| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/0991/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1576 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Э |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1576
2025 6 16 2025/ШЦТ/1576
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтөлж,
улсын яллагч М.Эрдэнэзаяа (томилолтоор),
иргэдийн төлөөлөгч Х.Ч, Ц.Б,
шүүгдэгч/хохирогч Н.Ш, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,
шүүгдэгч/хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н*** овогт А.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б*** овогт Н.Ш-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050283316** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б*** овогт Н.Ш (РД:********),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Н*** овогт А.Т (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **** баарны гадна А.Т-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний хэвлий хэсэгт хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай Т,
Шүүгдэгч А.Түвшинжаргал нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах **** баарны гадна Н.Ш-г хутгалж гэмтэл учрууллаа гэх шалтгаанаар нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна хохирогч А.Т-тай “танил К.А, түүний найз Т нарыг хүчээр машиндаа суулгаж авч явж хүчирхийлэх гээд байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна “өөрийг нь хутгалсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Н.Ш-н биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас),
Хохирогч А.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),
Гэрч К.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9182 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9206 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),
Шүүгдэгч Н.Ш-н нас тоолсон “...2023 оны 7 дугаар сарын 18-нд 16 нас 06 сар 06 хоногтой байсан...”гэх мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар хуудас),
Цэргийн төв эмнэлэгт хохирогч А.Т хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 108-133 дугаар хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дүгээр хуудас),
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Н.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-154 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай шинжээчдийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудас),
Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас),
Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас),
Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас)
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 962 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч А.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 202 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 941 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 20-26 дугаар хуудас),
Шүүгдэгч Н.Ш-н иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 18 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадна хохирогч А.т-тай “танил К.А, түүний найз Т нарыг хүчээр машиндаа суулгаж авч явж хүчирхийлэх гээд байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний биед зэвсэг буюу хутга ашиглан халдаж эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” баарны гадна “өөрийг нь хутгалсан” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Н.Ш-н биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 9182, 9206, 12, 962 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Цэргийн төв эмнэлэгт хохирогч А.Т хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Харин энэ гэмт хэргийг “зэвсэг” хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ш нь хохирогч А.Т-н хэвлий хэсэгт хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ.
Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд шүүгдэгч А.Т нь хохирогч Н.Ш-г өөрийг нь хутгалсан гэх шалтгаанаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Ш, А.Т нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Өмгөөлөгчдийн дүгнэлтийн тухайд:
Шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Б.Т нар нь “...Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч А.Т нь гэрч К.А, түүний найз Т нарыг өөрийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, улмаар хүчирхийлэх гэж байсан үйлдлийг шүүгдэгч Н.Ш нь таслан зогсоосон. Тухайн цаг хугацаанд өсвөр насны хүүхэд байсан Н.Ш-н санаа сэтгэл А.Т-н үйлдлээс шалтгаалан хүчтэй цочрон давчдаж түүнийг хутгалсан. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хамт байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч болон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч А.Т нь гэрч К.А, түүний найз Т нарыг өөрийн тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, хүчирхийлэх гэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинжийн урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс шүүгдэгчид эсхүл түүний ойр дотны хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг зүй бус үйлдлийн улмаас хариу болж үүсдэг ба цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.
Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэл зүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар гэмт хэрэг үйлдэхэд хүргэдгийг анхаарах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ш нь гэрч К.А-тай фейсбүүк чатаар харилцдаг гэх бөгөөд энэ нь К.А-г Н.Ш-н ойр дотны хүн гэх ойлголтод хамаарахгүй, мөн хохирогч А.Т болон шүүгдэгч Н.Ш нар нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд анх удаа таарсан буюу урьд нэгнээ таньдаггүй байсан, шүүгдэгч Н.Ш нь тухайн залуустай муудалцсаны дараа өөрийн найз Ч.Э-н цүнхэнд хийсэн өөрийн хутгыг түүнийг хориглосоор байтал гүйж очин, хүчээр цүнхнээс нь авч улмаар хохирогч руу дахиж очин өөрийн үйлдлийг хүсэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогчийг 2 удаа (хэвлийн тус газар, шилбэ) хутгалсан үйлдэл нь шүүгдэгч Н.Ш-н санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.Ш, А.Т нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид шүүгдэгч нарыг тус бүр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Н.Ш, А.Т нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нарыг хэн алиндаа төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-н сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 962 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж, мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ш- сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж мөрдөгч хүснэгтээр тогтоосныг нэхэмжлэхгүй гэж хэн аль нь илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Т-д 1,421,762 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд тус хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-с 1,421,762 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ****-т олгуулахаар шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.Т-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял” оногдуулах,
Шүүгдэгч Н.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ялыг 2 дахин багасаж 3 жилийн хугацаагаар тогтоох” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Ш-н өмгөөлөгч Б.Түвшинтөгс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Н.Ш, А.Т нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн /императив/ шинжтэй хэм хэмжээ биш, харин эрх олгосон /диспозитив/ шинжтэй хэм хэмжээ бөгөөд дээрх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа тохиолдолд энэ зүйлд тодорхойлсон нөхцөлийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох зохицуулалт юм.
Ингэхдээ дараах нөхцөлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл дээр маргасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон эсэх нь тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Б.Т-н гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тус зүйл, хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Т-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Ш-д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Н.Ш-н хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 06 сар 06 хоногтой байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд түүнд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Ш-н 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 2 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч Н.Ш цагдан хоригдсон 20 хоногтой, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б*** овогт Н.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н*** овогт А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-д 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-д оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 4 (дөрөв) жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-н 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 (хорь) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-с 1,421,762 (нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ****-д олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 2 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Ш-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН