Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ийн Х-т холбогдох эрүүгийн 2538001040170 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э ургийн овгийн С-ийн Х , 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймаг Мөрөн сумын ......... дугаар баг ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ....................... дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Х  нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Х  нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538001040170 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнийн 02 цагийн орчим би Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод оршин суух хадам аав М-д  очсон. Намайг хадам аавынд очиход миний эхнэр И , охин А , эхнэрийн Ч  нар унтаж байсан. Би гэрт ороод эхнэрийн унтаж байсан, орны өмнө суухад эхнэр босож ирээд миний толгой руу араас өшиглөсөн. Тэгэхээр нь би эхнэрийн нүүрний орчим нэг удаа гараараа цохисон. Тэгээд би гараад явсан. ...Бид хоёр хамтран амьдраад 3 жил болж байна.

Бид хоёрын дундаас 2024 онд охин А  мэндэлсэн. Одоогоор бид хоёр тусдаа гараагүй, хадам аавынд байгаа.

...Гэмтэл учраагүй. Шинжээч томилуулах шаардлагагүй. Би эхнэрээсээ уучлалт гуйгаад одоо хамт амьдарч байгаа.

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-62- хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), 

Хохирогч М.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө унтаж байхад 02 цагийн үед манай нөхөр согтуу орж ирээд шууд алгадаад авсан. Би тэгэхээр нь орноосоо босоод чи яагаад байгаа юм гэхэд нөхөр Х  миний толгой тархи нүүр рүү цохисон.

Тэгтэл манай хүүхэд уйлсан чинь хүүхдээ авч шидэх гээд сэгсрээд ийш тийш савчаад та нарыг бүгдийг ална гээд орилоод байсан. Тэгээд намайг аймар зодоод байсан. Бас хүүхдээ 2, 3 удаа авч шидээд байсан. Тэгээд миний утсыг аваад гараад явсан. Манай нөхөр согтуу байсан. Ихэнхдээ архи уугаад байдаг. Нөхөр Х  тухайн үед гараараа миний нүүр болон толгой хэсэгт маш олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон эсэхийг тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Бараг 10 гаруй удаа цохиж авсан байх. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, хохиролын хөнгөн зэрэг тогтоогдсон гэж байсан. Нөхөр Х бид 2 албан ёсны гэр бүл болоогүй, гэрлэлтээ батлуулаагүй. Дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхдээ шидэх гээд байсан, хүүхдэд гэмтэл учраагүй. Би зодуулсандаа гомдолтой байна. Надад сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 37-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 149 дугаартай:

1.М.И-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 48-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 51-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 50-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 15-32-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538001040170 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Х  нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэв.

Шүүгдэгч С.Х  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч С.Х  нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.И-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зүүн дээд зовхинд цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч М.И-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.И-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч С.Х-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой.

Тодруулбал шүүгдэгч С.Х ын үйлдэл идэвхтэй, хохирогч М.И ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.Х ын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.

Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт  “эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарах бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “...гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй...”-г ойлгоно хэмээн хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие мах бод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч С.Х  нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч  М.И-ийн бие,  эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

        Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.   

        Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

        Шүүгдэгч С.Х ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.И ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч  М.И  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Х ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.И д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоожээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын программаас мэдээллийг шүүж үзэхэд М-ийн  И  /..................../ 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 08-ны хооронд 23,760 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна гэх албан бичиг (хх-ийн 67-р хуудас) хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч С.Х нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 23,760 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 23,760 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Х ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч С.Х-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв. 

        Шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч С.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр  “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” тэмдэглэв. 

Хэрэгт шүүгдэгч С.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э ургийн овгийн С-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн Х ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Х  нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч С.Х аас 23,760 /хорин гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч С.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ