Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 110

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

            Улсын яллагч Г.Мөнхтүвшин

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1,  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан сумын  харъяат, 1971 оны 10 сарын 06-нд төрсөн, эрэгтэй, 46 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, улс төрийн боловсролын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг 15-5 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Олохнууд овогт Цэрэндоржийн Эрдэнэбатад  /РД:РФ71100675/ холбогдох эрүүгийн 201710010099 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь  авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэн ховор амьтан болох Бандага хүдрийн  7 ширхэг заарыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Олон Улсын худалдааны  төв болох Нарантуул  захаас Бадангахүдрийн  7 ширхэг хүдрийн заарыг худалдан авсан гэх   гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би сэтгэцийн өвчтэй хүүхэдтэй юм. Хүүгийн маань өвчин хавар, намар сэдэрдэг бөгөөд сэтгэл гутралыг нь тайвшруулдаг эмийг эмчийн зааж өгсөнөөр хятад эм авах ёстой байсан юм. Энэ эм Улаанбаатар хотод нэг нь 50,000 төгрөг, нөгөө нь 30,000 төгрөг гээд арай үнэтэй байдаг юм. Ингээд Нарантуул зах дээр явж байтал 2 залуу хүдрийн заар зарна гэхээр нь Эрээнд хүдрийн заар үнэтэй авна гэсэн зар байсныг санаад тэр залуучуудаас үнийг нь асууж өөрт байгаа 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. 200 грамм орчим байгаа гэж хэлж байсан. Ингээд Замын-Үүд суманд вагоноор ирээд  вокзалын ойролцоо 00-д ороод 7 ширхэг хүдрийн заараа дотоожныхоо доор хийгээд хилээр гарах явцдаа гаалийн байцаагчид баригдсан юм. Би хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, маш их харамсаж байна. Заарын үнийг 2 дахин нугалж төлүүлэх талаар мөрдөн байцаалтын шатанд тайлбарлаж өгсөн. Ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Ц.Эрдэнбатын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн3/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас / хх-ийн 4/

Эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүдрийн заарыг жинлэсэн тухай гэрэл зураг /хх-ийн 7-10/

Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн16-17/

Иргэний нэхэмжлэгч Т.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, уг дүгнэлтэд 7 ширхэг хүдрийн заар болохыг тогтоосон байх тул 7 эр хүдрийн экологи эдийн засгийн үнэлгээгээр  хохирлоо нэхэмжилнэ. Мөн амьтны тухай хуулинд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи  эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Ш.Батболдын мөрдөн байцаалтын шатанд “Би 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албаны даргын баталсан хувиарын дагуу Замын-Үүд дэх АЗШНЦ 1 дэх гаалийн хяналтын бүсийн зорчигчийн гарах талын хэсэгт гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 09 цагийн орчимд эрүүндээ сахалтай, кепик малгайтай, зузаан куртиктэй 35-40 орчим насны биерхүү эрэгтэй металл илрүүлэгчийн хаалгаар орж ирсэн бөгөөд уг хүний биед ямар нэг эд зүйл байгаа эсэхийг шалгах зорилгоор гар металл илрүүлэгчийг биеэр нь гүүлгэж үзэхэд куртикны баруун талын халаасанд металл илрүүлэгч дохио өгсөн. Ингээд халаасанд нь юу байгаа болохыг тухайн зорчигчоор гаргуулахад ууттай гаа /хятад бичигтэй, мөөгтэй/ гаргаж ирсэн бөгөөд уг ууттай гааг ширээн дээр acгуулаад дахин металл илрүүлэгчээр гүүлгэж үзэхэд юм илрээгүй ээ, харин гааны уут нь металны хольцтой байсан. Тэгээд дээрхи зорчигчийг хүний биеийн аппарат /body scan/-нд оруулахад гар нь салгалаад, хөлс нь гоожоод, их сандарсан байдал ажиглагдсан ба аппаратны дэлгэцийг харахад салтаан тус газар нь гадны ямар нэг зүйл байгаа мэт харагдсан. Ингээд би зорчигчоос салтаанд чинь юу байгааг асуухад “ах нь эмчилгээтэй явж байгаа юм аа, эм байгаа юм” гэж хэлэхээр нь сэжиг бүхий санагдаад зөрчлийн албанаас гаалийн улсын байцаагч дуудаад гүнзгийрүүлсэн үзлэг хийхэд салтаандаа буюу дотоожиндоо дотроо памперс зүүгээд, уг памперсны дотор хар өнгийн ууттай, гадуураа скочирдсон амьтаны гаралтай 7 ширхэг эд эрхтэн нуусан байсан. Тэгээд би энэ ямар амьтны юу болохыг тодруулахад зорчигчоос асуухад “хүдрийн заар” гэж хэлснээс өөр зүйл яриагүй ба холбогдох материалыг бүрдүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн үед гадаад паспортыг нь шалгахад Цэрэндоржийн Эрдэнэбат гэгч 42 настай МУ-ын иргэн байсан ба ямар зорилгоор улсын хилээр нэвтрүүлж байгаа талаар асуухад юм хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Эрдэнэбат гэж хүний эхнэр нь  гэр бүл болоод 23 жил амьдарч байгаа. Хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Эрдэнэбат нь 2017 оны хавар Монгол улсаас Хятад улсруу хилээр нэвтрэхтэй хориотой ангийн эд зүйлс хил нэвтрүүлж авч гарах гэж байгаад баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа надад хэлсэн. Манай өрхийн амьжаргааны түвшин нь дунд түвшинд байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтөй, тамхи татдаггүй, архи хааяа нэг хэрэглэдэг. Манай хашаа байшин нөхрийн нэр дээр байсан одоо хаан банкинд зээлийн барьцаанд доторх тавилга эд хөрөнгөтөй хамт байгаа. 18 сая төгрөгний зээлэнд 36 сарын хугацаатай 2016 оноос 2019 он хүртэл авсан санагдаж байна. Зээлийн мэдээллийн талаараа цагдаагийн газарт манай нөхөр Эрдэнэбат тодорхойлолт авч өгсөн” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24-25/

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 11 тоот “- Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг амьтны гаралтай эд зүйл нь өмхийрч муудаагүй, үзлэг, шинжилгээ хийх боломжтой байсан.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг амьтны гаралтай эд зүйл нь Бугын овгийн Хүдрийн төрөлд хамаарах Баданга хүдэр (Moschus тoschiferus Linnaeus, 1758) гэсэн нэг зүйл амьтны заар мөн болно.

-Шинжилгээнд ирүүлсэн эд эрхтэнээс хархад 7 ширхэг заар байгаа нь 7 эр бодгаль байгааг гэрчлэх бөгөөд насыг тогтоох боломжгүй болно. Заар гэх зүйл нь зөвхөн эр бодгальд байдаг болно.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг эд зүйл нь баданга хүдрийн заар мөн бөгөөд тус зүйл амьтан нь Амьтны тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-ийн нэн ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн болно. Баданга хүдэр нь манай орны Хангай, Хөвсгөл, Хэнтийн ой бүхий уулсаар тархан амьдардаг болно.

-Баданга хүдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 3 000 000 төгрөг, эм бодгаль 3 500 000 төгрөг байдаг байна.

-Шинжилгээнд ирүүлсэн 7 ширхэг баданга хүдрийн заарыг хөлдүү байдлаар хадгалах шаардлагатай бөгөөд цаашид ашиглах боломжтой болно.

-Баданга хүдрийн заарыг уламжлалт анагаах ухаанд ашиглахаас гадна химийн бодис гарган авах чиглэлээр ашигладаг.

- Баданга хүдрийн заарыг алахгүйгээр авах боломжгүй болно. Уг эд эрхтэн буюу заар нь тусдаа үүссэн булчирхай учир тайран авсан тохиолдолд амьдарч чадахгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/

2017 оны 06 сарын 07-ны өдрийн 88 тоот “ Солонгос улсын  Utility Center компани үйлдвэрлэсэн загвар, марк тодорхойгүй гэх цагаан шаргал өнгөтэй  2 хаалгатай эдэлж хэрэглэж байсан, хэвийн ажиллагаатай, хуучивтар  2006 онд хуучин хөргөгч авч байсан гэх  1 ширхэг хөргөгч  300,000 төгрөг гэсэн” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 89/ 

2017 оны 08 сарын 11-ны өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлтээр 1 гр баданга хүдрийн заарыг 15,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Олон Улсын худалдааны төв болох Нарантуул захаас Баданга хүдрийн  7 ширхэг заарыг худалдан авсан байх ба 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор уг худалдан авсан Баданга хүдрийн 7 ширхэг заарыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.

            Шүүгдэгчийн худалдан авсан 7 ширхэг заар нь 7 эр бодгаль байгааг гэрчлэх бөгөөд баданга хүдрийн заарыг алахгүйгээр авах боломжгүй, уг эд эрхтэн буюу заар нь тусдаа үүссэн булчирхай учир тайран авсан тохиолдолд амьдарч чадахгүй талаар шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т нэн ховор амьтныг  төрийн захиргааны  төв байгууллагын  тусгай  зөвшөөрлөөр  зөвхөн  эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж барьж болох бөгөөд дээрхээс бусад тохиолдолд түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон байна.

Түүнчлэн Засгийн газрын 2002 оны 10 сарын 25-ны өдрийн  219 тоот тогтоолоор баданга хүдрийн заар нь улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх  кодлосон барааны жагсаалтанд ордог байх ба өөрөөр хэлбэл улсын хилээр нэвтрүүлэхдээ эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг байна. Гэтэл шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь нэн ховор амьтны түүхий эд зүйлийг худалдан авсан, мөн хязгаарласан барааг улсын хилээр зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн идэвхитэй үйлдэл хийсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулсан байх тул түүнийг эдгээр гэмт хэргүүдэд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь  шүүгдэгч Ц.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Эрдэнбатын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн3/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 4/, эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүдрийн заарыг жинлэсэн тухай гэрэл зураг /хх-ийн 7-10/, иргэний нэхэмжлэгч Т.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Ш.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг /хх-ийн 23/, Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэргээр батлагдан тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу тогтоогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсын амьтны нөөцөд бодит байдлаар 21,000,000 төгрөгийн хохирол учирсан, тэрээр 3,225,000 төгрөгийн эд зүйл улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан нөхцөл байдлаас гадна тэрээр гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, үр хүүхэд нь өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүхээс түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1.-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар тус, тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар ял онгдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмыг хэрэглэж шийдвэрлэсэн болно.

Эд мөрийн баримт болон хохирлын талаар:

Энэ хэрэгт 7 ширхэг хүдрийн заарыг хурааж, эд мөрийн  баримтаар тооцсон байх ба мөрдөн байцаалтын шатанд граммыг нь тодорхойлж эд мөрийн баримтаар тооцоогүй боловч хх-ийн 8 дугаар хуудсанд шүүгдэгчээс хураан авсаны дараа уутнаас нь задалж граммлахад 215 грамм байсан талаар гэрэл зургаар бэхжүүлэн авсан байна. Улсын яллагчийн зүгээс тухайн граммыг үндэслэн улсын орлого болох нь зүйтэй гэж санал гаргаж байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарыг зүгээс энэ тал дээр маргаан гаргаагүй, 215 граммаар тооцоход татгалзах зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судалахад илэрхийлсэн болно.  7 ширхэг буюу 215 грамм баданга хүдрийн заар нь Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжтой талаар дүгнэлт гарсан байх тул улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна. Уг баданга хүдрийн заарын үнэлгээг 2017 оны 08 сарын 11-ний өдрийн 56 тоот шинжээчийн дүгнэлтээр 1 граммыг нь 15,000 төгрөгөөр үнэлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т амьтны хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг  Засгийн газраас  тогтоосон  амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно, мөн хуулийн 23.5-т амьтны экологи эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж тус тус зохицуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 сарын 25-ны өдрийн  үнэлгээ, төлбөр,  хураамжийн хэмжээг  шинэчлэн  батлах тухай 23 дугаар тогтоолын 1 хавсралтаар  хүдэр 3,000,000 төгрөг, мөн Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 11 тоот шинжээчийн дүгнэлтэнд “ Баданга хүдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 3 000 000 төгрөг” гэж тус тус үнэлгээг тодорхойлсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Эрдэнэбатаас 7 ширхэг баданга хүдрийн үнийг 2 дахин өсгөж /1 ширхэг баданга хүдэр 3,000,000 төгрөг, үүнийг 2 дахин өсгөхөд 6,000,000 төгрөг, 7 ширхэг баданга хүдрийг 6,000,000 төгрөгөөр үржүүлсэн/  42,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор цагаан шаргал өнгөтэй 2 хаалгатай хэвийн ажиллагаатай хөргөгч 1 ширхэг битүүмжлэлсэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Олохнууд овогт Цэрэндоржийн Эрдэнэбатыг /2015 оны / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,  /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1.-т заасан ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ховор амьтны түүхий эдийн зүйлийг худалдан авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Цэрэндоржийн Эрдэнэбатыг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  /2015 оны/ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1.-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатад оногдуулсан  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн 1 /нэг/ жилийн хорих ялыг тус, тусад нь эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг буюу 215 грамм баданга хүдрийн заарыг улсыг орлого болгосугай.

            6.Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 23 дугаар зүйлийн 23.5-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбатаас 7 ширхэг баданга хүдрийн үнийг 2 дахин өсгөж /1 ширхэг баданга хүдэр 3,000,000 төгрөг, үүнийг 2 дахин өсгөхөд 6,000,000 төгрөг, 7 ширхэг баданга хүдрийг 6,000,000 төгрөгөөр үржүүлсэн/  42,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

            7. Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор цагаан шаргал өнгөтэй 2 хаалгатай хэвийн ажиллагаатай хөргөгч 1 ширхэгийн битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгосугай.

            8.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбат нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар  солихыг  мэдэгдсүгэй.

            9. /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар  шүүгдэгч Ц.Эрдэнэбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД