| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00482/И |
| Дугаар | 148/ШШ2019/00211 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 148/ШШ2019/00211
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 3 дугаар баг, Ноёд худалдааны газарт нийтийн байранд оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:АН-85061307/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 60 тоотод оршин суух, Гөрөөчин овогт *******гийн ******* /РД:РЛ-80051011/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс 2 хүүхэддээ болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Н.******* миний бие 2003 онд Л.*******тай танилцан гэр бүлийн харилцаатай болж 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамт амьдрах хугацаанд 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин ******* нар мэндэлсэн. Хамт амьдрах эхний жилүүдэд амьдрал хэвийн байсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2018 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Өмнө нь нэг удаа тусдаа амьдарч байсан. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 2 удаа товлоод амжилтгүй болсон, миний хувьд цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул Л.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг эх Н.******* миний асрамжид үлдээж, Л.*******аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.
Жич: Эд хөрөнгийн маргаантай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг Орхон 1-р хэсэг 60 тоотод байрлах гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг /хашаа байшин/ үнэлгээний газраар үнэлүүлсний дараа өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгээ нэмэгдүүлэн нэхэмжилнэ! гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... Н.******* миний бие тус шүүхэд Л.*******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, охин И.*******, И.******* нарыг өөрийн асрамжид үлдээх, Л.*******аас 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд эд хөрөнгийн маргаантай. Бидний хамт амьдрах хугацаанд бий болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р баг Орхон 1-р хэсэг 60 тоотод байрлах гэр бүлийн дундын өмчлөлийн хувийн сууцыг анх 12 саяар худалдан авч байсан бөгөөд үнэлгээний газраар үнэлүүлэхэд зах зээлийн үнэлгээ 9202320 төгрөг болсон. Иймд нийт хөрөнгийн өөртөө болон 2 охиндоо ногдох хэсэг /нэг хүнд ногдох 2300580 төгрөг/ нийт 6901740 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.******* нь гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөртөө үлдээж тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би эхнэртэйгээ 15 жил амьдарч байна хүний хань ижил ямар үүрэгтэй байдаг тэр л үүргийг би хүлээж гэр бүлээ сайн сайхан авч яваа гэж боддог. Гэр бүл болсоноор 2 сайхан охин төрсөн. Би 2 охиндоо амьнаасаа илүү хайртай, тэр 2 минь аавдаа ухаангүй хайртай. Өнөөдрийг хүртэл 15 жил амьдрахдаа бид хоёрын хооронд элдэв хэрүүл зодоон маргаан гарч байгаагүй. Яагаад эхнэр маань сална гээд байгааг ойлгохгүй байна. Эр эм битгий хэл эрүү толгой 2 салдаг гэсэн үг байдаг ч гэсэн манай гэр бүлд гэр бүл цуцлуулах ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хэзээ ч эхнэртэй уурлаж гар хүрч үзээгүй охидуудаа загнаж зандарч зодож үзээгүй сайхан л амьдралтай айл шүү дээ. Том охин ******* 14 настай, бага охин ******* нь 10 настай. Охид маань юмны наана цаадах нарийн асуудлыг бүрэн ойлгох хэмжээнд хүрсэн. Ээжийнхээ энэ байдлыг охид гайхаж надаас асуугаад байгаа би гэр бүл сална гэсэн ойлголт байхгүй охид минь гэж хариулт өгч байна. Тиймээс би амьдралаа босгож өдий зэрэгтээ хүрчихээд босгосон амьдралаа нураамааргүй байгаа ч Н.Сайнхшиг сална гээд л байгаа. Аав маань *******тэй уулзаж ярилцахаар очиход нь уулзаагүй, шүүхээс ч зөндөө хугацаа өгсөн, нэгэнтээ болохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Л.*******ад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс 2 хүүхэддээ болон өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь: Гэрлэгчид нь 2003 онд танилцаж, 2003 оны 10 дугаар сарын 12-ний өдөр гэр бүл болсныг 2004 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин И.*******, И.******* нарыг төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2018 оны 2 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байх бөгөөд тэдний дундаас төрсөн хүүхдийн санал, насны байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар охин И.*******, И.******* нарыг эх Н.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар И.*******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар И.*******, И.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Л.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь Л.*******аас төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100х12=2.245.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 50.873 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин И.*******, И.******* нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг Л.******* болон эх Н.******* нар чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2-т тус тус зааснаар Сүхбаатар сумын Орхон 6 дугаар баг 3 дугаар хэсгийн 060 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 52 мкв талбайтай Л.*******, Н.******* нарын өмчлөлийн 000459843 дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18585566221374 дугаар бүхий 52м2 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг нь гэрлэгчдийн дундын эд хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч Н.******* өөрт болон 2 хүүхэддээ оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул дээрх эд хөрөнгийг Л.*******ын эзэмшилд үлдээж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2 дах хэсэгт зааснаар дээрх Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан 9.202.320 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд адил тэнцүү хувааж, нэхэмжлэгч Н.*******, охин И.*******, охин И.******* нарт оногдох 6.901.740 төгрөгийг Л.*******аас гаргуулж Н.*******т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195.578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 195.578 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, Гөрөөчин овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин И.*******, 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин И.******* нарыг эх Н.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин И.*******ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин И.*******, 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин И.******* нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас /-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д тус тус зааснаар Л.*******аас 6.901.740 төгрөгийг гаргуулан Н.*******т олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642.975 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 642.975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхзулд даалгасугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ