| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1278/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1513 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч *************,
хохирогч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***** овогт **********ны **********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508001160640 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 3 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “CU” сүлжээ дэлгүүрт цагийн ажилтан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Дархан-Уул аймаг *** дугаар хороо ,*** дүгээр баг, *** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, Москва апартментын ****** дугаар байрны **** түр оршин суудаг гэх, /РД:**********/, ***** овогт **********ны **********.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадна хохирогч *************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ “ Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Надаас эмчилгээний зардалд хохирогч 8.100.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь миний хувьд их мөнгө учраас шууд гаргаж өгөх боломжгүй байгаа боловч би хохиролыг төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* мэдүүлэхдээ “Одоогийн байдлаар 8.900.000 төгрөгийн зардал гарсан. Ах нь ирээд хохирол нөхөн төлөх талаар хэлж байгаад баримтуудыг аваад явсан ч төлөөгүй. Баримтаар эмнэлгийн ор хоногийн мөнгө 6.200.000 төгрөг, мэс заслын зөрүү төлбөр 400.000 төгрөг болсон байгаа. Эмнэлгээр зөндөө явсан бөгөөд хичээлдээ явж чадаагүй учир хохирол дээрээ сэтгэл санааны хохирол 800.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Хохирогч надаас уучлалт гуйсан. Миний хохиролыг төлчихвөл би гомдол саналгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2508001160640 дугаартай хэргээс.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************ын өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай найз охин ********** над руу залгаад “намайг энд нэг согтуу хүн оролдоод байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд би найз охиноосоо хаана байгаа юм гэхэд өөрийгөө **********ынд байна гэж хэлсэн. Би найз **********ынд очиход гэрийнх нь гадаа баахан согтуу хүмүүс зодолдож байсан. Гэрийх нь үүдэнд болж байсан зодооныг салгаад найз охин **********ыг аваад явах гэхэд миний сайн охины найз залуу нь энэ юм уу гээд ********** над руу дайраад байсан. ********** нь согтуу байсан болохоор би тоохгүй найз охиноо аваад өөр газар сууж байхад араас ********** ирээд надад “аз жаргал хүсье” гэж хэлээд миний нүүр рүү цохиод зугтаагаад яваад өгсөн. Цохисны дараа миний хамраас цус гараад байсан. Тухайн үедээ би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй эмнэлээр явж хагалгаанд орсныхоо дараа би цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 500 дугаартай: “*************ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 56-57, 59-60 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *************ийн өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр 53 дугаар байрны *** тоотод ********** гэх найзындаа найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би **********ын хамт гадаа гарч тамхи авах гээд дэлгүүр рүү гарсан чинь ********** гудамжинд явсан хүмүүстэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би салгаад байж байсан чинь үл таних ********** найз гэрт байсан хүмүүсийн хамт гарч ирсэн. Тэгээд **********, ********** хоорондоо маргалдаад байхаар нь дундуур нь орж салгах гээд байж байсан чинь үл таних залуу над руу дайраад намайг хоолойноос боож түлхсэн. Тэгээд хажууд байсан хүмүүс тухайн хүнийг надаас холдуулсан. Удалгүй дахин хоёр залуу ирээд намайг шууд цохисон. Бид нар салаад ********** гэх найзтайгаа гэр рүү нь орох гэж байтал надтай маргалдсан нэг залуу орцны үүдэнд зогсож байхаар нь очиж уулзаад хэдүүлээ юунаас болж маргалдсан намайг яагаад цохисон юм бэ гэж асуусан чинь намайг зайл гээд тухайн залуу хөөгөөд байхаар нь тухайн залуу Төмөрбатыг би шууд хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал)
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны гадна хохирогч *************тай нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал), хохирогч *************ын өгсөн: “...********** ирээд надад “аз жаргал хүсье” гэж хэлээд миний нүүр рүү цохиод зугтаагаад яваад өгсөн. Цохисны дараа миний хамраас цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 500 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), Хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 56-57, 59-60 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *************ийн яллагдагчаар өгсөн“...намайг зайл гээд тухайн залуу хөөгөөд байхаар нь тухайн залуу Төмөрбатыг би шууд хамар хэсэг рүү 1 удаа цохисон...” (хавтаст хэргийн 32-34 дэх тал)-д гэсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.
Хэргийн хохирогч *************ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ************* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч *************ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “...нийт 8.900.000 төгрөгийн зардал гарсан. Ах нь ирээд хохирол нөхөн төлөх талаар хэлж байгаад баримтуудыг аваад явсан ч төлөөгүй. Баримтаар эмнэлгийн ор хоногийн мөнгө 6.200.000 төгрөг, мэс заслын зөрүү төлбөр 400.000 төгрөг болсон байгаа. Эмнэлгээр зөндөө явсан бөгөөд хичээлдээ явж чадаагүй учир хохирол дээрээ сэтгэл санааны хохирол 800.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.” гэж мэдүүллээ.
Хохирогчийн нийт 8.900.000 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон эмнэлгийн мэс заслын зөрүү төлбөрийн 400.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 56 дахь тал), эмнэлгийн ор хоногийн төлбөр шилжүүлсэн 6.200.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай баримтууд байна. Иймд шүүгдэгчээс хохиролд нийт 6.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Үлдэх 2.300.000 төгрөгийн нэхэмжлэл нь холбогдох баримтгүйн учир энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.
Хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болон үйлдсэн хэргээ шударгаар хүлээж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэв.
Энэ хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***** овогт **********ны **********ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 6.600.000 төгрөгийг шүүгдэгч *************ээс гаргуулж хохирогч *************ад олгосугай.
6. Хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт ************* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ