2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1692

 

 

 

 

 

 

       2025           06          30                                          2025/ШЦТ/1692 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан,

Улсын яллагч М.Билгүүтэй,

Иргэний нэхэмжлэгч Б.Б , Б.П ,

Гэрч Д.О-,

Шүүгдэгч: Э.О , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О- т холбогдох эрүүгийн 2503000140***  дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** өдөр *9** хотод төрсөн, халх, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, *** сургуульд сурдаг, ам бүл 2, аавын хамт  *** тоотод оршин суух,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.О- , /РД:**** /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.О  нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн уулзварт Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.О г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Э.О  нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн уулзварт Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөний хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.О г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд: 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-11-р хуудас/,

Хохирогч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр циркийн хажууд байдаг *** группын байрнаас ажилаа 17 цагийн орчимд ажлаа тараад 1 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг спиннинг рүү 19 цагийн орчимд очиж дасгал хийж байгаад 20 цаг өнгөрч байхад дасгалаа дуусгаад такси бариад Баянгол дүүрэг 07 дугаар хороонд байдаг гэртээ ирсэн. Тэр үед манай ажлын газрынхан санхүүчдийн баяр тэмдэлээд хүүхдийн 100-н тэнд байна гэсэн. Би гэрээсээ 23 цагийн үед гараад тэнд явж очсон. Тэнд ажлын хүмүүстэйгээ хамт сууж байгаад 00 цаг өнгөрч байхад бөөнөөрөө гараад талбайн урд талд байдаг **  нэртэй бааранд 8-9-үүлээ 01 цагийн үед орж суусан. Манай ажлын хүмүүс тэр бааранд суугаад үлдсэн би ганцаараа явлаа гээд баарнаас гараад гэр рүүгээ алхсан. Цэцэг төвийн уулзварын замын урд талын явган хүний замаар алхаж явж байгаад явган хүний гарц дээр ирээд замын хойд тал руу гарах гээд улаан гэрлэн дохио дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь гараад явж байтал намайг машин мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт өглөө ухаан орсон. Шөнө, замын гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөн багатай байсан. Би урд зүгээс хойд зүг рүү ганцаараа явж байсан. Би гарцаар гарч байхдаа чихэндээ чихэвч зүүгээгүй байсан. Намайг гарцаар гарч байхад баруун гар талд түс тас гэсэн чимээ хүчтэй гарсан. Би тэр зүг рүү харахын завдалгүй ямар маркийн, ямар өнгөтэйг нь санахгүй байна машин ирж мөргөсөн. Би гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-37-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /ХХ-ийн 23-27-р хуудас/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, /ХХ-ийн 38-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хас Үнэлгээ ХХК-ний гаргасан үнэлгээгээр 11.127.500 төгрөг болсон байсан. Мөн үнэлгээний ажлын хөлс болох 860.000 төгрөг, 2 удаагийн ачилтын хөлс болох нийт 300.000 төгрөг, оношилгоо 95.000 төгрөг, нийт 12.382.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-р хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр төрсөн дүү Б.П ын машиныг жолооодоод Чингэлтэй дүүргээс шөнийн 02 цаг 50 минутын орчимд хүүхдийн 100 руу явж байсан. Тэгээд Цэцэг төвийн уулзвар дээрээс хойноос урд зүг рүү явах гээд гэрлэн дохионы хориглосон улаан гэрэл дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь замын 2 дугаар эгнээгээр санаж байна. Хөдөлгөөн эхлээд явж байхад уулзварын голд зүүнээс баруун тийш явж байсан хар өнгийн Тоёота Приус-30 маркийн машин миний жолоодож явсан машины зүүн урд тал руу мөргөсөн. Тэр үед яг юу болсон талаар сайн санахгүй байна. Ослын дараа машинаасаа буугаад хартал миний машиныг мөргөсөн  машин тэр чигээрээ зүүн тийшээ яваад гэрлэн дохион дээр зогсож байсан Тоёота кроун маркийн машиныг мөргөж зогссон байсан. Тэгээд цагдаа дуудаад зогсож байхад явган хүний гарцын баруун урд талд замын боржуурын хажууд хүн хэвтэж байсан. Очоод хартал согтуу хүн хэвтэж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би ослын газар буцаж очсон удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд байж байхад танихгүй хэдэн залуучууд замын боржуурын тэнд хэвтэж байсан хүнийг тэврээд аваад ирсэн. Тэгээд бидэнд хандаж та нар зам тээврийн осол гаргахдаа энэ хүнийг мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал эмнэлгийн машин ирээд тэр хүнийг аваад явсан. Би уулзвар дээр зогсож байгаад хөдөлсөн болохоор 15-20 км цагийн хурдтай явж байсан байх. 2 дугаар эгнээгээр явж байсан санагдаж байна. Шөнө, замын гэрэлтүүлэгтэй, цас ороогүй, халтиргаагүй, хөдөлгөөн сийрэг байсан. Осол болох үед би ногоон гэрлэн дохиогоор уулзвар нэвтэрсэн. Тоёота Приус-30 маркийн машиныг 20 орчим насны, өндөр туранхай, бор царайтай, онигор нүдтэй, шаргал куртиктэй, саарал өмдтэй, тимберланд загварын гуталтай байсан санагдаж байна. Би жолооч нь согтуу байна уу үгүй юу гэдгийг харах гээд гүйж очиж харсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-68-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр 03 цагийн орчимд циркээс офицерын ордон руу төв замаар явж байсан. Тэгээд цэцэг төвийн уулзвар дээр ирэхэд шар өнгийн анхааруулсан гэрэл ассан. Би тэр үед хурдаа хасаж уулзвар дээр хориглосон улаан гэрлээр зорчих хэсгийн урд талд урдаа машингүй зогсож байхад зүүнээс баруун чиглэлд явж байсан хар өнгийн Тоёота Приус30 маркийн автомашин хойноос урд зүг рүү явж байсан цагаан өнгийн Тоёота Камри маркийн машинтай мөргөлдсөн. /ослын дараа би ямар маркийн автомашин байсныг нь харсан/ Хар өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашин урд зүгээс хойд зүг рүү явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөөд дараа нь миний жолоодож явсан машиныг мөргөж зогссон. Би найз Э-ы хамт явж байсан. Осол болох үед би баруун зүгээс зүүн зүг рүү явж байсан. Миний харснаар осол болох үед хар өнгийн Тоёота Приус-30 марзийн автомашин улаан гэрлээр их хурадтай уулзвар нэвтэрсэн. Осол болох үед хар өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашин зүүн хойд хэсгээр явган зорчигчийн баруун тал руу бүтэн бие рүү нь мөргөсөн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хар хайрцаг байгаа. Осол болох үед ирсэн мөрдөгч камерын бичлэгийг хуулбарлаж авсан. Би энэ машиныг 2024 оны 1 дүгээр сард хувь хүнээс 57.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Хас Үнэлгээ ХХК-ны гаргасан үнэлгээгээр 19.430.000 төгрөг, болсон баөйсан, мөн үнэлгээний ажлын хөлс болох 1.475.000 төгрөг, 2 удаагийн ачилтын хөлс болох нийт 200.000 төгрөг, оношилгоо 125.000 төгрөг, нийт 21.230.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-р хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн **  улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр Э.Б өөрийн О-н хамаатны дүү болох Э.О т өгч жолоодуулсан байсан. Э.О  гэгч нь жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байсан. Тийм болохоор буруутай жолооч Э.О  бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” /ХХ-ийн 56-р хуудас/,

Гэрч Д.О-н “...Осол гаргах үед би байгаагүй. Би Чингэлтэй дүүргийн 17-н автобусны буудлын хажууд караокед найз Б-тай суух гээд явж байгаад караокед ортол хүн байхаар нь буцаар гэр рүү явах гээд Э.О-  руу Б-ын утсаар залгахад Э.О-  машинтай мөргөлдсөн гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд О-аа нөгөөх чинь машинтай маргалдсан гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээсээ такси бариад Цэцэг төвийн уулзвар руу явсан. Уулзвар дээр ирээд хартал гурван машин хоорондоо мөргөлдсөн байдалтай байсан. Э.О  миний эхнэр З.Х-гийн хамаатны залуу. 2022 оноос эхлэн манай гэрээр орж гарж эхэлсэн. Тэрнээс хойш бие биеэ мэдэх болсон. Э.О  Төмөр замн дээд сургуульд оюутан. Хэд хоног манай гэрээс хичээлдээ явж байсан. Сургууль нь маай гэрийн хажууд ойрхон байдаг юм. Тэр өдөр Б- манай гэрт 22 цагийн орчимд Тоёота Приус-30 маркийн *** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож ирж хоол идээд гараад явсан. Удалгүй 00 цаг өнгөрч байхад 2 л нэрмэл архи гаднаас бариад ороод ирсэн. Тэгээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Тэрний дараа хоёулаа гарч бааранд буухаар болсон. Тэгээд манай эхнэрээс Б- 100.000 төгрөг зээлж аваад бид хоёр гэрээс гарахаас өмнө Б- миний машинтай явъя гэж хэлээд Э.О т машины түлхүүрээ өгөөд Чингэлтэй дүүрэг 17-н автобусны буудлын хажууд байрлах караокены гадна хүргүүлсэн. Тэгээд Э.О  руу утсаар ярина тэгэхээр ирээд авчаарай гэж хэлээд явуулсан. Э.О  жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш гэдгийг би дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6*** дугаартай: “...Д.О шийн биед баруун сүүж ясны ар хэсэгт ууц сүүжний үе дайрсан зөрөөгүй шугаман хугарал, баруун ацетабулын урд баганаас умдаг ясны дээд салаа руу үргэлжилсэн, баруун суудал ясны бага зэргийн зөрөөтэй хугарал, өвчүү ясны бүдэрхийн зөрөөтэй хугарал, зүүн талын 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, зүүн гарын алга, баруун бугалга, баруун гарын дунд хуруу, чигчий хуруунд зулгаралт, зүүн өвдөг, шилбэ, шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухай хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 76-78-р хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Инженер-Техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгэний шинжээч С.Д-н 2025.01.08-ны өдрийн №2*** дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Prius-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын өмнө бүрэн бүтэн байлдыг хангаж байсан байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй зүүн хойд дугуй салсан, баруун болон зүүн талын хаалга, хойд хэсгүүд зурагдаж, чихэгдсэн зэрэг гэмтэлтэй байна. Учирсан эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шингэн тоормосны системтэй, ABS системээр тоноглогдсон, механизм ажиллаж байна. Уг системийн үед зам дээр мөр үүснэ.6. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгслийн чадал нь стандарт шаардлага хангаж байна. Toyota Prius-30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд, тоормос ажиллаж байсан эсэхийг тогтоох зорилгоор Airbag modul-ийг салган авч Герман улсад үйлдвэрлэсэн Bosch брендийн CDR-900 маркийн төхөөрөмж ашиглан ослын өмнөх 5 секундын ажиллагааг шалгахад сүүлийн мөргөлт авсан мөчөөс өмнөх 4,8 секундэд тээврийн хэрэгсэл нь 66км/цаг хурдтай явснаас ослын 08 секундын өмнөөс тоормос гишгэж 56 км/цаг хүртэл хурдыг сааруулж мөргөлт авсан, хөдөлгүүрийн эргэлт 2000-aac 800 RPM байдалтай хаазтай явсан зэрэг мэдээлэл илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн дугуйнууд нь өвлийн улиралд ашиглах боломжтой, хээний гүний стандартыг хангаж байна. 2024 оны техник хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй....." гэх дүгнэлт. /хх-ийн 85-95 хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4** дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 123 дугаар хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5* дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 140 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч Ч.Ө-н гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1** дугаартай “Мөрдөгчийн магадлагаа" / хх-ийн 169-170 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Э.О ыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.О ын хууль бус үйлдлийн улмаас “...хохирогч Д.О гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол...” учирсан болох нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 654 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хөдөлмөрийн чадвараа алдсан үеийн 3 сарын цалин 6.948.000 төгрөг, эмчилгээний зардал 1.596.250 төгрөгийг мөн сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Э.О  нь хохирогч Д.О д нийт 6.500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хохирогчийн эмчилгээний зардлыг төлөгдсөн гэж үзэж, түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн цалин хөлстэй холбоотой баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Б эд 21.230.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.П т 12.382.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Шүүхээс иргэний хариуцагч Ц.Н-с иргэний нэхэмжлэгч Б.Б эд 21.230.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.П т 12.382.000 төгрөг тус тус гаргуулан олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Н-болох нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохиролыг түүнээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Мөн Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн Хуульзүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан.

Хавтаст хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, зэрэглэлийг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.О аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.О ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух, газар ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж байна.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.О т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.О- ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд энэ талаар хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.О  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулсан үеэс нь эхлэн тоолсугай.

6. Ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.

7. Иргэний хуулийн 497.1, 499.1, 510.1-т зааснаар иргэний хариуцагч Ц.Н-с 21.230.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б эд, 12.382.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.П  нарт тус тус олгосугай.

8. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой, иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлсөнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  12. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ТҮВШИНТӨГС