2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1588

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************* овогт *************н *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410049760097 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 8 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, Доод Салхитын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:************** /, ************* овогт *************н *************.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Түмэн шувуут" ХХК-ийн ойролцоо Б.Жаргалын гээгдүүлсэн виза картыг нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Хаан банкны ************* тоот данснаас 433,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо өнөөдөр нөхөн төлсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2410049760097 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *************ын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Түмэн шувуут” ХХК-д усны нөөцийн сав угсраад орой 17 цаг 00 минутад буусан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин “Түмэн шувуут” ХХК-д ажиллаад 18 цаг 00 минутад буусан. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Дээдсийн Өргөө хотхоны **** тоот гэртээ очоод утсаа үзэхэд Хаан банкнаас зарлага гарсан мессеж ирсэн байсан. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны аппликейшн ашиглан өөрийн ************* гэх дансны дугаартай картыг хаасан. Би “Түмэн шувуут” ХХК-нд ажиллаж байхдаа картаа алдсан гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал)

2. Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29/12968 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 10-12 дахь тал)

3. Хохирогч Б.Жаргалын эзэмшлийн Хаан банк дахь ************* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 12 дахь тал)

4. Хохирогч Б.Жаргалын эзэмшлийн Хаан банк дахь ************* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

5.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *************ын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 61-ийн гармын ойролцоо байх дэлгүүрээс хоол хүнс цуглуулж байгаад тооцоо хийхээр болсон. Тухайн үед халаасанд байсан өөрийн Хаан банкны картаа уншуулж байна гэж бодоод тооцоо хийсэн. Дараа нь өөр нэг дэлгүүрээс ороод дахин хүнсний зүйл аваад тооцоогоо хийх гээд картаа өгөхөд миний Хаан банкны карт биш байсан. Тэгэхээр нь гайхаад өөрийн энгэрийн халаасаа ухаад үзэхэд хоёр ширхэг Хаан банкны карт байсныг мэдсэн юм. Тухайн Хаан банкны карт нь ямар байдлаар миний халаасанд орсныг мэдэхгүй. Худалдаа хийгээд явж байхдаа санамсаргүй байдлаар хүний Хаан банкны картыг аваад халаасалсан байх гэж бодож байна. Тухайн олсон Хаан банкны картыг өөрийн эзэмшлийн Хаан банкны карт биш гэдгийг мэдсээр байж би тухайн картаар 10 гаруй удаа гүйлгээ хийж, эд зүйлс худалдан авсан. Би энэ гэм буруутай үйлдлээ ухамсарлаж байна. Тухайн Хаан банкны картыг бусдын эд зүйл гэдгийг мэдсэн хэр нь гүйлгээ хийж, эд зүйлс авсан. Надад мөнгө байхгүй байсан болохоор тухайн хүний картаас гүйлгээ хийсэн. 400.000 орчим төгрөгийн гүйлгээ хийсэн. Би тухайн картыг олсон талаар хэн нэгэнд хэлээгүй. Ганцаараа зарцуулсан. Би хүний хохиролыг барагдуулна гэдгээ илэрхийлж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ************* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  "Түмэн шувуут" ХХК-ийн ойролцоо хохирогч *************ын гээгдүүлсэн Хаан банкны виза картыг нь олж 433.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

хохирогч *************ын өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Түмэн шувуут” ХХК-д усны нөөцийн сав угсраад орой 17 цаг 00 минутад буусан. Маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин “Түмэн шувуут” ХХК-д ажиллаад 18 цаг 00 минутад буусан. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Дээдсийн Өргөө хотхоны **** тоот гэртээ очоод утсаа үзэхэд Хаан банкнаас зарлага гарсан мессеж ирсэн байсан. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны аппликейшн ашиглан өөрийн ************* гэх дансны дугаартай картыг хаасан.  Би “Түмэн шувуут” ХХК-д ажиллаж байхдаа картаа алдсан гэж бодож байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал), Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 29/12968 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 10-12 дахь тал), хохирогч Б.Жаргалын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 12 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал) үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *************ын яллагдагчаар өгсөн: “...Тухайн олсон Хаан банкны картыг өөрийн эзэмшлийн Хаан банкны карт биш гэдгийг мэдсээр байж би тухайн картаар 10 гаруй удаа гүйлгээ хийж, эд зүйлс худалдан авсан. Би энэ гэм буруутай үйлдлээ ухамсарлаж байна. Тухайн Хаан банкны картыг бусдын эд зүйл гэдгийг мэдсэн хэр нь гүйлгээ хийж, эд зүйлс авсан. Надад мөнгө байхгүй байсан болохоор тухайн хүний картаас гүйлгээ хийсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Улсын яллагчаас *************ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ************* дээрх гэмт хэргийг үйлдэж хохирогч *************д 433.000 төгрөг хохирол учруулсан бөгөөд хохирогчоос “хохирлоо дансаар хүлээн авсан” гэж утсаар мэдэгдсэн байдлыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” гэсэн гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч ************* нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Хэргийн хамт ирүүлсэн дансны хуулга бүхий бичиглэлтэй компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, *************д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                        ТОГТООХ нь:

1. ************* овогт *************н *************ыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. ************* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ