| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 117/2016/0030/з |
| Дугаар | 221/MA2017/0198 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 221/MA2017/0198
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2017/0198 | Улаанбаатар хот |
Н.Жархыны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Аманкелди, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Жархыны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0002 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16.1, 17.2, 17.3, 17.4, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр “Н.Жархыныг ажлаас чөлөөлөх тухай”, аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, мөн гуравдагч этгээдээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөж, ажилд томилох тухай” 9 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ө.Бахытбек давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Н.Жархынд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 58 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар жирэмсэн болон амаржсаны амралт олгосон болохоос дахин ажилд орох эрхтэйгээр ажлаас бүр мөсөн чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар жирэмсэн болон амаржсаны амралттай байгаа хүний албан тушаал хэвээр хадгалагдах учиртай бөгөөд хуульд заасан амралтын хугацаа дуусмагц ажил олгогч урьд эрхэлж байсан албан тушаалд ажилтныг авах үүрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1,2-т “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна”, “хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн тунхагласан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан зохицуулалт төрийн албанд ажиллаж байгаа Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрд хамааралтай юм... Аливаа захиргааны байгууллага үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулийг мөрдлөг болгон ажиллах ёстой бөгөөд хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам, захиргааны актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй бол тухайн акт нь хууль бус захиргааны актад тооцогддог... Мөн хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь Н.Жархыныг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан талаар мэдэгдээгүй, гардуулаагүй актыг мэдэгдэх ажиллагаа хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-д зааснаар захиргааны актыг мэдэгдэх, гардуулах хуульд заасан үүргээ зөрчсөн байхад шүүхээс “Баяннуур, Улаанхус сумдад ажиллах санал тавьсан нь хэрэгт авагдсан захидлын хяналтын карт, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай нөхөн тушаал гаргасныг хариуцагч урьдчилан мэдээгүй, гардуулахгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Жархын нь хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн даргад “чамайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан” гэж хэлж тушаалыг өгч байгаагүй ба нэхэмжлэл гаргасны дараа ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймээс шүүх дээрх үндэслэлүүдийг анхаарч хуульд нийцээгүй, хууль бус тушаалыг хүчингүй болгох боломжтой байсан.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 5.1, 5.2, 5.3, 6.1-д зааснаар сул орон тоог нөхөх тухай захиалга бүхий албан бичгийг холбогдох материалын хамт харьяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлснийг үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нөөцөөс нөхөх үйл ажиллагааг зохион байгуулах атал Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны талаар захиалга өгөөгүй байхад тус аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хуралдаанаар хэлэлцэн 27 дугаартай “Нэр дэвшүүлэх” тогтоол гаргасан.
Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны талаар нийтэд мэдээлэх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан үүргээ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалтыг зөрчиж зохих журмын дагуу мэдээлээгүй, иргэдийг төрийн албанд орох адил тэгш боломжоор хангаагүй байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй.
Нэхэмжлэгч Н.Жархын нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд биечлэн очиж гомдол гаргасан бөгөөд тухайн үед маргаан бүхий ажлын байрт нөөцөөс нөхөх сонгон шалгаруулалт зарлагдсан байсан бол салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нэхэмжлэгчийг мэддэгийн хувьд энэ талаар мэдэгдэх боломжтой ч мэдэгдээгүй тухайн орон тоонд өөр хүний нэрийг дэвшүүлсэн талаар гомдлын хариуд хүртэл дурдагдаагүй байсан... Мөн салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх талаар хэлэлцсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны явцад салбар зөвлөлийн даргын хариулсан талаар тусгагдсан 5 дугаартай тэмдэглэл, мөн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд А.Амангүлийн нөөцөд бүртгэлтэй хугацаа дуусгавар болсон ч төрийн захиргааны албан тушаалд томилогдсон учраас түүний нөөцөд бүртгэлтэй хугацааг хүчинтэйд тооцож маргаан бүхий орон тоонд нэр дэвшүүлэх талаар ямар ч асуудал хэлэлцэгдээгүй, салбар зөвлөлийн дарга, гишүүд энэ талаар мэдээгүй болох нь мөн нөөцөд бүртгэлтэй хугацаа дуусаагүй гэж үзэж нэр дэвшүүлсэн болох нь нотлогдож байтал шүүх салбар зөвлөлийн тогтоолын А.Амангүлд холбогдох хэсэг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёс, тэгш байдал”-д нийцсэн учраас хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хэрэв анхнаасаа салбар зөвлөлөөс зохих журмын дагуу маргаан бүхий орон тоог нөөцөөс нөхөх тухай олон нийтэд мэдэгдэж, бүртгэлийг журмын дагуу явуулсан бол Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.2.1, 6.5-д зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн Н.Жархын нь тухайн орон тоонд нэр дэвших бүрэн боломжтой байсан ба нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх байсан.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч Н.Жархыны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.
Нэхэмжлэгч Н.Жархын нь Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, мөн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гуравдагч этгээд А.Амангүл “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэсэн бие даасан шаардлага гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 10, 12, 17 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн тус аймгийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар түр ажиллаж байсан Н.Жархыныг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б/24 дүгээр тушаалыг гаргажээ.
Дээрх тушаалаар аймгийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар түр ажиллаж байсан Н.Жархыныг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дараах үндэслэл, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Анх Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Жархын нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилогдсон байна.
Улмаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар тушаалаар Н.Жархыныг Нийгмийн даатгалын хэлтсийн Нэг цонхны үйлчилгээний байцаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Бугат сумын шимтгэл хариуцсан болон Нэг цонхны үйлчилгээний байцаагчаар томилжээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаалаар “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сум хариуцсан байцаагчийн ажил албан тушаалаас Н.Жархыныг чөлөөлж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түүнийг Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчаар томилон ажиллуулжээ.
Дээрх тушаал гарснаар хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхмет, Бугат сумын Засаг дарга Х.Ержанат нартай Бугат сумын шимтгэл хариуцсан болон Нэг цонхны үйлчилгээний байцаагч Н.Жархын төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Үр дүнгийн гэрээ”-ээр нотлогдож байгаа.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийг үндэслэн “... жирэмсний болон амаржсаны амралт авч байгаа” тул Н.Жархынд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт олгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалыг гаргасан байна.
Уг тушаалаар Н.Жархынд олгогдсон жирэмсний болон амаржсаны амралт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан тул тэрээр 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ажилдаа орох” хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга С.Шаяхметэд гаргаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Н.Жархынын өргөдлөөр нотлогдож байгаа.
Нэхэмжлэгч Н.Жархыны гаргасан дээрх хүсэлтэд хариуцагч амаар болон бичгээр “ажилд авах боломжгүй, түүний ажиллаж байсан ажлын байрны орон тоонд өөр хүн томилогдсон талаар, мөн Баяннуур, Улаанхус сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд ажиллуулах боломжтой” гэх зэргээр хариу өгсөн байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгч Н.Жархын нь Бугат сумын шимтгэл хариуцсан болон Нэг цонхны үйлчилгээний байцаагчийн ажилд орох талаарх хүсэлтээ 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш удаа дараа хариуцагчид гаргасан байхад уг хүсэлтийн хариуд “Баяннуур сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах саналыг, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр татгалзсан хариуг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанхус сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд ажиллуулах саналыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид өгч байсан атлаа 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Н.Жархыныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч гаргасан нь хууль бус бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Н.Жархыныг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн тухай шийдвэрийг хариуцагч гаргаагүй, түүнийг ажилд томилсон Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тушаал хүчинтэй байх үед Н.Жархын нь “жирэмсний болон амаржсаны амралт дууссан” тул Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн ажилдаа үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргасныг хариуцагч хүлээж аваагүй нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасныг зөрчжээ.
Нэг. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй Н.Жархыныг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч өөрөө зөвшөөрч төрийн албанд томилон ажиллуулсан, мөн төрийн албанаас Н.Жархыныг чөлөөлсөн шийдвэрийг хариуцагч гаргаагүй байхад нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны амралт авч, улмаар хуулийн хугацаанд өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хариуцагчид гаргасан байна.
Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 10, 12, 17 дугаар зүйлд заасан төрийн албанд ажиллах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг зааж нэхэмжлэгч Н.Жархыныг ажил, албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс /маргаан бүхий тушаалд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс гэж заасан/ өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Н.Жархын нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалд томилох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар нотлогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч Н.Жархын нь дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох ерөнхий шаардлагыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хангасан байхад 5 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 10, 12, 17 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгч Н.Жархыныг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар тогтоол гарсан өдрөөс хойш Н.Жархыныг төрийн жинхэнэ албанд томилогдох ажилтны ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй, мөн хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Жархыныг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс буюу 2 сарын өмнө ажил албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн “... Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны сул орон тооны захиалгыг, мөн 2012 оноос хойш Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд ажиллаж ирсэн А.Амангүл ... нарын төрийн албаны зөвлөлийн тогтоол гаргаж өгөхийг хүсье” гэсэн утга бүхий 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаар албан бичгийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга хүргүүлсэн зэргээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчжээ.
Зүй нь хариуцагч нь Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалаас Н.Жархыныг чөлөөлсний дараа уг ажлын байрны сул орон тооны захиалгыг аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлэх байжээ.
Тиймээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр тушаал хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд А.Амангүл нь “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэлтэй тул Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат болон сум хариуцсан байцаагчийн орон тоонд бүртгэж, нэр дэвшүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандаж 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гаргасан байна.
Улмаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.2 дахь заалт болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэр зэргийг үндэслэн “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн А.Амангүлийг нэр дэвшүүлж, тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд бичгээр ирүүлэхийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг болгосон Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоол гаргасан байна.
Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь “Бугат сумын Нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны сул орон тооны захиалга”-ыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байгаагаас үзэхэд ажлын байрны сул орон тооны захиалгыг эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлээгүй байхад А.Амангүлийн хүсэлтийн дагуу дээрх тогтоолыг гаргасан гэж үзэхээр байна.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалд томилох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны нөөцийн жагсаалтад нэхэмжлэгч Н.Жархыныг бүртгэгдсэн өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш түүний ажиллаж байсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн ажлын байрны сул орон тоог зарлаж, улмаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор уг албан тушаалд гуравдагч этгээд А.Амангүлийг томилсон шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж шүүх үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг гарах үед нэхэмжлэгч Н.Жархын, гуравдагч этгээд А.Амангүл нар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байхад уг тогтоолыг гаргасан нь буруу юм.
Иймд “...аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гуравдагч этгээд А.Амангүлийн “...аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагын тухайд:
Дээрх гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Зүй нь, шүүх гуравдагч этгээд А.Амангүлийн “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ.
Учир нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаал гарах үед гуравдагч этгээд А.Амангүл нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын ажилтнаар томилогдон ажиллаж байсан.
Тиймээс гуравдагч этгээд А.Амангүл нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалтай маргах эрхгүй гэж шүүх үзэв.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0002 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, 12 дугаар, 17 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус баримтлан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сум болон сумдын шимтгэл хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд Н.Жархыныг эгүүлэн тогтоож, мөн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 27 дугаар тогтоолын А.Амангүлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг баримтлан “аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай гуравдагч этгээд А.Амангүлийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР