2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1608

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч С.Энхням,

шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт ********** овогт **********ын **********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108023700035 дугаартай 3 хавтаст хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо Их Нарангийн ***  дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлийн тухайд;

1. Октябрийн районы ардын шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Өршөөлийн тухай хуулиар суллагдсан,

2. Сүхбаатар дүүргийн Ардын шүүхийн 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

5. Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

6. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

7. Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

8. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 12 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

9. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

10. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жил, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД:**********/, ********** овогт **********ын **********.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

********** нь 00-00 УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30 маркийн авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны ************ тоотод байрлах хохирогч ************ийн гэрт хууль бусаар нэвтэрч 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, ээмэг, 4 хос ээмэг, 2 ширхэг хүзүүний зүүлт зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 6.870.000 төгрөгийн эд хөрөнгийн,

мөн 00-00 УБУ улсын дугаартай “Тоёота приүс 30 маркийн авто машиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “************” хотхоны *** тоот байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар уг байшингаас алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, мөнгөн хар хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг, бөгж, зүүлт гинжтэй хослол, Александер шигтгээтэй ээмэг бөгж, Хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, бага гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, хуримын монетон бөгж, 11 ширхэгтэй шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч ************д нийт 7,733,149 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Шүүхээс нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байна.” гэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

**********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч ********** нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой “Toyota Prius 30” маркийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны ************ тоотод байрлах хохирогч ************ийн гэрт хууль бусаар нэвтэрч 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, ээмэг, 4 хос ээмэг, 2 ширхэг хүзүүний зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 6.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 61 дэх тал)

1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 63-69 дэх тал)

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр гэрээсээ гараад барилгачдын талбай орж мод авчхаад үдээс хойш 16 цагийн орчим гэртээ ирэхэд манай хашааны урд талын хаалга хаалттай арын хаалга онгорхой, байшингийн урагшаа харсан хоёр цонхны зүүн талын цонхны төмөр хаалтыг хөшиж цонх онгорхой байдалтай байхаар нь байшин дотроо ороод харахад гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй, манай гэрээс улаан өргөн шигтгээтэй 7 граммтай монетон бөгж 1 ширхэг, 11 граммтай монетон гинж 1 ширхэг, 5 граммтай цагаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 2,8 граммтай цагаан шигтгээтэй монетон бөгж, 2,5 граммтай монетон бөгж, 4 граммтай цагаан шигтгээтэй өргөн монетон бөгж 1 ширхэг, улаан шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг, шар шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг, хар эрээн шигтгээтэй ээмэг 1 ширхэг, александр шигтгээтэй мөнгөн сваровский ээмэг 1 ширхэг, ногоон шигтгээтэй зүүлт 1 ширхэг, цагаан зуйван хэлбэртэй чулуун зүүлт 1 ширхэг, мөнгөлөг өнгөтэй энергийн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан ба уг эд зүйлүүдийг үнэлж мэдэхгүй байна. Мөнгөний гахайнд байсан ойролцоогоор 2,200,000 төгрөг, түрүүвчинд байсан 400,000 төгрөг алдагдсан. Би мөнгөний гахайндаа 2020 оны зунаас эхлээд өдөрт 30,000 төгрөг хийдэг байсан. Манай хашааны арын хаалганы гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийшээ явахад гудамжны үзүүрт хүнсний дэлгүүр байгаа. Тэр дэлгүүрийн камер гудамжнаас гарч байгаа хүн болон машиныг харах боломжтой. Манайхаас зүүн тийшээ байдаг айлын охин манай хашаанд хоёр танихгүй хүн явж байсныг харсан гэж хэлсэн. Тэр хоёр хүн цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад манай арын гудамжаар ертөнцийн зүгээр зүүн тийшээ хурдтай явсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал)

1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч ************гийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 13-14 цагийн хооронд ************ найзындаа буюу манай гэрийн урд талд гудамжинд гэр нь байдаг найзындаа тоглож байсан. Тэгсэн ертөнцийн зүгээр баруун талынх нь хашаанд буюу 1 давхар байшинтай, урдаа монгол гэртэй айлын хашаан дотор шуудайтай юм барьчихсан танихгүй хоёр ах явж байсан. Тэгээд тэр хоёр ах хашааных нь хойд хаалгаар гараад цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн машинд суугаад маш хурдтай манай гудамжнаас доош уруудаад яваад өгсөн. Тэр “Toyota Prius 30” маркийн машины дугаарыг нь харахад 00-00 гэсэн дугаартай байсан. Серийн дугаарыг нь сайн хараагүй. Нэг дэх нь бараан өнгийн хувцастай, туранхай, бор өнгийн саравчтай малгайтай, далий царайтай, туранхай намхан ах нь шуудайтай зүйл барьсан байсан. Би тэр хоёр ахыг одоо харвал танина. Манай аав саарал өнгийн приус-20 маркийн машин унадаг. Би приус машины маркийнг мэддэг. Тухайн үед ************ надтай хашааныхаа хаалганы дотор талд байсан. Би ************д хажуу талын хашаанаас шуудайтай юм бариад энэ цэнхэр приус-30 маркийн машинд суучихлаа эд нар бараг хулгайч байхаа гэж хэлсэн чинь ************ тоохгүй байсан...Далий царайтай туранхай намхан ах шуудайтай зүйл барьсан байсан. Би тэр хоёр ахыг хашаан дотор хэр удсаныг мэдэхгүй байна. Хашаанаас гарах үед нь харсан...Би шуудайных нь өнгийг анзаараагүй. ” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал)

1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************ын өгсөн: “Би 2021 оны 7 дугаар сараас эхлээд машин банк бусын нэр дээр худалдаж аваад хүмүүст таваас дээш хоногоор түрээслүүлдэг ажил хийдэг болсон. Одоогийн байдлаар би “Toyota Prius 30” маркийн цэнхэр өнгийн 00-00 УБУ, “BMW 3201” маркийн 37-50 УНА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн хоёр тээврийн хэрэгслийг бусдад түрээслүүлж байгаа. “Toyota Prius 30” маркийн цэнхэр өнгийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн **********ын ********** гэх эрэгтэй хүнд хоногийн 80.000 төгрөгөөр 5 хоног түрээслүүлэх болсон. ********** гэх залуу нь 5 хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр миний гар утас руу залгаад дахин 5 хоног сунгуулъя гээд миний Хаан банкны ************ тоот данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ********** миний гар утас руу залгаад дахин 5 хоног сунгахаар боллоо гээд миний данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өнөөдөр цагдаагийн газраас миний гар утас руу залгахаар нь би ирж мэдүүлэг өгч байна. Би ********** гэх хүнийг урьд өмнө таньдаггүй байсан. Би машинаа түрээслүүлэхдээ фейсбүүкийн “Машин түрээс” гэсэн нэртэй групп дээр түрээслүүлнэ гэсэн зар оруулдаг. ********** гэх залуу нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ************ гэсэн дугаарын гар утсаар анх над руу залгаад машин түрээслэхээр болсон. Би машинаа түрээслүүлэхдээ барьцаа гэж эд зүйл  авдаггүй. Машин түрээслэх гэж байгаа хүний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбарыг нь авдаг. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 87-88 дахь тал)

1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************ийн өгсөн: “2021 оны 10 сарын 12-ны өдөр намайг офицерын Хаан банкин дээр байхад ************ гэсэн дугаараас үл таних 20 гаруй насны эрэгтэй хүн залгаад "зарын дагуу ярьж байна. “Нагіег” маркийн автомашин түрээслэх үү гэж асуусан. Тэгэхээр нь машин байгаа түрээсэлж болно офицерын Хаан банкин дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгсэн цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн автомашин дотроос 2 залуу бууж ирээд 1 залуу нь над дээр хүрч ирж уулзсан. Надтай уулзсан залуу нь хар өнгийн гуталтай, хар өнгийн “North face” брэндийн куртиктэй, 170 см орчим өндөртэй 20 гаруй настай залуу байсан. Тэр цаана нь бас нэг залуу цэнхэр өнгийн машиныхаа хажууд зогсож байсан боловч би царай, хувцсыг нь анзаарч хараагүй. Надтай уулзсан 20 гаруй настай залуу надад хэлэхдээ “бэлэн 700.000 төгрөг байна, дансаар 250.000 төгрөг шилжүүлнэ” гэж хэлэхээр нь би Жуков руу нөгөө залууг дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд би Жуковын хойд талын 4 дүгээр байрнаас машин түрээслэх гэрээгээ аваад өөрийн 00-00 УБИ улсын дугаартай саарал өнгийн “Нагіег” маркийн машиныг 1 өдрийн 130.000 төгрөгөөр, 5 хоногийн хугацаатай нөгөө North face брэндийн куртиктэй залуу буюу Нарантуяа овогтой *********** гэх хүнтэй түрээслэх гэрээг байгуулж байтал цагдаа нар ирээд болиулсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91 дэх тал)

1.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.***********ийн өгсөн: “Би “жолооч дуудлага” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг 2020 оны 11 дүгээр сард нээсэн. Тэрнээс хойш уг хаяг маань 1356 найзтай байгаа. Уг хаяг дээрээ өөрийн *********** дугаараа байрлуулж зар тавьдаг. Хүмүүс миний *********** дугаарын утас руу залгахаар нь би цагийн 20.000 төгрөгөөр дуудлагын жолооч хийдэг. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн үед миний *********** гэсэн дугаар руу ************ гэсэн дугаартай хүн залгаад дуудлагын жолооч уу, Чулуун овооны Сансар супермаркет дээр байна, хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Чулуун овоон дээр байх Сансар супермаркет дээр явж очоод цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн машин дээр очоод тэр дуудлагын жолооч дуудсан далий нүүртэй, намхан, туранхай ахтай уулзаад машинд нь суусан. Мөн хойд талын суудал дээр тэр улаан өнгийн урт куртиктэй, эрүүндээ сахалтай танихгүй ах согтуу байсан. Тэгсэн тэр гилжгий хүзүүтэй, далий нүүртэй ах надад эхлээд нэг машин түрээсэлчхээд энэ машиныг Эрдэнэтолгой руу хүргэж өгнө, чи энэ машиныг унаад араас дагаад яваарай, асуудал гарвал өөрсдөө хариуцна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн машиныг нь бариад явсан. Тэгсэн тэр гилжгий ах чиний иргэний үнэмлэхээр, чиний нэр дээр машин түрээсэлье, хариуд нь би чамд 210.000 төгрөг өгье, энэ дугаар руу өөрийнхөө утсаар залгаад машин түрээслэх үү гээд асуучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө ************ гэсэн дугаарын утсаар *********** гэсэн дугаар руу залгаад “Harrier” маркийн автомашин түрээслэх үү гэж асуухад нөгөө хүн түрээсэлнэ, офицерын Хаан банкин дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэнгэр плаза” нэртэй худалдааны төвийн 2 давхарт байх ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа аваад офицерын Хаан банкин дээр “Toyota Prius 30” маркийн машинтай, нөгөө хоёр ахтай хамт явж очсон. Тэгээд *********** дугаарын утасны эзэн буюу машин түрээслэх үл таних 20 гаран насны залуутай ярилцаж “Harrier” маркийн автомашиныг өдрийн 130.000 төгрөгөөр 5 хоногийн хугацаатай түрээслэхээр болсон. Тэр залууд 5 хоногийн түрээсийн мөнгө 650.000 төгрөг, урьдчилгаа болгож 300.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд нөгөө залуугийн саарал өнгийн “Harrier” маркийн автомашиныг дагаад Жуковын хойд зам дээр очиж зогссон. Цэнхэр өнгийн “Toyota Prius 30” маркийн автомашинаас буух үед машин дотор гилжгий ах болон улаан куртиктэй ах үлдсэн. Гилжгий ах надад хэлэхдээ “энэ машиныг өөрөө түрээсэлж байгаа юм шиг ярьж байгаад түрээсэлчих гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд бэлнээр 700.000 төгрөг өгөөд түрээсийн гэрээгээ хийж дуусах гэж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 93-94 дэх тал)

1.8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “Улаан өргөн шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг 980.000 төгрөг, монетон гинж 1 ширхэг 1.540.000 төгрөг, улаан шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг 20.000 төгрөг, цагаан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг 350.000 төгрөг, шигтгээтэй өргөн монетон бөгж 1 ширхэг 560.000 төгрөг, шар шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг 20.000 төгрөг, александр шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг 20.000  төгрөг, хар эрээн шигтгээтэй сваровский ээмэг 1 ширхэг 20.000 төгрөг, ногоон шигтгээтэй энгийн зүүлт 1 ширхэг 20.000 төгрөг, цагаан зуйван хэлбэртэй чулуун зүүлт 1 ширхэг 20.000 төгрөг, мөнгөлөг өнгөтэй энергийн ээмэг 1 ширхэг 20.000 төгрөг, бэлэн мөнгө 2.600.000 төгрөг нийт 6.870.000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 105-106 дахь тал)

1.9. Эд зүйл хураан авч 700.000 төгрөгийг хохирогч ************т хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 109-110 дахь тал)

1.10. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд    (1-р хавтаст хэргийн 114-117 дахь тал)

1.11. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 118-122 дахь тал)

1.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **********гийн өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Toyota Prius 30”  машиныг түрээслэн унасан бөгөөд Хатанбаатар гэх хүнээс түрээслэн авсан. Уг түрээсийн машины өдрийн хөлс нь 80.000 төгрөг байсан юм. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найз ***********тай таарсан бид хоёр улмаар айл ухахаар шийдсэн бөгөөд эхлээд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овооны **** тоотод очсон бөгөөд уг тоот хашаан дотор байшин байсан ба эзэнгүй хүнгүй байсан. Тэгэхээр нь *********** бид хоёр хашааны хаалгыг онгойлгон дотогш орсон бөгөөд байшингийн цонхыг *********** бид хоёр хоёулаа хөшиж онгойлгосон ба бид хоёр хоёулаа нэвтэрч ороод би мөнгө хийдэг гахайтай шаазан эдлэл болон түүн дотор байсан 2.200.000 төгрөг, болон хайрцагтай ээмэг бөгжийг авсан бөгөөд харин *********** цуг байж байгаад юм авалгүй буцаад гарсан. Тухайн үед *********** уг айлаас хулгай хийгээгүй. Түүний дараа *********** бид хоёр хулгайлсан эд зүйлээ машиндаа хийсэн ба тэр өдрөө орой 20 цагийн үед түрээсийн машинтайгаа явж машиндаа хийсэн байх эзэнгүй айл олсон...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хоёр. Шүүгдэгч ********** нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой “Toyota Prius 30” маркийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жет Вилла” хотхоны 000 тоотод байрлах байшинд хууль бусаар нэвтэрч хохирогч ************ын алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, мөнгөн хар хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг, бөгж, зүүлт гинжтэй хослол, Александер шигтгээтэй ээмэг бөгж, Хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, бага гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, хуримын монетон бөгж, 11 ширхэгтэй шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 7.733.149 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 158 дахь тал)

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хавтаст хэргийн 160-171 дэх тал)

2.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1-р хавтаст хэргийн 172-177 дахь тал)

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************ын өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн амны “Жет” хотхоны 000 тоотод оршин суух хаягтай. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед нөхөр Улаан бид хоёр гэртээ ороод хартал бүх юм замбараагүй байдалтай байсан. Манай гэрт гал тогооны өрөөнд байсан мөнгөн аягануудыг бүгдийг нь өрөөд тавьсан байсан. Тэгээд гайхаад хартал манай гэрийн урагшаа харсан хаалга онгорхой байсан бөгөөд манай нөхөр Улаан том өрөөний зүүн тийшээ харсан цонхийг хараад чи цонх онгойлгосон юм уу гэж надаас асуутал би тухайн өдөр гэрээсээ гарахдаа цонхоо онгойлгож гараагүй байсан бөгөөд манай гэрийн зүүн тийшээ харсан цонхоор тухайн хулгайч орсон юм шиг байсан, цонхны тавцан дээр байсан цэцгүүд унасан байсан. Манай нөхөр Улаан хоёр давхар руу гараад хартал манай хоёр давхрын өрөөний хөшигнүүдийг хаагаад замбараагүй байдалтай байсан. Тэгээд гайхаад хартал унтлагын өрөөнд байдаг миний үнэт эдлэлийн хайрцгуудыг бүгдийг нь эвдлээд үнэт эдлэлийг аваад явсан байсан. Манай нөхөр Улааны хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга болон хүүхэд Номин-Эрдэнийн хуримын бэлэг болох мөнгөн аяганууд нь байхгүй байсан. Тухайн үед манай гэрийнхэн ажилдаа өглөө 09 цаг гэж яваад орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд тийм байдалтай байсан...Надад сэжиглэж байгаа хүн байхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 189 дэх тал)

2.5.  “Дамно” ХХК-ийн “Алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг 4 ширхэг 2.780.149 төгрөг, мөнгөн хар өнгийн хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг бөгж зүүлт гинж 1 ширхэг 120.000 төгрөг, Александр шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 1 ширхэг 85.000 төгрөг, хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг 2 ширхэг 40.000 төгрөг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга 1 ширхэг 1.200.000 төгрөг, бага гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга 1 ширхэг 800.000 төгрөг, хуримын монетон бөгж 3.2 грамм 448.000 төгрөг, томоос бага руу шилжсэн тоо ширхэг тодорхойгүй шинэ цагийн дунд гарын мөнгөн аягаар тооцсон 11 ширхэг 1.760.000 төгрөг, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга 1 ширхэг 500.000 төгрөг нийт 7.733.149 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 204-206 дахь тал)

2.6. Эд зүйл хүлээлгэн өгсөн “Хөх өнгөтэй сваровский хослол /ээмэг, бөгж, зүүлт/ улбар шар өнгийн шүрэн зүүлт 2 ширхэг, сваровский шар өнгийн хүзүүний зүүлт гинж 2 ширхэг ээмэг, сваровский цагаан өнгийн цагаан шигтгээтэй бугуйвч, хар өнгийн сваровский 5 ширхэг шигтгээтэй урт зүүлт, цагаан сувдан ээмэгний өрөөсөн 1 ширхэг, мөнгөн зүүлт гинжтэйгээ цагаан өнгийн тана чулуу 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгсөн.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 212-213 дахь тал)

2.7.  “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “83-64 УБУ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашиныг 21.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан  (3-р хавтаст хэргийн 96-101 дэх тал)

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **************ийн өгсөн: “Би ББТ ББСБ-д хуульчаар ажилладаг бөгөөд манай ББСБ-д 00-00 УБУ улсын дугаартай приус маркийн машин нь яг одоогоор манай ББТ санхүүгийн байгууллага дээр бүртгэлтэй байгаа. Уг машин одоо өөр хүн дээр зээлийн гэрээтэй байгаа. Манайх тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч GPS байхгүй. Зөвхөн зээлдэгчтэй гар утсаар холбоо барьж барьцаа хөрөнгөд хяналт тавьдаг бүр шаардлагатай тохиолдолд биечлэн очиж бүрэн бүтэн байдлыг шалгадаг юм...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 92 дахь тал)

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар **********гийн өгсөн: “...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байгаа “************” гэдэг хотхон дээр ирсэн бөгөөд 000 тоот байшин дээр очиход хүнгүй 2 давхар байшин байсан. Уг байшингийн ар талын 1 давхрын цонхыг би ганцаараа хөшсөн бөгөөд *********** миний хажууд зогсож байсан. Тэгээд бид хоёр уг тоот байшин руу цуг орсон бөгөөд 2 давхар руу гарч унтлагын өрөөний ширээн дээр байсан шүүгээг би ухсан. *********** доор байж байсан. Би шүүгээг ухаад нэгэн жижигхэн авдар байсан ба уг авдраас ээмэг бөгж зэргийг нь өөртөө авсан ба түүний дараа 1 давхраас олон тооны мөнгөн аягыг авсан. Тухайн үед *********** энэ айлаас юм авч чадаагүй, бид хоёр тухайн айлаас гараад явсан. Түүний дараа *********** надаас салаад гэр рүүгээ яваад өгсөн. Би хороололд байрлах буудал руу очиж хоносон. Тэгтэл манай найз ************** дуудаад бид хоёр уулзаж архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн машинтайгаа явж байтал цагдаа нарт баригдсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлсээ хүлээлгэж өгсөн...************** бол надтай хамт хэрэг үйлдээгүй. ***********ы хувьд Сонгинохайрхан дүүрэг болон Хан-Уул дүүрэгт хулгай хийж байхад хамт байсан боловч уг айлуудаас эд зүйл хулгайлан аваагүй. Би тээврийн хэрэгсэл ашигладаг байсан. Гэхдээ уг тээврийн хэрэгсэл минийх биш байсан ба уг машины эзэн нь намайг юунд ашиглаж байгааг мэдэхгүй байсан. Надад гаргах санал хүсэлт алга. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 70-71 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч **********гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болов.

Улсын яллагчаас шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 24 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсноор мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хууль тогтоогчоос энэхүү гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.

Тодруулбал, уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. Орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байхаар, “машин механизмыг ашигласан” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан байхаар тайлбарлажээ.

Шүүхийн хэлэлцүүлэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь 2021 оны 10 дугаар сарын 11-нд ББСБ-ын өмчлөлийн түрээсээр хөлсөлсөн  “Toyota Prius 30” маркийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замд таарсан хүн амьдрах зориулалттай орон байр болох Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны ************ тоотын цонхыг хөшиж ороод хохирогч ************ийн  нийт 6.870.000 төгрөгийн үнэлгээ бүхий 4 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинж, ээмэг, 4 хос ээмэг, 2 ширхэг хүзүүний зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жет Вилла” хотхоны 000 тоотын цонхыг хөшиж ороод хохирогч ************ын нийт 7.733.149 төгрөгийн үнэлгээ бүхий алмаазан шигтгээтэй цагаан алтан ээмэг, мөнгөн хар хээтэй том бөөрөнхий хэлбэртэй ээмэг, бөгж, зүүлт гинжтэй хослол, александер шигтгээтэй ээмэг бөгж, Хаш ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, дунд гарын хуучин цагийн Дарьганга хийцийн мөнгөн аяга, бага гарын хуучин цагийн дарьганга хийцийн мөнгөн аяга, хуримын монетон бөгж, 11 ширхэгтэй шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын шинэ цагийн алтан суурьтай мөнгөн аяга зэргийг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, уг үйлдлээ хялбарчилж учрах саадыг арилгах, эд зүйлээ тээвэрлэх зорилгоор зориуд машин механизм ашигласан нь тогтоогдсон.

Шүүгдэгч ********** хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ************, ************ын орон гэрт хууль бусаар нэвтэрсэн нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан, “Toyota Prius 30” маркийн 00-00 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хялбарчилж, учрах саадыг арилгаж, хэргийн газраас хурдан шуурхай зугтаахын тулд ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Иймд **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар.

Шүүгдэгч ********** хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 14.603.149 төгрөгийн буюу хохирогч ************т 6.870.000 төгрөгийн, хохирогч ************д 7.733.149 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

********** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ************т 700.000 төгрөг, хохирогч ************д 3.520.149 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар хүлээлгэн өгсөн нь (1-р хавтаст хэргийн 172-177, 212-213 дахь тал)-д эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул төлөгдсөнд тооцож, төлөгдөөгүй нийт 10.383.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч **********гээс гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч ************т 6.170.000 төгрөг, ************д 4.213.000 төгрөгийг тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 02 жил 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 жил 06 сар 04 хоногийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 14 жил 01 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.

**********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хүний амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж авсан), гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ (бусдад нийт 14.603.149 төгрөгийн хохирол учруулсан), гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал ( гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн) зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага оногдуулахад дээрхи нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял шийтгэв. 

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1349 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 19 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 16 жил, 19 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байна.

Уг  16 жил, 19 хоногийн хугацаагаар хорих ялаас ********** 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар биеэр эдэлсэн 02 жил 04 сар 25 хоног, шагналын 00 жил 01 сар 20 хоног, бүгд эдэлсэн 02 жил 06 сар 15 хоног, эдлээгүй үлдсэн 11 жил 06 сар 04 хоногийн ялтай болох нь 409 дүгээр хорих байгууллагын ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Харин 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч **********гийн гэмт хэргийн үйлдэл нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл байх тул дараах эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн шийдвэрлэж болно” гэж, 3 дахь хэсэгт “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор  оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) жил 06 (зургаа) сар 04 (дөрөв) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 13 (арван гурав) жил, 06 (зургаа) сар, 04 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар **********гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд оруулан тооцно. 

Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч буй байдал, нөгөө талаас хорих байгууллагад хөдөлмөр эрхэлж хохирогчдод учирсан хохирлоос нөхөн төлөх боломж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдол бүхий нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Иймд **********гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ББСБ-ын өмчлөлийн 00-00 УБУ улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн автомашин (3 дугаар хавтаст хэргийн  96-101 тал)-д 21.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнийн дүнг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 2108023700035 дугаартай хэрэгт 2110019150149 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар  02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос  эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) жил, 06 (зургаа) сар, 04 (дөрөв) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх  ялыг 13 (арван гурав) жил, 06 (зургаа) сар, 04 (дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. **********д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. **********гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 248 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********гээс нийт 10.383.000 төгрөг гаргуулж хохирогч ************т  6.170.000 төгрөг, ************д 4.213.000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ 21.000.000 төгрөгийг шүүгдэгч **********гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй эрүүгийн 2108023700035 дугаартай хэрэгт 2110019150149 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол **********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ