Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 106

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

            Улсын яллагч Э.Болор

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын  харъяат, 1986 оны 05 сарын 31-нд төрсөн, эмэгтэй, 31 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 2-р баг, Биржийн 3 тоотод оршин суудаг, БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг Юүн Шүн ХХК-д хөтөч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Жаргалант овогт Ганболдын Сувданчимэг /РД:ФБ86053109/ холбогдох эрүүгийн 201710010109 тоот хэргийг хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Г.Сувданчимэг нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 62 хайрцаг буюу 220 кг хагас боловсруулсан ямааны махыг 33997 дугаартай  автобусны тээшний хэсэгт нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сувданчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Тэр өдөр өглөө эрт автобус дээрээ байхад манай автобусаар байнга үйлчлүүлдэг нэг өвөрмонгол хүн  чанасан махыг аваад гараач хятад дээр хүн тосч авна гэж хэлсэн юм. Ингээд нүдээр үзээд ил харагдахгүй газарт хийсэн юм. Хил дээр ирээд хорио цээрт шалгуулаад дараа нь гаальд шалгуулахад рентгенээр оруулсан. Тэгээд мах байгаа нь илэрсэн юм. Хилийн мэргэжлийн хяналтад мах байгаа талаар бол хэлээгүй юм.  Буруу зүйл хийснээ ойлгож байгаа. Би хятадын Юүн Шүн ХХК-д ажилладаг бөгөөд автобус тухайн компаний эзэмшлийн автобус юм.”  гэсэн мэдүүлэг

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 7, 13-14/

Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0004072 /хх-ийн 8/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 24, 25/

            33997 дугаартай Fu Tiai маркийн автобусыг битүүмжилсэн тухай тогтоол,  тэмдэглэл /хх-ийн 26/

            Шүүгдэгч Г.Сувданчимэгийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хөргөгч, зурагт зэргийг битүүмжилсэн тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33/

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2017 оны 05 сарын 31-ны өдрийн БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газарт явуулсан “ Дорноговь аймгийн Цагдаагийн газар, БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газар хооронд  байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу хавсралтаар хүргүүлж буй даалгаварт  заагдсан ажиллагааг  хийж, холбогдох материалыг  ирүүлж тусална уу” гэсэн 42а-3/811 тоот /хх-ийн 47/

            62 пакет буюу 220 кг махыг эд мөрийг баримтаар хурааж, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 59/           

            Иргэний нэхэмжлэгч Жиан Тианланг /Zhang Tianliang/ ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би БНХАУ-н Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг Юун Шүн ХХК-ны менежер  ажилтай манай компани нь БНХАУ-ын Хөх хотоос Монгол Улсын Замын-Үүд сумын чиглэлд хүн тээвэрлэдэг юм би компаниа төлөөлж энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоно 33997 дугаартай Fu Tiai маркын автобус нь тус компаний өмч байгаа юм. Монгол Улсын хилээр компаний автобус нэвтрэх үед хятад жолооч нар гаалийн болон бусад ажилчидтай хэл яриа нэвтрэлцэхэд  хүндрэлтэй байдаг учраас монгол хүнийг хөтчөөр ажиллуулах болсон Сувданчимэг нь 33997 дугаартай Fu Tiai маркын автобусанд ямааны болсон мах тээвэрлэж яваад саатуулагдсан гэдгийг Сувданчимэгээс мэдсэн. Сувданчимэг манай компаний ажилтан  боловч дээрх автобус манай компаний өмч юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/

Гэрч Хауо Бинг /Hao Bing/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 04-р сарын 17-ны өглөө 07:20 цагийн орчимд 3 сумын авто зогсоол дээр 33997 гэсэн улсын дугаартай том оврын автобусаар хүн тээвэрлэх гээд орон нутгийн суудал тоссон, хүмүүс ачаа тээшээ миний автобусны тээшинд хийсэн. Тухайн үед би жолоо барьж байсан болохоор автобусны тээшинд хэн ямар ачаа  бараа хийж байгааг хараагүй, гэхдээ Сувданчимэг зогсож байсан, ямааны мах тээшинд хийсэн талаар тухайн үед би мэдээгүй. Харин дараа нь улсын хилээр гаргах гээд шалган нэвтрүүлэх боомт дээр манай автобусыг гаалийн байцаагч шалгахгүйгээр шууд рентген рүү явуулсан. Рентген дээр очиход рентгений байцаагч рентгений зурган дээр тэмдэглэл хийчихсэн.  Сувданчимэгтэй ямар нэгэн зүйл яриад байсан ба тухайн үед би монгол хэл мэдэхгүй тул тэр хоёрын яриаг ойлгохгүй байсан. Рентгенээс гараад гаалийн талбай руу очоод гаалийн байцаагч автобусанд байсан бүх ачаануудыг буулгаж шалган задалж үзэхэд автобусны тээшинд ямааны мах байсныг нь мэдсэн. Тэрнээс өмнө ямааны мах тээшинд байсан талаар мэдээгүй. Гаалийн байцаагч ачаа задалж үзчихээд миний жолоодон явсан 33997 улсын дугаартай автобусны бичиг баримт болон миний паспортыг Сувданчимэгийн паспортын хамт хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

Гэрч З.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаалийн зөрчлийн алба зөрчил хойшлуулшгүй ажиллагаа хариуцсан улсын байцаагчаар ажиллаж байхдаа улсын хилийн гарах, орох чиглэлд хяналт тавьж байсан юм, тухайн үед экспорт чиглэлийн эрэлч нохой хариуцсан байцаагч Билгүүнээс “Замын-Үүд Эрээн чиглэлийн автобусыг рентген аппаратаар оруулахад автобусанд эд зүйл нуусан байдалтай байна” гэсэн мэдээлэл ирсэний дагуу тус автобусыг гаалийн хяналтын бүсэд авчиран хуулийн дагуу хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж үзлэг хийсэн автобусны доод ачаа тээш хадгалах хэсгийн урд талын болон хойд талын ачаа тээш хадгалах хэсэгт зориулалтын бус нуувч бэлтгэж уг зайнд ямааны бакеталсан мах нуусан байсан нь илэрсэн холбогдох бичиг баримтыг шалгаж үзэхэд эдгээр хүмүүст махыг экспортонд гаргах зөвшөөрөл байхгүй мөн гаальд мэдүүлэхгүй тусгайлан нуувчинд хийж нууж далдалсан байсан хойшлуулшгүй ажиллагааг хийж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар материалыг шилжүүлсэн мөн эд мөрийн баримтыг улсын орлогын барааны няравын баталгаат жингээр жинлэж саатуулах хуудас бичин эд мөрийн баримт болон тээврийн хэрэгслийг цагдааг байгууллагад хүлээлгэн өгсөн. Засгийн газрын тогтоолоор тогтоосон дарааллаар мэргэжлийн хяналт шалгасны дараа гаалийн байгууллага шалгадаг дараалалтай байдаг тийм учраас мэргэжлийн хяналтын шалгалт дууссаны дараа гаалийн ерөнхий шалгалтаа оруулсан. Ямааны боловсруулсан мах буюу мах махан бүтээгдэхүүн түүний дайвар бүтээгдэхүүн нь хөдөө аж ахуйн яамны зөвшөөрөлтэй гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд улсын хилээр нэвтрүүлж экспортлох ёстой. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага нь хөдөө аж ахуйн яамнаас дээрх бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх экспортын зөвшөөрөлтэй, худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гарал үүслийн гэрчилгээтэй, мэргэжлийн хяналтын байгууллагаас чанар стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлттэй байж улсын хилээр нэвтрүүлдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/

Гэрч Н.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ... Намайг үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцоход автобусны тээшинд байсан ууттай, шуудайтай хөлдүү мах тээшний хэсэгт байсан, үзлэг хийж байгаа гаалийн байцаагч тээшинд байх хаалгатай хэсгийг бидэнд зааж харуулж  байсан хөндлөнгийн гэрчээр оролцох үед дээрх мах нь тээшинд байсан учраас энгийн хяналт шалгалтаар илрэх боломжтой байсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72/

Гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Авто замын шалган нэвтрүүлэх гаалийн хяналтын бүс дээр тээврийн хэрэгсэлийг шалгаж байсан өглөөгүүр л байсан цагийг нь тодорхой санахгүй байна 33997 дугаартай улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн автобус ирэхэд нь эрсдэл бүхий санагдсан учраас рентген аппаратаар автобусыг шалгуулахаар явуулсан автобус рентген уншигдаад ирэхэд автобусны дээд хэсэгт 1, тээшний хэсэгт 2 ширхэг тэмдэглэн тэмдэглэж нарийвчлан шалгах зургийг ирүүлсэн рентгений зургийг үзэхэд автобусны дээд хэсэгт хуурай сүү, хувцас хунар зэрэг байсан /энэ нь хориглосон хязгаарласан бараа биш байсан/ харин тээшний хэсэгт үзлэг явуулж тээшний гадна хаалгыг онгойлгож үзэхэд ил харагдах зүйл байгаагүй тээшний гол хэсэг буюу шатны хөндий хэсгийг хаасан хаалт байсан мөн тээшний урд хэсэгт эд анги байдаг хөндийн үргэлжилсэн хаалттай хэсгүүдийн хаалтыг онгойлгуулж үзэхэд гялгар уутаар бүрж вакумалсан боловсруулсан мах байсан тул зөрчлийн албаны гаалийн улсын байцаагч Мягмарсүрэнг дуудаж үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн Мягмарсүрэн байцаагч бусад хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-74/

Гэрч Б.Нанжидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний охин Г.Сувданчимэг нь 1986 онд Баянхонгор Баянбулаг суманд төрсөн нөхөр маань 1993 онд нас бараад би хүүхдүүдийнхээ хамт 1998 онд Замын-Үүд суманд шилжиж ирсэн миний охин Сувданчимэг Үүд сумын 1 дүгээр сургуульд шилжин суралцаж 2003 онд дунд сургуулиа төгсөөд надтай цуг албан байгууллагуудаар хоол зардаг байсан 2004 оноос Замын-Үүд сумын татваргүй барааны дэлгүүрт хянагч худалдагчаар 2010 он хүртэл ажилласан. 2010 онд гэр бүлтэй болж Улаанбаатар хот руу ажиллаж амьдрахаар явсан одоо охин маань нөхөр 2 хүүхдийн хамт /7 настай охин, 3 настай хүү/ хамт амьдардаг 2016 оноос БНХАУ-н Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг тээврийн компанид хөтчөөр ажилд орсон юм. Миний охин зан байдлын хувьд хамт олонсог, нөхөрсөг, элдэв зуршилгүй, их тэвчээртэй, ажилч, хөдөлмөрч зан чанартай” /хх-ийн 76/

 

Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн “ ямааны махны үнэлгээ нь зах зээлийн хандлагын  аргаар  тооцогдож нийт 1.353.660 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн 317-26 дүгнэлт /хх-ийн 87/

 

Шинжээч улсын байцаагч М.Мөнхзаяагийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн “1. Мэдрэхүйн шинжилгээгээр 4 н шуудай, 2 ширхэг цаасан хайрцаганд хийсэн нийллэг уутанд тус тусад нь савласан махнууд нь шинэлэг байдлаа алдаж өнгө үнэр орсон, шороо тоосоор бохирлогдсон, өтсөн , өмхийрч муудсан нь шинжилгээнд тэнцэхгүй. Мэдрэхүйн үзлэгээр хагас болгосон маx болох нь танигдаж байна.

2.Малын мах нь Монгол улсын хилээр нэвтрүүлэх хязгаарласан бараа бүтээгдэхүүнд орно. Холбогдох эрхий бүхий байгууллагаас олгосон баримт бичиггүй бол хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 11.1.2. экспортын шаардлага хангаж буйг нотолж эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх.

3.Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль 13-р зүйл Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 1111:2007 “Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага”, MNS 5023;2001 “Мах махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” стандарт

4.Тухайн мах нь хадгалалтын нөхцлөөс шалтгаалан өөрийн өвөрмөц үнэр, өнгө чанараа алдаж, өмхийрч өтсөн нь мэдрэхүйн үзлэгээр эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй гэж үзэж байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93/

2017 оны 07 сарын 05-ны өдрийн 55 тоот хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 99-100/

Шүүгдэгч Г.Сувданчимэг  нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 136/                                                                                                                                                                                                                                   Эд мөрийн баримтаар хураагдсан 220 кг махыг устгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 148/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:

            Шүүгдэгч Г.Сувданчимэг нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 33997 дугаартай Fu Tiai маркийн автобусны доод ачаа тээш хадгалах хэсгийн урд талын болон хойд талын ачаа тээш хадгалах хэсэгт байх зайнд 1,353,660 төгрөгийн үнэ бүхий ямааны бакеталсан 220 кг мах нууж Монгол Улсын хууль бусаар нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ

            Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд  экспортолж, импортлох, түүнчлэн энэ зүйлд заасан шаардлагыг хангасан байх юм. Шүүгдэгчийн хувьд хүнсний бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлгүй, худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гарал үүслийн гэрчилгээ байхгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон чанар стандартын шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлт байхгүй байна.

Шүүгдэгч Г.Сувданчимэгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 7, 13-14/, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас 0004072 /хх-ийн 8/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 24, 25/, 62 пакет буюу 220 кг махыг эд мөрийг баримтаар хурааж, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 59/, иргэний нэхэмжлэгч Жиан Тианланг /Zhang Tianliang/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55/, гэрч Хауо Бинг /Hao Bing/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 69/, гэрч З.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71/, гэрч Б.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-74/,  шинжээч улсын байцаагч М.Мөнхзаяагийн дүгнэлт /хх-ийн 92-93/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

            Шүүгдэгч Г.Сувданчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

            Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 220 кг ямааны мах хураагдсан байх ба Замын-Үүд боомтын шинжээч, улсын байцаагч М.Мөнхзаяагийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн “... Мэдрэхүйн шинжилгээгээр 4 н шуудай, 2 ширхэг цаасан хайрцаганд хийсэн нийллэг уутанд тус тусад нь савласан махнууд нь шинэлэг байдлаа алдаж өнгө үнэр орсон, шороо тоосоор бохирлогдсон, өтсөн , өмхийрч муудсан нь шинжилгээнд тэнцэхгүй, эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй”  гэсэн дүгнэлтийг үндэслэн  2017 оны 07 сарын 05-ны өдөр  устгаж, тэмдэглэл үйлдсэн байна. Түүнчлэн энэ байдлыг сиди дээр баримтжуулж хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 33997 дугаартай Fu Tiai маркийн автобус, шүүгдэгч Г.Сувданчимэгийн өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хөргөгч, зурагт зэргийг битүүмжилсэн байх ба хуульд зааснаар эдгээр эд хөрөнгийг хураах үндэслэлгүй байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч Жаргалант овогт Ганболдын Сувданчимэгийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ганболдын Сувданчимэгийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Шүүгдэгч Г.Сувданчимэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 220 кг махыг 2017 оны 07 сарын 05-ны өдөр устгаж, тэмдэглэл үйлдсэн байгааг дурдаж, хэргийн хамт ирсэн сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5.Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 33997 дугаартай Fu Tiai маркийн автобус, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөргөгч, зурагт зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, 33997 дугаартай Fu Tiai маркийн автобусыг иргэний нэхэмжлэгч Юүн Шүн ХХК-д, хөргөгч, зурагт  зэргийг шүүгдэгчид буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Сувданчимэгт оногдуулсан 550,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч   Г.Сувданчимэг нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сувданчимэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД