Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/460

 

   И.Э-, С.Ч- нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч И.Э-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор П.Ганбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр И.Э-, С.Ч- нарт холбогдох эрүүгийн 1902010020176 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. И.Э-, 1972 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. С.Ч-, 1946 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 74 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            И.Э- нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ***ын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим ***төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-аас гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

            С.Ч- нь ***төрийн бус байгууллагын тэргүүний хувьд *** сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын ***-аас *** сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ***ын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.              

            Нийслэлийн прокурорын газраас: И.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.             

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Э-ыг нийтийн албан албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Ч-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Э-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, С.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Э-, С.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Ч-аас 2.000.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, И.Э-, С.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор П.Ганбаатар тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч И.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчиж байна. 2. ***төрийн бус байгууллагын “Төрийн банк”-ны 340101826201 дугаартай данснаас 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг “аж ахуйд” гэх утгаар зарлагдсан зарлагын мэдүүлэг /4хх 58/, С.Ч- нь И.Э-аас 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт /4хх 49/ зэргийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, улсын яллагчийн зүгээс эд мөрийн баримтаар хэргийн хамт хадгалуулах дүгнэлт гаргасан байхад тогтоох хэсэгт дурдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчиж байна гэж үзлээ. Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. И.Э- бидний хооронд хэн нэгэндээ давуу байдал тогтоохоор тохиролцсон зүйл байхгүй. Давуу байдал бий болгохыг эрмэлзэх бодит нөхцөл шалтгаан үүсээгүй байсан бөгөөд уг үйлдлийн улмаас ямар давуу байдал тогтсон, түүний улмаас үүсэж бий болсон үр дагавар юу байсныг бүрэн баталж нотолсон баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. *** нь Төрийн бус байгууллагын тухай хууль, өөрийн дүрэм, дотоод журмаараа үйл ажиллагаагаа зохицуулдаг бие даасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх үүрэггүй тул “...өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийлгэхгүйн тулд хахууль өгсөн...” гэх прокурор, шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

2. ***, *** сувилалтай байгуулсан 03/08 тоот гэрээний 4.2 дахь заалтын дагуу үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэл жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлбөрийг саадгүй шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг тул миний зүгээс тогтоосон хугацаанд санхүүжилт авахын тулд И.Э-ад 2.000.000 төгрөг өгснөөр илүү зардал хууль бусаар авсан буюу надад ямар нэгэн давуу байдал үүсэж бий болсон байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад иргэн надад ял шийтгэл оногдуулсан. Миний бие И.Э-ад мөнгө өгөх санаачилга гаргаагүй, ямар нэгэн давуу байдал тогтоох, шан харамж болгох талаар огт ярилцаж тохироогүй буюу ямар нэг ашиг завшин хүртэж, давуу байдал бий болгосон бодит үндэслэл, үйлдэл хуулийн дагуу тогтоогдоогүй бөгөөд тийм сэдэл санаа огт байгаагүй болно. И.Э-аас мөнгө өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд миний бие тухайн үедээ ямар зорилготой мөнгө өгөхийг хүсэж байгааг нь ойлгоогүй. Бодвол буцааж өгөх биз дээ гэсэн бодолтой уг мөнгийг өгсөн. Гэтэл И.Э- уг мөнгийг 3 жил шахам хугацаанд буцааж өгөөгүй, өгөх тухай дурсаагүй нь эрхэлж буй албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан буцааж өгөхгүй авилга болгон авна гэсэн бодол санаатай байсан эсэхийг би нотолж бас үгүйсгэж чадахгүй. Зөвхөн миний зүгээс ямар нэгэн авилга өгөх, давуу байдал бий болгох, тийм сэдэл, объектив шаардлагагүй байснаа шүүхэд илэрхийлж байна. Таньж мэддэг, тэгээд ч ажил хэргийн холбоо бүхий өндөр албан тушаалтай хүн мөнгөөр түр туслаач гэж шаардаад дахин хүсээд байх нь миний хувьд сэтгэл зүйн дарамттай, хүний нүүр халуун гэдэг зарчмаар дараа буцаан өгөх биз гэсэн сэтгэлээр 2.000.000 төгрөг өгснөө гэмт хэрэг гэж үзэхгүй байна.

Хэрэв намайг И.Э-ад албан тушаалын байдалтай нь холбогдуулан авлига өгсөн гэж үзвэл хэргийн нөгөө талд миний бие албан тушаалтны олон удаагийн гуйлт, шахалт дарамтад орсон нөхцөл байдлын улмаас энэ хэрэг үүссэн гэж үзэх үндэслэл байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье.

Уг хэргийг дахин хэлэлцэх шүүх хуралдаанд иргэн намайг өөрийгөө өмгөөлөн үг хэлсний улмаас прокурор ялын бодлогоо эрс чангаруулж өсгөсөн санал гаргаж, улмаар шүүхийн шийдвэр өөрчлөгдөн ялын хэмжээ нэмэгдсэн.

Миний бие уг гэмт хэрэг үүсгэх сэдэл санаа, өөртөө тогтоосон давуу байдал үгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү.

Үнэхээр миний ухамсар, эрх зүйн мэдлэг хүрэхгүйн улмаас гэм буруугаа ойлгож чадахгүй байгаа бол өндөр настай өвгөн намайг уучилж, гэм буруугийн үр дагавраа урьдчилан мэдээгүй, эрх зүйн мэдлэг хомс, зориудын сэдэл санаагүй, нийгэмд учруулсан бодит хохиролгүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, төр нийгэмд 55 жил шударга хөдөлмөрлөсөн хувийн байдал, буруутныг өөрөө илчилсэн байдал, сахарын хүнд хэлбэрийн өвчтэй эрүүл мэндийн байдал болон эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж буцаан төлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн 2.000.000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Л.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хахууль өгсөн, авсан гэх үйл ажиллагааны талаар анх С.Ч- Авлигатай тэмцэх газарт хандахдаа ***-ын үйл ажиллагааг шүүмжлэн тус газрын даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан И.Э- гэгч /хүний гар харж ажлаа явуулдаг хүн байна гэдгийг мэдээлж/ 2017 онд хувийн гачигдал ярьж надаас 2.000.000 төгрөг авчихаад өгөхгүй байна гэдгийг дурдсан байдаг. Хөдөө орон нутгаас гэрээ нүүлгэн авчрах шаардлага гарлаа, мөнгөний туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтээр 2.000.000 төгрөг өгч авалцсан гэдгээ С.Ч-, И.Э- нар аль аль нь тодорхой мэдүүлдэг бөгөөд холбогдох гэрч баримтуудаар ч энэ нь нотлогддог. Мөн мөнгө өгснөөс хойш 3 жил шахам хугацаанд энэ хүмүүсийн хооронд ажил албаны дэмжлэг туслалцааны талаар ямар ч яриа явагдаж байгаагүй нь дээрх 2.000.000 төгрөгийг өгөхдөө тодорхой ашиг сонирхол агуулаагүй, хүнлэг ёсны үүднээс тусалжээ гэдгийг давхар баталж байгаа юм. Гэтэл хэт яллах талыг барьсан прокурор, мөрдөгч нарын үйл ажиллагаанд хөтлөгдөж шүүх С.Ч-ыг өөртөө давуу байдал олж, ашиглах зорилгоор И.Э-ад 2.000.000 төгрөг өгсөн байна гэсэн таамаглалаар 3.000.000 төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасаж, түүнээс /эд мөрийн баримт гэх үндэслэлээр/ 2.000.000 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна. Энэ бол хуулиар далайлгаж иргэн С.Ч-ыг хэлмэгдүүлсэн үйл ажиллагаа мөн. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэх иргэдтэйгээ хувийн харилцаанд орж мөнгө авсан асуудал нь ёс зүй, гэм буруугийн хариуцлага тооцож болох үндэслэл байж болохоос биш, хүн хүндээ тусалж дэмжсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож болохгүй. Хэрэв шүүхийн практикийг ингэж тогтоовол хууль шударга ёс гажуудаад зогсохгүй, авлигатай тэмцэх асуудалд сөргөөр нөлөөлнө. Шүүх шударга ёс, шүүгч нар мэдлэг чадваргүй байгаагийн бодит жишээ болох энэ гажуудлыг засаж залруулахгүй бол шүүх шинэчлэлийн асуудлын хүрээнд цаашид ч яригдах сэдэв болохоор байна. Түүнчлэн энэ хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуулийг буруу хэрэглэж, ноцтой зөрчсөн олон алдаа гаргасан. Үүнд:

1. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж сэжиг таамгаар хэрэг шийдвэрлэснээрээ гэм буруугүй иргэн С.Ч-ыг хилсдүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Түүнчлэн энэ хэргийн цаг хугацааг үндэслэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн зохицуулалт зэргийг анхаарах ёстой байсан.

2. Гэмт хэргийн субъектив талын бүрдэлгүй байсан энэ хэрэгт С.Ч-ыг цагаатгаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дугаар зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ДШМ/07 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд хууль хэрэглээний талаар чиглэл өгсөөр байхад шүүгч Л.Галбадар шийтгэх тогтоолынхоо алдааг давтаж прокурорын яллах дүгнэлтийг хуулбарлан бичсэн.

4. Дээд шатны шүүхээс “Хуульд заасан ялыг хөнгөрүүлэх үндэслэлээ тодруул” гэсэн шаардлага тавьсан байхад түүнийг анхаарч хэрэгжүүлээгүйгээс гадна, торгох ялыг өмнөхөөсөө хүндрүүлсэн нь ч хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолоос С.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн үед С.Ч-ыг таньдаг байсан тул гэрээ нүүлгэх гээд 2.000.000 төгрөг зээлсэн. Харин буцааж өгөөгүй удсан нь үнэн. Гэхдээ ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй. ...” гэв.

Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатараас: “...хэргийг давж заалдах шатны шүүхээс буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхэд 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. “Давах юм бол хохь чинь шүү” гэдэг байдлаар ял шийтгэлийг нэмдэг субьектив нөхцөл байдал байна. И.Э- нь төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан. Тухайн үед 2.000.000 төгрөгийг зээлж авсан нөхцөл байдлыг мэдүүлж байсан. Өөр ямар давуу байдал үүсгэсэн, ямар чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байхыг шаардсан бэ гэдэг нь эргэлзээтэй. И.Э-ын хувьд өмнө 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлж шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хавтас хэрэгт мөнгийг шилжүүлж өгсөн баримтыг эд мөрийн баримтаар хурааж авсан. Энэхүү эд мөрийн баримтыг шийтгэх тогтоолд хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар орхигдуулсан нь хууль зөрчсөн гэж үзсэн. ...” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй байна.

            Прокуророос И.Э-ыг ***-/цаашид ***- гэх/-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар ***--ын ***-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ***- /цаашид ***- гэх/-ын орчим ***төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-аас гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            С.Ч-ыг ***төрийн бус байгууллагын тэргүүний хувьд *** сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, ***--ын ***-аас *** сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр ***--ын орчим 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ***--ын ***-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- шүүгдэгч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...И.Э- нь ***--ийн даргаар ажиллах хугацаандаа 2017 оны 9 дүгээр сард 9903Ч-* дугаарын утсаар надтай  ярьсан бөгөөд “ажил дээр хүрээд ирээч, гэрээ нүүлгэх гэсэн юм. 2.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тухайн үед би 10.000 болон 20.000 төгрөгийн дэвсгэртээр нийт 2.000.000 төгрөг аваад ***--ын байрны гадаа очоод утсаар залгахад гарч ирээд надаас мөнгийг аваад явсан. ... тэрээр ***--ийн шар байранд “хурал, семинарт сууж байна” гэж хэлээд намайг утсаар дуудсан. ... И.Э- нь тус газрын дарга бөгөөд бүх асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байсан. Тийм хүн надаас дээрх байдлаар мөнгө нэхээд, шахаад байхаар өгөхгүй байх боломж байгаагүй. Хэрэв өгөхгүй бол шалгалт оруулах, санхүүжилтийг саатуулах зэргээр ямар нэг хэлбэрээр шахан боогдуулах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хясан боогдуулсны улмаас 2.000.000 төгрөгийг өгсөн. Би мөнгө өгсөн хугацааны хувьд эндүүрээгүй. Энэ хүн албан тушаалын хувьд манай байгууллагын үйл ажиллагаанд шууд хөндлөнгөөс оролцох боломжтой гэж үзэж байсан. Мөнгө өгөхгүй бол цаашид дарамт шахалт ирэх байсан. Үүнээс айхдаа би дээрх мөнгийг өгсөн. Нөгөөтээгүүр миний зүгээс 2.000.000 төгрөгийг зээл болон буцалтгүй тусламж хэлбэрээр өгөөгүй. ...” /1хх 155-157, 3хх 129-131, 4хх 52-53, 54-55/, 

- шүүгдэгч И.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг С.Ч- гуайгаас авсан. Би түүнд гэрээ нүүлгэх гээд шатахууны зардал, мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлэхэд ах нь тусалъя гээд ***--ны байрны гадаа дээрх мөнгийг авчирч өгсөн. Миний хувьд дээрх мөнгөний тоо хэмжээг хэлээгүй. Би гадаа нь өөрөө гарч ирээд авсан. Тэрээр надад уг мөнгийг зүгээр өгч байна гэж ойлгосон. ... С.Ч- гэдэг хүнээс зүгээр мөнгө өгөх шалтгаан байхгүй. ...” /1хх 176-177/,

            - гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын данснаас үйл ажиллагааны орлого болох 2.000.000 төгрөгийг “аж ахуйд” гэж 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зарлагадаж захирал С.Ч-т өгсөн. Тухайн өдөр захирал намайг өрөөндөө дуудаад ***--ын И.Э- надаас хэдэн төгрөг авна гэж нэхээд байна. Өгөхгүй бол болохгүй байна.” гэж хэлсэн. Улмаар бид хоёр захирлын автомашинтай ажлаас шууд хөдлөөд 25 дугаар эмийн сангийн Төрийн банкны салбараас дээрх мөнгийг аваад тэндээсээ шууд ***--ийн шар тоосгон байшингийн баруун талын төв зам дээр автомашинаа тавиад С.Ч- гуай мөнгөө аваад буусан. Зам дагуу автомашинаа тавьсан учир намайг автомашиндаа үлдээгээд буугаад явсан. Буцаж автомашин дээрээ ирээд “яс саллаа, муусайн авлигачид хэцүү юм аа” гэсээр орж ирсэн, ... цаг хугацааны хувьд зөрүүтэй болон андуурч ярьсан зүйл байхгүй. Мөн манай байгууллагын Төрийн банк дахь 340101826201 дугаарын дансны хуулгаас харахад, ***--ын /106000021703/, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 22.550.000 төгрөгийг ***--аас сувиллын зардалд 9 сар гүйцэтгэл гэж манай дансанд шилжүүлсэн бөгөөд санхүүжилт орсны дараа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг авсан. ...” /3хх 134-135, 4хх 102-103/ гэсэн мэдүүлгүүд,

- ***--ын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай “И.Э-ыг тус газрын ***-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай.” гэсэн тушаал /1хх 219/,

- ***--ын даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/09 дугаартай “Ажилтан албан хаагчдыг томилох тухай” тушаал /2хх 69-70/,

- ***--ын даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/86 дугаартай “Төлбөрийн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг тус хэлтсийн Тусламж, үйлчилгээний төлбөрийн хяналт, давхар хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Ичинхоролын Э-аар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилсугай.” гэсэн тушаал /2хх 71/,

- “***-, И.Э-аас 2.000.000 /хоёр сая/ төгрөг хүлээн авлаа. Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн *** сувилал С.Ч- 2020.4.14” гэх баримт, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /4хх 49-50/,

- Төрийн банкны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 026/4127 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв”-ийн 340101826201 дугаартай дансны хуулга “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “аж ахуйд” гэх гүйлгээний утгаар зарлагадсан...” /4хх 145-147/,

- ***--ын даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/139 дугаартай Сургалт зохион байгуулах тухай “...Нийгмийн даатгалын шинэчлэл-өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт сургалтыг 2017.9.15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсугай...” гэсэн тушаал /4хх 150-151/ зэрэг нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч И.Э-ын “хахууль авсан”, шүүгдэгч С.Ч-ын “хахууль өгсөн” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Харин ийнхүү дүгнэхдээ, шүүгдэгч И.Э-ыг “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ тусгаагүй, хэрэгт хавсарган ирүүлсэн эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

1. Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцийг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталжээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

            Тус конвенцийн дагуу авлигын гэмт хэргийн субьект болох магадлалтай нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; 3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тус тус ойлгохоор зарим нэр томъёог тодотгож өгсөн ба дээрх конвенц, хуульд заасан хэм хэмжээнүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэгт заасан “Албан тушаалын гэмт хэрэг” болон 2015 оны Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан “Авлигын гэмт хэрэг”-үүдийн шинжийг тодорхойлох нөхцөл болжээ.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг.

   Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн, хэсэгчилсэн гэсэн төрөлд хуваадаг.

    Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг бол хэсэгчилсэн бүрэлдэхүүний тухайд гэмт хэрэг үйлдэх урьдчилсан шатанд /бэлтгэх, завдах/ төгс үйлдсэнд тооцогддог онцлогтой.

    Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй болно.

     Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд объектив талын заавал байх үндсэн шинжид хор уршиг /эдийн болон эдийн бус/ хамаардаггүй тул хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхойлон томъёолохдоо хор уршгийг хуульчилдаггүй.

    2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

    Ингэхдээ тухайн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж, 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон.

    Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул ажиллагааны явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгох, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана.

    Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

    Тэгвэл хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол “хүсэл шуналын” нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой ба хахууль өгөхдөө нэг дор нэг удаагийн үйлдлээр өгөхөөс гадна, хэсэгчилсэн байдлаар цувруулж өгөхийг үгүйсгэхгүй бөгөөд аль ч тохиолдолд хахуулийг өгснөөрөө төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт тооцно.

    Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, И.Э- нь албаны чиг үүргийн хувьд С.Ч-ын Төрийн бус байгууллагын *** сувилалд эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдох санхүүжилтийг шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд С.Ч- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн сувилалд зохих санхүүжилтийг авсныхаа дараа түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулж цаашид олгогдох санхүүжилтийг аливаа саад, чирэгдэлгүй авах үүднээс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг өгсөн, И.Э- нь уг мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулна гэж хэлж аваад 2 жил гаруй хугацаанд өгөөгүй ба С.Ч-ын гаргасан гомдлын дагуу хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойших хугацаанд буюу 2019 оны 10 сард тухайн байгууллагад шалгалт хийхдээ “зөрчил дутагдалтай”-д тооцож дүгнэлт гаргасны сацуу авсан 2.000.000 төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр буцаан өгсөн зэрэг байдал нь тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлж байна.   

Харин албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглаж, албан үүрэгт нөлөөлөхүйц харилцаа бүхий этгээдээс мөнгөн тусламж авахдаа өөрийн албан тушаалын эрх хэмжээнээс хальсан буюу албан тушаалын хувьд өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн эсхүл хамаарагдахгүй аливаа эрх, үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхдээ хахууль өгөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх ёстой.

Түүнчлэн хахууль өгөгчид тохиолдсон цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн болон бусад нөхцөл байдлын хувьд зайлшгүй тулсан нөхцөл байдал, /түргэн муудах барааг тээвэрлэх, бараа бүтээгдэхүүний хорогдол, үнийн хөөрөгдөл, уналт, хэрэгцээт эм тариа, вакцин гэх мэт/ тулгамдсан хэрэгцээг далимдуулан гацаах, эсхүл эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүндрэл саад учруулах, санаатайгаар удаашруулах зэргээр залхааж нэг талын ашиг сонирхлоор хахууль авсан бол “хясан боогдуулах аргаар үйлдсэн” хэмээн үздэг.

Дээрхээс дүгнэвэл, И.Э- нь ***--ын ***-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч болохынхоо хувьд эрүүл мэндийн байгууллагуудтай эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэх, үр дүнг тооцох, төлбөр тооцоог зохион байгуулах үндсэн үүргийг хүлээсэн бөгөөд ***төрийн тус байгууллагын харьяа “***т” сувилалд даатгуулагчдад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын зохих төлбөрийг төрийн сангаас олгуулсныхаа дараа албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу болгож тус байгууллагын тэргүүн С.Ч-аас хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэх ба тэрээр хахууль авахдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн болон хясан боогдуулах арга хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ДШМ/7 дугаартай магадлалаар урьд энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгохдоо “...шүүгдэгч И.Э-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх болсон хууль зүйн үндэслэл буюу хахууль өгөгч, авагч этгээдүүдийн ашиг сонирхлын нэгдэл юу байсан, хахууль авагч албаны ямар чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан зэрэг асуудлыг тодорхой тусгах...” талаар заасан байхад уг заалтад төдийлөн ач холбогдол өгч хэрэгжүүлэлгүйгээр, яллах дүгнэлтийн дагуу шүүгдэгч И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн байх бөгөөд ингэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч И.Э-ын чухам ямар үйлдэл нь гэмт хэргийн дээр дурдсан шинжийг хэрхэн агуулж буй талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтын шаардлагыг зөрчиж шийдвэрлэжээ.

            Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн III дугаар бүлэг болон 23 дугаар зүйлд авлигын гэмт хэргийн сэдэлтийг заавал тогтоохыг үүрэг болгосон боловч энэ гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг болохыг харгалзан санаа, зорилгыг хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг конвенцийн 28 дугаар зүйлээр зөвшөөрсөн.

            Шүүгдэгч С.Ч- давж заалдсан гомдолдоо: “...өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс И.Э-ад дээрх мөнгийг өгөөгүй, энэхүү үйлдлийн улмаас хохирол учраагүй...” гэж маргадаг.

            Гэвч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед И.Э-ад мөнгө өгөх болсон шалтгаан нөхцлийн талаар “...И.Э- нь тус газрын дарга бөгөөд бүх асуудлыг шийдэх эрх мэдэлтэй байсан. Тийм хүн надаас дээрх байдлаар мөнгө нэхээд байхаар нь өгөхгүй байх боломж байгаагүй. Хэрэв өгөхгүй бол шалгалт оруулах, санхүүжилтийг саатуулах зэргээр ямар нэг хэлбэрээр шахан боогдуулах боломжтой байсан. ... үүнээс айхдаа би дээрх мөнгийг өгсөн...” хэмээн тогтвортой мэдүүлж байсан бөгөөд, энэхүү мэдүүлэг нь гэрч Т.Э-ийн өгсөн “...тухайн өдөр захирал намайг өрөөндөө дуудаад ***--ын И.Э- надаас хэдэн төгрөг авна гэж нэхээд байна. Өгөхгүй бол болохгүй байна.” гэж хэлсэн. Улмаар бид хоёр дээрх мөнгийг аваад ***--ийн баруун талын төв зам дээр ... С.Ч- гуай мөнгөө аваад буусан. ... буцаж автомашин дээрээ ирээд “яс саллаа, муусайн авлигачид хэцүү юм аа” гэсээр орж ирсэн...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог.

            Албан тушаалын байдал гэдэгт тухайн албан тушаалтны хашиж байгаа албаны эрх, үүргээс гадна, албан тушаалынх нь нэр хүнд, нөлөөг авч үздэг бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 3 дугаар зүйл /Конвенцийн хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж заасан тул шүүгдэгч С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

             Нөгөөтээгүүр, давж заалдсан гомдолдоо иш татсан “...гэм буруугийн үр дагавраа урьдчилан мэдээгүй, эрх зүйн мэдлэг хомс, зориудын сэдэл санаагүй, дараа нь буцааж өгнө байх гэсэн сэтгэлээр хүн хүндээ тусалсан...” зэрэг шалтгаанууд нь түүний гэмт үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдаж байна.

             Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэгт заасан шинжийг өөр байдлаар буюу “...нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн...” гэж, шүүгдэгч И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг өөрийн шийдвэртээ нийцүүлэн хуулийн зүйл, заалтыг түүвэрлэн хэрэглэж хууль бус шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

2. Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог боловч энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгосон үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг билээ.

Шүүгдэгч И.Э-, С.Ч- нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ял шийтгэхээр хуульчилсныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-иар уг гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг “таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах” гэж өөрчилж, мөн оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялын хэмжээ нэмэгджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч И.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан байх боловч уг зүйл, хэсгийг хэрэглэх болсон хууль зүйн үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлал, хуулийн зохих шаардлагад нийцүүлэн шүүгдэгч И.Э-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ч-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч И.Э-ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Ч-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзлээ.

Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураан авахад чиглэгдсэн Олон улсын хамтын ажиллагааны “Практик ажилтанд зориулсан зөвлөмж”-өөс үзвэл дараах нэр томьёог тодорхойлсон. Үүнд: 

            - гэмт хэргээс олсон ашиг буюу гэмт хэргийн ашиг хонжоо /Benefit derived from crime or criminal benefit/ гэдэг нь тухайн өмч хөрөнгө, үйлчилгээ, давуу байдал буюу ашиг орлогыг хууль ёсны дагуу олж авснаас үл хамааран тухайн хүний хөрөнгийн нэг хэсэг болох, гэмт хэрэг үйлдэхэд тухайн этгээдийн шууд болон шууд бусаар олж авсан аливаа өмч хөрөнгө, үйлчилгээ, эсхүл ашиг орлогыг;

            - шийтгэх тогтоолд үндэслэн хөрөнгийг улсын орлого болгох, эсхүл хураан авах /Conviction-based confiscation or forfeiture/ гэдэг нь ял шийтгэл оногдуулсан тогтоолд заагдсаны дагуу гэмт хэргээс олсон орлогыг Улс хураан авахыг ойлгохоор тус тус тодорхойлсон ба манай улс Эрүүгийн хуулиндаа “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах” гэсэн нэр томьёогоор хэрэглэж байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч И.Э-, С.Ч- нарыг үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан, шүүгдэгч И.Э-аас хахууль авах гэмт хэргийн улмаас олсон орлогыг шүүгдэгч С.Ч-т буцаан шилжүүлсэн байдлыг үндэслэн С.Ч-ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 2.000.000 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

3. Мөрдөн шалгах ажиллагааны үед “***-, И.Э-аас 2.000.000 /хоёр сая/ төгрөг хүлээн авлаа. Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн *** сувилал С.Ч- 2020.4.14” гэх бичиглэл бүхий гар бичмэлийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргаж, улмаар яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт энэ талаарх мэдээллийг тусган хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэвч анхан шатны шүүх дээрх эд мөрийн баримтыг хэрхэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй...” хэмээн тусгасан байх тул давж заалдах шатны шүүх улсын яллагчаас гаргасан “эд мөрийн баримтыг хэргийн хамт хадгалуулах” дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар уг эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

            Түүнчлэн урьд 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг...” гэж хэргийн зүйлчлэлийг алдаатай бичсэн зөрчил гаргаж байсныг анхан шатны шүүх өөрийн санаачилгаар залруулж байсан атал энэ удаад 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад дээрх алдааг мөн давтсан байна. Улмаар прокурорын хүсэлтээр уг алдааг залруулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бус 3 дахь заалтыг залруулж буй байдлаар шүүгчийн захирамждаа дурджээ.

Ингэснээр шүүхийн шийдвэрт гарсан алдааг залруулж чадаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд ч мөн алдаатай байдлаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил болно.

Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэж гаргасан шийтгэх тогтоол бүртээ хэт хайнга, хариуцлагагүй алдаа гаргаж тогтоолын хэлбэр, бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй буюу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн дүгнэлт дутмаг хийж, техникийн шинжтэй алдаа гаргадаг, үүнийгээ давж заалдах шатны шүүхээр нөхөн гүйцэтгүүлж, зөвтгөн шийдвэрлүүлдэг тохиолдол удаа дараа давтагдаж байгааг цаашид анхааруулж байна.

Дээрх үндэслэлүүдийг нэгэн адил дурдсан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулан, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Нийслэлийн прокурорын газраас И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч И.Э- /***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Ч- /***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч И.Э- /***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Ч- /***/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-ад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-ад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.” гэж,

- 3 дахь заалтын “...12000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг...” гэснийг “...10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөг...” гэж, “...3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөг...” гэснийг “...2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг...” гэж,

- 5 дахь заалтын “...3 жилийн хугацаагаар...” гэснийг “...2 жилийн хугацаагаар...” гэж,

- 7 дахь заалтын “...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “***-  И.Э-аас 2.000.000 /хоёр сая/ төгрөг хүлээн авлаа. Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн *** сувилал С.Ч- 2020.4.14” гэсэн баримтыг хэрэгт хавсаргаж, ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН