| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/1450/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1666 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Н |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1666
2025 6 30 2025/ШЦТ/1666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтөлж,
улсын яллагч Э.Намуун (томилолтоор),
хохирогч Г.А,
шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г*** овогт Ц.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 25030018105** дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г*** овогт Ц.А (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ “Ажилгүй байсан үеийн болон сэтгэл санааны хохирлоо А байна” гэв.
Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөөний 07 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын зүүн хойд талын замд “Toyota prius 30” маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч, хохирогч Г.А, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас),
Жолоочийн согтуурлын зэрэг шалгасан “...0,000%...” баримт (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Г.Э-н хууль ёсны төлөөлөгч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч ****-н хууль ёсны төлөөлөгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан нэхэмжлэл (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч/хариуцагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас, 74 дүгээр хуудас),
Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/3377 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГ0525/561 дугаартай шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/3376 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 907 дугаартай шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 118-120 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 908 дугаартай шинжээчдийн дүгнэлт (хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас),
2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 639 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 137 дугаар хуудас),
Шүүгдэгч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 153 дугаар хуудас),
Жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 154 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 156 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 157 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 160 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 164 дүгээр хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Ц.А нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөөний 07 цаг 45 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэс” шатахуун түгээх станцын зүүн хойд талын замд “Toyota prius 30” маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ”, 16.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч, хохирогч Г.А, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний нэхэмжлэгч/хариуцагч нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0725/3376, ЕГ0725/3376, ЕГ0525/561, 907, 908 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалга, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн ойлголт шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлэх бөгөөд шүүгдэгч Ц.А нь “Toyota prius 30” маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Г.А, Г.Э нарыг мөргөж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирлыг тус тус учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.
Шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.А, насанд хүрээгүй хохирогч Г.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нараас 3,419,046 төгрөгийн (шууд хохирол) баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,646,400 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч нарт төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.А-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 907 дугаартай шинжээчийн дүгнэлтээр, насанд хүрээгүй хохирогч Г.Э-н сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 908 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон бөгөөд хохирогч нар сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-н 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ”, 3.4-д “... Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно”, 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, ... шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал ... гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл хохирогч Г.А-н сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн, насанд хүрээгүй хохирогч Г.Э-н сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хор уршиг тус тус учирсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөгийг шүүгдэгч Ц.А-с гаргуулж хохирогч Г.А-д, 660,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.А нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч нарын эмчилгээний зардалд зарцуулсан нийт 6,855,124 төгрөгийг төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчоос нэхэмжилсэн бусад нэхэмжлэлийн тухайд:
Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолд “...гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй...” гэж тайлбарласан байх тул хохирогч Г.А нь өөрт учирсан болон цаашид учрах бусад гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.А-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Ц.А-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт тус тус төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Ц.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.А-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г*** овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ц.А-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.А нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.А-с 13,200,000 (арван гурван сая хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-д,
Шүүгдэгч Ц.А-с 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д тус тус олгосугай.
7.Хохирогч Г.А нь өөрт учирсан болон цаашид учрах бусад гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО