| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2003005260461 |
| Дугаар | 2021/ДШМ/449 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ДШМ/449
Б.Ш-од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Б.Энхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Б.Энхболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ш-од холбогдох эрүүгийн 2003005260461 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овгийн Батхүүгийн Ш-, 19.. оны 8 дугаар сарын .....-ны өдөр Говь-Алтай аймгийн ............ суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .............. мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн ..............ажилтай, ам бүл ..........хамт Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД................................../;
Б.Ш- нь 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ....................хог хаягдал төвлөрүүлэх цэгийн хашаанд “.......................” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Daewoo” маркийн тусгай зориулалтын................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчин ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс явган зорчигч 57 настай Д.О-н хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын дүрэм зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүгдэгч Б.Ш-од оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дуагар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох Сонгинохайрхан дүүргийн “.....................” ОНӨААТҮГ-аас 9.518.051.0 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэнэд олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний хариуцагч хуулийн этгээд гэм хор арилгасны улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эртэйг тусгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний 483307 дугаартай В, С, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, шүүгдэгч Б.Ш-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ш- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хэрэг гарсан өдрөөс хоригдох хүртэл хугацаанд хохирогчид сэтгэл санаа болон мөнгө санхүүгийн тусламжийг өөрийн боломж бололцоогоороо тухай бүрт нь төлж байсан. Шүүхээс хохирогчид нийт 15.000.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснээс эмчилгээ болон бусад зардалд өөрийн зүгээс чадах чинээгээрээ 5.352.720 төгрөг гаргаж өгсөн. Үлдсэн 9.518.061 төгрөгийг иргэний хариуцагч компаниар төлүүлэх шийдвэр гарсан. Компани маань хорио цээрийн улмаас ажиллаагүй учир заасан хугацаанд төлбөр төлөх боломж гараагүй. Миний бие өрх гэрээ авч явдаг, эхнэр маань биеийн байдал тааруу, хөдөлмөр эрхлэх боломжгүй, хүүхэд маань их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг. Би архи тамхи хэрэглэдэггүй, өдий 53 нас хүртэл гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Миний сарын цалин 1.000.000 төгрөг, үүнээс зээлдээ 593.000 төгрөг төлдөг. Үүнээс үлдсэн мөнгөө ар гэртээ зарцуулдаг байсан. Энэ хэргийн улмаас ар гэр маань цалингийн зээл төлөх болон амьжиргаагаа авч явахад хүнд болсон тул гэрээ хурааж айлд амьдарч байна. Цаашид хохирогчийн биеийн байдлаас хамаарч эмчилгээ болон бусад төлбөрт ажил хөдөлмөр эрхлэн чадах чинээгээрээ туслах болно. Дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ш-ын өмгөөлөгч Б.Энхболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ш- нь гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Д.Оюунчимэгийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ мэдсэн даруйдаа эмнэлэг, хууль хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг авах боломжоор хангасан. Б.Ш- нь анхан шатны шүүх хуралдаан явагдах өдрийг хүртэл гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.352.720 төгрөгийг урьдчилан төлсөн байсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр явагдсан шүүх хуралдаан дээр 9.518.051 төгрөгийн хохирлын баримт шинээр гаргаж өгсөн. Шүүхээс Б.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаанд завсарлуулж өөрийн ажилладаг газраас 9.518.051 төгрөгийг гаргуулахаар хандсан болно. Гэвч Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06 цагаас 23-ны өдрийн 06 цаг хүртэл хугацаанд гамшигаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн даатгалын байгууллага нь “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр даатгалын нөхөн олговор олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн зэрэг нөхцөл байдлын улмаас шүүхээс тогтоосон төлбөрийг иргэний хариуцагч тал төлж чадаагүй болно. Б.Ш- нь жолооч мэргэжилтэй, 52 настай, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээн дээр маргаагүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг хэрэглэн түүнд оногдуулсан 2 жилийн эрх хасах нэмэгдэл ялын хэмжээг багасгаж, хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ш- нь 2021 он гарснаас хойш анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд нэг ч удаа бидэнтэй холбоо бариагүй, мөнгө төгрөг өгөөгүй, санаа тавьж нэг ч удаа утсаар холбогдоогүй. Эрүүл саруул байсан хүнийг тахир дутуу, хөдөлмөрлөх чадваргүй болгож, гэр бүл, үр хүүхдэд нь сэтгэл санааны гүн хохирол учруулсан. Өнөөдрийг хүртэл хохирогчийн биеийн байдал сайжрахгүй, тогтмол хагалгаанд орж байна. Миний эхнэр баруун хөлөө бүтэн тайруулсан, хөл хадуулах хагалгаанд орсон, арьс нөхүүлэх хагалгаанд 2 удаа, ходоод нь цоорсон учир гэдэсний хагалгаанд орж ходоодоо тайруулсан, гэдэс нь наалдангитай учир дахин хагалгаанд орсон, энэ мэтчилэн 7-8 удаа хагалгаанд орсон байхад Б.Ш- нь нэг ч хагалгаан дээр байхгүй байсан. Хэрэг гарсан өдрөөс хойш хэдэн төгрөг өгсөн нь үнэн. Гэхдээ 2021 оноос хойш дээрхи байдлаар хагалгаанд орох, эм тариа авах зэрэгт үндсэндээ хуруугаа ч хөдөлгөөгүй. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшихгүй байна. Эмнэлэгт хүнд хагалгаанд орох гэж байна хэмээн утсаар ярихад чадахгүй гэж хэлээд утсаа салгасан, эм авах хэрэгтэй байна гэхэд “надад мөнгө байхгүй, одоо би мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Бид ойр тойрны хүмүүсээсээ мөнгө зээлж, машинаа зарж, эмчилгээг нь хийлгүүлж байна. 4 сар гаруй эмнэлэгт хэвтэхэд сахиур хийсэн 3 хүн цалингүй, 1 хүн нь ажлаасаа халагдсан бөгөөд маш олон хүн хохирсон. Миний эхнэр шөнө унтаж чаддаггүй, өвдөлтөндөө орилж чарлаж, уйлдаг. Үнэхээр сэтгэл шимширмээр байдалтай байна. Бид маш их гомдолтой байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээ болох 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Б.Ш-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах явцад осол гаргасан ачааны автомашины эзэмшигч буюу шүүгдэгч Б.Ш-ын ажил олгогч Сонгинохайрхан дүүргийн Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч зохих ажиллагаа хийж, иргэний хариуцагчаар татах, холбогдох этгээдүүдийг гэрчээр асуух, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа олгосон талаарх баримтуудыг авч шалгасан боловч хэрэгт зайлшгүй шалгаж тодруулах зүйлийг орхигдуулсан байна гэж үзэхээр байна.
Тодруулбал, осол хэрэг гарсан газар болох Улаан чулуут хогийн цэгийг хариуцсан албан тушаалтнаас шаардлагатай зүйлийг асууж тодруулаагүй, мөн тухайн хогийн цэгийн үйл ажиллагааг зохицуулсан аливаа журам, дүрмийг хэрэгт авч шалгаагүй нь буруу бөгөөд тухайн хогийн цэгийн менежер Г.Г-г гэрчээр асуусан төдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хязгаарласан нь учир дутагдалтай болжээ.
Гэрч Г.Г-ы “манай төвлөрсөн хог хаягдлын хашаа руу хогны машинаас гадна иргэдийн тээврийн хэрэгсэл төлбөр төлж нэвтэрдэг” /хх 67/, хохирогчийн төлөөлөгч Б “хашаанд байсан хогоо ачаад эхнэр О-н хамт Улаан чулуутын хогийн цэг дээр хогоо хаяхаар очсон. Хогийн цэгийн хашаанд ороод баруун зах руу нь очиж зогсож хогоо хаясан” /хх 14/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд оршин байрлах Улаан чулуутын хогийн цэгт иргэд төлбөр төлж хог хаягдлаа буулгадаг болох нь тогтоогдож байна.
Мөн хэргийн 68 дугаар талд байгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/1443 дугаар албан бичгээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т “...санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор ... хувиараа хог хаягдал тээвэрлэж ирсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн хог хаягдлын тонн тутамд төлбөр авах ажлыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж ажиллахыг мэдэгдэж байна” гэжээ.
Нэгэнт иргэдээс төлбөр авч, хог хаягдал төвлөрүүлэх цэгийн хашаанд нэвтрүүлж зохих үйлчилгээ үзүүлдгийн хувьд ямарваа нэгэн дүрэм, журам үйлчилдэг эсэх, үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг эсэх, хог хаях газрыг зааж өгдөг эсэх зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулснаар тухайн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, мөн иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээд нэмэгдэж болох эсэх хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба дээр дурьдсан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож байгаа тул давж заалдсан гомдлуудад энэ удаа хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ш-од холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.
2. Хэргийг прокурорт шилжтэл шүүгдэгч Б.Ш-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ