| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0064/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/61 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ***************, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт **************** багт байнга оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, Т овгийн Г.О.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.О нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ************ гэх газрын ойгоос 2.2 метр куб шинэс төрлийн хуурай, хэрэглээний модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Бонго Пронтер маркийн*********** улсын дугаартай тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэж сумын ойн санд 434,649 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-7 дахь хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Т мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь хуудас/ гэрч Н.А мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь хуудас/, гэрч Ш.Т мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дахь хуудас/, гэрч Х.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь хуудас/, гэрч Г.Л мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх хуудас/, гэрч Б.О мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх хуудас/, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03/171 тоот албан бичиг /хавтаст хэргийн 40 дэх хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь хуудас/, ************** ХХК-ний шинжээчийн дүгнэлт, фото зураг /хавтаст хэргийн 85-96 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас ойн санд 1,303,947 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.О нь Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд төлж барагдуулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт байгаль орчинд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан.
Хэдийгээр шүүгдэгч нөхөн төлбөрийг буруу дансанд төлсөн байх боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүх энэ байдлыг залруулах боломжтой юм.
Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкаар дамжуулан Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Г.О төлөгдсөн 1,303,947 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, цаашид энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлагдсан.
Үүнээс үзвэл шүүгдэгч Г.О хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.96 метрийн урттай 4 ширхэг, 1.97 метрийн урттай 3 ширхэг, 2 метрийн урттай 14 ширхэг, 2.02 метрийн урттай 5 ширхэг, нийт 26 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ********* улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгсэл, хятад улсад үйлдвэрлэгдсэн YD-85 загварын бариул хэсгийг шар өнгийн лентээр ороосон, гинжит бензин хөрөө, 6.40 метрийн урттай хөх алаг өнгийн бөөрөнхий зөөлөн уяа, 30 мм урттай, зэвэрсэн үзүүр хэсэг нь цуурсан дугуйн дорцов 1 ширхгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан 6.40 метрийн урттай хөх алаг өнгийн бөөрөнхий зөөлөн уяа, 30 мм урттай, зэвэрсэн үзүүр хэсэг нь цуурсан дугуйн дорцов 1 ширхгийг устгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.96 метрийн урттай 4 ширхэг, 1.97 метрийн урттай 3 ширхэг, 2 метрийн урттай 14 ширхэг, 2.02 метрийн урттай 5 ширхэг, нийт 26 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн YD-85 загварын бариул хэсгийг шар өнгийн лентээр ороосон, гинжит бензин хөрөөг, түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн ******** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,290,563 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Г.О зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банкаар дамжуулан Төрийн сангийн 100090400988 тоот дансанд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хүү, торгуулийн дансанд Г.О төлөгдсөн 1,303,947 төгрөгийг буцаан гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, цаашид энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд мөрийн баримтаар хураагдсан 6.40 метрийн урттай хөх алаг өнгийн бөөрөнхий зөөлөн уяа, 30 мм урттай, зэвэрсэн үзүүр хэсэг нь цуурсан дугуйн дорцов 1 ширхгийг устгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдсан хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн 1.96 метрийн урттай 4 ширхэг, 1.97 метрийн урттай 3 ширхэг, 2 метрийн урттай 14 ширхэг, 2.02 метрийн урттай 5 ширхэг, нийт 26 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэгдсэн YD-85 загварын бариул хэсгийг шар өнгийн лентээр ороосон, гинжит бензин хөрөөг, түүнчлэн хэрэгт битүүмжлэгдсэн ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,290,563 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан прокурорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН