Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 148/ШШ2019/00206

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, Алтай хотхон 18 дугаар байр 32 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /ХЖ84081103/ -ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг 1 дүгээр хэсэг 16-1 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /МЬ82051311/-д холбогдох

Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тээврийн хэрэгслийн үнэ 28.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

... Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхонд оршин суудаг бөгөөд өөрийн өмчлөлийн 0090 УНЭ улсын дугаартай Toyota Landcruiser маркын тээврийн хэрэгслийг иргэн Лодойсүрэнгийн Лхавгадоржид бусдад үнэтэй худалдахыг зөвшөөрч улмаар өөрийн тээврийн хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн болно. Тээврийн хэрэгслийг худалдах үед нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулах учраас тэр болтол бусдад үзүүлж үнэ тохироод зарах үедээ уулзхаар тохирч машинаа 2015 онд өгсөн боловч надад миний машиныг зараагүй байна удахгүй өндөр үнээр худалдаж авах хүн олоод уулзана би хөдөө гадаа ажилтай явж байна гээд машиныг минь өгөхгүй өнөөдрийг хүргэсэн болно. Гэтэл сүүлдээ машиныг минь өгөхгүй улмаар зугтаад байсан тул нэхэмжлэгч нь авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа хүсэхэд 2015 оны 04 сарын 24-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр, 10 сая төгрөгөөр бусдад зарсан байсныг 2017 оны 09 сарын 27-ны өдрийн лавлагаар мэдлээ. Нэхэмжлэгч нь тус гэрээ хийгдсэнийг мэдэхгүй бөгөөд гарын үсгийг хуурамчаар зурж тус гэрээгээр иргэн *******гийн Энхжаргал гэгч нь 10 сая төгрөгөөр худалдан авсан байх ба тус гэрээг Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч Бадамгэрэл гэдэг хүн баталсан байна. Нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хотод байнгын оршин суух хаягтай бөгөөд 2015 оны 04 сарын 24-ны өдөр албан болон хувийн ажлаар Сэлэнгэ аймаг руу зорчоогүй болно.

Иймд нэхэмжлэгч *******ын зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж 0090 УНЭ улсын дугаартай Toyota Landcruiser маркын тээврийн хэрэгсэлийг худалдахаар иргэн Ж.*******той байгуулсан 2015 оны 04 сарын 24-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн 0090 УНЭ улсын дугаартай Toyota landcruiser маркын тээврийн хэрэгсэлийг Ж.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү! гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.******* 2018 оны 10 сарын 24-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... Тус шүүхэд миний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг хуурамчаар зурж 0090УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар иргэн Ж.*******той байгуулсан 2015 оны 4 сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгрөлдөр бусад тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн тээврийн хэсэгслийг Ж.*******ийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх явцад тус тээврийн хэрэгсэл нь цаашид гуравдагч этгээдүүдэд зарагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 0090 УНЭ тээврийн хэрэсэлийн үнийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэрээ байгуулах үеийн ханшаар 28 сая төгрөгөөр тооцож гаргуулахаар шаардлага гаргаж байна! гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Ж.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох, тээврийн хэрэгслийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байгаа. Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ буюу 00-90УНЭ улсын дугаартай Тоёото Ланд Курзер маркийн тээврийн хэрэгслийг иргэн н.Лхагвадоржид бусдад зараад мөнгийг нь гаргаж өгөхөөр тохиролцон 2015 онд хүлээлгэн өгсөн. Тэгээд асуухаар өндөр үнээр зарахаар мөнгийг чинь өгнө гэж яваад удсан. Ингээд нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн лавлагаагаар 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээгээр 10.000.000 төгрөгөөр бусдад зарсан болохыг мэдэж шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээг бол худалдагч талаас *******, худалдан авах тал нь Ж.******* гэсэн хэлцэл хийсэн байдаг. Ийм Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.*******ийн хууль бус эзэмшигчээс 00-90УНЭ улсын дугаартай Тоёото Ланд Курзер маркийн тээврийн хэрэгслийг гаргуулахаар шаардсан боловч энэ тээврийн хэрэгсэл нь цаашаа гуравдагч, дөрөвдөгч этгээдэд шилжсэн байх тул тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах боломжгүй байгаа учраас 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтэд заагдсанаар 26.775.000 төгрөгийн хэмжээгээр тооцож хариуцагч Ж.*******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна! гэжээ.

 

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

... Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд тухайн тээврийн хэрэгслийг Лхагвадоржид зээлүүлсэн 10.000.000 төгрөгт тооцож авсан. Гэтэл надаас тухайн тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд 10.000.000 төгрөгийг н.Лхагвадоржид өгсөн, дээр нь дахиад тухайн тээврийн хэрэгслийн үнийг төлнө гэдэг хэт бодит байдалд нийцэхгүй, тухайн тээврийн хэрэгслийн үнийг н.Лхагвадоржоос нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна! ... гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.******* нь ... 2015 оны 4 сарын 24-ний өдөр Э.******* Ж.******* нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Э.******* нь өөрийн өмчлөлийн 00-90УНЭ улсын дугаартай Toyota Landcruiser маркийн тээврийн хэрэгслийг Л.Лхагвадоржид бусдад үнэтэй худалдахыг зөвшөөрч, тээврийн хэрэгслийг худалдах үед уулзахаар тохиролцож машинаа хүлээлгэн өгсөн байна.

Л.Лхагвадорж нь Ж.*******той 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Э.*******ын 00-90УНЭ улсын дугаартай Toyota Landcruiser,UZJ1000003752 маркийн, 1998 онд үйлдвэрлэсэн, сувдан өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн АЯ серийн 0471736 тоот гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр худалдсан болох нь Л.Лхагвадоржийн ... Ж.*******т 10.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, төлж чадалгүй хүү алдангид орж Ж.*******т шилжсэн ... гэх тайлбар / хх-ийн 117 тал/, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ /хх-ийн 4 тал/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Уг гэрээнд Э.******* гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн ... 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-нд худалдагч тал ******* гэж зурагдсан гарын үсгийг иргэний хэргийн нэхэмжлэгч Э.******* зураагүй байна ... гэх дүгнэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцааж өгөхийг, боломжгүй бол үнийг төлөхийг шаардах эрхтэй байна.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ж.*******оос 26.775.000 төгрөгийг гаргуулж Э.*******т олгох нь зүйтэй байна.

Тээврийн хэрэгсэл гуравдагч этгээдэд шилжсэн дээр зохигчид маргаагүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2018 оны 8 сарын 07-ны өдөр ...тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 518/13 тоот Авто машин, техникийн үнэлгээ 23.000.000-28.000.000 төгрөгийн үнэтэй гэж тогтоосныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1838 тоот шүүгчийн захирамжаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийг томилж, 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 10 тоот дүгнэлтээр 0090 УНЭ улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол улсад орж ирсэн Land 100 маркийн авто машины зах зээлийн үнэ цэнийг 2015 оны 4 сарын байдлаар дунджаар 26.775.000 төгрөгийн үнэтэй байсан гэх дүгнэлт ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаас татгалзсан, мөн хүчин төгөлдөр бусд тооцсон хэлцлийн үр дагаврыг 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 10 тоот дүгнэлтэд тогтоосон 26.775.000 төгрөгийн хэмжээгээр тооцож шаардсан болно.   

Хариуцагч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул түүнийг оролцуулахгүйгээр хэрийг шийдвэрлэсэн, мөн Ж.******* нь гэм буруутай этгээдээс өөрч учруулсан хохирлоо нэхэмжлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ж.*******оос 26.775.000 төгрөгийг гаргуулж Э.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472.900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 472.900 төгрөг гаргаж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг анхааруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ