Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

           Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

            Улсын яллагч Г.Мөнхтүвшин

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

Хохирогч Ц.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын  харъяат, 1986 оны 10 сарын 19-нд төрсөн, эмэгтэй, 31 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо Овооны 1-33 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Түмэн овогт Нармандахын Нямсүрэнд /РД:ЧБ86101964/-д холбогдох эрүүгийн 201710010061 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч  Н.Нямсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 39 дүгээр зөрлөгийн урд талын засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 58-31 ДАХ улсын дугаартай “Тоёото пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Дулмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр  өдөр 11 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Баянзүрхийн товчоон дээр очоод цагдаагаас Замын-Үүд явах замаа асуугаад хөдлөхөд машин нь унтарчихаад асахгүй байж байгаад ассан, жаахан айдастай байсан. Ингээд Солонго урд суугаад би ард суугаад цааш явсан. Намайг унтаж байгаад сэрэхэд та 2-ын нэг нь машин барьчих гэхэд Солонго би хүний машин барихгүй гэж хэлсэн. Ингээд намайг барьчих гэхээр нь би барьсан. Би урьд нь холын замд машин жолоодож явж үзээгүй. Дулмаагийн хувьд Солонго бид 2-ыг жолооны эрхгүй гэдгийг мэдэж байсан. Бид энэ талаар ярьсан юм. Ингээд Дулмаа арын суудалд унтсан, би машин жолоодоод нилээн цааш явахад Солонгын утас байхгүй байна гэхээр нь машинд байгаа байх даа гэтэл тэр Дулмааг өөрийнхөө утас руу залгачих гээд залгуулахад миний суудлын хавьд дуугарсан. Энэ үед Солонго утсаа авах гэхэд нь би авч өгөх санаатай тонгойход анхаарал сарниж онхолдсон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Солонгын хувьд хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Алтанхуягийн машины засварын мөнгийг бүрэн барагдуулна. Сая шүүх хурлын өмнө 500,000 төгрөг Дулмаагийн дансанд шилжүүлсэн.  Дулмаагийн эрүүл мэндийн эмчилгээний зардлыг төлнө, үүнд татгалзах зүйлгүй. Би өөрөө энэ хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авч, нуруундаа гэмтэл авсан учраас хэвтрийн дэглэм сахих шаардлагатай байсан. Хохирлыг бага, багаар төлөх гээд Дулмаа руу залгаж, мэссэж бичсэн боловч огт хариу өгөөгүй, ямарч байсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байна, миний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэн хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ц.Дулмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Дарханаас орой 19 цаг 30 минутанд гараад эхлээд Солонгыг дараа нь Нямсүрэнг аваад 11 цагийн үед  хотоос гарсан юм. Замдаа явж байхад нойр хүрээд байхаар нь энэ 2-оос машин жолоодох уу гэхэд Солонго хүний машин барихгүй гэсэн. Тэгээд Нямсүрэн барьсан. Жолооны курсэд суусан боловч жолооны эрх аваагүй гэж байсан. Ингээд би машины хойно 1 цаг орчим унтаад сэрэхэд машин хүндрэлтэй яваад байхаар нь харсан чинь карданаа татаагүй байсан. Тэгээд би кардан татаж өгөөд, машинаа би өөрөө бариад явъя гэхэд ойрхон газар байна, ингээд явчихъя гэсэн. Тэгээд удаагүй эргэлтэн дээр Солонгын утас унасан, тэрийг авах гэж байгаад онхолдсон. Энэ хэргийн улмаас миний биед хүнд гэмтэл учирсан. Одоо элэг өвддөг. Элэг бяцарсан.  Эмчилгээний зардлыг төлчихвөл надад гомдол санал байхгүй.Би мөрдөн байцаагч Нарангэрэлд хохирлын талаарх өргөдлөө бичээд хохирлын бүх баримтууд өгсөн, гэтэл хэрэгт байхгүй байна. Баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг ойлголоо. Иргэний нэхэмжлэгч Алтанхуяг нь манай нөхөр байгаа юм, сая шүүх хурлын өмнө Нямсүрэн машины засварын мөнгөнд 500,000 төгрөг миний ХААН банзны данс руу шилжүүлсэн. Энийг засварын мөнгөнд тооцоход татгалзах зүйлгүй. Бид машинаа Энхжин Инвест ХХК-нп барьцаанд тавьж зээл авсан байсан, түүнийгээ төлж барагдуулсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байна. Нямсүрэнгийн хувьд адилхан эх хүмүүс байна даа, заавал хорих ял эдлүүлмээргүй байна” гэсэн мэдүүлэг

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13/

58-31 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32/

Энхжин Инвест ХХК-ний 2017 оны 03 сарын 27-ны өдрийн “ манай нэр дээр байгаа 58-31 ДАХ улсын дугаартай Toyoto Probox маркийн авто машины эзэмшигч  ТЕ80090115 дугаартай Очирын Алтанхуягийн зээлийн төлбөр  дууссан” гэсэн 17/098  тоот /хх-ийн 30/

Иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “58-31 ДАХ улсын дугаартай Toyoto Probox маркийн авто машин нь миний эзэмшлийн машин байгаа юм. Тухайн үед Н.Нямсүрэн гэх эмэгтэй болон танихгүй бас нэг эмэгтэй байсан гэсэн. Тэгээд Замын-Үүд орох гэж яваад замдаа манай эхнэр унтаж амарна гэхэд Н.Нямсүрэн нь би жолоо бариад явъя гээд уг миний эзэмшлийн 58-31 ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Бусдаар бол би тухай зам тээврийн ослын талаар мэдэхгүй байна. Би уг машиныг аваад удаагүй байсан. Машинаа засуулж авах, эсвэл шинээр төлүүлж авах хүсэлтэй байна. Н.Нямсүрэн гэх эмэгтэй өөрийн дураар миний автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул бүх хохирлоо нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би найз Ч.Батзаяа, Г.Сансартөгс нарын хамт Дорноговь аймгийн Өргөн сумаас Сайншанд руу “Хүслийн хар уул” орох гээд замд явж байтал өглөө 06:00 цагийн орчим замын баруун талд цагаан өнгийн Тоёота пробокс маркийн машин онхолдсон байдалтай машины 4 дугуйн дээрээ, гэрэл ассан байдалтай, машины дээвэр хазайж хэлбэрээ алдаж жолооч талруугаа хазайсан байдалтай байсан  машины хажууд өөр ямар нэгэн зүйл байхгүй байхаар нь би найзуудын хамт машинтайгаа хажуугаар  өнгөрөхөд машин дотор хүн байхаар нь буцаад очиход жолоочийн суудал дээр хүн байхгүй жолоочийн хажуу талын суудал дээр хүн сууж байсан арын суудал дээр 2 эмэгтэй хүн хөдөлж чадахгүй байдалтай байж байхаар нь манай найз Батзаяа түргэн болон цагдаагийн байгууллага руу мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/

Гэрч Ч.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би найз Сансартөгс, Мөнх-Эрдэнэ нарын хамт Дорноговь аймгийн Өргөн сумаас Сайншанд руу “Хүслийн хар уул”  орох гээд замд явж  байтал өглөө үүрээр 06:00 цагийн орчим замын баруун талд цагаан өнгийн Тоёота пробокс маркийн машин онхолдсон байдалтай машины арын гэрэл асаасан 4 дугуй дээрээ, машины дээвэр хазайж хэлбэрээ алдаж жолооч талруугаа хазайсан байдалтай байсан. Машины хажууд өөр ямар нэгэн зүйл байхгүй байхаар нь би найзуудын хамт машинтай хажуугаар өнгөрөхөд машин дотор хүн байхаар нь буцаад очиход машин дотор 3 эмэгтэй хүмүүс үс нь сэгсийсэн байдалтай ухаантай байхаар нь яасан бэ гайгүй юу гэхэд гайгүй их даарч байна гэж жолоочийн суудал дээр хүн байхгүй жолоочийн хажуу талын суудал дээр хүн сууж байсан арын суудал дээр 2 эмэгтэй хүн хөдөлж чадахгүй байдалтай байхаар нь би өөрийнхөө утаснаас түргэн болон цагдаагийн байгууллага руу мэдэгдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/

Гэрч Г.Сансартөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд 3 эмэгтэйг машиндаа өөрсдөөр нь алхуулаад машинд суулгаад дулаацуулсан. Эмэгтэйчүүд их даарч бээрсэн байдалтай байсан. Машины бүх цонх хагарсан, машин дотор шороо тоос ихтэй байсан. Машин дотор байсан хүмүүс даарсан байсныг бодоход осол болоод нилээн удсан юм шиг санагдсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ 1.Н.Нямсүрэнгийн  биед цээжний 6-р нугаламын шахагдсан  далд хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо  зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй савах үед үүснэ.

3.Учирсан гэмтлийн тархи доргилт нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт,  цээжний 6-р нугаламын шахагдсан далд  хугарал нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 115 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ 1. Н.Солонгын биед баруун  гарын сарвууны холбоосын гэмтэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлийн тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун  гарын сарвууны холбоосын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар  гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэсэн 114 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ 1.ГССҮТ-н №01296 дугаартай өвчний түүхээс үзэхэд Ц.Дулмаагийн биед элэгний няцрал, баруун эгэм, баруун 2, 3 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой байна.

2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дулмаагийн биед учирсан элэгний няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, Баруун эгэм, баруун 2, 3 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т  зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ  эдгэрэлтээс хамаарна.  Тархи доргилт, цээжний зөөлөн  эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 –т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 110 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/

Шинжээч ахмад Д.Төгөлдөрийн “ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  “ Тоёота Пробокс маркийн 58-31 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэглийн жолооч Ц.Дулмаа нь МУ-ын ЗХД-ийн 2. Жолоочийн үүрэг . 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансуурлах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлсэн: гэсэн заалтыг зөрчсөн байна.

  Тоёота Пробокс маркийн 58-31 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Нямсүрэн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна: гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн 10 тоот дүгнэлт /хх-ийн 81/

Шүүгдэгч Н.Нямсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99/

Шүүгдэгч Н.Нямсүрэн нь жолоодох эрхгүй талаарх 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системийн хайлтын лавлагаа /хх-ийн 120-122/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 126/

Иргэний нэхэмжлэгч З.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн “ Би эмчилгээний зардалд ойролцоогоор 840.000 төгрөг зарцуулсан, үүнд 240.000 төгрөгөөр КТГ-ын 2 ш зураг, ЭХО-ийн зураг 20.000 төгрөг, эмро хийлгэсэн 300.000 төгрөг тус тус зарцуулсан, мөн ажилгүй байсан 45 хоногийн цалингаа гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна, учир нь би 2017.01.01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл Баянгол дүүргийн Төмөр замын 9-р байрны 2 тоот хаягтай 127 м2 бүхий орон сууцыг сарын 1.800.000 төгрөгөөр түрээслэн хөшиг, түль, абжур зэрэг бараа материал зардаг. Тэгээд би өвчтэй байхдаа ажлаа хийлгүй 30 хоног хэвтсэн, ийм учраас ажлаагүй хоногийн түрээсийн мөнгийг нэхэмжилнэ. Гэмт хэргийн улмаас учирсан нийт 3.540.000 төгрөгийг төлчихвөл гомдол санал гэхээр зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 138/

Гэрч З.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Осол бол өмнөх нэг эргэлтэн дээр миний өвөр дээр байсан цүнх, гар утас хоёр газар унаад, гар утас голын гар торомзны хажуу талд сандалд наалдаад уначихсан байсан тул доошоо тонгойгоод гар утсаа аваад дээшээ харахад машин хоёр тийшээ дайвалзаж байснаа машин унасан ба нэг мэдсэн замаасаа гарчихсан зогсож байсан. Би хэдэн удаа эргэсэн талаар мэдэхгүй ба ямар ч байсан аманд  шороо ороод байсан. Хойно болон хажуу талд Дулмаа, Нямсүрэн хоёр ямар нэгэн авиа гаргаагүй санагдаж байсан. Тухайн үед ухаан санаа балартсан байсан. Миний бодож байгаагаар бол намайг гар утсаа унагаагаад авах үед Нямсүрэнгийн анхаарал сарнисан юм шиг байгаан. Тэрнээс биш Нямсүрэн нойрмоглож байсан эсэхийг мэдэхгүй. Бид хоёр дуугүй суугаад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-142/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 150-151/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ний 2017 оны  06 сарын 27-ны өдрийн “58-31 ДАХ улсын дугаартай Toyoto Probox маркийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3.130,000 төгрөг “гэсэн тайлан /хх-ийн 155-157/

Дорноговь аймгийн авто тээврийн төвийн шинжээч С.Дуламжав, Б.Пүрэвсүрэн, О.Баярсайхан нарын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “ 1. 58-31 ДАХ улсын дугаартай Toyota Probox маркийн суудлын авто машин нь ослын улмаас урд салхины шил хагарсан, баруун гар талын хойд, урд хаалга, ачааны хөндийн баруун, хойд цонхнууд хагарч цонхны гадна хүрээ гажилтад орсон. Баруун, зүүн гар талын урд хөндлөн хөшүүрэг, амартизатор муруйсан, усны радиатор, кондейшны радиаторын доод хэсэгт цөмөрсөн. Их биеийн дээвэр, салхины шилний баруун гар талын тулгуур хэв гажилтад орсон. Урд бамбай хагарсан, усны савны хаалт байхгүй, баруун гар талын арыг харах толь байхгүй, зүүн гар талын урд хаалганы хавтас гажсан, баруун гар талын урд шаврын  хаалт будаг нь халцарч хонхойсон. 4 дугуй хийгүй болсон байна.

2.Ослын өмнөх техникийн байдлыг тодорхойлох боломжгүй.

3.Дугуй хэмжээ ижил 195/65R15, M+S. Хойд тэнхлэг дэх 2 дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 0,3 мм буюу стандартын шаардлага хангахгүй. Урд тэнхлэг дэх 2 дугуйн хээ ижил, дугуйн хээн гүн 2,6 мм стандартын шаардлага хангасан” гэсэн 17/17 тоот дүгнэлт  /хх-ийн 161-162/

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын 5/01 дугаартай Ц.Дулмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 183-184/

Эрүүл саруул байгаа, Нямсүрэнгийн  амьдралыг харгалзан  тухайн үед  гарсан хохирол зардлаа нэхэмжилсэн нэхэмжлэлээ буцаалаа З.Солонго гэсэн тэмдэглэгээ бүхий иргэний нэхэмжлэгч З.Солонгод хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 187/

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн ХААН банкны 5007655228 тоот Ц.Дулмаагийн дансанд 500,000 төгрөг төлсөн баримт, 2011 оны 05 сарын өдөр төрсөн охин Д.Анунгоо, 2013 оны 03 сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.Ананд, 2016 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн Д.Анужингийн төрсөний гэрчилгээний хуулбар, Н.Нямсүрэнгийн эрүүл мэндийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Нямсүрэн нь Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчихдоо  2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-06 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 39 дүгээр зөрлөгийн урд талын засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 58-31 ДАХ улсын дугаартай “Тоёото пробокс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэний нэхэмжлэгч Н.Солонгын биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Ц.Дулмаагийн бие махбодид элэгний няцрал бүхий хүнд гэмтэл, баруун эгэм, баруун 2, 3 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, тархи доргилт, цээжний зөөлөн  эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл, иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягт 3,130,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа авто тээврийн хэрэгслийн ашиглалтын  журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүний дээрх хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Ц.Дулмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/

-гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/

-гэрч Ч.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/

-гэрч Г.Сансартөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “ 1. Н.Солонгын биед учирсан гэмтлийн тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62/

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “ Дулмаагийн биед элэгний няцрал бүхий хүнд гэмтэл, баруун эгэм, баруун 2, 3 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, тархи доргилт, цээжний зөөлөн  эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл хамаарна гэсэн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77/

-Шинжээч ахмад Д.Төгөлдөрийн “ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  “ Тоёота Пробокс маркийн 58-31 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Нямсүрэн 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн 10 тоот дүгнэлт /хх-ийн 81, шүүгдэгч Н.Нямсүрэн нь жолоодох эрхгүй талаарх 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системийн хайлтын лавлагаа /хх-ийн 120-122/

-Иргэний нэхэмжлэгч З.Солонгын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 141-142/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 150-151/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Н.Нямсүрэнгийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Н.Нямсүрэнг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэж ялаас чөлөөлж өгнө үү гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь хэдийгээр шүүгдэгч Н.Нямсүрэн нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангах боловч шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх ерөнхий зарчмыг баримтлан энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Солонгын биед хөнгөн хохирол, хохирогч Ц.Дулмаагийн биед хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягт 3,130,000 төгрөгийн хохирол учирсан зэрэг учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан үзэх нь зүйтэй юм.

            Энэ гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Ц.Дулмаагийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нар нарын мэдүүлгээр хэрэгт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний энэ хэргийн улмаас өөрт хүндэвтэр гэмтэл учирсаны улмаас эмнэлгийн хяналтад байгаа, түүнчлэн бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх  байдалд тооцов.

             Шүүгдэгч Н.Нямсүрэн нь гурав хүртэлх насны хүүхэдтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судалсан 2016 оны 02 сарын 15-ны өдөр төрсөн Д.Анужингийн төрсөний гэрчилгээний хуулбараар хэрэгт тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан нөхцөлд байдал болон гурав хүртэлх насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  гэмт хэргийн хор уршигийг арилгах  талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгчид хүлээлгэж болох боловч түүний биеийн эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

            Хохирлын талаар:

            Шүүгдэгч Н.Нямсүрэн нь Иргэний хуулийн 497, 505, 510 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг  нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иргэний нэхэмжлэгч О.Алтанхуяг нь 58-31 ДАХ улсын дугаартай “Тоёото пробокс” тээврийн хэрэгсэлд  учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх боловч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, улмаар шүүх хуралдаанд оролцоогүй болно. Харин мөрдөн байцаалтын шатанд уг тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтэл, засварын үнийг тодорхойлуулахаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх ба Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ний  2017 оны  06 сарын 27-ны өдрийн “58-31 ДАХ улсын дугаартай Toyoto Probox маркийн авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 3.130,000 төгрөг “гэсэн дүгнэлтийг /хх-ийн 155-157/ гаргасан байна. Иргэний нэхэмжлэгч нь үнэлгээ тогтоосон дүгнэлтийн талаар маргаан гаргаагүй байна. Иймд шүүгдэгчээс 3,130,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягт олгох нь зүйтэй байна.

58-31 ДАХ улсын дугаартай Тоёото пробокс машин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Энхжин Инвест ХХК-ний өмчлөлд байх боловч иргэний нэхэмжлэгч нь Энхжин Инвест ХХК-ниас зээл авч, зээлийн барьцаанд барьцаалж, уг зээлийг төлж барагдуулсан нь уг компанийн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн 17 тоотоор хэрэгт тогтоогдсон байх тул хохирлыг О.Алтанхуягт олгохоор шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ц.Дулмаа нь эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг нэхэмжлэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч Ц.Дулмаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч З.Солонго нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд илэрхийлсэн болно.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Түмэн овогт Нармандахын Нямсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа авто тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нармандахын Нямсүрэнд 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Шүүгдэгч Н.Нямсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг шүүхэд шилжин ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнгээс 3,130,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Алтанхуягт олгосугай.

6. Хохирогч Ц.Дулмаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний нэхэмжлэгч З.Солонго нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Нямсүрэнд 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нямсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД