Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 07

 

Ж.Т-гийн ажилласан байдал тогтоолгох тухай

хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч З ургийн овогтой Ж-ын Т-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 55 настай, ам бүл 6.  Би 1980 оны 6 дугаар сард 8дугаар анги төгсөөд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд үхэрчин, саальчнаар анх ажилд орж, хөгшин аав, ээжийн хамт малчин болсон. 1990 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад “Шинэ үе” нэгдэл байгуулагдахад шилжиж ажилласан.  Аймгийн архиваас ажилласан жилээ шүүлгэхэд зарим саруудын цалин гарч ирэхгүй байна. Тухайн үед нэгдлийн цалингийн түүврийг бригадын тоо бүртгэгч нар хөтөлдөг байсан бөгөөд тухайн үеийн тоо бүртгэгч нарын хариуцлагагүйгээс болж цалингийн 70 дугаар данс бүрэн хөтлөгдөөгүй байна. Зарим сард цалин бичигдээгүйг огт ажиллаагүй гэж үзэж болохгүй юм. Энгийнээр бодоход ч малчин хүн хүлээж авсан малаа өвөл, зунгүй малладаг болохоос нэг хоёр сар маллаад хаядаг ажил биш. Ид мал төллөж байх үед малаа орхино гэж огт байхгүй юм. Харин тухайн үед цалингаа авах үедээ бригадын дарга, тоо бүртгэгч нараар хөдөлмөрийн дэвтэртээ хөтлүүлж байсан  юм. Би 1980 оны 6 дугаар сараас 1990 он дуустал тасралтгүй малчнаар ажилласан тул энэ хугацааг сэргээн тогтоож өгнө үү. Би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн тул намайг өвөө Лооройгоор овоглож байсан. Намайг 10 настайдаа сургуульд орсон гэж өвөө эмээ маань хэлж байсан. Би жижиг биетэй байсан учир цэргийн алба хаагаагүй юм” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийдвэрээр: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Жаргалын Тгийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1982 оны 12 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил, 1 /нэг/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 11 дүгээр сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Т давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүх миний хүсэлтийн шаардлагаас зарим хэсгийг буюу 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний хөдөлмөрийн дэвтэр, 1986 онд бригадын зөвлөлөөс шагнасан диплом тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тухайн үед нэгдлийн эрх бүхий албан тушаалтнууд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн ба миний зүгээс нөхөн бичсэн, засвар хийсэн зүйл байхгүй. Би өөрөө болон өөр хэн нэгэн хүн уг дэвтрийг засаж, нөхөн бичсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байхад огноо засвартай, тосон балаар нөхөн бичсэн байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Ж.Т би 1980 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд шууд нэгдлийн малчин болж, 1990 оныг дуустал мал малласан, намхан жижиг биетэй учраас цэргийн алба хаагаагүй.

Тухайн үеийн нэгдлийн эрх бүхий албан тушаалтнууд цалин хөлс олгосон баримтаа  архивт бүрэн шилжүүлээгүйн улмаас ард иргэд бид маш их хохирч байна. Би өөрт байгаа бүх баримтаа шүүхэд өгсөн, надад одоо шүүхэд нэмж гаргаж өгөх ямар ч баримт байхгүй.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн ба нэхэмжлэгч Ж.Тгийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Т Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1980 оны 6 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Ж.Т-гийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би 1980 оны 6  дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд шууд нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн” гэж тайлбарласан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд малчнаар ажилласан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий  дүгнэлт хийгээгүй, зөвхөн архиваас гаргасан цалингийн тодорхойлолтод 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин бичигдээгүй, өөр баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор харьцуулж, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэл болно.

Тухайлбал: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд түүнтэй хамт ажиллаж байсан гэх Д.М, Б.П нарыг гэрчээр асуусан тэмдэглэл хэргийн 28, 29 дүгээр талд авагдсан байх ба гэрч Б.П-ын “Ж.Т нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд нагац аав Лоорой, нагац ээж Амьтан нарын  гар дээр малчин болж, Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад 1990 оныг дуустал ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Мундаажийн “Ж.Т нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Хархираа бригадад 1990 оныг дуустал малчнаар ажилласан”  гэх мэдүүлгүүдийг шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэв гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа нэхэмжлэгчийн “1980 оны 6 дугаар сараас 1982 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд малчнаар ажилласан” гэх шаардлагыг ямар нотлох  баримтуудаар хэрхэн үгүйсгэсэн талаараа дүгнээгүй. Өөрөөр хэлбэл: Шүүх гэрчүүдийн “Ж.Т нь 1980 онд 8-р ангиа төгсөөд шууд малчнаар ажиллаж эхэлсэн” гэх мэдүүлгийг  ямар ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй байна.      

Түүнчлэн анхан шатны  шүүх хэрэгт авагдсан Лооройн Т нэрээр бичигдсэн, 1988, 1990 онд малчнаар ажилласан гэх цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр тогтоол /шагнагдсан хүмүүсийн жагсаалтад Лоорой Т гэж бичигдсэн/-ыг яагаад нэхэмжлэгч Ж-ын Т-гийн малчнаар ажиллаж байсныг нотлох баримт гэж үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай нийцээгүй байна. 

Мөн нэхэмжлэгчийн “би багадаа өвөө, эмээ дээрээ өссөн тул намайг өвөө Лооройгоор овоглож байсан. Намайг 10 настайдаа сургуульд орсон гэж өвөө эмээ маань хэлж байсан” гэх тайлбар болон гэрч Ж.Мундаажийн “Ж.Т нь багаасаа нагац аав, ээж дээрээ өссөн учир түүнийг заримдаа Лооройгоор овоглох тохиолдол гардаг байсан” гэх мэдүүлгээс өөрөөр нэхэмжлэгч Жаргалын Т нь Лоорой гэсэн нэрээр овоглож байсныг нотлох төрийн байгууллагын баримт, лавлагаа байгаа эсэх, мөн хавтаст хэргийн 15, 32-33-р талд  авагдсан  Лооройн Т нэртэй баримтууд нь нэхэмжлэгчийнх мөн болохыг нотолсон баримт нотолгоо хэрэгт тус тус авагдаагүй ба шүүх энэ талаар хуульзүйн дүгнэлт хийгээгүй байна.  

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”,  мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд энэ тохиолдолд талууд буюу зөвхөн нэхэмжлэгч нотлох баримт цуглуулах үүргийг дангаар хүлээх бус шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байна. 

Нэхэмжлэгчийн  “10 настайдаа анх сургуульд орсон, 1980 оны 6 дугаар сард 8-р анги төгссөн” гэх тайлбарын үндэслэлийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх, шаардлагатай тохиолдолд холбогдох бусад баримт, лавлагааг төрийн байгууллагаас гаргуулах боломжтой байхад энэ ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч хэдэн онд анх нэгдүгээр ангид суралцсан, хэдэн онд наймдугаар анги төгссөн, наймдугаар анги төгсөхөд олгосон суурь боловсролын гэрчилгээ болон бусад нотлох баримт байгаа эсэхийг тодруулах зэргээр нэхэмжлэгчийн тайлбарын үндэслэлийг нотлох, үгүйсгэх баримтуудыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй.            

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                                                                       Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                                       Л.АЛТАН