2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1666

 

 

 

 

 

     2025          06            23                                        2025/ШЦТ/1666              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч: Л.Төгсжаргал,

Хохирогч: Б.Г,

Шүүгдэгч: З.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б- т холбогдох эрүүгийн 2406009320*** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **-ны өдөр ** хотод төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамтаар **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З.Б- , /РД:******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г-ыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжинэ хотод хамт очиж мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч, өөрт байхгүй боломжийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, замын зардал болох 2,500,000 төгрөг, хөрөнгө оруулалт хийх 25,000 юань бэлнээр авч, нийт 14,575,000 төгрөгийг хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч З.Б  нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г-ыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжинэ хотод хамт очиж мөнгийг нь өсгөж өгнө гэж хуурч, өөрт байхгүй боломжийг байгаа мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, замын зардал болох 2,500,000 төгрөг, хөрөнгө оруулалт хийх 25,000 юань бэлнээр авч, нийт 14,575,000 төгрөгийг хохирол учруулж, залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд:

Хохирогч Б.Г-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр гаргасан "...над руу 2023 оны 12 дугаар сараас эхлэн миний танил Ж.З.Б-  надад “урд их мөнгөний ажил байгаа, би өөрөө ашгаа авна, мөнгө чамд өгсөн мөнгийг чинь 3 нугалаад өгье”, “чи урагшаа хамт яваад юу ч хийхгүй намайг дагаад явж байхад болно" гэхчлэн удаа дараа мөнгө нэхэж байсан. Би өгөхгүй гэж байсан боловч вичат, мессеж, фейсбүүк зэрэг холбогдох болох бүхий л арга хэрэгслээр надаас мөнгө нэхсээр байсан. Мөнгө нэхэхдээ “миний ажлыг битгий баллаарай, чамд итгэж байгаа шүү” зэргээр намайг шалж, “энэ ажил найдвартай ажил, бүтэхгүй байсан ч өөр ажил руу мөнгийг чинь оруулаад өсгөөд өгнө, чи хятадуудад өгөх 25,000 юань, онгоцны зардал, замын зардлаа л даачих" гэсэн. Бид БНХАУ-ын Шинжань хотод очиж, хятадуудтай ажил ярина. Хөх хотоос Шинжань хот руу нисэх онгоцны билет захиалах гэж байна. Гадаад паспортын зургийг авсан. Нэгэнт тэнд очих онгоцны билетээ захиалчихлаа гээд би итгэсэн. 25,000 юань бэлнээр, 2,500,000 төгрөгийг АТМ-аас авч бэлнээр өгсөн. Үдээс хойш нь хамт Замын-Үүдийн вагонд суух ёстой байсан ч З.Б-  ирээгүй, утсаа салгасан, вичат, фейсбүүк дээр блоколсон байсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 22 дугаар хуудас/,

Мөн хохирогч Б.Г-оос гомдлын хамт гаргаж өгсөн "****” гэх фейсбүүк цахим хэрэглэгчтэй харилцсан талаарх бичгийн баримт /хх-ийн 23-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “...Би Ж.З.Б-  гэх эмэгтэйг 2018 онд хүнээр дамжуулж танилцсан... тухайн эмэгтэй 2023 оны 12 дугаар сарын эхээр өөрийнхөө "***" нэртэй фейсбүүкийн чатаараа надад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжинэ гэх хотод ажил байна. Намайг явах зардлуудаа бүгдийг нь гаргачих гээд байхаар нь за тэгье гэсэн чинь Хятад ажилчид руу 25,000 юань явуулах хэрэгтэй байна өгчих гээд байхаар нь зөвшөөрөлгүй би мөнгөө өөрийнхөө биед авч явна. Хоёулаа ярьж байгаад явах өдрөө уулзаад явъя гэсэн чинь за тэгье гэсэн. Тэгээд өмнө хамт ажилладаг байсан Б  гэх хүнээс 12,075,000 төгрөгийг зээлээд өөртөө бэлнээр авч явж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн үед Ж.З.Б- тэй Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туннелийн автобусны буудлын ард уулзаж, туслах зам дээр зогсож машиндаа суулгаад цааш яваад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины үүдэнд очоод өөрт байсан 12,075,000 төгрөгөө энэ нөгөө 25,000 юань чинь шүү гэж хэлээд эцэг Б-н Хаан банкны данснаас 2,500,000 төгрөгийг авч, бэлнээр энэ билетийн мөнгө шүү гэж хэлээд өгсөн. Мөнгөө өгөөд за хоёулаа өнөөдөр вокзал дээр уулзаад явна биз дээ гэхэд тэгэлгүй яах вэ гэж хэлээд салсан. Явах цаг болоод вагоны вокзал дээр очоод хүлээгээд ирэхгүй байхаар нь **** дугаар руу залгаад байсан чинь утас нь холбогдох боломжгүй болсон... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр утсаа аваад чи тайван байж бай чи манай гэрийнхэнд баахан юм ярьсан байна. намайг залгатал битгий залгаарай гээд байхаар нь орхичихсон чинь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед над руу хил гараад явж байна ирээд чамайг шагнана гэж ярьсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Г-ын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "... Би 25,000 юань болон 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн ба 25,000 юань нь тухайн үеийн 12,075,000 төгрөг болсон ба би уг мөнгийг *** гэх хүнээс зээлээд бид хоёр хамт явж *** дээр юанийг аваад шууд З.Б- тэй уулзаад өгч байсан юм. Тухайн үед 1 юань 483 төгрөг байсан ба 25,000 юань нь 12,075,000 төгрөг болж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Б -ы 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "...би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.Г- гэх хүнтэй *** дээр уулзсан. Б.Г- нь З.Б-  гэх хүнтэй Хятад улсад очиж хөрөнгө оруулалт хийнэ. 10 хоногийн дараа буцаагаад өгье, 25,000 юань зээлээч гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдөр *** дээр би таньдаг хүн дээрээ очиж 12,000,000 төгрөгийн 25,000 юань болгож бэлнээр Б.Г-од өгсөн... 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу тухайн мөнгө өгсөн өдөр Б.Г- нь орой залгаад нөгөө эмэгтэй чинь утсаа салгаад алга болчихлоо гэхээр нь тэгвэл мөнгөө аваад ир гэсэн чинь би нөгөө эмэгтэйд мөнгөө өгчихсөн гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Л.Г-н 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн "... тухайн үед Б.Г- бид хоёр дуудлагаар машин асаадаг байсан. Тэр өдөр 11 цагийн үед Б.Г- Б гэх ахаасаа 25,000 юань бэлнээр *** дээрээс авсан ба З.Б-  гэх хүнтэй Сансарын туннел дээр уулзаад уг эмэгтэйд Б.Г- авч өгсөн гэж надад хэлсэн ба банк руу З.Б-  Б.Г- хоёр ороод би гадаа нь үлдсэн. Тэгээд гарч ирээд З.Б-  их дэлгүүр орж хувцас авна гээд яваад өгсөн. Бид хоёр орой нь вокзал дээр очоод З.Б- ийн утас руу залгахад утас нь холбогдохоо больсон. Тэр өдрөө З.Б- , Б.Г- хоёр Хөх хот явна гэж тохирсон байсан...миний дэргэд уг эмэгтэйд өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Ш.Б-н эзэмшлийн Хаан банкны *** дугаарын дансны хуулга /хх-ийн 50 дугаар хуудас/,

Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “...АТМ738 байршил Баянзүрх дүүрэг***** ...” гэсэн 29/***дугаартай албан бичиг /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокурорын шүүгдэгч З.Б т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Иймд шүүгдэгч З.Б ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирол, хор уршгийн хувьд:   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-од нийт 14,575,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүхийн шатанд шүүгдэгчээс дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч З.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч З.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            Бусад асуудлын талаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Б- ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б ийг 2.100 /хоёр мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсанболон, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ТҮВШИНТӨГС