Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/55

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2524000000065 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, эзэмшсэн боловсролгүй, малчин мэргэжилтэй, **** мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ********* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар:************, Х овогт Б.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.Ц нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисны улмаас, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь хуудас/, хохирогч Х.Ц 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх хуудас/, гэрч Б.М 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь хуудас/, гэрч Х.Ш 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх хуудас/, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Х.Ц толгойн компьютерт томографын шинжилгээний хариу, эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-26 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Зав0725/200 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь хуудас/, хэсгийн төлөөлөгч М.Баасандугарын 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дэх хуудас/, 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 32-40 дэх хуудас/, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 41-57 дахь хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 154,008 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлж барагдуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН