2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1514

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Г.Хурмандах /томилолтоор/

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *********** овогт ***********ын ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000571 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 20-нд Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** хэсгийн задгай *** тоотод оршин суудаг, урьд нь 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, /РД:***********/, *********** овогт ***********ын ***********. 

                                                  Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *********** нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Баяжихын хонхор 0-0 тоотоос хохирогч **********той утсаар ярин холбогдож түүний эзэмшлийн нэг ширхэг обудтай дугуйг худалдан авахаар очсон боловч эзэмшигч, өмчлөгчийн байхгүйд түүний зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролоо төлнө.” гэв.

Гурав: Эрүүгийн 2510000000571 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 05 дахь тал)

3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **********ын өгсөн: “...Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай хашааны гадна 13 цаг 30 минутын үед үл таних залуу манай ээжийг гэртээ байх үед миний машины обуд дугуйг зарах уу гэж хэлээд над руу манай ээжийн утсаар залгахаар нь би дан обудыг нь 150,000 төгрөгөөр зарна дугуйг 350,000 төгрөгөөр зарна гэж хэлээд утсаар ярих үед за за гэж хэлээд салгасан юм. Тэгээд би 16 цагийн үед гэртээ ирэх үед миний машины тайлаад тавьсан байсан обуд дугуй алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ы өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ нөхөр **********н хамт өөрийн эзэмшлийн 00-00 УБМ улсын дугаартай дипломат “crown” маркийн машинтай явж байхад манай нөхөр *********** руу түүний дүү ********** залгаад Био-д том оврын машин задаргаа зардаг юм байна. Очоод обуд үзээдхээч гэхээр нь би очсон. Тэгээд хогийн цэгийн ойролцоо машинаа зогсоогоод манай нөхөр *********** машинаасаа, ганцаараа буусан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр *********** нь нэг ширхэг обудтай том дугуй авчраад машиныхаа багааж руу ачаад, за явъя гээд явцгаасан. Тухайн дугуйгаа нөхөр бид хоёр түүний дүү Ж.Гантулгын хашаанд буулгаад буцаад гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Баяжихын хонхор 3-7 тоотод байрлах түүхий эдийн цэгийн хяналтын камерын бичлэгт дэлгэцийн зүүн дээд буланд байх он, сар, өдөр, цаг нь бодит цагтай таарч байсныг тэмдэглэлд тусгав. Зураг №1-ээр 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 33 минут 02 секундэд хохирогч иргэний дугуйг 1 этгээд түрээд хашаанаас гарч ирж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав. 01 цаг 33 минут 16 секундэд хохирогч иргэний дугуйг 1 этгээд түрээд явж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав. №3-p:2025 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01 цаг 33 минут 20 секундэд хохирогч иргэний дугуйг 1 этгээд түрээд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл чиглээд явж байгаа дүрс бичигдсэн байгааг харуулав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-27 дахь тал)

6. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Дугуй нэг ширхгийг 500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-21 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **********н өгсөн: “Би 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өөрийн унаж хэрэглэдэг 00-00 УБМ улсын дугаартай дипломат “crown” загварын тээврийн хэрэгслийг унаж эхнэр **********ы хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Баяжихын хонхор руу очих үед хашааны хаалга нь онгорхой гэрээс нэг эгч гарч ирээд ороод ир гэж хэлсэн. Тэгээд тухайн хүнтэй уулзаад обуд зарах уу гээд асуухад би хүнтэй нь яриулъя гээд өөрийнхөө гар утсаар үл таних эрэгтэй хүнтэй яриулсан. Тэгээд тухайн эрэгтэйгээс би нуухгүй обуд 1 ширхэг нь хэд вэ гэж асуухад 150.000 төгрөг гэхээр нь би арай хүнтэй байна гээд болиод гэрээс нь гарч явах үедээ хашаан дотор обудтай дугуй байхаар нь хашаанаас нь түрж гарч ирээд өөрийн машиндаа хийгээд тухайн дугуйгаа Нисэхэд буулгаад, гэртээ харьсан юм. Би эхнэр **********ы хамт явж байсан. Эхнэртээ би худалдаж авсан гэж хэлсэн. Тухайн айлын хашааны дотор том хаалганы үүдэнд обудтай дугуй байхаар нь түрээд гарсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх  тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч *********** нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баяжихын хонхорын ** дугаар гудамжны ** тоот хашаанаас обудтай дугуйг худалдан авахаар очсон боловч үнэтэй байна гэх шалтгаанаар худалдаж авалгүйгээр буцан гарахдаа хашаанд нь байсан **********ын өмчлөлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 06 дахь тал), Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 05 дахь тал), хохирогч **********ын өгсөн: “...Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай хашааны гадна 13 цаг 30 минутын үед үл таних залуу манай ээжийг гэртээ байх үед миний машины обуд дугуйг зарах уу гэж хэлээд над руу манай ээжийн утсаар залгахаар нь би дан обудын 150,000 төгрөгөөр зарна дугуйг 350,000 төгрөгөөр зарна гэж хэлээд утсаар ярих үед за за гэж хэлээд салгасан юм. Тэгээд би 16 цагийн үед гэртээ ирэх үед миний машины тайлаад тавьсан байсан обуд дугуй алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-27 дахь тал) “Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 18-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.         

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн **********н яллагдагчаар өгсөн“...тухайн айлын хашааны дотор том хаалганы үүдэнд обудтай дугуй байхаар нь түрээд гарсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” (хавтаст хэргийн 44-45 дахь тал)-д гэсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч *********** нь шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос ***********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.  

Шүүгдэгч **********н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч **********д 500.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ас 500.000 төгрөг гаргуулж хохирогч **********д олгохоор шийдвэрлэв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

***********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч ***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэв.

Хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                          ТОГТООХ нь:

1. *********** овогт ***********ын **********ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.  

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ас 500.000 төгрөг гаргуулж хохирогч **********д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт *********** цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ