Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02241

 

2017 оны 06 сарын 28 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/02241

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 00-р хороо Д у ц М барилга 0 давхар Б ББСБ ХХК /РД:000/-ийн нэхэмжлэлтэй

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 00-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 00-р байр 00 тоотод оршин суух Ж овогт Б Э /РД:000/-д холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 27,633,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э 2016 оны 08-р сарын 01-ний өдөр №Г-008-2016 тоот зээлийн гэрээ №Г-009-2016 тоот үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан Б ББСБ-аас 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар зээлж авсан. Б.Э нь зээлийн хүүнд 2,033,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 04-р сарын 26-ний өдрийн байдлаар 7,633,667 төгрөгийн хуримтлал үүсгээд байсан шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 900,000 төгрөг төлсөн.

 

Иймд иргэн Б.Э үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,533,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,100,000 төгрөг, нийт 27,633,667 төгрөгийн нэхэмжлэл гаргасан үүнээс 900,000 төгрөгийг хасаж, улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,533,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,100,000 төгрөг, нийт 27,633,667 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас төлсөн 900,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч Б.Э гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Хариуцагч Б.Э нь 2017 оны 05-р сарын 16-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан боловч хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй болно.

 

 

 

Б ББСБ ХХК нь хариуцагч Б.Э 2016 оны 08 дугаар сарын 10-ний өдөр №Г-008-2016 тоот зээлийн гэрээг 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй байхаар тохиролцон 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулжээ.

 

 

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож №Г-009-2016 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулан БЗД-ийн 00-р хороо 00-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 байр 00 тоот орон сууцыг барьцаалан Улсын бүртгэлд бүртгүүлэн 20,000,000 төгрөгийг №282 тоот төлбөрийн даалгавараар хүлээн авсан байна.

 

 

 

Хариуцагч Б.Э нь зээлийн хүүнд 2,033,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 900,000 төгрөг нийт 2,933,000 төгрөг төлжээ.

 

 

 

Иймд хариуцагч Б.Э үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 5,633,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,100,000 төгрөг, нийт 26,733,667 төгрөг нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

 

Хариуцагч Б.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч Б.Э нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

 

 

Мөн хариуцагч Б.Э 2017 оны 05-р сарын 16-ний нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 2017 оны 05-р сарын 19-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх хугацаа олгосон боловч бичгийн тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд 2017 оны 06-р сарын 21-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Б нь Б.Э намайг утсаар ярихад шүүх хурлыг мэдэж байсан би тийм газар очихгүй гэж ярьж байсан тул хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Э 26,733,667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Э 291,618 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 296,118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ