэл төрсөн өдрийн эзэн орж ирээд чимээгүй байгаарай гэхээр нь бид чимээгүй болсон. ************* нь миний гадаад үзэмжээр намайг хэл амаар доромжилсон болохоор нь би дунд хуруу гаргасан. Тайлбарлаж хэлсэн нь буруу болсон. Толгой руу юм авч шидчихээд цус гарч байхад над руу хутга авч дайрсан бөгөөд би яг энэ үйлдэл дээр нь эмзэглэлтэй байна. Яг энэ үйл явдлаас болоод гэртээ удаан байсан. Би сэтгэл зүйн хувьд хэцүү байна. Хүн рүү юм авч шидчихээд хутга авч дайрсан гэдэг нь байж боломгүй үйлдэл юм. Одоо баримтаар учирсан хохирлыг нэхэмжилж байна. 3,944,267 төгрөгийн баримт нь эмчилгээ, эм тариа, эмнэлгийн баримтууд байна. Сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Эмнэлэгт 24-нд хэвтсэн бөгөөд цагаан сарын 3 хоног гэртээ байж байгаад эргэн ирж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэж байхад гаднаас эм тариагаа авдаг байсан. Нөхөр нь миний емрайн төлбөрийг төлсөн. Өөрөөр төлсөн зүйл байхгүй. *************тай бол өмнө нь хоёр удаа тааралдаж байсан. Өмнөх таагүй харилцаанаас болж ийм явдал болсон.” гэв.

Гурав: Эрүүгийн 2510000000372 дугаартай хэргээс.

Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 07 дахь тал)

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-18 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************ын өгсөн: “Миний бие 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *************гийн 5 давхарт өөрийн найз *************гийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Энэхүү баяр дээр нийт надтай нийлээд 5 эмэгтэй байсан юм. Тодруулбал, *************, би, *************, *************, ************* нар байсан болно. Энэ явдлаас өмнө би найз *************гийн хамт шар айраг ууж байхад ************* надад клуб орох саналыг тавьсан. Тэгэхэд би маргааш нь ажилтай байсан учраас татгалзсан, тэр үед ************* надад *************г дуудчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би *************г ирэнгүүт нь гэр рүүгээ орлоо гэж хэлээд байж байхад ************* ирсэн тэгээд би гэр рүүгээ орсон юм. Энэ зүйл дээр ************* тухайн үед надад ************* таалагддаггүй учраас клуб руу хамт яваагүй, гэр рүүгээ орсон гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *************гийн 5 давхарт *************гийн төрсөн өдрөөр энэ талаар ************* надад ярьсан. Би бүх зүйлийг тайлбарлаж өгсөн боловч ************* нь миний ярьсан зүйлийг ойлгохгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үед ************* бол юм ойлгох чадваргүй хүн юм байна даа гэж бодоод сууж байсан. Мөн би тухайн төрсөн өдрийн баяр дээр даашинз өмсчихсөн байсан бөгөөд хэсэг хугацааны дараа ************* надад хэн ч чам шиг даашинз өмсөөд сууж чадна, чамайг найзууд чинь элдвээр ярьж муулдаг юм байна лээ гэх зүйлсийг ярьсан. Би энэ зүйлийн хариуд ямар нэгэн зүйл түүнд хэлэлгүй дотроо “гуцна биз” гэж бодоод түүн рүү дунд хуруугаа гаргасан. Тэгсэн чинь гэнэт ************* миний толгой руу ямар нэгэн юм шилэн ширээнээс аваад шидсэн. Тэгэхэд миний толгойны зулай хэсэгт зүсэгдэж хагарсан. Мөн намайг толгойгоо бариад доошоо сууж байхад ************* ширээнээс стейкний хутга бариад дайрах гэж байсан гэж хэлсэн. Тэгэхэд хамт байсан хүмүүс *************г болиулж тухайн хутгыг нь авч салгасан гэж байсан. Ингээд зүгээр сууж байгаад бусдад биедээ халдуулж хохирсондоо гомдолтой байна. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч *************гийн өгсөн: “...************* нь бусдад биедээ халдуулж гэмтсэний улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *************гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.*************гийн өгсөн: “*************гийн төрсөн өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “*************” төвийн 5 давхарт нэг ресторанд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан. *************гийн төрсөн өдөрт *************, *************, *************, ************* бид 5 байсан юм. Бид нийлээд 7-8 шил вино ууж төрсөн өдрийг нь тэмдэглэсэн бөгөөд 23 цаг болж байх үед би ариун цэврийн өрөө рүү ороод сууж байсан ширээн дээр ирэх үед ************* нь ************* руу шилэн стакан шидчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *************ын өгсөн: “Миний төрсөн өдөр жил бүрийн 02 дугаар сарын 24-ний өдөр болдог юм. Тэгээд би өөрийн найзууд болох *************, *************, *************, ************* нарыг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************”-ийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд төрсөн өдрөө тэмдэглэж өнгөрүүлсэн юм. Би *************, ************* хоёртой танилцаад нэг их удаагүй, *************, ************* хоёрыг яг ямар хүмүүс вэ гэдэг талаар сайн хэлж мэдэхгүй ааш араншингийн талаар сайн мэдэж амжаагүй байгаа. Бид найзалж нөхөрлөөд 1 жил гаруй хугацаа болж байгаа. Харин *************, ************* хоёр нь урьд өмнө нэг удаа уулзаж байсан юм байна лээ. Тухайн үедээ хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэсэн юм шиг байна лээ, тэрийг бол сайн мэдэхгүй байна. Ямартай ч миний төрсөн өдөр дээр *************, ************* хоёр урьд нь үүссэн таарамжгүй харилцаанаас болж бие биедээ эвгүй үгс хэлж, маргалдаад байсан. Би *************д хандаж боль гэж хэлсэн, гэвч ************* миний үгийг сонсоогүй. Харин ************* нь миний боль гэх үгийг хүндэтгэн сонсож байсан боловч ************* нь болихгүй үгээр доромжилж хэрүүл хийгээд байсан. Тэгээд би тухайн үед буюу 2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед ариун цэврийн өрөө ороод ирэх үед тэр хоёр маргалдсаар байсан юм. *************, ************* хоёр өөд өөдөөсөө хараад суучихсан, маргаан нь нэлээн хурц хэлбэртээ шилжчихсэн, хэрэлдээд сууж байсан. Тэгээд би болиулах санаатай ширээний ард суугаад *************д дахин болиоч, одоо болно гэж хэлсэн. ************* тухайн үед мөн адил миний үгийг сонсоогүй, *************од хэлэхэд бол сонсож байсан юм. Тэгсэн чинь гэнэт ************* ширээнээс нэг юм аваад ************* руу юм шидсэн. Тухайн үед бол би яг юу шидсэн талаар хараагүй, ард талд шил хагарах чимээ дуугарч тэрний араас ************* ширээнээс стейкний хутга авч ************* руу далайсан. Тэрийг бол *************, ************* бид гурав зогсоогоод, ************* нь *************г зөөгч нарын хамт тухайн газраас аваад гарсан. Харин *************ын толгойноос шууд цус гараад эхэлсэн. Ингээд би *************од анхны тусламж болох цусыг тогтоох арга хэмжээ аваад эмнэлэг рүү явуулсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.*************гийн өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нь бүтэн сайн өдөр байсан байх. Манай найз Өлзийжаргалын төрсөн өдөр 02 дугаар сарын 24-ний өдөр учир бид найзуудаар цугларч Өлзийжаргалын төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бид тухайн өдөр тавуулаа цугларсан бөгөөд Өлзийжаргал, *************, *************, ************* нар байсан юм. Тухайн өдөр бид Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” төвийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд Өлзийжаргалын төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд тэр үед *************, ************* хоёр нь хоорондоо юм ярьж сууж байгаад хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёрын хэрүүл урьд нь үүссэн байсан маргаанаас болж эхэлсэн юм. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад ************* нь ************* руу дунд хуруугаа гаргасан чинь ************* нь ширээн дээр байсан виноны хундага гартаа авч байгаад шууд ************* руу шидчихсэн. Би тэр үед ширээний ард сууж байсан учир бүх зүйлийг харж байсан юм. Тэр үед *************гийн урд талд ************* нь яг өөдөөс нь хараад сууж байсан юм. Тэгээд *************ын толгойны орой, дух хэсгээс нь цус урсаад эхэлсэн. *************г манай найз ************* авч гарсан. Би Өлзийжаргалын хамт *************ын толгойноос гарч байсан цусыг тогтоох гээд үлдсэн. Ингээд дараа нь ************* эмнэлэг рүү явсан байх.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3778 дугаартай: “*************ын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1021 дугаартай: “Хохирогч ************* нь сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дахь тал)

Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *************гийн өгсөн: “...Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*************” төвийн 5 давхрын ресторанд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай найз *************гийн төрсөн өдөр зохион байгуулагдсан юм. Тухайн төрсөн өдрийн баярт намайг миний найз ************* урьсан тул би тус өдрийн 19 цагт очсон. Тэрхүү баярт *************, *************, *************, ************* бид тавуулаа байсан. Бид тавуулаа *************гийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж таван шил вино уусан юм. Нэмж хоёр шил вино захиалаад сууж байтал би *************той ам мурийсан. Би *************той өмнө нь хоёр удаа уулзаж байсан ба ************* нь надад хоёр удаа уулзах үедээ таагүй сэтгэгдэл төрүүлж байсан. Ингээд *************гийн төрсөн өдөрт ************* бид хоёр маргалдаж байхад тэр над руу дунд хуруу гаргахаар нь би ширээнээс шилэн стакан барьж аваад урагшаа буйдан руу шидчихсэн юм. Гэхдээ би *************ыг санаатай толгойг нь онож гэмтээе гэж бодож шидээгүй, нэг мэдэхэд *************ын толгой нь шалбарчихсан, цус гарчихсан байсан. Тэгээд ************* тухайн үед ариун цэврийн өрөөнөөс гарч ирж таарсан ба намайг шууд татаад гадуур хувцсыг маань өмсүүлээд аваад гарсан. Ийм л зүйл болсон юм...би дахин ийм үйлдэл гаргахгүй, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*************” төвийн 5 дугаар давхарт байрлах ресторанд хийгдсэн *************ын төрсөн өдрийн баярт уригдаж очсон найз *************, ************* нар хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдахдаа ************* руу ************* дунд хуруугаа гаргахад нь ************* ширээн дээр байсан шилэн стакан авч шидэж *************ын толгойн тус газарт оносон хэргийн үйл баримт авагджээ.

*************гийн энэ үйлдлийн улмаас *************ын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь: гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 07 дахь тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-15 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-18 дахь тал), хохирогч *************ын “...************* надад хэн ч чам шиг даашинз өмсөөд сууж чадна, чамайг найзууд чинь элдвээр ярьж муулдаг юм байна лээ гэх зүйлсийг ярьсан. Би энэ зүйлийн хариуд ямар нэгэн зүйл түүнд хэлэлгүй дотроо “хуцна биз” гэж бодоод түүн рүү дунд хуруугаа гаргасан. Тэгсэн чинь гэнэт ************* миний толгой руу ямар нэгэн юм шилэн ширээнээс аваад шидсэн. Тэгэхэд миний толгойны зулай хэсэгт зүсэгдэж хагарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), гэрч Д.*************гийн“...ширээн дээр ирэх үед ************* нь ************* руу шилэн стакан шидчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч *************ын “...2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед ариун цэврийн өрөө орчхоод ирэх үед тэр хоёр маргалдсаар байсан юм. *************, ************* хоёр өөд өөдөөсөө хараад суучихсан, маргаан нь нэлээн хурц хэлбэртээ шилжчихсэн, хэрэлдээд сууж байсан...гэнэт ************* ширээнээс нэг юм аваад ************* руу юм шидсэн. Тухайн үед бол би яг юу шидсэн талаар хараагүй, ард талд шил хагарах чимээ дуугарч тэрний араас ************* ширээнээс стейкний хутга авч ************* руу далайсан, тэрийг бол *************, ************* бид гурав зогсоогоод ************* нь *************г зөөгч нарын хамт тухайн газраас аваад гарсан. Харин *************ын толгойноос шууд цус гарсан...Би энэ талаар *************гаас асуухад ************* дунд хуруугаа гаргаад байсан гэсэн... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78 дахь тал), гэрч Б.*************гийн “...************* нь ************* руу дунд хуруугаа гаргасан чинь ************* нь ширээн дээр байсан виноны хундага гартаа авч байгаад шууд ************* руу шидчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал), шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0725/3778 дугаартай “*************ын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал), шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1021 дугаартай “хохирогч ************* нь сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-96 дахь тал), хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 100-101 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *************гийн яллагдагчаар өгсөн: “...************* бид хоёр маргалдаж байхад тэр над руу дунд хуруу гаргахаар нь би ширээнээс шилэн стакан барьж аваад урагшаа буйдан руу шидчихсэн юм...нэг мэдэхэд *************ын толгой нь шалбарчихсан, цус гарчихсан байсан...” (хавтаст хэргийн 54-55 дахь тал)-д гэсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *************ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************* нь хохирогчийн толгойн тус хэсэг рүү шилэн стакан шидсэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч *************ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэргийн 100-101 дэх талд авагдсан эмнэлэгт хэвтсэн төлбөр, эм эмчилгээнд зарцуулсан нийт 3.944.267 төгрөгийн хохиролтой холбоотой баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байна. Үүнээс буюу 3.944.267 төгрөгөөс мөрдөн байцаалтын явцад *************гаас хохирогчид өгсөн 500.000 төгрөгийг төлөгдсөнд тооцон хасаж үлдэх 3.444.267 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Энэ хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1021 дугаартай: “Хохирогч ************* нь сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 94-96 дахь тал)

Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

 Сэтгэцэд учирсан гэм хорын эмгэгийн нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Иймд *************ын сэтгэцийн хор уршгийн зардалд тухайн үеийн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.980.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч *************гийн “...************* нь бусдад биедээ халдуулж гэмтсэний улмаас эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *************гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)-д мэдүүлэг авагдсан байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *************гаас 124.762  төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хохирогч дунд хуруугаа гаргаснаас  шилэн стакан авч хүний толгой руу шидэж оносон), хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар (тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал) шүүгдэгчийн хувийн байдал (урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй) зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэв.

Хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

     ТОГТООХ нь:     

1. ************* овогт *************ы *************г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5Шүүгдэгч  *************гаас нийт 5.424.267 төгрөгийг гаргуулж хохирогчийн хохиролд 3.444.267 төгрөг,  сэтгэцийн хор уршгийн зардалд 1.980.000 төгрөгийг *************од олгосугай.

6Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *************гаас 124.762 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ************* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ