| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/1277/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1547 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Энхжин |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч М.Энхжин /томилолтоор/,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ************* овогт *************гийн *************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408013771006 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, Орбитын *** дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн, /РД:*************/, ************* овогт *************гийн *************.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************* нь 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *****тоотод хохирогч *****той хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээс нь явахдаа түүний өмчлөлийн 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A15” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ************* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2408013771006 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал)
2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-29 дэх тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *****ийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 08 цагийн орчим өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 67-За тоот гэртээ байхад ********** гэх залуу өглөө ажлаасаа буугаад манайд ирсэн. Тухайн үед ********** ирэхээр нь би босоод аяга шөлтэй хоол хийж өгчхөөд байж байтал ********** миний бие өвдөөд байгаа шартаад байх шиг байна гэхээр нь авдраас 0,75 литр “Соёрхол” нэртэй 1 шил архийг гаргаж ирээд уух гээд байж байхад Хуягаа гэх найзын танил ************* гэх эмэгтэй манайд ирсэн. Тухайн үед бид гурав юм ярьж суунгаа тус архийг хувааж уусан. Тэгээд архиа ууж юм ярьж суусаар байтал оройн 17 цаг орчимд дахиад ууя гээд 2 шил архи аваад ирье гээд байхаар нь **********тай хамт дэлгүүр ороод 0,75 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг аваад гэртээ ирсэн. **********, ************* бид хэд дөнгөж 1 шил архиа ууж дуусгаж байхад манай хүү Өсөхбаяр эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тухайн үед ууж байсан архиа задлаагүй нэг шил архиа нуугаад бид хэд унтахаар хэвтсэн. Намайг унтахаар хэвтэхэд ********** аль хэдийн тасраад унтаад өгчихсөн байсан ба ************* гэх эмэгтэй шууд гэрээс гараад яваад өгсөн. Би *************г гарахаас өмнө өөрийн “Samsung A15” загварын гар утсыг орныхоо буланд тавиад орхисон байсан ч *************г гараад явсны дараа миний гар утас байхгүй болсон байсан. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Драгон худалдааны төвийн Мобиком салбараас SamsungA15 загварын утсыг 659.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цэнхэр өнгийн урдаа 3 босоо камертай гар утас байсан. Надад сэжиглэж байгаа хүн байгаа. ************* болон Амагаа нарын хамт архи уусан. Амагаа манайд хоносон ба өөрийн гар утсыг цээжин доороо хийгээд унтаад өгсөн байсан. ************* гарсанаас хойш миний гар утас алга болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11дэх тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *****ийн дахин өгсөн: “Би гар утсаа 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр алдсан. Тухайн үед хэн авсан талаар сэжиглэж байгаад ************* гэх эмэгтэйн гэрт очоод гар утсаа авъя гэхэд ************* гарч ирээд миний утсыг аваагүй гээд байхаар нь гэр рүү нь ороход гал тогооны тавиур дээр нь миний “Samsung A15” загварын гар утас байж байсан. Тэгээд *************гийн дүү нь надад утсыг өгсөн. Миний гар утасны сим картыг аваад хаячихсан. Өөрийн гар утасны сим картыг хийгээд дотор зургуудыг устгасан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал)
5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Samsung A15” загварын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-39 дэх тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *************гийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэртээ амарч байтал өдөр над руу манай найз ********** халамцуу залгаж манайд хүрээд ирээч гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойтын *****тоотод яваад очсон юм. Тэгээд намайг очтол ********** архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Би **********той уулзаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн ба улмаар согтоцгоосон. Тэгтэл **********ийн хүүхэд нь хүрээд ирсэн ба ********** руу уурлаж архи уулаа гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би шууд гарах гэж байхдаа буйдан дээр байсан **********ийн “Samsung A15” загварын гар утсыг аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд би гэртээ ирээд архиндаа согтсон байсан учир унтаад өгсөн. Гар утсыг нь **********т буцаагаад өгсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэргийг хялбар журмаар шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал)
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар х**********лагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ************* 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *****тоотод хохирогч *****той хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэрээс нь явахдаа түүний өмчлөлийн 600,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A15” загварын гар утсыг хулгайлж авсан болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-29 дэх тал), хохирогч *****ийн өгсөн: “...Би *************г гарахаас өмнө өөрийн “Samsung A15” загварын гар утсыг орныхоо буланд тавиад орхисон байсан ч *************г гараад явсны дараа миний гар утас байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11дэх тал), хохирогч *****ийн дахин өгсөн: “Би гар утсаа 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр алдсан. Тухайн үед хэн авсан талаар сэжиглэж байгаад ************* гэх эмэгтэйн гэрт очоод гар утсаа авъя гэхэд ************* гарч ирээд миний утсыг аваагүй гээд байхаар нь гэр рүү нь ороход гал тогооны тавиур дээр миний “Samsung A15” загварын гар утас байж байсан. Тэгээд *************гийн дүү нь надад утсыг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-39 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *************гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...**********ийн “Samsung A15” загварын гар утсыг аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд би гэртээ ирээд архиндаа согтсон байсан учир унтаад өгсөн...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хяналтын прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***** нь “өөрийн гар утсыг буцаан авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч *************г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *************д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 сар 21 хоногийг хорих ялаар сольж нэмж нэгтгэн нийт 7 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа.
*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгч ************* 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн байх ба уг ялаас 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 01 сар 09 хоногийг эдэлж, 01 сар 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдэгдэлтэй болох нь эрх бүхий албан тушаалтны ялын тооцоогоор нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн нэг сар хорин нэг хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг долоон сар хорин нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
************* 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зарлагдсан өөрт холбогдох хэргийн шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр цагдан хоригдсон нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцно.
Хэрэгт ************* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************* овогт *************гийн *************г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан *************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн нэг сар хорин нэг хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 7 /долоо/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *************гийн цагдан хоригдсон нэг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. *************гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *************д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт ************* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ