Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 109

 

                                 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

           Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

            Улсын яллагч Г.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1991 оны 07 сарын 11-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй,  яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Борхойн баг, 13-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Зээлийн 26-45 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Дөрвөд овогт Билэгсайханы Эрдэнэ-Очир /РД:УЛ91071134/ холбогдох эрүүгийн 201701000091 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь  аймгийн Замын-Үүд дэх Хилийн 813 дугаар тэмдэгтийг нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2015 оны 10 сарын 24-нд Эрээн гарсан, орой болсон байсан учраас тэнд хоносон. Ингээд бүдүүн зээлийн хойд талын мурийтай тоглоомын газарт очиж тоглоод эхлээд мөнгө хожсон. Маргааш нь дахиж очиж тоглоод мөнгөө алдаж, паспортоо 1,500 юаны барьцаанд тавьсан. Ингээд Эрээнд 20 гаруй хоносон ба наашаа орж ирэхийн өмнөх өдөр хятадууд мөнгөө өгөхгүй байна гээд Эрээнээс баруун хойшоо явж, салхин сэнсний хавьд аваачиж зодсон. Тэгээд хүний нутагт байхаар Монгол руугаа оръё гэж бодоод дэлгүүрээс ус, мантуу аваад орой 6 цаг өнгөрөөгөөд Монгол руу алхсан. Хятадын хилийн тор даваад Монголын хилийн тор доогуур давахад нэг юм энгэрт тээглээд дээшээ хөөрөөд өдөр шиг болсон. Би тэр чигээрээ гүйгээд Монгол руу орж ирээд 3-ын хаалт дээр очиж үнэнээ хэлсэн. Би өөрийн хийсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн тайлбарт хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлж болно гэж заасан байгаа тул ялаас чөлөөлж өгнө үү. Би эхээс 4-үүлээ юм. Ээж маань сая цагаан сарын өмнө, ах маань цагаан сарын дараа нас барсан. Аавыгаа ямар хүн байсныг мэдэхгүй, намайг 9 сартай байхад эгчийг минь аваад явсан гэсэн. Одоо би дүүтэйгээ хамт амьдардаг. Иймд шоронд явбал дүүг маань харж хандах хүнгүй болно.” гэсэн мэдүүлэг

Хилийн дэглэмийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 3-13/

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь Замын-Үүд дэх боомтоор 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр гарсан тухай бүртгэл /хх-ийн 24-25/

Гэрч Ж.Пунцагсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн өдрийн 19 цаг 50 минутанд Хилийн 813 дугаар тэмдэгтийн чигт 4-5 дугаар хэсэгт байрлуулсан Кристал буюу Дохионы пуужин буудлаа гэж ангиас мэдэгдсэн. Тэгээд шуурхай ажиллагааны бүлэг гараад 4-н хаалт буюу хүмүүсийн сайн мэдэхээр том тэрэгний зам, Рентгэний замыг нээлгэж зөрчил гарсан чигт явцгаасан тухайн үед 20 цаг болж байсан байхаа. Тэгээд амарч байсан 3 цэргийг нэмэлтээр хаалт манаанд гаргасан. Би өөрөө 3-н хаалт буюу Суудлын автомашины Монгол Улсын хил рүү явдаг зам дээр зогсож байсан. Тэгээд 20 цаг 10 минутанд рентгэний хашаанаас нэг залуу “намайг битий буудаарай би монгол хүн байна” гээд ирсэн. Тэгээд тэр хүнээс юу болсон талаар асуухад “Хятадын пуужинг буудуулаад хоёр улсын торон доогуур мөлхөөд гараад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хүнээс Хятадад юу болсон талаар асуухад “би бичиг баримтаа барьцаалуулсан, хятадууд авсан тэгээд хятадын хилийн цаадах сэнсний ойр очиж тамлуулж зодуулаад тэсэхээ байгаад хил зөрчөөд ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би түүнд тамхи, ус өгч тайвшруулаад ангийн шуурхай жижүүрт мэдэгдсэн. Удалгүй ангийн шуурхай ажиллагааны бүлэг ирж түүнийг авч явсан. Тухайн үед хэдэн цаг болж байсныг одоо санахгүй байна. Тэр залуу, айж сандарсан, гадуур хувцас нь урагдсан, нуруу болон биеийн зарим хэсгээс цус гарсан байдалтай байсан. Нүүр царай зүгээр байсан. Өмссөн хувцас нь улаан өмд, хар куртиктай байсан. Тэр залуу өөрөө биенээсээ цус гарч байгаа газраа харуулж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48/

Гэрч Ж.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсын иргэн хил зөрчсөн орж ирсэн. Тэгээд би Хилийн 0108 дугаар анги дээр очиход 3 дугаар цэгт үүрэг гүйцэтгэж байсан Пунцагсүрэн гэх ахлагч хил зөрчигчийг саатуулсан гэж ярьж байсан. Тэгээд би хил зөрчигчийг саатуулсан хилийн зөрчлийн материалыг үзээд түүнээс тайлбар авсан. Тайлбар авахад тэрээр 2015 оны 10 дугаар сарын сүүлээр БНХАУ-руу гарч Эрээнд байдаг нэг дэлгүүрт покер тоглож мөнгө хожсон. Маргааш нь дахиж нөгөө дэлгүүрт очиж 6000 юань алдаж, гадаад паспортоо барьцаанд тавьсан гэж байсан. Тэгээд Эрээнээс нэг шил архи аваад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсын хил рүү явганаар алхаж хил нэвтэрсэн гэж ярьсныг байсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

Гэрч М.Энхманлайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн өдөр замын хаалтын хилийн харуулаас томилогдсон н.Пунцагсүрэн ахлагчтай манаа хил зөрчигчийн саатуулсан. Тухайн үед би шуурхай бүлэг ахлаад хил зөрчигчийг саатуулсан газар дээр очсон. Тухайн Монгол улсын иргэний саатуулсан байсан, тухайн үед хил зөрчигч нь өөрөө улсын хил хууль бусаар зөрчсөн асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хил зөрчигчийг саатуулж миний бие өөрөө хилийн зөрчлийн материал бүрдүүлж тагнуулын байгуулагад өгсөн. Хил зөрчигч өрөө ярихдаа Хятад улсад их хэмжээний мөнгөний өрөнд орж паспортаа хураалгасан, тэгээд зодож нүдээд байхаар нь хууль бусаар хилээр нэвтэрч орж ирсэн гэсэн…Тухайн үед хил зөрчигч боомтын баруун талаар 1 км хүрэхгүй газраар орж ирж, байнгын харуул манаатай таарч өөрийгөө хилээр хууль бусаар орж ирж байгаа, намайг битгий буудаарай гэж хэлж орж ирсэн гэж хилийн манаа хэлж байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/

Гэрч Ц.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Б.Эрдэнэ-Очир нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд бага насаа өнгөрүүлсэн, Б.Эрдэнэ-Очир нь ээжээсээ гурвуулаа юм, айлын дунд хүүхэд юм, түүний ээж, ах хоёр нь 2017 оны хавар цагаан сарын үед нас барсан. Б.Эрдэнэ-Очир болон түүний ах, дүүг түүний ээж нь ганцаараа өсгөсөн юм, Б.Эрдэнэ-Очир нь миний мэдэхээр бага боловсролтой, Б.Эрдэнэ-Очир нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сургуульд 4 дүгээр анги дүүргэсэн, түүнээс хойш сургуульд сураагүй дүүгээ хардаг байсан. Үүнээс хойш Б.Эрдэнэ-Очир нь гэр бүлийн хамт Дорноговь аймгийн Айраг суманд амьдарч байгаад сүүлд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ахындаа байдаг байсан, тэнд ахдаа тусалж, машин барьдаг байсан гэж сонсож байсан. Б.ЭрдэнэОчирын ээж, ах хоёр нь нас барснаас хойш Б.Эрдэнэ-Очир нь очих газар байхгүй манайд амьдарч байгаа. Б.Эрдэнэ-Очирын бага дүү нь манай ээжийн эгчийнд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байдаг одоо дунд сургуульд сурдаг сурагч юм. Б.Эрдэнэ-Очир нь төлөв томоотой, ажилсаг, хүний үгэнд сайн ордог, архи, дарс уудаггүй, ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй хүүхэд юм. Уг хүүхэд нь одоо хүмүүсийн ногоог ачиж, буулгахад нь тусалж грушик хийж байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Дорноговь  аймгийн Замын-Үүд сумын нутаг байрлах Хилийн 0108 дугаар ангийн харъяалан ажиллах хилийн 813 дугаар тэмдэгтээр БНХАУ-ын Эрээн хотоос явганаар явж, улсын хилээр нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн байх ба өөрийн энэ үйлдлээ Хилийн цэргийн 0108 дугаар ангийн алба хаагчид хэлсэнээр түүнийг саатуулсан байна.

Монгол Улсын иргэн, гадаадын иргэн,  харъяалалгүй хүн  Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй юм.

Гэтэл шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2015 оны 11 сарын 11-ны өдөр хилийн боомт бус газраар хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр Монгол Улс руу орж ирсэн буюу нэвтэрсэн идэвхитэй үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тухайн гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь Монгол Улсад нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр Монгол Улсын хилийг  хууль бусаар  нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хилийн дэглэмийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 3-13/ шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь Замын-Үүд дэх боомтоор 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын хилээр гарсан тухай бүртгэл /хх-ийн 24-25/, гэрч Ж.Пунцагсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/, гэрч Ж.Пүрэв-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 53/, гэрч М.Энхманлайгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 57-58/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгчийн үйлдлийг Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, түүний үйлдэлд  тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилж ирсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан   эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан дээрх нөхцөл байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нотлогдсон,  тэрээр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэж,  оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэ-очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэг хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дөрвөд овогт Билэгсайханы Эрдэнэ-Очирыг Монгол Улсад нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр Монгол Улсын хилийг  хууль бусаар  нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар Билэгсайханы Эрдэнэ-Очирыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эрдэнэ-очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэг хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг 6 /зургаа/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч  нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД